Зууны манлай бүтээн байгуулалт хэмээн Эрдэнэт үйлдвэрийг нэрлэдэг. Энэ нэрийг баталгаажуулж тус үйлдвэрийн түүх эхэлсний 50 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улсын баатар үйлдвэр”-ийн эрхэм цол хүртээсэн юм. Үүнээс өмнө монголд баатар үйлдвэр гэж байсангүй ээ.

 

Ер нь бол Эрдэнэт гэдэг дэлхийд данстай ийм нэг үйлдвэр бий болсон нь нэгэн гайхамшигт ертөнц нээгдлээ гэсэн үг байв.

Тэр гайхамшигт ертөнцийн хөтөч болсон үе үеийн хамт олон гэж бий.  Тэндээс ажил хөдөлмөрийн сайчууд, баатар цолтнууд төрсөн байдаг. Тэдний нэг аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор эрдэнэсийн их авдар Эрдэнэтийн эзэн болсон хүний нэг Шагдарсүрэнгийн Төрбаттай уулзаж тус үйлдвэрийн хэдэн аравны хугацааг тоолон хэмжиж өчигдрийг өнөөдөр, өнөөдрийг маргаашид хамаатуулан ярилцсан юм.

Энэ эрхмийн тус үйлдвэрт ажиллаж амьдарч ирсэн он жилүүдэд ойртох тутам Эрдэнэт хэмээх их айл”-ын хуучин юмс шинэ болж мартагдах шахсан дурсамжууд сэргэх шиг санагдсан.

Тиймээс “Зууны мэдээ” сонин Ш.Төрбат инженерийг “Амьдралын тойрог”-ийнхоо ээлжит зочноор урьсан юм.

 

Инженер Ш.Төрбат гэж хэн бэ?

Ш.Төрбат докторын зэрэг хамгаалав. 2019 он.

Хорвоод учир шалтгаангүй юм гэж даан ч үгүй гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ. Хүний ажил, амьдралын хувь заяа цаанаас өгөгдсөн /бурхнаас гэж ч болох/ гүн гүнзгий шүтэлцээнд оршдог байх юм.

Амьдралын тэр эргүүлэг дундаас хүний насны түмэн насан хээ шиг тасралтгүй үргэлжлэх он цаг яасан хурдан өнгөрнөм бэ?

Гэхдээ тэр цаг хугацааг хувьтай хүн л эзэгнэдэг барьж тогтоодог гэдэг. Бөх дээр голдуу ярьдаг даа. Цагийг эзэлсэн гэж . Тэгвэл жирийн амьдралд ч гэсэн цагийг эзэгнэсэн сайхан хүмүүс олон юм гэдгийг эрхэм зочин инженер Ш.Төрбатын яриаг сонсоод сэтгэл алдуурам санагдав. Ерөөс сүнстэй, сүлдтэй яваа хүний сэтгэл юуг бүрэн уудалмаар байдаг даа. Сэтгүүлч бидний хувьд.

Даана ч маньд далдыг нь харах увидас байх биш. Тэр сайхан хүмүүсийн ажил амьдралын нандин түүхийг яриулснаар бага зэрэг мэдэх юм даа.

Инженер гэх өөрчлөх шинэчлэгч утга бүхий мэргэжлийн эзэн Ш.Төрбатын Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон түүхээсээ ярь гэх юм бол тэрээр 1984 онд политехникийн дээд сургуулийг уул уурхайн цахилгаан механикч мэргэжлээр дүүргэн яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт очсон цаг үе саяхан мэт санагдавч 40 гаруй жил өнгөрсөн байх юм гэж тэр хэлнэ лээ.

Цахилгаан цехийн автоматик, реле механикийн хэсэгт Ш.Төрбат ажлын гараагаа эхэлсэн бол тун удалгүй мэргэжлийн зэргээ ахиулж реле хамгаалалт автоматикийн инженер болж. Тэндээ тийм удаан зогсолт хийсэнгүй 11 жилийн дараа баяжуулах фабрикийн цахилгаан хөтлүүр, автоматикийн хэлтсийн дарга, цаашлаад үйлдвэрийн эрчим хүчний хэлтсийн дарга буюу үйлдвэрийн ерөнхий энергетик гэх албыг хашиж тэр онцгой албан тушаалд даруй 15 жил ажилласан хүн аж.

Түүний ажлын чиг баримжаа асар өргөн. Үйлдвэрийн хэмжээний автоматжуулалт бүхэлдээ багтана.

Бүр тодруулах юм бол автоматик гэдэг нь өөрөө үйлдвэрийн бүхий технологитой холбогдож байдаг эрчим хүчтэй адилхан үйлдвэрлэлийн амин судас нь юм л даа.

Ш.Төрбатын санаачлан зохион байгуулсан ажил төслүүд нь эрчим хүчний зохистой хэрэглээ, хэмнэлтийн чиглэлээр асар их үр дүнтэй байж чаджээ.

Яг гардаж удирдсан хоёр том төсөл байдаг аж. Түүний нэг нь Сэлэнгэ мөрнөөс ус татдаг гурав дахь хоолойг тавих. Нөгөө нь 48 мегаваттын цахилгаан станцын өргөтгөлийн ажил байв.

Энэ хоёр төсөл амжилттай хэрэгжсэнээр өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа ГОК-ын үйлдвэр, Эрдэнэт хотын усан хангамж бүрэн сайжирсан, цахилгаан станц хэвийн ажилласнаар өөрийн үйлдвэр төдийгүй улсын хэмжээнд эрчим хүчний хангамжид өөрчлөлт авчирсан том бүтээн байгуулалт болжээ.

Ш.Төрбат инженерийн хийж бүтээсэн барьцтай гэхээрийг хэлэхэд ийм. Цааш нь үйлдвэрийг хөдөлгөгч хүч болсон эрчим хүч, цахилгааны талаар сэдэж санаачилсан ажлууд гэвэл зөндөө ихийг тоочих болно л доо.

Миний ажил амьдралын зам мөр үнэхээрийн дардан байсан нь дамжин тусалдаг, харилцан суралцаж ажиллаж ирсэн сайхан хамт олны хүч юм шүү гэж тэр бахархан ярьдаг юм билээ.

Тухайлбал Ш.Төрбатыг сургуулиа төгсөөд очих үед Эрдэнэт үйлдвэрт ажиллагсад баргаараа оросууд байв.

Цахилгаан механикийн цех гэхэд гуравхан нь Монгол бусад нь орос нөхөд аж. Тэр ч байтугай ажлын дүрэм журам, албан бичиг хэрэг орос хэл дээр. Орос хэлгүй хүн ажиллах боломжгүй мэт байсан гэдэг. Ш.Төрбат нэг сайхан орос багштай болсон нь Рыше Артур Аттович гэх ажилч хичээнгүй наргиач, шатар сайн тоглодог нэгэн байв.

Цехийн дарга Ш.Төрбат хамт ажиллагсадтайгаа. 2001 он.

Бас Геннадий Коршунов Амелин Николай нартай их дотно нэг эхийн хүүхэд шиг байсан аж.

Тэд ч Ш.Төрбатыг бусдаас илүү үнэлнэ. Үнэлэгдэхээр ч ажилладаг байж. Тиймээс их дэмжинэ.

Нэг удаа ийм нэг тохиолдол болж л дээ. Төрбат ч өөртөө итгэлтэй зангаараа би инженерийн түвшинд ажиллаж байгаа гэж бодох үе. Нэг өдөр дарга дуудлаа гэнэ. Очлоо.

Яагаад ч юм. Нэг инженер Бор-Өндөр лүү шилжсэн учир дарга нь хэн нэгийг тэр орон тоонд ажиллуулъя гээд чи бол залуу хүн чамд албан тушаал дэвших цаг хугацаа ойрхон шүү гэж аргадах, ухуулах аястай үг хэлэхээр нь Төрбат уурлаж

-Би хэн юм бэ. Олон шат дамжлагад өчнөөн хугацаанд ажиллалаа. Инженерийн түвшинд ажиллах болзол ч би хангасан. Би аав, ижий ах дүүс дээ юу гэж хэлэх юм гэж хэлээд хаалгыг нь чанга хаагаад гарсан. Тэр үед цуг ажилладаг нэг орос маань таарч яав ийв болоход нь учир явдлаа хэлээд тавьчихаж.

Тэгээд маргааш өглөө нь ажилдаа ирэхэд Ш.Төрбатыг цехийн дарга болгох шийдвэр гаргачихсан байв гэнэ.

Энэ нь дарга ухаарсандаа гол нь биш орос нөхөд нь түүнийг туйлаас дэмждэгийнх байв.

Тэр тухай дурсан ярихад нь ийм дөлгөөхөн нөхөр нэг удаа сүрхий ундууцсан гэдэг нь уг хүн чухамхүү үнэний төлөө явдаг, ажил мэргэжилдээ үнэнчийн илрэл байж гэж бодов.

Хэн нэгэн даргадаа аятай биш үг хэлээд тушаал дэвшинэ гэж юу байхав. Ш.Төрбат гэдэг хүний мэдлэг оюун, бусадтайгаа ажиллах арга ухаан нь хамт олондоо хэрхэн үнэлэгдэж байсны жишээг эндээс харж болох юм.

Басхүү Ш.Төрбат инженер 2019 онд Их чадлын синхрон хөдөлгүүрийн асаах, унтраах арга зүйн талын сэдвээр техникийн шинжлэх ухааны докторын зэргийг ТИС-ийн эрдмийн зөвлөлд хамгаалжээ. Дараа нь Уралын Их сургуульд очиж зэрэг цолоо баталгаажуулсан юм билээ.

Энэ бүхнийг сонсож мэдсэний хойно Төрбат гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрт ажиллах гэж төрсөн юм шиг. Эрдэнэт үйлдвэр ч Төрбат шиг эрдэм номтой бүтээлч хүмүүсийг ажиллуулах гэж бий болсон юмсан уу  гэсэн төсөөллийн сайхан бодол төрсөн юм.

Эрдэнэт үйлдвэр бол Зэс молибдений баяжмалын экспортоор дэлхийд тэргүүлэх арван үйлдвэрийн нэг.

Тиймдээ ч зууны манлай бүтээн байгуулалт гэгдэх болсон бол хагас зуун жилийн ойгоороо улсын баатар үйлдвэр болсон түүхийг бичээд байх юм бол нэг боть ном төдий ч багтахгүй дээ.

Түүн лүгээ хоёр зуун дамжин ажиллаад баатар болсон үйлдвэрийн эзэд жинхэнэ баатрууд нь авьяаслаг бүтээлч инженер Ш.Төрбат шиг даруй 40 жил хөдөлмөрлөсөн гайхамшигтай хүмүүс байж таарна биз дээ.

Инженер хүний толгойг тэр чигээр нь том уурхай гэж болно оо доо. Тэгвэл тэрнийгээ зөвөөр “ухаж амьдарсан” нэгэн бол Ш.Төрбат гэж хэлэх гэсэн минь.

 

х   х   х

 

Инженер Ш.Төрбат Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат нэгэн. Хэдийгээр Дундговийн нэгэн суманд төрсөн ч аав, ижийнхээ төрсөн нутгаар овоглож өдий хүрчээ.

Тэр хэрвээ бөх юмсан бол Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат гэж цоллуулах байж магадгүй. Аав С.Шагдарсүрэн нь малын эмч, ижий Ж.Дарьсүрэн нь бага ангийн багш хүн.

Дарханхаан болон Могодын нутгаас эхтэй Бүрэнхаан бас Хишиг-Өндөр гурван уулыг бараалан Хужирт, Мааньт голуудын усанд булхаж өссөн Ш.Төрбатын бага насны түүх эндээс эхэлсэн юм.

Хишиг-Өндөртөө 10 жилийн сургуулиа алтан медальтай төгсгөж сурлагаараа тодорч гадаадын сургуулийн хуваарь авах байсан ч аавынхаа сургаал хэлсэн үгийг дагаж техникийн Их Сургуульд элссэн юм байна.

Нэг тохиолдол гэвэл түүнийг есдүгээр ангид байх үед аав нь мотоциклдээ сундлаад Эрдэнэтэд очиж.

Энэ нь Төрбатын оюун санаанд нэг том шигтгээ болж гялалзсан байна.

Тэр үед Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад удаагүй ёстой л бум бужигнаж, түм түчигнэсэн их бүтээн байгуулалтын гэрэл гэгээ өдөр шөнөгүй буцалсан тийм газар байлаа. Энд л ажиллахсан гэсэн бодол хүүд төржээ.

Үрийн санаа ууланд гэдэг дээ. Хаа ч хамаагүй явна сурна гэсэн бодолтой элсэлтийн шалгалт өгч байх үед аав нь давхиж ирээд

-За хүү минь гадаадад явахгүй Монголдоо л сурна шүү гэж. Аавын үг алт учир зөрөх зүрх яаж байхав. Политехникийн дээд сургуульд /тухайн үед ийм нэртэй байв/ цахилгаан механикийн ангид хуваарь авчээ.

Энэ тухай Төрбат ярихдаа аав тэр үед лам дээр очиж асуусныг сүүлд мэдсэн дээ гэж жуумалзаж байлаа.

Дээд сургуулиа төгсгөөд Эрдэнэт үйлдвэрт очсон тухай дээр өгүүлсэн дээ.

“Би мэргэжилдээ эзэн байхыг хичээн Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан, эрчим хүчний чиглэлийн бараг бүх дамжлагад ажилласан хүн. Ажил хөдөлмөрөө ч үнэлүүлсэн. Амьдрал ч сайхан болж өдий хүрлээ гэж Ш.Төрбат ярьсан.

Оюутны ширээнээс босож анх Эрдэнэт хэмээх том айлд ирэхдээ ганц хайрцагтай ном, хувцасхан бас хоёр гантельтай, нэг шатартай ирж байсан бол одоо эхнэр, хүргэн, бэр, үр ач, зээ нар гээд өнөр өтгөн бүлийнхэн болоод байна.

Хүүхдийн хоёр том нь их сургууль төгсгөөд ажилтай, албатай гал голомтоо бадраасан айлууд байгаа.

Тэр ч байтугай бага хүү Т.Эрдэнэболд нь аавынхаа мэргэжлийн өвлөн авчээ. ЗХУ-д суралцсан. 30 жилийн дараа аав шигээ алдар нэртэй хийсэн бүтээсэн  юм ихтэй инженер гэгдэж явах бизээ. Ш.Төрбат мөн олон шавьтай. Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийн салбар сургуульд хичээл заадаг байж. 300-гаад шавь бэлтгэсэн гэж намтартаа бичжээ.

Дараагийн хоёр хүүхэд нь бас их сургуульд суралцаж. Энэ тухай Ш.Төрбат ярихдаа цөөхүүлээ хүний дараагийн үе их өнөр болдог юм шиг байна гэж бахархан ярьж байна.

-Миний ажил, амьдралаа зөв авч яваа нь хань Д.Туяагийн маань хайр халамжийн хүч би азтай хүн шүү гэж хэлнэ лээ.

Ш.Төрбат, Д.Туяа нар анх танилцаж байх үе. 1990 он.

Тэр хувийн амьдралынхаа талаар дурсамж дэлгэхдээ

-Ижий маань багш. Багш хүний жаргал зовлонг нэгд нэггүй мэдэх болохоор багш хүнтэй суухгүй юм шүү гэж боддог байв. Тэгсэн минь заяа тавилан ийм юм байлгүй өөрөө багш хүнийг ханиараа сонгочихдог. Харин ч зөвдсөн шиг байгаа юм.

Төрбатынх гэдэг айлыг өдий болтол авч явсан хүн гэвэл миний гэргий. Багшаа болиод хувийн бизнес эрхэлж ч үзсэн. Дөрвөн сайхан хүүхдийн минь ижий.

Өөрөө Эрдэнэтэд анх ирэхдээ хоёр гантельтай бас шатартай ирж байлаа гэж ярьсан. Тэгэхээр бас спортын талын хүн байх нээ гэвэл

-Гантель надад ирсэн бэлэг байсан. Харин шатар бол миний хобби. Би багаасаа шатар тоглож сурсан. Шатрын дэд мастер цолтой. Шатрын цөөн ном гаргасан.

Орхон аймгийн шатрын холбооны тэргүүнээр ажиллаж байсан үе бий. Монгол улсын хүнд үйлдвэрийн салбарын нэрэмжит тэмцээнүүдээс 11 удаа алтан медаль хүртэж байлаа. Шавь ч бас цөөнгүй тэднээс С.Баттулга маань фиде мастер болсон. 2010 оны улсын аварга болж байсан гэж тэр ярьсан.

Би удирдаж буй залуус шавь нартаа сэтгэх чадвар амьдралдаа хандах хандлага зөв хөгжүүлэхээр туслахыг хичээдэг. Ер нь хүүхэд, залуучуудын ой санамж, техниктэй харьцах харилцаа огт өөр болсон.  Наад зах нь өнөө үеийн хүүхэд залуучууд багаасаа цахим ертөнцөд хөл тавьж байна гэж Ш.Төрбат хойч үеэ магтаж байх юм билээ.

Энэ нь бас өөрөө сурган хүмүүжүүлэгч удамтайн жишээ болов уу.

Эрдэмтэн инженер Ш.Төрбат энэ үйлдвэрт ажилласан хугацаандаа үйлдвэрийнхээ хөдөлмөрийн аваргаар хоёр ч удаа шалгарчээ. Бас хүндэт дэвтэрт нь бичигдэж байв. 2019 онд Монгол Улсын шилдэг инженер болсон байдаг. Ингээд хамгийн сүүлд аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг эрхэм цолны эзэн болсон. Энэ бүхэн дөчин жил оюунаа чилээж, мэдсэн сурснаа үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө харамгүй зориулж ирсний нь үнэлгээ биз ээ. Ш.Төрбат инженер үнэхээрийн шударга өөдрөг үзэлтэй зөв хүн юм гэдэг нь түүнтэй ярилцах тусмаа анзаарагдсан юм. Зарим хүмүүс би хийсэн би бүтээсэн гэдгээ урьтал болгодог бол тэр миний хамт олон, бидний нөхөд гэж дундаа хэлэх юм билээ.

Намуухан дуугаар тийм даруухан ярих түүний үг бүхнээс Эрдэнэт хэмээх тэр их айлын ажил үйлс эгэл нэгэн сэхээтний амьдралын баян түүхээр бахархсан юм.

Зарим хүн цахилгаан эрчим хүчний мэргэжил, ажил албыг хүнд гэж хэлдэг. Тэгвэл Ш.Төрбат хүнд хэцүү гэдэг үгнээс аль болох татгалздаг хүн. Учир нь ажил нь гартаа орсон, түвэгтэй саадтай бүхнийг залруулж чаддаг болсон болоод тэр аж. Манай зочин, эрдэмтэн инженер Ш.Төрбат ярихдаа,

-Эрчим хүч, энергетик гэдгийг утгаар нь авч үзэх юм бол маш өргөн агуулгатай. Амьдрал оршин тогтнохын эх үндэс гэж болно. Аливаа зүйлийн эх булаг буюу эх орны гал голомт нь цахилгаан эрчим хүч. Нөгөө талаар маш хариуцлагатай ажил, алба. Эрчим хүчний дүрэм, журмыг “цусаар бичигдсэн дүрэм” гэж хэлдэг.

Цааш нь гэвэл хүний их, дээд сургуульд олж авсан мэдлэг бол өчүүхэн юм. Харин бүтээлч сайхан хамт олноос, ажил мэргэжлээсээ олж авсан зүйлс, туршлага далай шиг гэмээр хүний насан туршийн хөтөч юм. Тиймээс би өөрийгөө Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн, ГОК-ын хүн гэж хэлэх дуртай гэж байна лээ.

Инженер Ш.Төрбатын яриаг сонсохуйд Эрдэнэт хэмээх тэр том аварга үйлдвэрийн бүхий шат дамжлагаар орж үзсэн мэт бодол төрж билээ. Хүний хүсэл тэмүүлэлд төгсгөл гэж үгүй ээ. Тиймдээ энэ бурхан инженерийн хийх бүтээх хүсэлд ч бас хязгааргүй ажээ.

Гавьяаны амралтандаа гараад удаагүй тэр өдөр бүр үйлдвэрийнхээ тухай бодно. Унтах нойрондоо л зүүдэлж жаргана.

Их үйлдвэрийн ажилхэн ногоон зүсмийн барилга байшин жигдэрч цаана нь Эрдэнэт овооны их баялагын хэмжээлшгүйг илэрхийлсэн гэрэл цацраах их овоолго үйлс лугаа чимэх сайхан дүр зураг. Түүний сэтгэлд мөнхийн хөрөг байнам. Магадгүй дахиад 40 жилийн хойно Эрдэнэт үйлдвэр үлгэр домгийн гайхамшгийг санагдуулам их хөгжлийг олсон байх тийм ирээдүйг Ш.Төрбат төсөөлөн он цагийн хүрдийг урагшлуулах гэж бодож явдаг ажээ. Түүний сэтгэлийн тойрогтоо сүлдэлж байдаг нэг зүйл нь амин судсыг нь 40 жил барьсан үйлдвэр минь, хамт олон минь гэсэн мэдрэмж байнгын уяатай. Тиймдээ хөдөлмөр хүнийг залуужуулдгийн жишээг энэ хүн харуулж яваа ч гэж болно биз. Энэ хүнийг магтаалаар дутаагаагүй байх л даа. Гэхдээ баатар цолтой үйлдвэрийн бие махбодийг бүтээсэн эд эс нь болж явсан зарим нэгнийг тэр дотор эрдэмтэн инженер Ш.Төрбат шиг онцгой хүмүүсийг мартахын хязгаарт орхиж болохгүй шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн үл бүдгэрэх олон сайхан амжилт, үйлс энэ хүнтэй яахын аргагүй холбоотой билээ.

Сайн үйлс, сайхан хүмүүсийн нэ­гэн эрдэмтэн инженер Ш.Төрбаттай тө­сөр­хөн ярилцснаа хөрөглөн зурахад ийм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 111 (7608)