П.АМГАЛАН
Яньчи арлыг "APEC" уулзалтыг зохион байгуулах зорилгоор бүтээн байгуулалтууд хийсэн байна. Тус арлыг шинэчлэн тохижуулах ажил 2010 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд 2011 оноос барилгын ажил нь эхэлж, 2014 оны зургаадугаар сард бүрэн дуусчээ. Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүс нь 21 км квадрат талбайг эзэлдэг байна. Арал нь 650,000 м² талбайтай бөгөөд 180,000 м² талбай бүхий 15 барилга байгууламжтай. Тус барилгуудын нэг нь хурлын төв, нэг зочид буудал, нэг цамхаг болон 12 хаустай. Яньчи арлын ерөнхий зохион байгуулалт, байгалийн үзэсгэлэнг хадгалж, хятадын хааны уламжлалт соёлыг илэрхийлэх цэцэрлэгжүүлэлт, уламжлалт, орчин үеийн хосолмол барилга байгууламжийг барихдаа байгальд ээлтэй байдлаар шийдсэн байна. Мөн гурван мянган жилийн түүхтэй хааны ордны хэв маягийг шингээж үлдээснээрээ онцлог аж. Арлын бүтээн байгуулалт нь таван онцлогтой. Нэгдүгээрт, 12 хаусыг цагийн зүүний дагуу байрлуулж, Хятадын эртний хааны цэцэрлэгийг цагийн “гол тэнхлэг” байхаар тохируулан цаг дотор эргэлдэх хэлбэрээр барилга байгууламжийг байршуулсан байна. Хоёрдугаарт, арлын ногоон байгууламжийг бүрэн шийдсэн бөгөөд цэцэрлэгжүүлэлтийг үзэмж, гоо зүй, хэлбэр дүрс, өв уламжлалтай хослуулснаараа онцлог.Гуравдугаарт, 12 хаусыг таван хэсэгт хуваан, зүүн хойд хэсэгт ой мод, баруун хойд хэсэгт уул, баруун өмнөд хэсэгт уулны хөндий, өмнө хэсэгт арал, зүүн талаараа усны эрэг эргийг багтаасан бөгөөд энэ бүс нутгийн соёл, барилгын онцлогийг харуулсан байна. Түүнчлэн газрын байршлын хувьд хойд талаараа өндөр, өмнө талаараа нам, баруун талдаа уул, зүүн талдаа устай гэдгийг илэрхийлжээ. Дөрөвдүгээрт, 12 хаусын талбай 6,000–9,000 м², дотор нь Ерөнхийлөгчийн апартмент, зочны өрөө, усан сан, кино театр, бие чийрэгжүүлэх төв, шатар тоглох өрөө зэрэг олон үйл ажиллагааны талбайтай. Үйлчилгээ нь байрлах, хооллох, зугаа цэнгэлийн олон талт боломжийг олгодог, жижиг зочид буудлын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжууд бөгөөд 70 хувь эрчим хүчний хэмнэлттэй байна.
Эх сурвалж: zms.mn