П.ЛХАГВАЖАРГАЛ
Очирваанийн адистай хутагт хувилгаадын өлгий Завхан нутагт мэндэлсэн Дорнын их яруу найрагч Б.Явуухуланг мэдэхгүй, шүлгийг нь сонордоогүй монгол хүн үгүй болов уу.
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрсөн Алдархаан нутгийн хүү 1954 онд А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэж, дэлхийн утга зохиолын гал голомттой танилцаж, утга уянгын охь шимээр мэлмийгээ баясгаж, монгол, орос хэлээр уянгын шүлгээ хэвлүүлж байв.
1949 онд анхны шүлгээ хэвлүүлж байсан тэрээр 1959 онд “Мөнгөн хазаарын чимээ” номоороо яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан гэдэг.
Түүний "Би хаана төрөө вэ", "Тэхийн зогсоол", "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" гээд дурдаад ханашгүй олон сайхан бүтээлийнх нь нэг яах аргагүй “Мөнгөн хазаарын чимээ” билээ.
Тэгвэл энэ сарын 10-ны өдөр ХХ зууны манлай их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам болсон юм.
Завхан аймгийн нутгийн зөвлөл 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан суутнуудын үйл хэргийг алдаршуулах олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү яруу найргийн наадам бөгөөд эхний шатанд 326 шүлэг иржээ.
Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил энэ тухай “Манай Завхан аймгийн зон олон салбар бүрдээ манлайлсан оюунлаг ард түмэн. Тиймдээ ч манай нутгаас олон сайхан сэхээтэн, аугаа хүмүүс төрөн гарсны нэг нь дорнын их яруу найрагч минь билээ. Их найрагчийнхаа шүлэг бүтээлийг үр хойч, хүүхэд залуусынхаа сэтгэл оюунд өвлүүлэн үлдээх, ёс заншил үүх түүхээ сурталчлан таниулахыг зорьж байна.
Үүний хүрээнд “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг нийслэл хотдоо зохион байгууллаа. Монгол яруу найрагчдад төр, олон нийтээс үзүүлж буй дэмжлэг дутмаг санагддаг. Тиймээс сайхан шүлэг тэрлэсэн яруу найрагчдаа түмэн олондоо алдаршуулахыг зорьсон.
Мөн бид наадмын дараа товхимол гаргаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Энэхүү яруу найргийн наадмыг жилээс жилд чанаржуулж, Завханы ард түмэн Монголын утга зохиолын салбарт оюуны том хөрөнгө оруулалт хийж буй нь энэ юм” гэсэн юм.
Түүнчлэн хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн наадам гэдгээрээ онцлог аж. Тодруулбал, тэргүүн байр найман сая төгрөг, дэд байр таван сая төгрөг, гуравдугаар байр гурван сая төгрөг, тусгай байрын хоёр эзэнд тус тус нэг сая төгрөг гардуулжээ.
Наадмын хоёрдугаар шатанд 26 яруу найрагчийн шүлэг шалгарч, наадмын тайзнаа үзэгч түмний өмнө уншиж сонордуулсан юм. Түүнчлэн хоёрдугаар шатанд шалгарсан шүлгийг тэрлэсэн яруу найрагчдын дунд хоёр Соёлын гавьяат зүтгэлтэн, зургаан “Болор цом-ын эзэн байсан нь тус наадам ямар өргөн цар хүрээг хамарч, чансаа өндөр болсныг илтгэж байна.
Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Байгаль, Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Галбаяр, Хэл бичгийн ухааны доктор, уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурь, Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар ажиллалаа.
Утга уянгын дээд болсон энэхүү яруу найргийн наадмын тэргүүн шүлгийн эзнээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Г.Сэр-Одын шагналт Т.Пүрэвжаргал, дэд байрт Дундговь аймгийн харьяат Соёлын гавьяат зүтгэлтэн П.Нямлхагва, гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн харьяат С.Батзориг, тусгай байрд “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт Б.Жамбалдорж, МЗЭ-ийн шагналт М.Уянсүх нар тус тус тодорчээ.









Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn