Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ургамал судлаач, доктор Д.Өсөхжаргалыг урьж ярилцав. Тэрээр сүүлийн 10 жил ургамлын физиологи, ургамлын биотехнологийн чиглэлээр туршилт, судалгааны ажил хийж байгаа судлаач юм.
Блиц:
Овог, нэр: Далайхүүгийн Өсөхжаргал
Төгссөн сургууль: МУИС, Байгалийн ухааны сургуулийг Ургамал судлаач мэргэжлээр төгссөн.
Ажлын газар: ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор
Монгол Улсын хөгжилд байгалийн тогтвортой байдал, тэр дундаа биологийн олон янз байдал маш чухал
-Биологийн олон янз байдал тогтвортой байх нь Улс орны оршин тогтнох бас нэг хүчин зүйл юм. Биологийн олон янз байдлыг байгалийн унаган төрхөөр нь хадгалж үлдсэнээр тухайн улс үндэстэн оршин тогтнох баталгаа нь болдог.
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байна. Манай улс ч ялгаагаагүй 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад хувь нэмэр оруулж “Тэрбум мод “ тарина гэсэн амлалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс амлаж бусад улсуудад уриалсан. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгаралтын эх үүсвэр нь байгалийн болон хүний хүчин зүйлүүдээс шалтгаалж байна. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаа, хотжилт, мал, бэлчээрлэлт гэх мэт олон хүчин зүйлүүдээс шалтгаалж хүлэмжийн хийн ялгаруулалт улам нэмэгдсээр байна. Эдгээр хүчин зүйлүүдээс байгалийн ургамлуудын олон янз байдлын тоо толгой буурч, төрөл зүйл устах аюулт эрсдэл бий болсноор бусад биологийн хучин зүйл, экосистемд нөлөөлж, ингэснээр хүлэмжийн хийн ялгаралт улам хурцаддаг. Тэгэхээр бидний судалгааны ажил эдгээр төслүүд болон энэ асуудалтай хэрхэн холбогддог тухай яръя. Бид Монгол орны бүс, бүслүүрт ургадаг экологи, эдийн засгийн ач холбогдолтой, модлог ургамлуудыг биотехнологийн аргаар гаргаж авч, үржүүлэх, тарималжуулах, тарьц суулгац бэлтгэх нь бидний нэг туршилт, судалгааны ажлын чиглэл бөгөөд нөгөө нэг чиглэл нь уул уурхай, хүн амын өсөлт, үйлдвэржилт эрчимтэй явагдах тусам хүрээлэн буй орчны бохирдлын асуудал нэлээд хурцаар тавигдах болсон. Үүнтэй уялдуулаад бид хүрээлэн буй орчны бохирдлыг ургамлаар цэвэрлэх буюу фиторемедацийн туршилт, судалгааг мөн хийж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, ургамал өөрийн дотоод механизмын хүрээнд хөрсөнд байгаа хүнд металлыг өөртөө шингээж, навч, иш, үндсэндээ хадгалах, эсвэл ууршуулах, дэгдээх, задлах байдлаар орчиндоо байгаа бохирдлыг саармагжуулдаг.
-Ургамал нь элс, эд эрхтнээрээ үржих чадвартай бөгөөд биотехнологийн арга нь энэхүү шинж чанарт нь тулгуурлан, өсөлт хөгжилтөд нь шаардлагатай макро, микро элементийг агуулсан тусгай тэжээлийн орчинд, орчны стресс хүчин зүйлээс ангид, жилийн дөрвөн улиралд, /in vitro/ нөхцөлд ургуулж, үржүүлдэгээрээ онцлог. Судалгааны эх материал маань ургамлын үр үндэс, иш, навч гэх мэт байх бөгөөд ургамлын зүйл бүрийн генетик шинж чанараас хамааран ургах, нөхөн төлжих чадвар харилцан адилгүй байна. Тодруулбал, ургамлын үр нь зүйл тус бүрийн генетик шинж чанар, ургах орчин зэргээс хамааран соёололт нь харилцан адилгүй байх бөгөөд зарим ургамлын зүйлүүд нь орчны стресс хүчин зүйлээс өөрийгөө хамгаалан урт хугацааны унтаа, тайван байдалд шилжих зохилдолгоотой байдаг. Унтаа байдлаас хэрхэн гаргаж үрийг соёолуулах уу, судалгааны эх материалыг хэрхэн бохирдолгүйгээр ариун цухуйц буюу эх ургамал гаргаж авах уу гэх мэт асуулт бүхний цаана маш олон туршилт, судалгааны ажил явагдаж байна гэсэн үг. Гэх мэтчилэн мэргэжлийн олон үйл ажиллагаа, туршилт шат дараалалтай явагдаж байж эцсийн үр дүнд хүрдэг. Үүнд урт хугацаа шаарддаг.
Чонон хармаг элсний нүүдлийг саармагжуулдаг ургамал

-Би 2014 оноос хойш арав гаруй жил судалгаа хийхдээ 3-4 төсөлд удирдагчаар болон гүйцэтгэгчээр ажилласан. Эдгээр төслүүдээс говийн бүсэд өргөн тархдаг Чонон хармаг ургамлыг судалсан. Энэ ургамлын жимс нь антиоксидант шинж чанар өндөртэй. Энэ нь манай урд хөршүүдийн сонирхлыг ихээр татсан. Тиймдээ сүүлийн хэдэн жилд хүмүүс мөнгө олохын тулд байгалиас маш ихээр түүж бэлтгэж гадагшаа гаргасан. Хүмүүс жимсээ түүхдээ мөчир, үндсээр нь тасалж авснаас болж ургамлын тоо толгойд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Тиймээс эдийн засгийн ач холбогдолтой энэ ургамлын генетик нөөцийг хадгалах, хамгаалахын тулд тухайн ургамлыг хэрхэн яаж ургуулах арга технологийг бий болгох шаардлага үүссэн. Үр дүнд нь Чонон хармаг ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх арга технологийг гарган авч, судалгааны үр дүнгээрээ хоёр патент авсан. Нэг нь эсийн бөөгнөрөл буюу каллусын өсгөврөөс, нөгөө нь үе зайдмалаас нь уг зүйл ургамлыг нөхөн төлжүүлэх технологийг үр дүнгээр баталгаажуулсан. Одоогоор энэ гаргаж авсан Чонон хармагаа Дундговь аймгийн төвд тодорхой талбай үүсгэж тарималжуулж, ургамалжуулж байгаа. Маш амжилттай болсон. Чонон хармаг ургамлын жимс эдийн засгийн ач холбогдолтойн зэрэгцээ элсний нүүдлийг сааруулдаг. Хатуу үндэстэй учраас тэр. Өөрөөр хэлбэл, экологи, эдийн засгийн ач холбогдолтой чухал ургамал. Цаашдаа нөхөн сэргээлтэд гаргаж элсний нүүдлийг саармагжуулах зорилгоор ашиглаж болно. Энэ ургамлын технологи бий болсноор одоо, ирээдүйд бид тухайн зүйл ургамлыг массаар нь үржүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор плантац үүсгээд жимсээр нь тусдаа бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлж болно. Экспортод гаргах бүрэн боломжтой. Элслэг хөрсөнд ургадаг ургамал учраас говийн бүс болох Говь-Алтай, Баянхонгор, Ховд бүсүүдэд түлхүү ургана. Жимсийг нь ялангуяа ямаа их иддэг. Мөн хүний биед үүссэн чөлөөт ардикулиудыг дарангуйлдаг идэвх өндөр антиоксиданттай. Гэхдээ Чонон хармагийг би ганцаараа үржүүлээд байгаа юм биш. Уламжлалт аргаар, үрээр нь Баянхонгор, Өмнөговь аймагт тариалж байна. Ер нь говийн аль ч бүс нутагт масс тариалалт явуулах бүрэн боломжтой. Мөн аж ахуйн нэгж бидний патентаар технологийг нь ашиглаад хөрөнгө оруулалт хийж масс тариалалт хийх боломжтой. Тухайн хөрөнгө оруулагч массаар тариалж элсний нүүдэл саармагжуулах нөхөн сэргээлтэд явуулах уу эсвэл жимсийг нь ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах уу гэдэг нь бүрэн нээлттэй.
Эдийн засаг, экологид өндөр ач холбогдолтой бүтээлийг шүүгээндээ хадгалах ёсгүй
-Би Чонон хармагийн хоёр патент, Морин шарилжийн нэг патент эзэмшиж байна. Морин шарилжийн тухайд тодруулж ярья. Халууны хомхой өвчнийг эдгээхэд ашигладаг гол бодисыг морин шарилжаас гаргаж авсан биотехнологийн гэсэн нийт гурван патенттай. Мөн 2-3 патентыг баталгаажуулахаар Оюуны өмчийн газар мэдүүлсэн. Би ШУА-ын судлаач. Патентын эрхийг төсөл хөтөлбөрийн дагуу захиалж хийлгэж байгаа газар хоорондын гэрээгээр зохицуулагддаг. Улсын төсвөөр хийсэн судалгааны бүтээлээс гарсан оюуны бүтээлийг судалгаа хийсэн байгууллага эзэмших эрхтэй. Харин судалгааны ажлыг хийсэн судлаач зохиогчийн эрхийг эзэмшдэг. Үр дүнд хүргэсэн бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулъя гэвэл байгууллага, хувь судлаач лицензийн гэрээгээр Технологи дамжуулах хуулийн дагуу ашгийн хэдэн хувийг авах тухай талаар тусгадаг. 2023 онд би өөрийнхөө эзэмшиж байсан нэг патент дээр тулгуурлаж гарааны компани үүсгэсэн. ШУА үр дүнд хүргэсэн патенттай салбар бүрийн олон судалгааны бүтээлүүдтэй. Харамсалтай нь Технологи дамжуулалт болон Оюуны өмчийн тухай хуулиар эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь тийм ч их биш цөөхөн. Ер нь ш инжлэх ухааны үндэслэлтэй 100 хувь баталгаажсан улсын төсвөөр хийсэн судалгааны бүтээлүүдийг төр өөрөө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодлогоор дэмжиж хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр улсын экологи, эдийн засагт өндөр ач холбогдол өгөх судалгааны бүтээл гаргаж байна. Үүнийг буцаагаад эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төр, хувийн хэвшил , судалгааны байгууллага гурав түншлэл сайн байх ёстой. Түүнээс биш бүтээл гарлаа. Хавтаслаад шүүгээндээ хадгалах хэрэггүй л дээ.
Хусыг биотехнологийн аргаар үржүүлэх арга технологийг бий болгов.
-Бид лабораторидоо амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж биотехнологийн аргаар олон төрлийн ургамал гаргаж авсаар байгаа ч эдгээрийн хэрэглээ хаана байна вэ гэдэг чухал. Судлаач судалгааныхныхаа үндэслэлийг боловсруулахдаа бидний судалгааны бүтээгдэхүүн эцэстээ хаана очиж хэрэглэгдэх вэ ,судалгааны өгөөжийн бай хаана билээ гэдгээ бодож төслөө боловсруулдаг. Жишээлбэл, яг одоо бидний ажиллаж байгаа Хавтага навчит хусыг биотехнологийн аргаар үржүүлэх арга технологийн гаргаж авахаар гурван жил судалж байна. Хус өөрөө экологийн өндөр ач холбогдолтой мод. Ой түймэрт өртөх, хортон шавжид идэгдэх явдал нэмэгдсээр байна. Эрдэмтэд ой дахин бий болоход буюу ойн сукцессын эхэн үед хус ургаж улмаар бусад ойн экосистемийг бүрдүүлэгч төрөл, зүйлүүд ургах нөхцөл бүрэлддэг гэж үздэг бөгөөд хусыг пионер буюу анхдагч гэж нэрлэх нь бий. Тэгэхээр хусыг биотехнологийн аргаар үржүүлээд байгаа нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд, уул уурхайн нөхөн сэргэлтэд, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилтот хөтөлбөрүүдийн нэгээхэн хэсэг нь бөгөөд энэ чиглэлийн судалгааг улам өргөжүүлэх хэрэгтэй байна. 2030 он гэхэд бид тэрбум мод тарихаар болсон. Ойн мэргэжлийн байгууллагын судалгааны үр дүнд манай Монгол орны ойн санг нөхөн сэргээхэд нэг тэрбум биш 1.5 тэрбум мод шаардлагатай тухай өгүүлсэн байдаг. Тэгэхээр бид наанадаж 1.0 тэрбум, цаад тал нь 1.5 тэрбум мод тарих шаардлагатай болж байна. Энэ их дүнтэй модыг тарихад хүн бүхэн гар бие оролцож байж зорилт биелнэ. Тиймээс ургамлыг үржүүлэх технологийг патентлуулж бүх хүмүүст танилцуулах, арга технологид сургах, зааварчлах хэрэгтэй.Иргэдийн байгалиа хамгаалах, мод тарих боловсролыг дээшдүүлж байж тэрбум модны ард гарна. Өөрөөр хэлбэл, олон нийтэд сурталчлан таниулах, мод үржүүлгийн газар олныг байгуулах, аж ахуйн нэгж нэгдэж байж л хийнэ. Энэ бүгдэд менежментийн дэд бүтэц хэрэгтэй.
Хувийн хэвшил, шинжлэх ухааны бүтээлийг масс үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг боддогоор дэмжих
-Нөгөөтээгүүр, хүний нөөцийн асуудал аль ч салбарт тулгамдсан асуудал. Манай ШУА салбар цөөн судлаачтай. Тэд мэдээж ганцхан байгаль орчин судлахгүй, түүх, археологи, палентлоги, хиймэл оюун ухаан гэх мэт маш олон шинжлэх ухааны салбарын чиглэлүүдээр судалгааны ажил хийдэг. Манай Ботаникийн хүрээлэн гэхэд 63 ажилтантай. Бүгд ургамал үржүүлэхгүй. Бүгд өөр, өөрийн нарийн чиглэлд судалгаагаа хийдэг. Цөөн хэдэн тооны судлаачаас гарч ирж буй шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнгүүдийг хэрхэн яаж олон нийтэд сурталчлан таниулах, экологи , эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдийг төр бодлогоор сайн дэмжих хэрэгтэй. Мөн томоохон уул уурхайн санхүүжилтээр ховордсон ургамлыг биотехнологийн аргаар гаргаж авах боломжтой. Тухайлбал, Биологийн хүрээлэнгийн судлаачид Оюутолгой компанийн санхүүжилтээр тэдний уурхайн ойр орчимд ургадаг байсан нэн ховор ургамлуудыг биотехнологийн аргаар гаргаж авах туршилт судалгааг хийж түүнийгээ буцаагаад байгаль дээр нь тарих ажлыг хийж байна. Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалж байна гэсэн үг.
Тойруулах жам хар тугалгыг 31 хувийг өөртөө шингээдэг ургамал
-Манай хүрээлэнгээс хүрээлэн буй орчны бохирдлыг ургамлаар бууруулах мутаци хийх судалгааг амжилттай хийж байна. Тодруулбал, хөрс болон агаарт байгаа хүнд металлыг өөртөө шингээдэг ургамлыг биотехнологийн аргаар гаргаж авч агаар болон хөрсний бохирдлыг саармагжуулдаг ургамал. Уг ургамлыг массаар нь тарьснаар хөрсөнд байгаа хүнд металлуудыг өөртөө шингээнэ. Агаарын бохирдлыг үүсгээд байгаа хүнд металл болох хар тугалга хөрсөн дээр унадаг. Энэ нь хүний хөлөөр болон машины дугуйгаар буцаад агаарт тархана. Тэгэхээр энэ хөлт ургамлаар агаарт байгаа болон хөрсөнд байгаа хүнд металлыг саармагжуулна. Энэ судалгааг манай хүрээлэн 2022 онд хэрэгжүүлсэн. Тойруулах жамаар буюу хөл газрын ургамал. Массаар ургадаг ургамал. Ургахгүй байна гэж үгүй. Энэ ургамлаар хар тугалга шингээж авах судалгааны ажлыг хийсэн. Тодруулбал, уг ургамлыг 6,7,8 зэрэг гурван сарын хугацаанд тухайн хөрсөнд тарихад түүнд байгаа хүнд металл буюу хар тугалганы 31 хувийг өөртөө шингээж авсан үр дүнг харуулсан. 31 хувь гэдэг бага хувь биш. Үүнийг олноор нь тарих хэрэгтэй. Энэ мэт олон нарийн үр дүнтэй судалгааг манай хүрээлэн хийсээр байна. Одоогоор судалгааны үр дүнгийн өгүүлэл бичсэн. Туршилтын талбайд тариалаад байж байна. Хар тугалганы бохирдлыг аюултай, хортой гэж хоёр ангилдаг. Аюултай гэдэг нь их хэмжээгээр бохирдсон гэсэн үг. Хамгийн гол нь энэ хөрсөнд тойруулах жамп ургаж чадаж байна уу, ургасныхаа дараа уг ургамал хэвийн ургаж байна уу гэдгийг мөн судална. Энэ маш чухал.
Залуу судлаачдад бүтээлээ хэрхэн экологи эдийн засгийн эргэлтэд оруулах талаарх арга туршлага чухал
-Шинжлэх ухааны академи сүүлийн жилүүдэд залуу судлаачдыг олноор бэлтгэх хүний нөөцөө чадавхжуулах тал дээр нэлээд анхаарч байгаа. Сүүлийн жилүүдэд залуу судлаачдыг урт, богино хугацаагаар гадаадын ижил төстэй байгууллагуудад мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр сургаж байна. Тухайлбал, 2019 онд “Энтрепренер -21” арга хэмжээг зохион байгуулж 21 залуу судлаачийг үе шаттай сургалтуудад хамруулж бэлтгэсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд судлаачдад судалгааны үр дүнгээ хэрхэн эргэлтэд оруулж, олон нийтэд болон нийгэмд үр өгөөжийг хэрхэн таниулах чиглэлийн мэдлэг, практик дадлага олгосон маш өгөөжтэй хөтөлбөр болсон гэж үздэг. Би 21 судлаачийн нэг нь. Бидэнд тэр сургалт маш олон мэдлэг, мэдээллийг өгсөн байдаг. Тус хөтөлбөрийн хүрээнд “Mon forest aroma” болон “Бэхэннүд” брендүүд үүссэн бөгөөд өнөөдөр ч мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийн, борлуулалтад бүтээгдэхүүнээ гарган амжилттай ажиллаж байна. Манай ШУА-ийн судалгааны хүрээлэнгийн судалгааны үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүнийг борлуулдаг “Scienbiz” дэлгүүрт худалдаалагдаж байна. Мөн жил бүрийн инновацын долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд ШУА “Эрдэм хакатон” зохион байгуулдаг уламжлалтай. Эхлээд “Эрдэм хакатон” нь судлаач нарын дунд зохион байгуулагддаг байсан бол сүүлийн жилүүдэд манай улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон шинийг санаачлагч хүн бүхний оролцож, өөрийн санаачилсан, зохиосон технологи, бүтээгдэхүүнээрээ уралддаг болтлоо өргөн цар хүрээтэй болсон. Үе шаттай зохион байгууллагддаг уг хөтөлбөрийн уралдаанд шинжлэх ухааны бүтээл нь бизнесийн санаа болж эдийн засгийн эргэлтэд орж үр дүн гарах боломжтой судлаач саналаараа оролцдог байсан. 5-10 сая төгрөгийн санхүүжилттэй. Одоогоор тав орчим жил тасралтгүй явж байна. Өнгөрсөн жилийнх Орхон аймагт болж 1-2 бүтээлийг 5-10 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Судалгааны шинэ санаа буюу старт апп-ыг хөгжүүлэхэд гарааны санхүүжүүлэлтийг өгснөөрөө судлаачдын урам зоригийг нэмэхийн сацуу олон нийтэд бүтээлээ таниулах гүүр нь болж өгч байгаараа ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хэр нь санаагаа олоогүй хүн, бэлэн шинжлэх ухааны үндэслэлтэй судлаачийн бүтээлийг холбож өгч буй гүүр нь болж байгаа гэсэн үг. Бид зөвхөн лабораторид судалгаа хийдэг хүмүүс. Тэгвэл хийсэн судалгаагаа хэрхэн мөнгө болгож эдийн засгийн эргэлтэйд оруулах туршлагатай болсон. Энэ нь цагаа олсон менежмент байсан. Иймэрхүү онол, практикийг хослуулсан мэдлэг өгөх сургалт цаашдаа тогтмол явуулахад анхаарах хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 111 (7608)