С.УРТНАСАН

 

Охид эмэгтэйчүүдийн боловсролын хүртээмж сайжирч, эрчүүдтэй харьцуулахад ижил тэнцүү түвшинд суралцан хөгжиж байгаа билээ. Олон жилийн туршлагатай сэтгүүлчид, медиа судлаачид эмэгтэйчүүдэд зориулсан мэдлэг, мэдээллийн итгэлтэй эх сурвалж, хөтөч, туслах байхыг зорин Room24.mn платформыг үүсгэн байгуулсан бөгөөд өчигдөр нээлтийн үйл ажиллагаа нь боллоо.

Монголд төдийгүй дэлхий даяар хэвлэл мэдээллээр гарч байгаа дөрвөн хүн тутмын нэгийг л эмэгтэйчүүд бүрдүүлдэг ба улс төр, эдийн засаг зэрэг чухал сэдэв дээр эмэгтэйчүүдийн оролцоо бүр ч цөөхөн байдаг. Үүнийг өөрчлөх тал дээр Room24.mn хэрхэн ажиллах шаардлагатай байгаа талаар “Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэвлэл мэдээллийн хэрэгцээ, хүлээлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.  Тус хэлэлцүүлгийг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Б.Золзаяа удирдан явуулсан бөгөөд панелистуудаар СУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд, Монфемнэт Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал,”Women in Tech” хөдөлгөөний Монгол дахь салбарын тэргүүн Н.Энхсайхан, Room24.mn-ий ерөнхий стратегич Д.Мөнхчимэг нар оролцлоо.

Төрөл бүрийн салбарт манлайлж буй эмэгтэйчүүдийг нийгэмд гаргаж ирэх, цоо шинэхэн медиа бизнесийн загварыг Монголдоо амжилттай хэрэгжүүлэхээр зорьж буй Room24.mn-ий үүсгэн байгуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна.

 

Room24.mn-ий үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Цогзолмаа: Эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх орон зай юм

 -“Room24.mn нь Монголын анхны гишүүнчлэлд суурилсан эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх веб сайт. Монголд өнөөдрийн байдлаар 430 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага байдаг бол түүн дунд гишүүнчлэлд суурилсан эсвэл зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө гэсэн хэвлэл мэдээллийн байгууллага байхгүйгээр өдийг хүрсэн. Хэний ч анзаарч ойшоодоггүй энэ орон зайг дүүргэхээр Room24.mn сайт байгуулагдсан. Манай сайт өдөр тутмын мэдээ нийтэлдэг олон редакцуудын нэг биш. Бид гишүүнчлэл суурьтай эмэгтэйчүүдийн оролцоо, эрх, тэдний дуу хоолойг хүргэх орон зай юм. Манай уншигчид бол манай хөрөнгө оруулагчид, контент бүтээгчид оюуны ундарга. Room24.mn нь дэлхийн гишүүнчлэлд суурилсан хэвлэл мэдээллийн бизнес моделийг Монголдоо хэрэгжүүлж байгаа анхны мэдээллийн платформ болон хөгжиж байна. Та мэдээ уншиж бүртгүүлээд гишүүнчлэлд нэгдсэнээр зөвхөн өөрт хаяглагдсан мэдээллийг мэдэгдэл байдлаар хүлээн авах боломжтой. Мөн веб сайт руугаа мэдээлэл илгээж болно. Уншигчдын оролцоог дэмжиж бид талархалтайгаар хүлээн авах болно.

 

Room24.mn-ий ерөнхий стратегич Д.Мөнхчимэг: Хэвлэл мэдээллээр ихэвчлэн эрэгтэйчүүд гардаг

-“Room24.mn платформын нээлтийн үйл ажиллагаа болж байна. Энэхүү платформ нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодвол тэс өөр зах зээлд бий болж байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх боломж тэр байдаггүй. Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч бид өрсөлдөөн ихтэй өөрсдийн гэсэн цагийн болон хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй байдаг. Гоё ажил хийдэг олон мундаг эмэгтэйчүүд байдаг хэдий ч зах зээл жижиг, хэвлэл мэдээллийн өрсөлдөгч ихтэй, нэмээд төлбөртэй контент байдаг болсон учраас эмэгтэйчүүдийг нийгэмд тэр бүр гаргаж ирж чаддаггүй. Мөн редакцын бодлогоор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ээлжилж оруулдаг булан, нэвтрүүлгүүд ч цөөхөн байдаг. Ихэнх хүмүүсийн ойлголт нь хэвлэл мэдээллээр ихэвчлэн эрэгтэйчүүдийг гаргадаг. Эрэгтэйчүүд яриа мэдээлэл өгөхдөө, олон нийтэд танигдахдаа илүү сайн байдаг гэдэг бол Room24.mn зөвхөн эмэгтэйчүүд рүүгээ чиглэж ажиллана.

 

СУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд: Жендэр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэдэг нь өрөөсгөл

“Жендэр гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүд биш хүйсийн тэгш байдал тогтвортой хөгжлийн асуудал юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг аль алийг нь тэгш оролцуулах оролцооны асуудал гэдгийг нийгэмдээ хэлж ойлгуулж явах нь зүйтэй. Жендэр гээд ярихаар зөвхөн эмэгтэйчүүдийг асуудал гэж ярьж хүлээж авдаг. Ийм ухагдахуунаар нийгэм масс нь хүлээж аваад байдаг. Би өөрөө жендэр судлаач, жендэрийн мэргэжилтэн биш ч гэсэн ямар нэг хэмжээгээр тэгш оролцооны талаар ярихаар “Чи жендэр ярилаа, эмэгтэйчүүдийн талаар ярилаа” гэж хүлээж авдаг. Нийгэм рүүгээ хандсан тогтвортой байдал, тэгш оролцооны асуудал шүү гэдгийг сайн ойлгуулж яваасай гэж боддог. Мөн ингэж ойлгуулахын тулд эрэгтэйчүүддээ хандсан хандлагыг орхигдуулалгүй яваасай гэж хүсдэг. Эмэгтэйчүүдийн хэвлэлийг судалсан хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн ийм платформ нээгдэж байгаад туйлын их баяртай байна. Амжилт хүсье”.

 

Сэтгүүлч, нийтлэлч Э.Энэрэл:Шинэхэн платформ нь бизнес эрхлэгч, боловсролтой эмэгтэйчүүдийг нийгэмд таниулж чадна

-“Гишүүнчлэл дээр суурилсан медиа платформ манайд бараг байхгүй гэж хэлж болно. Ийм платформ нээгдээд энэ нь тэр дундаа эмэгтэйчүүдийн гэж төрөлжүүлээд үзэл санаа, зорилго, үүслүүд нь тодорхойгоор зарлаад хийж байгаа гэдэг утгаараа маш ач холбогдолтой түүхэн арга хэмжээ болж байна гэж бодож байна. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой манайхны ойлголт нь энд үйлдвэрлэл болон ажил хөдөлмөр хөлсний асуудал явж байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Манайхан яагаад ч юм маш олон жилийн хугацаанд хэвлэл мэдээлэл, медиаг олон нийтийн төлөө үнэ төлбөргүй үйлчилдэг юм шиг ойлголт төрүүлснээс болоод хүмүүс өндөр шаардлагыг хэвлэлээс хүлээх болсон. Нөгөө тал нь бодит үнэн мэдээллийг хүргэхээс гадна редакцыг ажиллуулах, хүмүүсийн цалин хөлстэй холбоотой болон үнэнч шударгаар, хараат бусаар ажиллах боломж үргэлж хумигдаж ирсэн. Энэ нь эргээд сэтгүүл зүйн салбарт итгэх итгэлийг дандаа бууруулж байсан. Одоо бол бүх редакцууд банк санхүү нь ил тод, үзэл санаа, мэдээллийн үнэ цэнийг худалдаж арилждаггүй гэдгээ баталж ажиллаж ёстой. Энэ агуулгаар цоо шинэ платформыг чухал гэж бодож байна. Нөгөө талаасаа эмэгтэйчүүд энэ дундаа шинэхэн медиа гээд зарлаад ажиллаж байгаа энэ дээр хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг тэр дундаа боловсролтой нийгмийн бүлгийн талаас илүү хувь нь дандаа эмэгтэйчүүд байдаг. Энэ хүч нөөцийг ашиглах боломж ямар байдаг билээ. Харин тэдгээр хүмүүсийг олон нийттэй яаж харилцах вэ, медиа дээр хэрхэн ажиллах вэ гэдгийг сургалтаар хангах менторлох гарын авлага тэр болгоныг нь зааж өгөх давхар ажлыг хийх гэж байгаа шинэ платформ байгаа. Энэ нь олон олон бизнес эрхэлдэг, боловсролтой өөрийгөө таниулах гэсэн хүсэлтэй эмэгтэйчүүдэд том зүг чиг болж өгнө гэж бодож байна.

 

Фото сурвалжилга

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 110 (7607)