Р.Оюун

Монголын анхны гишүүнчлэлд суурилсан, эмэгтэйчүүдийн төлөөх медиа пларформ болох Room24.mn нээлтээ хийлээ. Монгол Улсад 430 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа ч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дагнан ажилладаг нэг ч редакц байхгүй байгааг тус платформын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ж.Цогзолмаа нээлтийн үеэр хэлсэн юм. Тэрээр энэ орхигдсон орон зайг дүүргэж гарч ирж байгаа учраас өдөр тутмын мэдээ, мэдээллийн тал дээр бусад редакцтай өрсөлдөхгүй. Харин ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүн бүрд ажиллаж, амьдрах, амжилтад хүрэх боломжийг бий болгоход хэвлэл мэдээлэл болон бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна. Хараат бус, бие даасан сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн тулд гишүүнчлэлд суурилсан бизнес загварыг олон улсад нэвтрүүлж эхэлсэн. Энэ загварыг Room24.mn дээр хэрэгжүүлэхээр редакцын бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг дээд зэргээр хангаж ажиллана гэсэн юм. 

Эмэгтэйчүүдэд зориулсан мэдлэг, мэдээллийн итгэлтэй эх сурвалж, хөтөч, туслах байхыг зорьдог Room24.mn платформыг олон жилийн туршлагатай сэтгүүлчид, медиа судлаачид үүсгэн байгуулжээ. Монголын сэтгүүл зүйд нэгэн шинэ өнгө төрх, шинэ бизнес загвар мэндэллээ. Room24.mn-ийн лого болох яргуй цэцэг болон нил ягаан өнгө нь итгэл найдвар, эрхэм чанар, эрх тэгш байдлыг бэлгэдэж байгаа хэмээн тус платформын бүтээлч захирал Э.Эрдэнэцэцэг тайлбарлалаа. 

Room24.mn хэрхэн ажиллах шаардлагатай байгааг "Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл хэвлэл мэдээллийн хэрэгцээ, хүлээлт" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа. Хэлэлцүүлэгт "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын захирал Б.Золзаяа удирдан зохион явуулсан бөгөөд СУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд, Монфемнэт үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, "Women in Tech" хөдөлгөөний Монгол дахь салбарын тэргүүн Н.Энхсайхан, Room24.mn-ийн ерөнхий стратегич Д.Мөнхчимэг нар оролцлоо.

Эх сурвалж www.zms.mn