Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.

 

-Татварын хяналт шалгалтыг хэзээ, хаанаас зохион байгуулан хэрэгжүүлдэг талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Татварын хуульд зааснаар татварын хяналт шалгалтыг татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан татвар төлөгчийн хүсэлтээр гэсэн үндсэн 2  үндэслэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн 2 төрлөөр зохион байгуулан хийгддэг.

Төлөвлөгөөт хяналт шалгалт гэдэг нь Сангийн сайдын баталсан журамд заасан шалгуур үзүүлэлтүүдээр татварын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн эрсдэлийн үнэлгээг тооцож эрсдэл бүхий татвар төлөгчдийг хяналт шалгалтад хамруулах үйл ажиллагаа юм. Татварын ерөнхий газрын дарга жил бүрийн 3 дугаар сард төлөвлөгөөт хяналт шалгалтын жагсаалтыг баталдаг.

Харин төлөвлөгөөт бус татварын хяналт шалгалт гэдэг нь Татвар төлөгчийн хүсэлтээр буюу татвар төлөгч өөрөө хүсэлтээ гаргасан тохиолдолд хэрэгжүүлдэг хяналт шалгалтын үйл ажиллагаа юм.

Татвар төлөгчдөөс илүү төлсөн татвараа буцаан авах, татвар төлөх үүрэг дуусгавар болох, эрх шилжих, татварын ногдуулалт, төлөлт, тайлангаар гарсан алдагдал баталгаажуулах, хуулийн этгээд татан буугдах, тайлангаа засварлахтай холбоотойгоор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн мөн эрсдэлийн үнэлгээ тооцож, эрсдэлийн үнэлгээний дагуу хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг.

Татан буугдах хүсэлт ирүүлсэн татвар төлөгчид эрсдэлийн үнэлгээ тооцоод эрсдэлгүй бол шалгалт хийхгүйгээр татан буулгах боломжтой.

Төлөвлөгөөт хяналт шалгалтыг татвар төлөгчийн эхний гурван жилийн хугацаан дахь бүртгэл, тайлагнал, ногдуулалт, төлөлтийн байдалд хийж байна.

Үүнийг тайлбарлавал, Татварын ерөнхий хуулиар татварын багц хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дөрвөн жил байдаг. Гэхдээ сүүлийн нэг жилийн тайлангаа дараа ондоо багтааж татвар төлөгч тайлангаа залруулах хуулийн зохицуулалтай. Энэ нь татвар төлөгчдөд тайлангаа үнэн зөвөөр тайлагнах боломж олгож байгаа юм.

Тийм учраас татварын хяналт шалгалтыг  сүүлийн нэг жилийг нь үлдээгээд өмнөх гурван жилийн тайланд төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлдэг.

2020 оны татварын багц хуулийн шинэчлэлээр эрсдэлийн үнэлгээг нарийвчлан тооцож татварын хяналт шалгалтад хамруулдаг болсонтой холбоотойгоор нэг жилд хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчдийн тоо 2020 оноос өмнөх үетэй харьцуулахад гурав дахин буурсан.

Гэвч нөгөө талаар татварын хяналт шалгалтаар  илэрч байгаа зөрчил, нөхөн ногдуулсан татварын дүн хэд дахин өссөн үзүүлэлтэй байна.

Энэ нь эрсдэлийн үнэлгээ нь оновчтой зөв тооцогдож байгааг илэрхийлж байгаа юм.

-Татварын хяналт шалгалт хэрэгжүүлэх татвар төлөгчийн тоо буурсантай холбоотойгоор хүний нөөцийн хувьд өөрчлөлт орсон уу?

-Татварын хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчийн тоо буурснаар хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байсан албан хаагчдын  нэлээдгүй хэсгийг татварын албаны  зөвлөн туслах, татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх чиглэлээр  орон тоог шилжүүлсэн.

2020 оны татварын багц хуулийн шинэчлэлээр орсон нэг зүйл нь татвар төлөгчийн ирүүлсэн тайланд  эрсдэлийн үнэлгээг тооцоод алдаатай, зөрүүтэй мэдээлэл агуулсан тайланг залруулах тухай татвар төлөгчид тайлангаа засварлан илгээх мэдэгдэл хүргүүлдэг болсон.

Эрсдэлийн үнэлгээ тооцдог их дата гэдэг нь татварын дата бааз дээр суусан мэдээлэл байх бөгөөд  дотроо маш их хэмжээний санхүү татварын тайлангийн мэдээллүүд, харилцан хамааралтай, хамааралгүй этгээдүүдийн бүх мэдээлэл, хөндлөнгийн мэдээлэл, төрийн бусад байгууллагуудаас ирж байгаа мэдээлэл гэх мэт мэдээллийн том санг хэлж байгаа бөгөөд, тус мэдээллийн санд үндэслэж эрсдэлийн үнэлгээг тооцож гаргадаг.

Татвар төлөгч тухайн төрлийн тайланг илгээсэн даруйд нь тайлан боловсруулалтын процесс явагдаж эхэлдэг бөгөөд программаас дээр дурдсан дата дээр үндэслээд таны тайланд зөрүүтэй, алдаатай мэдээллүүд байна гэсэн байдлаар татвар төлөгч уруу буцаагаад мэдээлэл, мэдэгдэл өгдөг.

Татвар төлөгч тухайн мэдэгдлийг хүлээж аваад тайлангаа залруулаад буцаагаад илгээх нь өөрийгөө татварын эрсдэлээсээ урьдчилан сэргийлэн дараа учирч болох хариуцлагын асуудлаас чөлөөлөгдөөд явах боломжтой юм.

Зөрүүтэй, алдаатай мэдээлэл агуулсан татварын тайланг залруулах мэдэгдлийг татварын албанаас 2-3 удаа мессеж болон бүртгэлтэй мэйл хаягаар  хүргүүлдэг ба энэ тохиолдолд татвар төлөгч өөрт ирсэн мэдээллээ сайн уншин танилцаж өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Хэрвээ мэдээллийн зөрүүтэй, алдаатай тайланг залруулаагүй тохиолдолд эрсдэлтэй татвар төлөгчийн мэдээлэлд орж татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдэнэ.

Татварын хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын цар хүрээнээс хамаарч энгийн хяналт шалгалт, хялбаршуулсан хяналт шалгалт, нарийн төвөгтэй хяналт шалгалт гэсэн гурван төрлийн хяналт шалгалт хийдэг.

Энгийн хяналт шалгалт гэдэг нь тухайн татвар төлөгчийн бүх татварын төрөл дээр татварын хяналт шалгалт хийгдэнэ гэсэн үг.

Хэсэгчилсэн буюу хялбаршуулсан хяналт шалгалт гэдэг нь зөвхөн нэг татварын төрлөөр шалгах тухайлбал нэмэгдсэн өртгийн албан татвар, эсвэл зөвхөн ашигт малтмал нөөц ашигласны төлбөр гэх мэтээр тодорхой нэг төрлөөр хэрэгжүүлэх үйл явц юм.

Нарийн төвөгтэй хяналт шалгалт гэдэг нь бусад салбарын мэргэжилтэн, шинжээч, гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, үнэ шилжилт, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм хэрэгжүүлэх зэрэг нарийн төвөгтэй ажиллагаа хийгдэх хяналт шалгалтын үйл явцыг хэлнэ.

Татвар төлөгчид маань тайлангаа залруулах мэдэгдэл хүлээн авч, тайлан боловсруулалтын үйл ажиллагаа дээр явж байгаа асуудлуудаа тухай бүр засаад залруулаад байвал өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Татварын системд илгээсэн тайланд тайлан боловсруулалтын процесс ажиллагаа хийгдэж зөрүүтэй, алдаатай мэдээллүүд байна гэдгийг илрүүлэн татвар төлөгчид мэдэгдэж  татвар төлөгчийг тайлангийн алдаагаа засах боломжоор хангаж, учирч болох хугацааны алданги, нөхөн татвар, төлбөр ногдуулах эрсдэлээс хамгаалж байгаа үйл явц нь хялбаршуулсан хяналт шалгалтын нэг хэлбэр юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 110 (7607)