Б.НЯМСҮРЭН
БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өндөрлөж, Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён ялалт байгуулаад байна.
Тэгвэл БНСУ-ын 14 дэх ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ. Юуны өмнө И Жэ Мён бол сүүлийн 20 гаруй жил улс төрд олон дуулиан дагуулсан, танил фигур гэдгийг дурдах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ч удаа өрсөлдөж ялагдсанаас гадна согтуугаар машин жолоодсон, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болон авлигын хэрэгт шалгагдаж байсан зэргээр багагүй хэл аманд өртөж байсан нэгэн. Нөгөө талаар ядуу гэр бүлээс гаралтай ажилчин хүү хүний эрхийн хуульч болж, тэндээсээ хот, мужийн тэргүүнээр сонгогдож, цаашлаад ерөнхийлөгч болон дэвших хүртлээ улс төрийн хүнд хэцүү замд бүгдийг өөрөө босгосон хэмээн үнэлдэг дэмжигчид олонтой сөрөг хүчний удирдагч. Ямартай ч улс төрийн баялаг намтартай шинэ ерөнхийлөгчийн амьдралын замнал, засаглалын чиг баримжаа болон өмнө нь тулгарч буй сорилтуудын талаар хамтдаа сонирхъё.
Андунд өссөн адармаатай бага нас
И Жэ Мён 1963 оны 12 дугаар сарын 8-нд Андун хотод долоон хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ. Гэр бүл нь тарчиг амьдралтай байсан учир бага сургуулиа төгсөөд аргагүйн эрхэнд үйлдвэрийн ажилчин болжээ. Гэвч үйлдвэрийн хүнд ажлын улмаас хэд хэдэн удаа бэртсэний дотор 13 настайдаа зүүн гарын бугуйгаа үйлдвэрийн хүнд дарагчид даруулж, насан туршдаа эдгэрэхгүй гэмтэл авчээ. Энэхүү хөгжлийн бэрхшээлийн улмаас цэрэгт явахаас чөлөөлөгдсөн байна. Тэрээр дунд болон ахлах сургуулиа хожим дүйцүүлж, гэрчилгээ авсан бөгөөд Чун-Ангийн их сургуульд суралцаж, 1986 онд хуульч мэргэжлээр төгсжээ. Бага насны амьдрал нь тийм ч гэгээтэй байгаагүй талаараа тэрээр саяхан гаргасан өөрийн намтартаа өгүүлжээ. Ялангуяа олон хүүхэдтэй ядруухан айлд өссөний зэрэгцээ аав нь үргэлж мөрийтэй тоглоом тоглодог байсан тухай гашуун дурсамжийг ч бичсэн байна.
Тэрээр гэргий Ким Хьётэй 1990 онд танилцаж, хоёр жилийн дараа гэр бүл болжээ. Хосууд хоёр хүүхэдтэй.
И Жэ Мён хүний эрхийн чиглэлийг ихээхэн дэмждэг хуульч бөгөөд 2002 онд Соннам дүүргийн нэгдсэн эмнэлэг хаагдахад хүний эрхийн хуульчийн хувиар эсэргүүцлийн аян өрнүүлж, үр дүнд хүрснээр олонд танигджээ. Энэ эсэргүүцлийн үр дүнд хоёр ч нэгдсэн эмнэлэг байгуулж чадсанаар олон нийтийн дэмжлэгийг хүлээж 2005 оноос улс төрд орж эхэлсэн юм.
Гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн
2005 оноос эхлүүлсэн тэрээр 2010 онд Соннам хотын даргаар сонгогдож, 2014 онд улиран албан тушаалаа үргэлжлүүлсэн байна. Энэ хугацаандаа буюу 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөж ялагджээ. Гэвч 2018 онд Кёнги мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулснаар хотын захирагчаас мужийн тэргүүнд дэвшсэн юм. Харин 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших үед нам нь ялсан ч өөрөө өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёльд багахан хувийн саналаар ялагджээ. Өөрөөр хэлбэл тэрээр гурав дахь удаагийн оролдлогоор төрийн тэргүүн болж байгаа хэрэг.
Амь насанд нь халдахыг завдаж байв
2024 оны нэгдүгээр сард Пусан хотын нисэх онгоцны буудлын барилгын талбайн гадаа И Жэ Мёны хүзүүнд хутгалж, амь насанд нь халдахыг завдаж байв. Түүнийг алахаар завдсан этгээд 15 жилийн ял авчээ. Энэ үеэс Юн Сог Ёл ерөнхийлөгчтэй сөргөөцөлдсөн гол тэмцэл хурцадсан гэж ажиглагчид үздэг. Тиймээс ч цэргийн хүчээр төрийн эрх авах гэсэн оролдлогоор буруутгагдан, шүүх хурлаа хүлээж байгаа өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёлын эсрэг импичментийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэж байв.
Багагүй дуулианы эзэн
Тэрээр улс төрд өнгөрүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд хэд хэдэн томоохон дуулианд нэр холбогдож байв. 2004 онд согтуугаар машин жолоодсон, 2018 онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болон 2021 онд авлигын хэрэгт шалгагдаж байсан зэргээр түүний талаарх таатай биш мэдээллүүд цөөнгүй. Гэхдээ энэ нь улс төрч хүний амьдралд тохиодог олон улс төрийн зорилгот акцуудын нэг байсан хэмээн түүнийг дэмжигчид өмгөөлдөг. Хамгийн сүүлд буюу 2021 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын телевизээр цацагдсан мэтгэлцээний үеэр И авлигын хэргээр буруутгасан асуултад худал хариулт өгсөн хэмээн шалгагдаж, 2024 онд нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлэв. Харин үүнээс хоёр сарын дараа болсон давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгасан бол энэ шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгожээ. Энэхүү хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа юм.
Хүлээж буй сорилтууд өмнөх ерөнхийлөгчдийнхөөс ч олон
БНСУ үе үе ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагсдаг, заримыг нь огцруулж, заримд нь импич явуулан авч үлдэх нь ч байдаг. Харин тус улсын 14 дэх ерөнхийлөгчийн хувьд урьд өмнөх төрийн тэргүүнүүдээс илүү их ачаа бөгөөд хариуцлага хүлээж байна хэмээн дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү ээлжит бус сонгууль нь зөвхөн нэг удаагийн сонгуулийн үйл ажиллагаа бус гадаад дотоодын ээдрээтэй нөхцөл байдалд улс орноо удирдах түүхэн цаг хугацааг эхлүүлэх Өмнөд Солонгосын улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үйл явц юм. Тиймээс ч тэрээр ялалт байгуулсныхаа дараа ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Энэ сонгууль бол ард түмэнд төрийн эрх бий гэдгийг нотолж чадлаа. Улс орныхоо эдийн засгийг сэргээхийн төлөө өнөөдрөөс эхлэн хичээн ажиллах болно” Ялангуяа дотоодын улс төрөөс гадна эдийн засгийн хямрал, ажилгүйдэл зэрэг асуудлуудыг шийдюэрлэхийн зэрэгцээ гадаад бодлого, Трампын тариф, АНУ-тай харилцах харилцаа болон Солонгосын хойг, Хойд Солонгосын харилцаанд эерэг уур амьсгл бүрдүүлэх зөөлөн бодлого бий болох боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ нь цаашлаад зөвхөн дотоодын асуудлууд бус гадаад хүчин зүйлс, геополитикийн нөхцөл байдалд ч томоохон өөрчлөлт авчирч мэднэ гэсэн хүлээлтийг хэдий нь бий болгожээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7602)