Г.ЭНХЖИН
Сүүлийн үед зохион байгуулалтгүй, гарал үүсэл тодорхойгүй салютыг шоу, тоглолт дээр их хэмжээгээр буудуулж байгаа нь хууль зөрчиж, гал түймэр, хүний эрүүл мэнд, амь насанд бодит аюул учруулж байна. Энэ талаар салют буудлагын чиглэлээр 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй “Очир Ундраа” ХХК-аас өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус компани нь 2004 оноос хойш Монгол Улсад зохиогддог үндэсний баяр, томоохон арга хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр салют буудлагыг зохион байгуулж ирсэн. Гэтэл сүүлийн үед зөвшөөрөлгүй этгээдүүд дур мэдэн салют буудуулж, нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл үүсээд байгаа юм.
Энэ талаар Очир Ундраа ХХК-ийн тэсэлгээчин П.Нямжаргал “Салют буудуулна гэдэг бол мэргэжлийн түвшинд, тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэх ёстой ажиллагаа юм. Бидний хувьд салют буудуулахаас 72 цагийн өмнө Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авч, тухайн орчныг судлан аюулгүй бүс тогтоодог. Гэтэл сүүлийн үед шоу арга хэмжээний үеэр дурын хүмүүс салют буудуулах боллоо. Энэ нь гал гарч, иргэд болон барилга байгууламжийг эрсдэлд оруулж байгаа тул бид нэн яаралтай анхаарахыг хүсэж байна” гэлээ.
Хуурайшилтын үе болох гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, мөн есдүгээр сарын 20-ноос арван нэгдүгээр сарын 10-ны хооронд салют буудуулахыг хуулиар хориглосон байдаг. Энэ журмыг зөрчиж буй үйлдлүүд нэмэгдсэн нь байгууллагын нэр хүндэд нөлөөлж болзошгүй байгаа талаар Очир Ундраа ХХК-ийн гадаад худалдааны менежер Б.Номинзул байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Зуны зугаа”шоу тоглолт, Guys хамтлагийн тоглолтын үеэр том хэмжээний салют буудуулсан тохиолдлууд илэрсэн. Эдгээр нь гарал үүсэл, үйлдвэрийн шошго тодорхойгүй, аюулгүй байдал хангагдаагүй салют байсан. Иймд иргэдийн аюулгүй байдалд санаа зовниж байна. Мөн манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна” гэв.
Иймд “Очир Ундраа” ХХК-аас иргэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар салют буудуулах үйлчилгээ авч, аюулгүй байдлаа хангах; гарал үүсэл нь тодорхойгүй, шошгогүй салютыг борлуулах, ашиглах үйлдэл гарсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдээлэх; төрийн байгууллагууд хууль бус салют борлуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаж, хариуцлага тооцох үйл ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн уриалгыг гаргаж байна.
Эх сурвалж: zms.mn