Э.ОТГОН-ЭРДЭНЭ

Ард түмний хяналтын хорооноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ. Энэ үеэр Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт мэдээлэл өглөө. Тэрээр “Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас “Ард түмний хяналтын хороо”-г энэ оны тавдугаар сарын 29-нд байгуулсан.  Уг хяналтын хороо нь сахилгын хяналт, мэргэжлийн хяналт, төсвийн хяналт тавьж ажиллах юм.

Хүн бүр хуулиа судалж, хуулийн дагуу бие биедээ шаардлага тавьдаг, асуудалд ханддаг байх нь чухал. Төрийн байгууллага, албан тушаалтнуудад Үндсэн хууль, хууль тогтоомжуудаа мэдэж, төрийн албанд тэнцэж байгаа эсэхэд нь дүгнэлт хийх ажлуудыг зохион байгуулж байна.

Төрд ажиллаж буй хүмүүс Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “иргэний эдийн засгийн, нийгэм, хууль зүй болон бусад баталгааг бүрдүүлэх”-ийн төлөө хичээх ёстой. Бид сум, дүүрэг, хороо болгонд очиж төрийн байгууллага, шат шатны засаг дарга, төрийн албан хаагч нар үндсэн хуулиа мэдэж байгаад нь хяналт тавина. Хүний эрх хуулиар хамгаалагдаж байна уу, хүний эрхийг төр нь хамгаалж байна уу, хүн өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалж байна уу гэсэн хүний эрхийг хамгаалах гурван хүчин зүйл байдаг. Эрхээ хамгаалахын тулд өөрт хамаатай хууль, эрх зүйн асуудлуудыг судлах хэрэгтэй. Тиймээс иргэдийг ард түмний хяналтын хороотой хамтраасай гэж уриалмаар байна” гэлээ.

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага 2004 оноос эхлэн “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн” гээд тэмцэж эхэлсэн байна. Энэ хугацаанд 15 мянга гаруй иргэдэд  хууль зүйн туслалцаа үзүүлжээ.

Эх сурвалж: zms.mn