С.УРТНАСАН

Монголын барилгачдын холбооны гишүүд Сэлбэ дэд төвийн 500 мянган ам.долларын валют гадагшаа гарч байгааг эсэргүүцэж Монголын барилгачдаа ажил орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын хариуг нэхэж байгаа талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монголын барилгачид үндэсний эрх ашгаа хамгаалах, ажил орлоготой байх эрх ашгаа хангуулах үүднээс зургаадугаар сарын 2-ны өдрөөс хугацаагүй суулт хийж эхэлсэн. Энэ тэмцлийн эхлэл нь дөрөвдүгээр сарын 28-аас эхэлсэн бөгөөд төрийн 14 өндөрлөгт албан бичиг буюу шаардлага хүргүүлсэн боловч Хотын дарга Х.Нямбаатар гаднын компаниудад давуу эрх олгож үндэсний компаниудад өндөр босго тавьж ялгаварлан гадуурхаж байгаа асуудлыг өөгшүүлж  төрийн өндөрлөгүүдийнхээ шийдвэрийг хүлээж авахгүй, үндэснийхээ барилгын салбарынхантайгаа уулзахгүй байгаа асуудлуудыг үүсгэсэн байна.

Мөн Сэлбэ дэд төвд инженерийн бүтээн байгуулалт өрнүүлэх тендерт нэг ч Монгол компани оролцох боломж одоогүй. Харин Хятадын 15 компанийг давуу эрхтэй оролцуулсан. Эдгээр 15 компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани биш гэсэн мэдээллүүд ч бас Монголын барилгачдын нэгдсэн холбооны гишүүдэд иржээ. Үүнийг судалгаа материалтайгаар шалгаж баримтаа ил тод болгох хэрэгтэйг тэд хэвлэлийн мэдээллээрээ дамжуулан хэлэв.

Хурлын үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар: “Дөрөвдүгээр сарын 28 болон тавдугаар сарын 28-нд тус тус шаардлага хүргүүлсэн. Энэ хооронд нийгэмд асуудлыг гаргаж тавьж гурван удаа хэвлэлийн бага хурал хийсэн. Ерөнхийлөгч, Л.Гантөмөр сайд, АҮБХ-ны дарга С.Ганбаатар нарын зүгээс шаардлагын хариу ирсэн. УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс хариугаа хэлнэ гэсэн. Харин Х.Нямбаатар даргаас ямар ч хариу ирээгүй. Мөн бид УИХ-ын 126 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгчид шаардлага хүргүүлж байна. Х.Нямбаатар даргын хийж буй ажлын хүрээнд сонсгол зохион байгуулах хэрэгтэй. Барилгын салбар хамгийн өндөр авлигажсан салбар гэдгийг хүн бүр л мэднэ. Үүн дээр хууль хүчний байгууллагууд анхаарлаа хандуулах шаардлагатайг хэлье. Өнөөдрөөс бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Тэмцэл 40 гаруй хоног үргэлжилсэн боловч төр засаг улс төрийн хэт халууралд орж үндэсний эрх ашгаа мартсан гэж харж байна. Бидний цаад санаа Хятад компаниудтай тэмцэх бус дотоодын авлигалыг таслан зогсоох юм. Засгийн газраас 14 Мега төсөл зарласан. Энэ нь мега төсөл нэрийн дор мега авлигал болж буй нь харамсалтай. Хэчнээн төрлийн татвар, шимтгэл, банкны зээлийн өндөр хүүгээр биднийг өндийх сөхөөгүй амьдруулж байгаа билээ дээ. Тэмцэл дан ганц барилгачдын асуудал биш Монгол хүн бүрийн асуудал” гэв. Харин “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэндхүү: “Хотыг удирдаж манлайлах чадвартай инженер, судлаач хүн авч явах ёстой. Хотын дарга Х.Нямбаатар өөрийн төсөөллөө үйлдэл болгож хэрэгжүүлээд байна. Бид 2021 оноос хойш тухайн салбарын хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр явж байгаа боловч энэ хугацаанд хүний эрх өдөр бүр зөрчигдөж байлаа. Монголд Монгол хүнийхээ эрхийг зөрчиж байгаа асуудал дээр бид эмзэглэж байна” гэж байв.

Эх сурвалж: zms.mn