Б.ТҮШИГ
Холливудын алдарт жүжигчин Эдриен Броуди “Бруталист” киноны гол дүрээр энэ оны гуравдугаар сард “Оскар”-ын шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн билээ. Өмнө нь тэрээр 2003 онд “Төгөлдөр хуурч” кинонд 29 насандаа тоглон “Оскар”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид түрүүлсэн бүх цаг үеийн хамгийн залуу жүжигчин болсон юм.
Эдриен Броуди 1973 оны дөрөвдүгээр сарын 14-нд түүхийн багш Элиот Броуди, фото-сэтгүүлч Силвиа Плачи нарын гэр бүлд төржээ. “Энни Макгуайр (1988), “Сум” (1996), “Нарийн улаан шугам” (1998), “Нууцлаг ой”, “Хүрэм” (2005), “Кинг-Конг” (2005), “Гранд Будапешт” зочид буудал” (2014), зэрэг 60 гаруй кинонд тоглосон түүний “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Ноён Броуди, та Парист байсхийгээд л ирэх юм. Энэ хотод нэгэнтээ үзэсгэлэнт бүсгүйд бараг солиортлоо дурлаж явсан учраас тэр үү?
-Залуу насны гал халуун хайр маань цагийн эрхээр замхран одсон ч би Парис хотод дурласан хэвээрээ. Нью Йоркоос гаралтай америк хүн Парист дурлана гэдэг зүйн хэрэг гэж би боддог. Гэхдээ Европын соёлын нөлөөн дор хөгжсөн Нью-Йорк өөрийн гэсэн “Бяцхан Итали” хороолол, Эрх чөлөөний хөшөө, чамин франц хоолны газруудтай, ер нь Европтой төстэй учраас тэр биш болов уу. Дээр нь Парис ч, Нью-Йорк ч жинхэнэ домогт хотууд шүү дээ. Дэлхийн сая сая хүмүүсийн жинхэнэ шүтээн нь болсон эдгээр хоёр хотод жуулчдад ямар нэг гудамжин дахь овоолсон хог шороог заан дурсгалт газар гэж тайлбарлахад, нөгөөдүүл нь бүрэн итгээд бахдалтайгаар фото зургийг нь дарж эхлэхэд гайхах зүйлгүй.
-Таны ер бусын сонин содон гадна төрх жүжигчний карьерт тань эерэгээр нөлөөлдөг гэж санагддаг?
-Харин ч эсрэгээр, карьерт минь саад болдог талтай. Ер нь урт хамар, хар үс, дэндүү ноцтой харцтай хүн ихэвчлэн муу эрсийн дүрд л тоогддог юм. Холливудад хэзээнээс зүс сайтай жүжигчдийг үнэлсээр ирсэн. Харин царайлаг бус мань мэт нь үзэгчдийн анхаарлыг өвөрмөц, сонирхолтой тоглолтоороо татахаас өөр яах билээ.
Гэхдээ ийм гадна төрхгүйсэн бол би Роман Поланскигийн “Төгөлдөр хуурч”-ийн гол дүрд шалгарахгүй л дээ. “Төгөлдөр хуурч” бол миний бүхий л амьдралын бахархал. Ер нь карьераа амжилттай өрнүүлэхэд надад ердийн нэг сэтгэл татам зүс царай хэрэггүй. Нэгэнт гадна төрхөө өөрчилж чадахгүйгээс хойш би дүрүүддээ, харин дүрүүд надад дасан зохицохоос өөр аргагүй. Тэгээд ч амар хялбар арга хайдаг нэг нь би биш.
-Та ер бусын дүр төрхтэйгээс гадна маш нухацтай, гуниг дүүрэн меланхолик харцтай. Энэ нь Зүүн Европоос гаралтай тань холбоотой юу?
-Миний эцэг еврей хүн. Гэр бүл нь Америк руу Польшоос дүрвэж ирсэн юм. Харин ээж маань Унгарын католик шашинтан. Аль аль соёлоос шингээж авсан юм надад бий биз ээ. Гэхдээ миний өвөг дээдэс Америкт ирээд удаж буй. Өвөө маань л гэхэд жинхэнэ ясны Нью Йоркийн иргэн байв. Иймд өвөг дээдэс минь гуньж гутрах меланхолик талын генетикийн хандлагатай байсан гэх юм бол надад өөрт тийм зүйл огт ажиглагддаггүй.
-Тийм бол дараагийн асуулт таныг тэгтлээ цочроохгүй болов уу. Та яаж үхмээр байна вэ?
-Айхтар асуулт! Та намайг үхэлтэй нэг бус удаа тулгарч явсныг мэддэг юм аа даа?
-Арван хэдэн жилийн өмнө та автомашины ноцтой осолд орж, дараа нь нэлээд хугацаанд сэтгэл санааны хувьд тавгүй байсан гэх юм билээ?
-Тийм ээ, тэгсэн. Гэхдээ олон жилийн өмнө болсон тэр үйл явдал миний амьдралд тохиолдсон цорын ганц осол биш. Би автомашины уралдааныг ихэд сонирхдог, өөрөө ч уралдаж, их багаар бэртэж гэмтэж явлаа.
Киноны зураг авалтын үеэр ч осолд орсон нь бий. Би 2006 онд Энэтхэгт киноны зураг авч байх үеэр хоёр ч удаа үхэх шахсан. Эхнийхийг нь би яаж үхвэл гомдолгүй, хоёрдахийг нь яаж үхэхийг хүсэхгүйн тод жишээ гэж боддог доо.
Зул сарын баяр дөхөж байлаа. Манай киноны багийг ойрын тосгонд болсон үдэшлэгт урьсан юм. Тэгээд шөнөнэгэн ачааны машинаар буцааж хүргэхээр болоод. Над дээр найз бүсгүй минь зочилж ирээд байсан цаг. Би түүнтэй машины тэвшин дээр гарч жаал дугхийж унтах гээд. Гэвч муугүй согтсон учир бас сахилгагүйтэж дэггүйтэх санаатай.
Хэн нэгэн дуулж эхлэхэд би хоолой нэмэн түрэхээр өндийхөд зам хөндлөн доош унжсан кабель утас толгойг минь тасдах шахсан даа. Сүүлчийн мөчид огцом тонгойж кабель утсанд хоолойгоо хэрчүүлэлгүй өнгөрсөн юм. Тэгж цочирдоход уусан бүх архи шууд гардаг юм билээ. Энэтхэгийн одот тэнгэрийн дор хайртай хүнийхээ хажууд, ариун гэгээн баяраар тэнгэрт хальсан бол дажгүй үхэл биш гэж үү? Яг л Болливудын мелодрам киноны төгсгөлд гардаг шиг (Инээв). Гэхдээ хоёрдахь тохиолдол тэгтлээ романтик санагдаагүй ээ...
-Яагаад тэр вэ, сонирхуулаач?
-Манай найруулагч киногоо төгс хийхийг зорин продюсер, зураглаач нартай нарийн ширийн зүйлсийг хэлэлцэн олон цагийг өнгөрөөдөг байв. Иймд жүжигчид бид зураг авалтгүй чөлөөт цаг ихтэй гэж жигтэйхэн. Найз бүсгүй маань над дээр ирсэн болохоор би ажил сунжирч хойшлох болсонд юу боллоо гэж харамсах вэ дээ.
Бид хоёр ойр орчинтойгоо танилцан хэсүүчлэхээр мотоцикль худалдаж авав аа. Тэгээд нарийхан замаар давхиж байхад ачаа тээсэн гурван дугуйт рикша тэрэг өөдөөс хурдлан гарч ирэх нь тэр. Нэг нэгнээ өнгөрөөж зөрөх цаг ч байсангүй. Би огцом тоормослоод жолоогоо хажуу тийш эргүүлэхэд гай болж яг урд зогсох үхэртэй яалт ч үгүй мөргөлдлөө шүү. Найз бүсгүй бид хоёр суудлаасаа шидэгдэж, би гэдэг амьтан нүүрээрээ үхрийн бөгсийг “оносон” юм. Оч үсэрсэн нүдний өмнөтуулж өнгөрүүлсэн бүхий л амьдралаас минь гадна шившигтэй үхэл, “Өчигдөр Энэтхэгт Америкийн жүжигчин Эдриен Броуди нүүрээрээ үнээний бөгс мөргөн эмгэнэлтэйгээр нас барав” гэсэн сонин сэтгүүл дээрх гарчиг жирэлзэн харагдаад өнгөрч билээ. (Инээв.)
-Та ер нь шүтлэгтэй юу?
-Би мод тоншин мөрөн дээгүүрээ нулимдаг. Үүнийг шүтлэгтэйн шинж гэж үздэг юм болов уу?
-“Оскар”-ын баримлууд тань хаана байдаг вэ?
-Би амьдралын тэнэмэл хэв маягтай хүн. Иймд миний бүх шагнал, тэр дундаа “Оскар”-ын хоёр баримал эцэг эхийнд минь бий. Энд гэж хэлэхэд, “Оскар” авангуутаа л хүн ганц үдшийн дотор од болдог гэж боддог хүн цөөнгүй. Энэ бол маш том эндүүрэл. Би л гэхэд киноны ертөнцөд 17 жилийн турш морь, нохой мэт зүтгэж байж сая нэг “Оскар”-тай болж байв.
-Та өөрийнхөө нэр алдарт хэрхэн ханддаг вэ?
-Нэр алдрыг зарим талаараа хэвийн бус зүйл гэж үздэг. Хүмүүс танд огт өөрөөр, хиймэл, өнгөц байдлаар хандаж эхэлдэг. Зарим нь таны хувийн амьдралд ичгүүр сонжуургүй хошуу дүрж, зарим нь таны тухай бүхнийг мэддэг тул үйл болгоныг тань шүүж дүгнэх эрхтэй гэж төсөөлнө. Мөн нэг их хүчин чармайлт гаргалгүйгээр гэнэт их мөнгөтэй боллоо гэж хардан маш их атаархдаг юм.
Их мөнгөтэй болж, том сайхан байшинд амьдарч, үнэтэй эд зүйл худалдаж авахаас би татгалзахгүй л дээ. Мөнгөгүйтэж бүсээ чангална гэж юу болохыг болохыг би өөрийн туршлагаасаа мэдэхийн дээдээр мэднэ. Тэглээ гээд их мөнгөний төлөө тааруухан кинонд тоглож “Холливудын янхан” болохыг хүсдэггүй.
-Анх яаж гайгүй орлого олсон тухайгаа дурсахгүй юу?
-Би залуудаа найман зуун доллараар нэг хуучин машин худалдан авсан юм. Тэгээд машины хогийн цэгээс шаардлагатай сэлбэг, эд анги хайж олж засч янзлаад гурав нугалж зарж байлаа. Гэхдээ мөнгө надад тийм ч чухал биш. Хамгийн гол нь хөдөлмөрлөх, өөрийгөө гайхшруулах чадвартай байх л хэрэгтэй.
-Та залуудаа төгөлдөр хуурын хичээлд явдаг байжээ. Хөгжмийн боловсролоо дуусгалгүй яагаад орхисон бэ?
-Ихэнх хөгжимчдийг бодвол би нэлээд хожуу суралцаж эхэлсний дээр багшдаа дургүй байсан юм. Түүний гар товойж гүрэлзсэн судаснуудтайг ч хэлэх үү. Тэгээд хичээлээ их хийвэл түүнтэй адилхан судаснуудтай болно гэхээс үнэнээсээ айдаг байлаа. Одоо миний гар ч бас гүрэлзсэн судаснуудтай болсон. Тэглээ гээд төгөлдөр хуур дээр дунд дүн авахуйц л тоглодог хэвээрээ. (Инээв.)
-Та мөн зураг зурдаг, уран бүтээлийн үзэсгэлэнгээ хүртэл нээж байжээ?
Би цагаан кимоно дээл өмсөж, үсээ нарийн резинээр ардаа боож зургаа зурдаг зуршилтай. Загасан сүүлтэй хүмүүс, лусын дагинас, загасны консервын лаазнууд гээд зурсан бүхнээ би ихэвчлэн зүүдэндээ хардаг. Ер нь загас төгс төгөлдөр дүр төрхтэй гэж надад санагддаг шүү. Цаасан аяга их зурдаг маань ч учиртай. Үүгээрээ би байгаль экологийг өөрийн гараар сүйтгэгч хэрэглээний нийгмийг шүүмжилдэг ухаантай.
-Ингэхэд та хамгийн сүүлд хэзээ зодолдсон бэ?
-Одоо ч зодоон цохионоос хол амьдардаг болжээ. Харин хүүхэд насандаа, бас залуудаа нударга зөрүүлдэг л байв. Манайх сэхээтэн гэр бүл ч Нью Йоркийн гэмт хэрэг ихтэй Квинс дүүрэгт амьдардаг байсан учраас тэр. Ээждээ зодолдсон тухайгаа мэдээж хэлэхгүй. Иймд ээж минь намайг дуулгавартай хүүхэд гэж бодох ч би гудамжинд биеэ хамгаалж чадахтайгаа байсан юм шүү.
Эх сурвалж: zms.mn