М.ОЮУНЖАРГАЛ
Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэг. Хэн ч хэзээ ч өөрийгөө өвдөж, амьдралын чадвараа алдана чинээ санахгүй. Гэр бүлийн хэн нэгэн нь цус харвасан үед эмчид ханддаг ч эмчийн хяналтаас гарсны дараа хэрхэх эсэхээ тэд тэр бүр сайн мэддэггүй. Иймд цус харвалтын хүнд үеийг давж, дараа нь хичээж зүтгэсээр хөл дээрээ боссон орчуулагч, нийтлэлч Д.Баярцэнгэл өөртэйгөө адил харвасан өвчтөнүүдэд зориулж “Хөдөлгөөн сэргээх эмчилгээний дасгал” товхимолыг орчуулан “Цус харвасны дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага” гэх номоо гаргажээ. Тэрээр энэхүү номоо өөрийн биеэр туулсан өвчний хүнд үеүд дээрээ тулгуурлан бичсэн төдийгүй жирийн хүмүүст зориулсан цус харвах өвчний тухай цорын ганц ном болоод байгаа юм.
“Мэргэжлийн эмч нь ном ичдэггүй юм бол өвчтөн өвчтөнүүддээ хандаж ном бичие гэж шийдсэн”
“2012 оны тавдугаар сарын нэгэн өглөө энгийн эхэлсэн ч Д.Баярцэнгэл гуайн амьдралд эргэлтгүй өөрчлөлтийг авчирсан гэдэг. Тэрээр “Би 2012 онд тархинд судас хагарах харвалт болж, хөдөлмөрийн чадварынхаа 79 хувийг алдсан. Тэр үед эмч нар өвчтөнийг эмнэлгээс гарахад нөхөн сэргээх эмчилгээний тухай хэлж өгдөггүй байсан. Одоо ч гэсэн тэр хэвээрээ байдаг юм шиг байна лээ. Эмнэлгээс гараад цус харвалтын тухай ном хайсан ч олоогүй. Эмнэлгийн хэллэгээр, эмчид зориулж бичсэн ганц л ном олсноос биш жирийн хүмүүст зориулсан монгол ном огт байдаггүй юм билээ. Тэр ч байтугай цус харвасан хүнд зориулсан ганц ч сайт байхгүй. Манай хоёр хөрш улсад бол энэ чиглэлийн олон ном, сайт бий. Энэ талаар ганц нэг эмчид хэлж ч үзлээ. Байдаггүй шүү. Тэгээд мэргэжлийн эмч бичдэггүй юм бол өвчтөн өвчтөнүүддээ хандаж ном бичъе гэж шийдсэн” гэлээ.
Ном бичих, тэр дундаа цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар бичих гэдэг бол хөндлөнгийн бүү хэл салбарын мэргэжилтнүүд ч оролдоход амаргүй. Харин өөрт тулгарсан бэрхшээлээ даван туулж, мөн өөртэйгөө ижил өвчнөөр шаналж, хэрхэх эсэхээ мэдэхгүй сандарсан хэн бүхэнд зориулж тэрээр “Цус харвасны дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага” номоо орос хэлнээс орчуулан хэвлүүлжээ. Тэрээр ном бичихийн тулд цус харвах өвчний тухай илүү ихийг уншиж судлан, эмч нар болон харвасан өвчтөн, ар гэрийнхэнтэй уулзаж ярилцсан байна. Мөн гадны улс орнуудын цус харвасан өвчтөнүүдийн тухай, яаж эдгэрсэн гээд 8-9 жил энэ талаар бичсэн номнуудыг уншиж, судалжээ.
Мөн энэ ном нь харвалтын дараа өөрөө босохыг хичээж байгаа, дахин бүхнийг шинээр эхлэх гэж чармайж байгаа, дотны хүнээ хөл дээр нь босгох гэсэн ар гэрийнхэнд нь зориулагдсан байна.
“Хөл, гарны үйл ажиллагаа алдагдаагүй бол аль болох хурдан босоод хөдөлж эхлэх хэрэгтэй”
Д.Баярцэнгэл гуай инженер мэргэжилтэй төдийгүй Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад эрдэм боловсрол, оюун бодлоо зориулж, томоохон үүрэг гүйцэтгэж явсан нэгэн билээ. Тэрээр 1990-1992 онд Ардын их хурлын депутат, улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байжээ. Мөн 1990 оны хувьсгалд оролцож, Монголын ардчилсан холбооны Дорнод аймаг дахь салбарын зохицуулагчаар ажилласан байна. Тиймдээ ч тэрээр өвчнөө ялан дийлж, зүгээр суулгүй үргэлж хөдөлмөрлөж, бусдад тус дэм болохуйц номыг бичсэн нь энэ.
Тэрээр “Би харавсаны дараа нүд л хөдөлдөг байлаа шүү дээ. Юм ярьж, хөл дээрээ явдаг болох гэж их зүтгэсэн. Гадны сайтуудаас яаж хэл орох, хэрхэн эрүүл мэндийн байдлаа дээрдүүлэх талаар уншиж судалсан. Ингэж зүтгэсний эцэст ярьж, алхаж чаддаг болсон. Хүмүүст санхүүгийн боломжоос шалтгаалаад гадагшаа явж эмчлүүлэх боломж хомс байдаг. Миний хувьд БНХАУ руу гурван удаа, ОХУ руу нэг явсан. Төр засгаас дэмжлэг муу байдаг. Халамжийн мөнгө амьдрах биш амь зуух хэмжээнд тооцогдож ирдэг учраас халамжаа хараад суугаад байж болохгүй. Хөл дээрээ босож хөдөлмөрлөхөөс өөр арга байхгүй” гэсэн юм.
Түүнчлэн тэрээр харваснаасаа хойш “Хөдөлгөөн сэргээх эмчилгээний дасгал” ном хөрвүүлж хэвлүүлжээ. Харин 2021 онд “Цус харвасны дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага” номоо найман жилийн нөхөн сэргээх эмчилгээний туршлагаа ашиглан бичиж хэрэгтэй нэгэнд нь дэм болгож байна.
Уг ном нь Интерном, Мир, Азхур зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юм. Мөн “Цус харвалт чармайвал эдгэрч болно” гэх фэйсбүүк групптэй бөгөөд үүгээрээ дамжуулан харвалтын талаарх хэрэгцээтэй мэдээлэл дамжуулдаг байна.
Харвасан хүмүүс хөдөлгөөн сайн хийж байх хэрэгтэй аж. Хөдөлгөөн хийж байж л эдгэрнэ гэдэг. Энэ талаар тэрээр “Хүн бүрт цус харвалт өөр өөрөөр явагдана. Хэрэв хөл, гарны үйл ажиллагаа алдагдаагүй бол аль болох хурдан босоод хөдөлж эхлэх хэрэгтэй. Ингэхдээ эмчилгээний дасгал хий, шатаар өгсөж урууд, гудамжаар алх, цэцэрлэгт зугаал, ач зээтэйгээ тогло. Хэрэв мөч сул, тэхдээ ажилладаг бол та алхаж болно. Алхаж чадахгүй бол гүйлтийн зам дээр алхах дасгал хийж болно, усан санд сэлж, гимнастик хийх, йогоор хичээллэж, бүжиглэх хэрэгтэй” хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Түүнчлэн цус харвасан хэдий ч хэвийн амьдралдаа эргэн орсон хүмүүс олон байдаг байна. Тухайлбал, Монголын паралимпийн тамирчин, “Elite gym”-ын фитнессийн дасгалжуулагч багш Ц. Баярдаваа, мөн цус харвасны дараа харвасан хүмүүст туслах зорилгоор “Таны инээмсэглэл” төвийн үүсгэн байгуулагч Э. Болорчулуун нарыг нэрлэж болно.
Түүний номыг уншсан хүмүүс эерэг, талархсан сэтгэгдэл олноор ирүүлдэг байна.
Мөн энэ номоо хэвлүүлэхдээ дахиж харвалтын тухай ном бичихгүй хэмээн бодсон ч ном худалдаанд гарсны дараа олон хүн сэтгэгдэл бичиж, зөвлөлгөө авах болжээ. Иймд нийтлэг асуултанд хариулах маягаар мэргэжлийн эмчтэй хамтарч ном бичих бодолтой байгаагаа мөн хэлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 102 (7599)