Ч.БЯМБАХАЖИД
“Баялагтаа эзэн Монгол” ТББ-аас Оюу толгойтой холбоотой асуудал болон орон нутагт дөрвөн эгнээ зам тавих шаардлагыг УИХ-д уламжлах тухай мэдээлэл хийлээ.
Энэ талаар “Баялагтаа эзэн Монгол” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа “Монголын том орд болох Оюу толгой ХХК ард иргэдэд үлдэцтэй, дорвитой зүйл хийхгүй байна. Иймээс Оюу толгой ХХК-ийг Монголынхоо бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын хүрээндээ 21 аймаг, 360 сумыг Улаанбаатар хоттой холбосон дөрвөн эгнээ зам тавих ажил хийхийг шаардаж байна. Энэ шаардлагыг УИХ, ЗГ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Уул уурхайн яам болон бусад холбогдох газруудад хүргүүлнэ. Тав хоногийн дотор бидэнтэй нэгдэн төрөөс орж ирэх хүмүүсийг хамтатган ажлын хэсэг байгуулахыг шаардана. Нийгмийн хариуцлагын үүднээс Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцоно гэж гэрээндээ заасны дагуу Оюу толгой ХХК-ийг энэ үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Оюу толгой ХХК Монголын баялгийг ихээр урсгаж байхад үе үеийн УИХ, ЗГ-ийн гишүүдээс хэн нь ч Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцохыг шаардаагүй. Тиймээс манай байгууллагын зүгээс үүнийг шаардаж байна” гэсэн юм.
Мөн “Баялагтаа эзэн Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал н.Эрдэнэбилэг “Оюутолгой ХХК жилд 200 мянган тонн зэсийн баяжмал олборлож байна. Үүний зах зээлийн ханш нэг тонн нь 10 мянга байгаа. Мөн 200 мянган тонн алт олборлож байна. Нэг унц алт 4000 ам.доллар болсон. Нийтдээ Оюу толгой ХХК жил бүр хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийж байна. Иймээс тус компани нийгмийн хариуцлагын хүрээндээ аймаг сумдыг холбосон дөрвөн эгнээ автозамыг барих ёстой. Энэ бол тус компанийн Монголд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд хэрэгжүүлэх ёстой үүрэг нь юм” гэлээ.
Эх сурвалж: zms.mn