Б.ТҮШИГ
Жил бүр дэлхийн шилдэг киночдыг цуглуулан мэргэжил тус бүрийн шилдгүүдэд “Оскар”-ын шагнал гардуулдаг ёслолыг зохион байгуулдаг Америкийн кино урлаг ба шинжлэх ухааны академи (Academy of Motion Picture Arts and Sciences буюу AMPAS) нь 98 жилийн тэртээ 1927 оны тавдугаар сарын 11-нд кино урлагийг хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байгууллага хэлбэрээр үүсчээ.
Кино бизнес дахь аливаа мэргэжлийн маргааныг зохицуулах, салбарын нэр хүндийг дээшлүүлэх зорилго бүхий тус академийг анх “Metro Goldwyn Mayer” (MGM) кино компанийн тэргүүн Луис Барт Майер санаачилсан аж. Тэрээр 1927 оны нэгдүгээр сарын 11-ны үдэш жүжигчин Конрад Нагел, найруулагч Фред Нибло, Кино продюсеруудын холбооны тэргүүн Фред Битсон нартай уулзаж дээрх санаагаа хуваалцан хэлэлцжээ.
Тэд элит клуб маягийн тус байгууллагад гишүүнээр элсэх нь зөвхөн жүжигчин, найруулагч, зохиолч, техникч, продюсер гэсэн таван салбарын аль нэгэнд хамаарах хүмүүст нээлттэй гэдгийг тогтоосон байна. Үүнээс гадна энэхүү элит клубын гишүүд жил бүр чуулж, кинотой холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэн банкет цайллага хийж байхаар тохиролцсон ба тухайн үед мэргэжлийн шилдгүүдэд олгох шагналын талаар огт дурдаагүй аж.
Академийн зохион байгуулалтын хурал мөн оны тавдугаар сарын 11-нд Лос Анжелесийн “Билтмор” зочид буудалд болж, Дуглас Фэйрбанкс анхны ерөнхийлөгчөөр, Фред Нибло дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдож, хуралд оролцсон 230 киночин бүгд академийн анхны гишүүдийн батлахаа гарджээ. Түүнчлэн дүрс бичлэгийн камер зохион бүтээсэн алдарт инженер Томас Эдисон академийн анхны хүндэт гишүүн болсон юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 94 (7591)