Б.НЯМСҮРЭН
Орос-Украины дайныг шийдвэрлэх чухал уулзалт өнөөдөр Истанбул хотноо болох товтой байсан. Уулзалтад оролцох төлөөлөгчид Туркийн Анкара, Истанбул болон Анталя хотуудад цуглаад байна. Энх тайвны хэлэлцээ яригдах энэ чухал уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины ерөнхийлөгч В.Зеленский болон дэлхийн бусад удирдагчид оролцоно гэсэн хүлээлт байсан ч ОХУ-ын ерөнхийлөгч хүрэлцэн ирсэнгүй. Харин В.Зеленский Туркийн ерөнхийлөгч Т.Эрдогантай уулзахаар Анкарад ирсэн бол, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио далайн эргийн Анталя хотод НАТО-гийн тэргүүн болон Европын зарим удирдагчтай уулзахаар цуглажээ. ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский, Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нарыг илгээжээ.
Одоогоор ОХУ болон Украины талын уулзалт хаана хэдэн цагаас болох нь тодорхойгүй байгаа ч өнөөдөр юм уу маргааш уулзах болов уу гэсэн таамаг байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский Путинээс өөр хүнтэй энх тайвны талаар ярихгүй хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио НАТО-гийн тэргүүн болон бусад төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Вашингтон хэлэлцээг ойрын хэдэн өдөрт багтаан үргэлжлүүлэх, тэр дундаа зэр зэвсгийн аргаар бус дипломат арга байдлыг сөргөлдөөнийг зогсоох байр суурьтай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Мөн Ойрхи Дорнодод албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энхийн хэлэлцээнд бүх талаар нээлттэй байна гэдгээ уламжилсныг дамжуулжээ.
Эх сурвалж: zms.mn