Б.ЖАВХЛАН
Төв аймгийн Батсүмбэр суманд 20-30 га талбайг хууль бусаар, ямар ч зөвшөөрөлгүй ухаж хашаалсан тухай Нутгийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэн “Батсүмбэр суманд дөрөвдүгээр сарын 26-наас хууль бусаар газар олгожээ. Зайран Б.Эрдэнэсан гэдэг хүн NTV телевизээр манай нутагт 100 мянган мод тарина гэж мэдээ гарсан. Тэр хүн Батсүмбэр сумын нэгдүгээр багийн урд, Суварга хайрханд 20-30 га газрыг дур мэдэн хагалжээ. Бид газар дээр нь очиж үзсэн. Газрын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Газрыг иргэн, ААН-д өмчлөх, эзэмших хэлбэрээр олгодог. Ингэхдээ тухайн сумын дунд, урт хугацааны төлөвлөлтөд суурилдаг. Сумын Засаг дарга энэ асуудлаар иргэдтэй сонсгол нэг ч хийгээгүй, иргэдийг үл ойшоосон. Ерөнхийлөгчийн зарлигаар "Тэрбум мод" хөтөлбөр хэрэгжиж байна. Гэвч мод тарих нэрээр газрын далд наймаа ил гарч эхэллээ. Эхнийх нь манай суманд илэрсэн тул бусад аймгуудад анхааруулж байна. Би МУИС-ийн докторант. Ойн нөөцийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар сурч байна. Мод тарихыг дэмжинэ. Гэхдээ Суварга хайрханд мод тарих нэрээр 20 га газрыг хагалсан байна. Бид үүнийг эсэргүүцэж байна. Би Батсүмбэр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон. Бид энэ талаар мэдээгүй байв. Нийгмийн сүлжээнээс л мэдсэн. Бидний мэдэх эрхийг ноцтой зөрчлөө. Бидэнд үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоо. Хууль зөрчөөгүй бол түүнийг хэлнэ үү. Орон нутгийн удирдлагууд ямар ч мэдээлэл өгөөгүй. ИТХ-ын дарга ямар ч зөвшөөрөл олгоогүй гэдэг. Батсүмбэр сумын иргэдийн хурал өнгөрсөн сарын 30-нд хуралдсан. Энэ асуудал яригдсан. Хурлын төлөөлөгчдөд ямар ч мэдээлэл байгаагүй. Энэ асуудлыг яагаад зогсоож болохгүй гэж. Манай сум хавчиг давчиг, хангайн бүсэд харьяалагддаг. Бөөн хамтлаг дуучид ирж мод тарьсан. Бид очсон юм. Засаг даргын захирамж гэх мэт баримт бичиг юу ч байгаагүй. Том дэлгэц засан, олон цэргийн майхан босгосон, дуучид авчирч, хоол унд зэхсэн байв. Биднийг очиход ихэнх нь согтуу байсан. Б.Эрдэнэсан бөө согтуу хүмүүсээр бамбай хийж, хүмүүсийн дунд үл ойлголцол үүсгэсэн. Өөрөө ард нь үлдсэн. Хүн бэртсэн бол яана. Олон хүүхэд мод тарихаар ирчихсэн, бөмбөг тоглож байв. Тэдгээр хүмүүс биднийг хөөсөн. Ямартаа ч дөрөвдүгээр сарын 30-нд ИТХ-ын тогтоол гарч, Суварга хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Батсүмбэр сум Төв аймагтаа хүн амаараа Зуун Мод сумын дараа, хоёрдугаарт байдаг. Зайран ч бай, бөө ч бай Монгол Улсын хуулийг дагах үүрэгтэй. Бид хуулийн байгууллагад хандана, дараагийн арга хэмжээг авна. Бид бүгд нутгийн уугуул иргэд тул энэ асуудлыг хөндлөө. Ямар нэг улс төр байхгүй. Манай суманд 10 мянган өрх бий. Айл бүр хашаандаа мод тарихаар ажиллаж байна. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг далимдуулан, газрын наймаа хийж байна. Тэнд бөөгийн музей, угтан авах хэсэг, гал тахих хэсэг, бөөгийн хөшөө дурсгал бариад мод тарих юм байна. Тэгшхэн, эрүүл, онгон дагшин газарт мод тарих гэж байгааг бид эсэргүүцэж байна. Гол нь ямар ч зөвшөөрөл авалгүйгээр ажлаа эхэлснийг бид гайхаж байна. Бид хогийн цагийн хажууд газар тэгшлэн, мод тарихаар зэхсэн байгаа. Тэнд мод тарьж болно. Иргэдтэй зөвшилцөлгүй, хүч түрэн асуудалд хандаж байгаа тул бид бухимдан, өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулав. Би тэдгээр хүмүүсээс хаанаас, ямар мод авчирсан бэ, аль мод үржүүлгээс авчрав гээд асуутал ямар ч мэдлэггүй хүмүүс байв. "Жаргалантын сангийн аж ахуйгаас үрсэлгээ авчирсан, танай Засаг даргатай тохирсон" гэж л хариулсан. Иймд иргэд зөвшөөрөхгүй гэдгээ биднээр дамжуулан уламжилсан. Манай нутгийн бөхийн, шагайн, ахмадын холбоо хамтран ажиллана” гэсэн юм.
Тэгвэл мэргэжлийн хүн нэг үрсэлгээг 3-5 жил ургуулдаг байна. Гэвч нэг бөө энэ арга хэмжээг хууль бусаар зохион байгуулж байна гэлээ. Энэ талаар Батсүмбэр сумын Нэгдүгээр багийн иргэн Шинэбаярын Батзаан “Төв аймгийн Манай суманд 0.007 га газраа авч чадаагүй олон иргэн бий. 1500 иргэн өргөдөл өгсөн. Гэтэл нэг бөө 20-30 га газар авчээ. Уг нь энэ газарт 200 өрх газартай болох байв. Манай сум уул ихтэй, хавчиг газар тул бид газар гээд яриад байна.
Энэ сарын 3-нд ирж модоо тарихад нь би очсон. Кадастрын бичиг баримт байна уу гэж асуусан. Өнгөрсөн сарын 27-ноос эхлэн хашаагаа хатгасан юм. Олны танил, нэр бүхий дуучид ирсэн байв. Зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа нь илт байв. Би бичлэг хийтэл миний утсыг булаан, нүүр рүү ундааны сав, бохь шидсэн. Чамд хэдийг өгөх вэ, зайл гэсэн. н.Эрдэнэбат Засаг даргатайгаа ярь гэсэн” гэв.