Ч.БЯМБАХАЖИД

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г энэ сарын 29-ны өдөр Монгол бөхийн өргөөнд үүсгэн байгуулах хурал болох аж.

Энэ талаар Иргэдийн шударга шүүх НҮТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Ард түмний хяналтын хороо” нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, гуравдугаар зүйлээр Монголын ард түмэнд олгогдсон бүрэн эрхийн үндсэн дээр байгуулагдаж байгаа Үндсэн хуулиа хамгаалах ард түмний байгууллага юм. Энэ байгууллага нь зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан иргэд, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг үндэслэн хууль зүйн, ёс зүйн, төсвийн гэсэн гурван төрлийн хяналтыг хэрэгжүүлэх замаар Үндсэн хуулийн 1.1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг сахиулах зорилгыг хэрэгжүүлнэ.

Иймээс тус хороог байгуулах хуралд оролцох төлөөлөгчдийг бүртгэх ажил тавдугаар сарын 2-ноос тавдугаар сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Мөн хуралд сумдаас хоёр, аймгуудаас тав, хороодуудаас гурав, дүүргүүдээс тав, улс төрийн намуудаас гурваас дээшгүй төлөөлөгчдийг бүртгэж мандаж олгоно. Төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас төлөөллийг оролцуулах бөгөөд нийт төлөөлөгчдийн тоог 1800-аас хэтрүүлэхгүй” гэв.

Ард түмний хяналтын хороо нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавих байгууллагын хувьд “Мэдэгтүн”, “Сахигтун” гэсэн хоёр үндсэн танхимд хуваагдаж үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мэдэгтүн танхимд иргэд, төрийн албан хаагчдад Үндсэн хууль болон бусад хуулийн мэдлэг олгох үйл ажиллагаа зохион байгуулах аж. Харин Сахигтун танхимд Үндсэн хууль болон бусад хуулийг сахин хамгаалах, мөрдүүлэх хяналтын үйл ажиллагаа явагдахыг Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас мэдэгдлээ.

Ард түмний хяналтын хороо нь байгуулагдснаар Үндсэн хуулийн зөрчил арилж тус хуулийн эрхэм зорилгод нийцсэн нийгмийг төлөвшүүлэх суурь тавигдана. Мөн төрөөс Үндсэн хуулийн 11, 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлж тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэхжүүлж, иргэд эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгаатай болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Эх сурвалж: zms.mn