Ц.МЯГМАРБАЯР 

Санхүү эдийн засгийн их сургууль (СЭЗИС)-ийн РекторБ.Мөнхбаярыг урьж ярилцав. 

-Танай сургууль саяхан 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ 100 жилийн ойн босгон дээр Санхүү эдийн засгийн их сургуулийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар товч танилцуулна уу?

Манай сургуулийн хувьд 100 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын хөгжил дэвшлийн үе үеийн түүхэнд тод үсгээр бичигдэх манай сургуулийн өмнөх үеийн ахмадууд, багш ажилчдын хичээл зүтгэлээр бүтсэн өнөөдрийн түүх, уламжлал, сургамж, төгсөгчдийн маань амжилтууд манай сургуулиар овоглодог хүн бүрийн үнэт зүйл, бахархал юм. Өнгөрсөн 100 жилийн туршид Монгол Улсын улсын хөгжлийн бүхий л цаг үеийн сорилт бэрхшээл, амжилт ололтын түүхтэй манай сургууль салшгүй холбоотой явсаар ирлээ. Түүхийн энэхүү урт хугацаанд сургалт, эрдэм судлалын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, эрдэм мэдлэгт шамдан суралцаж, өөрсдийн үйл хэргээрээ үлгэрлэн манлайлсан мянга мянган шилдэг сэхээтнүүд, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж, өнөөдөр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын дээд боловсролын салбарын түүчээ, үндэсний жишиг их сургууль болон өргөжин хөгжсөн байна. Энэ ч үүднээс өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай сургууль улс орныхоо хөгжилд ямар үнэ цэнэ, үнэт зүйлсийг бүтээсэн бэ, үе үеийн төгсөгчид ямар хувь нэмрийг энэ улсын хөгжил дэвшилд оруулсан бэ гэдгийг нэгтгэн дүгнэж, түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. 

Төгсөгчдийн талаар асуух асуулт байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь ямар хэмжээнд байна, аль салбаруудад ихэвчлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Манай сургуулийн төгсөгчид банк, санхүү, хууль, эрх зүй, аялал жуулчлал, мэдээллийн технологи, олон улсын байгууллагууд зэрэг улс орны  олон салбарт амжилттай ажиллаж байна. Ялангуяа банк, санхүүгийн салбарын удирдлагын багт манай төгсөгчид олноор ажиллаж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон дэвшилтэт бодлогуудыг хэрэгжүүлэн, салбарын хөгжлийг шинэ түвшинд авчирч байгааг хараад бахархаж явдаг. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь сүүлийн жилүүдэд 95 орчим хувьтай байна. Мөн нэг статистик сонирхуулахад манай сургуулийн төгсөх оюутнуудын 40 гаруй хувь нь төгсөхөөсөө өмнө ажлын байрны санал хүлээн авч байна. 

 

 

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудаас анхлан олон улсад магадлан итгэмжлэгдсэн, олон улсын зэргийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль гэдэг. Эдгээрийн үндэс болох сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийнталаар яриагаа эхлэх үү?  

Технологийн хурдацтай хөгжил болон урьдчилан таамаглах боломжгүй цар тахал зэрэг гэнэтийн сорилтуудаас үүдэн сургалтын бодлогыг цоо шинэ түвшинд авч үзэх, хөтөлбөрийн шинэчлэлийг цоо шинэ түвшинд хийх хэрэгцээ шаардлага хэдийн бидний өмнө иржээ. Ийм ч учраас бид сургалт, судалгааны үйл ажиллагаандаа олон улсын хөгжлийн чиг хандлага, тэргүүн туршлага, технологийн дэвшлийг тусгах замаар сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг тасралтгүй хийхийг зорьдог. 

Тэр дундаа бакалаврын боловсрол олгох сургалтын хөтөлбөртөө орчин үеийн шинээр үүсэн бий болж буй хэрэгцээ шаардлага, сорилтот тулгуурлан, олон талын оролцоог хангаж, илүү үнэ цэнийг шингээсэн, технологид суурилсан шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Өмнө дурдсанчлан сургалтын бодлогыг шинээр тодорхойлох, бакалаврын хөтөлбөрүүдийг дараагийн түвшинд гаргах зорилттой уялдуулан “Хөтөлбөр 3.0” шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэхүү шинэ модель нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын агуулга, арга зүйг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэчлэх, үр дүнгээ тасралтгүй хянах чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. нөгөө талаас технологийн хөгжил, дэвшлийн энэ цаг үед хамгийн үнэтэй зүйл цаг хугацаа болон хувирч байна. Энэ хэрэгцээ шаардлагаас үүдэн бид “Энртепренершип”, “Санхүүгийн манлайлал” хөтөлбөрүүдийг шинэчилсэн хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын агуулга, арга зүйд тулгуурлан 3 жилийн хугацаанд туршин хэрэгжүүлсэн нь маш амжилттай болсон. Эдгээр хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үндэслэн суралцагчдын суралцах хугацааг боломжтой хэмжээнд багасгах боломжтой гэж үзсэн тул бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг 3 жилд багтаан хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ нь оюутнуудын цаг хугацааг асар ихээр хэмнэх боломжийг олгож байгаа юм. 

Нөгөө талаас манай сургууль 2031 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогоо хэлэлцэн баталсан. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрепренер их сургууль болон хөгжих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү стратегийн зорилтын хүрээнд төгсөгчдөө нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй аливаа асуудал, бэрхшээл, сорилтыг салбар дундын үүднээс судлан, шинжилж нийгэмд үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах мөн олон соёлын орчинд ажиллаж, сурч, амьдрах мэдлэг, чадварыг эзэмшүүлэн төгсгөхийг чухалчилж байна. Иймд манай сургуультай хамтрагч олон улсын нэр  хүндтэй их сургуулиудтай хамтран гурван жилийн хугацаанд 4 өөр улсад суралцах шинэ хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

Тодруулбал, эхний жилдээ манай сургуульд эх орондоо суралцана. Улмаар 3 дугаар улиралд БНХАУ улсад, 4 дүгээрулиралд Япон улсад, 5 дугаар улиралд Солонгос улсад, 6 дугаар улиралдаа СЭЗИС-т буцаж ирээд төгсөх зарчмаар сургалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Ингэснээр манай суралцагчид олон соёлын ялгаатай орчинд суралцаж, тухайн орнуудын бизнесийн байгууллагуудад дадлага хийж, олон улсын хөгжлийн хандлагыг ойлгох, тухайн улс орнуудын эдийн засаг, бизнесийн орчны баримжааг олж харахаас гадна үндэсний ялгарал, үнэт зүйлсээ батжуулахдавуу талтай юм. Дүгнээд хэлбэл гурван жилийн хугацаанд олон улсын шилдэг их сургуулиудын сургалтын агуулгаар баяжуулсан, технологид суурилсан сургалтын арга зүй, зохион байгуулалтад суурилсан дэвшилтэт сургалтын хөтөлбөрөөр суралцан, бакалаврын боловсрол эзэмших боломжтой болж байна гэсэн үг юм. 

Тэгэхээр “3.0” хөтөлбөр хэрэгжсэнээр одоо хэрэгжижбайгаа “Бакалаврын 2+2” хөтөлбөр мөн үргэлжлэх үү?Танай сургуулийн хувьд хамтарсан хөтөлбөрийг хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа их сургууль гэж харагддаг. Хамтарсан хөтөлбөрийн талаар тодруулбал?

 

Манай сургууль сүүлийн 15 жилийн хугацаанд хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, энэ чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан байна. Одоо БНХАУ, Тайвань, Англи, Канад, БНСУ, Швейцар, ОХУ зэрэг орнуудын их сургуулиудтай хамтарсан 15 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ерөнхий зарчим нь хоёр жил Монголдоо сураад дараагийн хоёр жилдээ дээр дурдсан орнуудын их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, хоёр улсын хос дипломтой төгсдөг. ЭНэ нь манай сургуульд элсэгчдийн хамгийн их зорьж элсдэг хөтөлбөрүүд болоод байна. Ер нь ажиглаж байхад ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд,бакалаврт суралцахаар гадаад руу явж буй хүүхдүүд тухайн орны их сургуулиудын бэлтгэлийг хангаагүй, бүрэн ойлголт баримжаа аваагүй очдогоос хүндрэл бэрхшээл үүсдэг. Тэгвэл  эхний 2 жилдээ Монголдоо тухайн мэргэжлийнхээ суурь хичээлийг эх хэлээрээ суралцахын сацуу шилжин суралцах улс болон их сургуулийн талаар мэдлэг ойлголттой болж, суурь бэлтгэлээ ханган, шилжин суралцсанаар мэргэжлийнхээ хичээлийг үргэлжлүүлэн суралцахад хүндрэлгүй, амжилттай суралцах боломжтой болж байна. Хамтарсан хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын хувьдсуралцах хугацаандаа тухайн улсын хэл, соёлоос суралцах,бусад улс орнуудын оюутан залуустай хамтрах, тэднээс суралцах, олон соёлын орчинд суралцах, амьдрах дадал чадварыг эзэмших зэрэг олон давуу талтай. Мэдээж 2+2 хамтарсан хөтөлбөрүүд маань үргэлжлэн хэрэгжинэ. Суралцагсдын өсөн нэмэгдэж буй хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага зэргээс үүдэн Бакалавр 3.0 хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлж, тэдэнд илүү сонголтыг бий болгохыг зорьж буй хэрэг юм. 

Хамтарсан хөтөлбөрүүдэд сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 216 оюутан суралцаж байна. 2025 оны хичээлийн жилд Канад, БНСУ, Тайван, БНХАУ, БНСУ зэрэг улсуудын их сургуулиудад 165 оюутан явахаар бэлтгэгдэж байна. Төгсөлтийн хувьд сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 130 оюутан төгсөөд байна.

Танай сургууль анх хиймэл оюун ухааны тухай ярьж эхлэх үеэс л танай сургуулийн багш, судлаачид энэ талаар ярьж байсныг санаж байна. Одоо энэ технологигүйгээр дэлхий нийт хөгжлийг төсөөлөхийн аргагүй болж байна. Тэгвэл одоо ямар түвшинд AI технологийг сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлж байна вэ?

Хиймэл оюун ухаан болон мэдээллийн технологи маш хурдтай хөгжиж байна. Үүнийг дагаад бүх  салбаруудадасар их өөрчлөлтийг авчирч байна. Өөрчлөлтийг дагаад бүхий л салбарууд бизнес моделио өөрчлөх,  шинэ технологийн эринд дасан зохицож амьдрах хэрэгцээ шаардлага бий болсон. Технологийн энэ өөрчлөлтийг улсынхаа хөгжилд хэрхэн үр ашигтайгаар, оновчтойашиглах вэ гэдэгт Монголчууд бидний зайлшгүй бодох, тооцох асуудал болжээ. Санхүү эдийн засгийн сургуулийг төгсөж байгаа төгсөгчид энэ технологийн хөгжил, дэвшлийн эринд зуунд манлайлагчид байхыг эрмэлзэж байна. Энэ ч үүднээс манай сургууль оюутнууддаа хиймэл оюун ухааныг ашиглан хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, илүү бүтээмжтэй ажиллах, цаашлаад ажил, бизнесээ оновчтойгоор төлөвлөн хэрэгжүүлэх мэдлэг ур чадварыг олгохыг чухалчилж байна. Цаашдаа бид мэргэжлийн хөтөлбөрийн мэдлэг дээр нэмэх нь хиймэл оюун ухаан гэсэн чиглэлд оюутан, төгсөгчдийг чадваржуулж, мэргэшүүлэх бодлогыг барьж ажиллана. 

Мөн сургалтын хөтөлбөрүүдээ ч дэвшилтэт технологид суурилсан зохион байгуулалт, арга зүйгээр хэрэгжүүлэхээр шинэчилж байна. Нөгөөтээгүүр, сургуулийнхаа дотоод үйл ажиллагааг технологид суурилсан байдлаар багш, ажилчдынхөдөлмөрийг хөнгөвчлөх, ачааллыг бууруулах бодлогыг мөн хэрэгжүүлж байна.

Танай сургуулийн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл, алсын хараг хэрхэн харж байна вэ? Мөн магистр хөтөлбөрийн талаар ямар шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?

Манай сургууль алсын хараагаа даян дэлхийн тогтвортой хөгжил, эх орныхоо өрсөлдөх чадварт хувь нэмрээ оруулах манлайлагчдыг бэлтгэнэ гэж тодорхойлсон. Товчхондоо нийгэм, эдийн засгийн сорилтыг амжилттай даван туулах, шинэлэг инновац, хөгжлийн загварыг тодорхойлох мэдлэг, ур чадвартай ажлын байр хайгчдыг бус ажлын байр бүтээгчдийг төрүүлэхийг зорьж байна. 

Ахисан түвшний хөтөлбөрүүдийн хувьд нийт 14 магистрын хөтөлбөр, 3 докторын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Магистрын хөтөлбөрийн шинэчлэлийг манай сургуульд сонгон суралцаж буй өөр өөр мэргэжлийн суралцагсдыг мэргэшсэн чиглэл, хуримтлуулсан туршлагаа ашиглан одоо хэрэгжүүлж буй бизнесээ өргөжүүлэх, шинээр бизнесээ эхлүүлэхэд нь туслах, чиглүүлэх зарчмыг баримталж байна. Өөрөөр хэлбэл  инженер мэргэжилтэй хүн өөрийнхөө суурь мэргэжилдээ үндэслэн шинэ санаагаа хэрхэн бизнес болгон бойжуулах, хөгжүүлэх чиглэлд магистрын хөтөлбөрт суралцах 1.5 жилийн хугацааг зориулна гэсэн үг юм. Сургалтын хэлбэр нь бакалаврын хөтөлбөртэй төстэй ч суралцах хугацаандаа эхлүүлсэн бизнесээ төгсөөд гарсны дараа амжилттай хэрэгжүүлээд явах ур чадварыг олгохыг чухалчилж байна. 

Магистрын хөтөлбөрт элсэгчдэд ямар шалгуур тавьж байна вэ? Мөн магистрын хөтөлбөрийн хүрээнд санаачилсан төслүүдээс нь  жишээ татаад тайлбарлавал?

Элсэгчдийн хувьд тухайлсан хичээлээр шалгалт авахгүй. Тухайн мэргэжлийн дагуу суралцаж байгаа 3-4 хичээлийнхээ агуулгаар төслөө боловсруулаад сар бүр тайлагнадаг зарчмаар хэрэгжинэ. Эхлээд тухайн оюутнаас нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг оношлох, тодорхойлох даалгавар өгдөг. Цаашлаад оюутнууд маань тухайн асуудал, сорилтыншийдэх шийдлийг боловсруулах, дараа нь гадагшаа гараад нийгэмд байгаа ямар нэг асуудлыг олоод, гарц  шийдлийг нь олж ирэх зэргээр ажилладаг. Ингэхдээ тухайн дэвшүүлж буй шийдэл, санаачилга нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн байх шаардлагыг тавьдаг. 

Жишээлбэл, цаасны хог хаягдлыг хэрхэн үнэ цэнтэй  бизнес болгох вэ гэсэн чиглэлээр олон шилдэг санаа, санаачилгуудгарсан. Суралцах хугацаандаа тасралтгүй эдгээр төслүүддээр ажиллан, багш, менторуудын чиглүүлэг дор үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, өөрийн бизнестэй болон төгсөж байгаагаараа онцлог юм. Энэ нь дээр хэлсэнчлэн “Ажлын байр хайгчдыг бус ажлын байр бүтээгчдийг төрүүлнэ” гэсэн сургуулийн зорилтоос үүдэлтэй юм.

Манай сургуулийн хамт олны хувьд боловсролын салбарт  аль болох шинэлэглэг, инновацлагсанааг нэвтрүүлэхийг зорьдог. Бидний хийсэн туршилтууд, сайн туршлага маань Монгол Улсын дээд боловсролын салбарт бодитой хувь нэмэр оруулж байгаа гэж найдаж байна.

СЭЗИС-ийн шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, шинэчлэл, стратегийн туршилт нь бусад их, дээд сургуулиудын хувьд хөгжил, дэвшлийн сэдэл, санааг өгч байдаг гэж ойлгодог. Бидний санаачлан хэрэгжүүлсэн олон ажил, шинэчлэлийн хөгжүүлэлт дээд боловсролын салбарт үлгэр дуурайлал болж, бодитой хувь нэмрийг оруулсан. Тухайлбал, 2012 онд манай сургууль Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудаас анхлан олон улсын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн. Энэ нь бусад их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө олон улсын түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийлгэн, олон улсын стандартад нийцүүлэх ёстой юм байна гэдэг  ойлголтыг өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл манай улсын 16 их сургууль олон улсын түвшинд хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж, сургалтын агуулга, арга зүйгээ шинэчилж байна. Түүнчлэн дээд боловсролын салбарт англи хэлний сургалтыг оюутны бүтээлч хандлага, нухацтай сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байдлаар арга зүйгээр хэрэгжүүлж эхэлсэн, блокчейн технологи болон холимог хэлбэрийн сургалтыг нэвтрүүлсэн зэрэг дээд боловсролын салбарт анхдагч санаачилгуудыг олныг дурдах боломжтой. Манай сургуулийн хэрэгжүүлж буй цахим сургалтын технологийг цар тахлын үеийн сайн туршлагаар  Amazon  AWS байгууллага дэлхийд сайн туршлагаар нэрлэж байв. Түүнчлэн манай сургууль хэрэгжүүлж уй сургалт, судалгаа, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны үр нөлөөгөөр олон улсын их сургуулиудын эрэмбийг тогтоож буй Times Higher Education байгууллагын их сургуулиудын үр нөлөөний эрэмбэд Монгол Улсаас анх удаа 863 дугаарт эрэмбэлэгдсэн гэх мэт манай хамт олны өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн олон ололт, амжилтууд байна.

Бид буй болгосон эдгээр амжилтуудаа тухай бүрд нь бусад сургуулиуддаа хуваалцдаг. Энэ нь бид өрсөлдөх бус хамтрах зарчмаар хамтдаа хөгжих ёстой, хамтын хүчээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмрээ оруулах шаардлагатай гэсэн итгэл үнэмшил бидэнд байна. Энэ ч үүднээс манай сургууль 100 гаруй олон улсын  их сургуулиуд, технологийн институт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Хэдий ийм бодлого, зорилттой байгаа ч манай их, дээд сургуулиуд хоорондоо хамтрах хандлага сул, төрөөс ч энэ чиглэлээр бодитой дэмжлэг санаачилга алга байгаад сэтгэл дундуур байдаг. 

-Сүүлийн үед арван жилээ төгсөж буй хүүхдүүд гадаад хэл сураад гадагшаа л явж суралцъя гэсэн бодол их давамгай байна. Эцэг эхчүүд ч гэсэн энэ хандлагыг дэмжиж байх шиг байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?

Заавал гадаадад сурвал сайн гэж хандах нь өрөөсгөл ойлголт юм. Бидний өнөөдрийг хүртэлх санаачлан хэрэгжүүлж ирсэн бүх үйл ажиллагаа, шинээр санаачилсаншинэчлэлтийн бодлогууд СЭЗИС-ийг олон улсын стандартад нийцүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болгон хөгжүүлэх зорилго байсан. Тэгвэл өнөөдөр манай их сургууль олон улсын стандартад бүрэн нийцсэн. 2012 оноос эхлэн олон улсын түвшинд хүрэх зорилгоор хэрэгжүүлсэн магадлан итгэмжлэл, түүний хүрээнд гарсан ахиц дэвшлүүдийг үнэлэн 2032 хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн амжилт, мөн хамгийн өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн CFA, CGMA, ACCA зэрэг олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь үүнийнотолгоо юм. Манай улсын их, дээд сургуулиуд үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой гэдгийг бидний өнгөрсөн хугацааны ололт амжилт, сургамж харуулж байна. Гагцхүү олон улсын хөгжлийн чиг хандлагыг баримжаалсан, үндэсний онцлог, давуу талаа тусгасан хөгжлийн загвараа тодорхойлох нь л чухал байна.