Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, тэртээ 1941-1945 оны олон сая хүний амийг авч одсон аугаа их эх орны дайны ялалт нь ЗХУ-ын  иргэдэд төдийгүй Европын ард түмэнд эрх чөлөө авчирсан хэзээ ч мартагдашгүй цаг хугацаа байсан. Энэ үйл явдлаас хойш  80 жилийн түүхэн цаг хугацаа урсан өнгөрсөн байна.  Тэгвэл энэ цаг хугацааг түүхэн өв болгон хадгалан үлдээх чухал ач холбогдолтой үйл явдал болсон “Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой”-д зориулсан Монгол шуудангийн сэдэвчилсэн маркийн нээлт, болон “анхны өдрийн дугтуйн” тамгалах ёслол байв. Уг үйл ажиллагаа өчигдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, ЭСЯ-ны Цэргийн болон Агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, Монгол Улсын Батлан хамгаалах яамны ахмадын зөвлөлийн дарга Б.Баярмагнай, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал В.В.Кильпякова, Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн захирал Н.В.Антипова, Монгол шуудангийн Марк ба үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, тус хэлтсийн зөвлөх Б.Дамдинбазар, хүндэт дипломатч, зөвлөх О.Батсайхан нар оролцлоо.

 

“Шуудангийн марк бол түүхийн баримтат өв юм”

“Монгол шуудан” ХК-аас  гүйлгээнд гаргаж буй “Аугаа их орны дайнд ялсны 80 жил” сэдэвт шуудангийн  марк нь  цэлмэг тэнгэрийг бэлгэдсэн  цэнхэр дэвсгэр дээр төв хэсэгт нь Е.В.Вучетичийн бүтээл “Сталинградын тулалдааны баатруудад” зориулсан алдарт “Эх орон дуудаж байна” алдаршсан хөшөөг дүрсэлжээ. Энэ хөшөө нь нь ард түмнийг эх орноо хамгаалах тэмцэлд уриалан дууддаг билээ. Уг хөшөө нь Оросын уран барималч  Е.Вучетича болон инженер  Н.В.Никитин нарын бүтээл юм. Мөн марканд мөн энх тайван, ялалт, цэргийн алдар хүнд, бахархлын бэлгэдэл лаврын мөчир, Георгийн туузыг дүрслэсэн байна.

 Уг маркийг бүтээхэд ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ, ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн маркийн зураачаар Г.Баттөр ажиллажээ. Энэ үеэр  маркийн нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

 “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Манай оронд өртөө зам шуудан үүссэн нь өнө эртний түүхтэй. Ардын хувьсгал ялсны үр дүнд  орчин үеийн харилцаа холбоо шуудангийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойтойгоо  бид бүхэн энэ жил золгож байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан үнэ бүхий тэмдэгт   монгол марк нь бүхий л цаг үед нийгмийн ололт амжилт, шинжлэх ухаан технологийн ололт, олон улсын хамтын ажиллагаа түүхийг ховор олдоц зэрэг түүхэн үйл явдлыг тамгалж үлдээдэг түүхийн баримтат өв юм. Тиймээс “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил”-ийн ойд зориулж энэхүү маркийг зайлшгүй гаргах ёстой гэж үзэж ОХУ-ын элчин сайдын яамтай  хамтран ажилласан. Энэ нь “Монгол шуудан” ХК-ийн 101 жилийн түүхэнд 1179 дэх марк болж байна” гэлээ.

 

“Ялалтын өдөр бол Оросын ард түмний ариун нандин баяр”

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков “Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойд зориулсан шуудангийн сэдэвчилсэн марк гаргасан “Монгол шуудан” хувьцаат компанид талархал илэрхийлье. “Монгол шуудан” бол зуун жилийн түүхтэй брэнд бөгөөд Монголын анхны марк 1924 онд хэвлэгдэн гарсан байдаг. Дэлхийн олон орны марк цуглуулагчдад Монгол шуудангийн марк  байдаг нь бахархалтай.

Тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын өдөр бол Оросын ард түмний хувьд ариун нандин баяр юм.  Дайны эхний өдрөөс биднийг манай  хөрш  Монголын найрсаг ард түмэн дэмжиж байсан. “Бүхнийг фронтын төлөө! Бүхнийг Ялалтын төлөө» хэмээх уриа лоозон Монголчуудад ч ойр дотно болсон. “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх онгоцны эскадрил, дулаан нэхий дээл, хоол хүнс, морь мал гээд энэ бүхэн монгол нөхдийн үнэлж баршгүй тусламжийн зөвхөн нэгээхэн хэсэг юм. 80 жилийн дараа ч гэсэн бид Монгол анд найзуудтайгаа хамт баяраа тэмдэглэж байгаа нь үнэхээр сайхан байна.Энэхүү марк нь Ялалтын ойд зориулсан Монгол шуудан маркийн цуглуулгыг  баяжуулахад үнэт хувь нэмэр оруулна  гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

“Аугаа эх орны дайны ялалтад  хувь нэмрээ оруулсныг тэмдэглэх түүхэн гэрч болж үлдэж байна”

Монголын дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны тэргүүн  бэлтгэл, хошууч, генерал  Б.Баярмагнай  “Асар их үнэ цэнээр олдсон аугаа эх  орны дайны ялалтын  80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан  энэ дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр маш их байдгийг  хөрш ОХУ-ын  нөхөд маань үргэлж үнэлж  ирсэн.  Монголын ард түмэн маань дулаан  нэхий дээл, хоол хүнс,  агт морьд мал гээд бүх  зүйлээ фронтод зориулсан  байдаг. Энэ нь аугаа эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан хэмээн бидний үнэ цэнийг 80 жилийн дараа ч гэсэн дурсан ярьж байгаад баяртай байдаг.  Тиймээс  уг шуудангийн марк нь  Монголын ард түмэн аугаа эх орны дайны ялалтад  хувь нэмрээ оруулсныг тэмдэглэх түүхэн гэрч болж үлдэж байна” гэсэн юм.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ФОТО СУРВАЛЖИЛГА

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)