П.АМГАЛАН

 

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ой энэ жил тохиож байна.  Энэ талаар гавьяат багш, хүүхэд, гэр бүл судлаач Х.Баавгайтай ярилцлаа.

 

-Монголын пионерын байгууллагын тухай дурсамж түүхийн хуудаснаа хэрхэн буусан байдаг талаар яриагаа эхэлье?

-Хүүхдийн байгууллага бол аль ч улсын хойч ирээдүйн асуудал байдаг. Тиймээс  тухайн улсын төр засгаас анхаарлаа хандуулж,  төрийн бодлогын төвд  байлгасаар ирсэн. Манай улсад 1925 оны  тавдугаар сарын 8-ны өдөр Их зохиолч Д.Нацагдорж “Хойчийг залгамжлагч багачуудыг холбоо”-г санаачлан байгуулсан байдаг. Үүнийг  Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн эхэлсэн түүхт өдөр гэж үздэг. Тавдугаар сарын 8-ны өдөр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” байгуулагдсан нотлох баримт байгаа эсэх талаар  түүх судлаач залуучууд асуудаг.

Үүнийг нотлох гол түүхэн эх сурвалжаас дурдвал, Ардын их хурлын тэргүүлэгчдийн гурван зарлиг байна. Нэгдүгээр зарлиг нь Монголын пионерын байгууллага байгуулагдсаны 40 жилийн ой буюу 1965 оны тавдугаар сарын 7-ны өдөр  Ардын Их хурлын тэргүүлэгчдийн  зарлиг гарч  “Пионерын байгууллагыг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосугай” хэмээсэн. Харин хоёр дахь зарлигт “Монголын пионерын байгууллагын 40 жилийнх нь ойн өдөр Сүхбаатарын одонгоор шагнасугай” хэмээн нэг өдөр хоёр зарлиг гарсан байдаг. 

Дараа нь буюу 1975 онд  “Монголын Пионерын байгууллагыг Сүхбаатарын одонгоор хоёр дахь удаагаа шагнасугай” хэмээсэн байдаг.  Гурав дахь нь 60 жилийн ойгоор буюу 1985 оны тавдугаар сарын 8-ны өдөр  зарлиг гарч “Монголын пионерын байгууллагыг Сүхбаатарын одонгоор гурав дахь удаагаа шагнасугай” хэмээсэн.  Ийнхүү гурван удаагийн зарлиг гарсан явдал нь Монголын Улсын хүүхдийн хөдөлгөөний нэг хэлбэр болсон  Монголын пионерын байгууллага 1925 оны тавдугаар сарын 8-ны өдөр байгуулагдсаныг батлах баримт болж байгаа юм. Цаашид энэ тэмдэглэлт ойн тухай  хуульд тусгах хэрэгтэй. Ингэснээр хойч үеийнхэнд танин мэдүүлэх ач холбогдолтой.

-Хүүхдийн хөдөлгөөний байгууллага бий болсноор ямар ололт, амжилтыг авчирсан бэ?

-Ёс суртахуунлаг, ажилч хичээнгүй, тууштай, хүнлэг зан чанартай хүүхэд залуучуудыг төлөвшүүлдэг том систем байсан. Энэ системийн үр дүнд нэгэн үеийг хүмүүжүүлж чадсан. Одоо үйл ажиллагаагаа явуулж буй хүүхдийн байгууллагууд хүүхдийн эрхийн төлөө ажиллаж буй нь өмнөх пионерын байгууллагатай зорилго нэг байна гэсэн үг.  Тиймээс хүүхдийн байгууллага бол улс орныхоо ирээдүйн хөгжлийн эздийг бэлтгэдэг гол сургууль юм. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудыг хөгжүүлэх нь ардчилалд сургаж буй сургууль гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд өөрийгөө нээх, бусадтай харьцах, нийгэм улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй болж төлөвших орон зай болдог.

-Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, Монголын пионерын  байгууллагын хийсэн гол ажлууд нь юу байсан бэ?

-Олон онцлох ажил бий. Үүнээс дурдвал, 1925-1940 оны үед пионерын байгууллагын гишүүд манлайлан Монгол Улсыг бичиг үсэгтэй болгох хөдөлгөөнийг өрнүүлсэн. “Шинэ үсгийн багш” кино энэ түүхийг харуулдаг. Тэгэхээр  бичиг соёлтой болгоход пионерын гишүүд их  хувь нэмэр оруулсан гэсэн үг. Мөн дэлхийн II дайны үед  пионерын  байгууллагын хөрөнгөөр бүтсэн “Монгол Пионер” гэсэн танк дайны цуваанд явсан байдаг.

Мөн 1960-аад оны эхэн үеэс  1980-аад он хүртэл “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Уг хөдөлгөөний хүрээнд хаягдал хонины ноосыг түүж тушаасан. “Цагаан алт” хөдөлгөөнд хамгийн их санаачилгатай оролцсон  нь Баянхонгор аймаг бөгөөд 200 гаруй тонн ноос  тушаасан байдаг. Энэ бүхнээс үзэхэд пионерын байгууллага бол олон чухал ажлыг хийж байжээ.

-1990 оноос хойш Монголын пионерын байгууллагын туршлагад үндэслэн хэд хэдэн хүүхдийн хөдөлгөөний байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч жил ирэх тусам цөөрч байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Монголын пионерын байгууллага 1990 оны тавдугаар сарын 4-ний чуулганы хуралдаанаар  Монголын хүүхдийн байгууллага нэртэй болсон. Өөрөөр хэлбэл, туг сүлдэндээ Сүхбаатарын гурван одон гялалзуулсан Монголын пионерын байгууллагын түүх 1990 оны тавдугаар сарын 4-ний өдөр буюу 65 насандаа гавьяаныхаа амралтаар өндөрлөсөн байдаг. Үүнийг  зарим хүмүүс “Пионерын байгууллага 65 жил болоод  байхгүй болчихсон юм биш үү” гэсэн ойлголттой байдаг. Тийм биш юм. Монголын пионерын байгууллагын сургамж, туршлагад үндэслээд “Монголын Скаутын холбоо”, “Монголын Идэрчүүдийн холбоо”, “Нирун холбоо” зэрэг  арав гаруй хүүхдийн  хөдөлгөөний байгууллага 1990 оны ардчилсан хувьсгалын дараа бий болсон. Тиймээс энэ байгууллагуудын үйл ажиллагаа Монголын пионерын байгууллага хэмээх хүүхдийн хөдөлгөөний байгууллагын үргэлжлэл болон явж байгаа юм.

1990 оноос хойших хүүхдийн байгууллагууд өөр өөрийн үзэл бодол, зорилго, чиглэлээр үйл  ажиллагаа явуулж байна. Гэвч  1990 оноос хойш үүссэн  10 хэдэн хүүхдийн байгууллагын тал нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа.  Учир нь энэ байгууллагууд руу чиглэсэн төрийнх нь дэмжлэг байхгүй байна. Тиймээс манай улс хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага буюу ардчилалд сургадаг их сургууль болсон  байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй.  Хүүхдийн байгууллага байхгүй бол  Монгол Улсын хойчийг залгамжлагч хүмүүс маань ямар ч хүмүүжил төлөвшилгүй, бэлэнчилсэн сэтгэлгээтэй болж төлөвших сөрөг талтай.

Тиймээс ардчиллын сургууль болсон хүүхдийн оролцооны гишүүнчлэл бүхий байгууллагуудыг төрөөс дэмжиж, үүний төлөө ажиллаж буй  багш нарт урам зориг, дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй.

Ардчиллын сургууль болсон энэ байгууллагад нь бүх хүүхдийг хамруулж чадвал ядуурал, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртөх зэрэг  эрс багасна. Учир нь  хүүхдийн байгууллага бол бүх хүүхдийг хамруулж, эрх тэгш байдлыг бий болгодог.

-Олон улсад хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явдаг вэ?

-Бусад улсад “Скаутын хөдөлгөөн”-ийг төрөөс санхүүжүүлдэг. Сургуулийн боловсролоос  бусад бүх  үйл ажиллагаа, хөтөлбөрийг  Скаутын  байгууллага нь хариуцдаг. Тиймээс хүүхдийн төлөө бодлого бол ирээдүйд Монгол Улс ямар байх вэ гэдгийг харах,   төрийн хар хайрцгийн бодлого байх ёстой.

-Та хүүхэд, гэр бүл судлаач шүү дээ. Хүүхдийн төлөвшилд гэр бүлийн  хүмүүжил чухал. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Төр улс оршихуйн үндэс нь гэр улс байдаг. Харин манай улсад төр улс оршихуйн үндэс болсон гэр улсын бодлого хаягдчихсан.  Энэ нь 1990 оноос хойш эхлэлтэй. Өнгөрсөн жил анх удаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам  байгуулагдсан нь үүнийг засах боломж гэж харж байна. Хүүхдийн хөдөлгөөний байгуул­лагуудын гол оролцогч нь гэр бүл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)