Ч.БЯМБАХАЖИД
Улаанбаатар хотын утаа, түгжрэлийг 2025 оны өвлөөс өмнө маш бага зардлаар, эдийн засагт өндөр үр ашигтайгаар 80 хувь хүртэл бууруулах боломжтой талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өмнө би түгжрэлийг бууруулах тал дээр санаа оноогоо гаргаж, олон нийтэд танилцуулж байсан. Тухайн үед олон хүн зөв зүйтэй санал санаачилга байна гээд дэмжиж байсан ч хэрэгжээгүй. Мөн утааны сонсголд оролцож олон талын боломж, санал санаачилгуудыг олж харсан. Үүн дээрээ үндэслэн утааг 80 хувь орчим болгож бууруулах боломжтой санаачилга гаргасан.
Мөн түгжрэлийг бууруулах тал дээр өөрийн санал, санаачилгаа танилцуулж байна. Алтай хотхоны уулзвар дээр жишээ авахад дөрвөн эгнээ замтай болгоё. Ингэснээр тус уулзвараар 20 машин гардаг байсан бол 40 машин гарах боломжтой болж байгаа юм. Бас Дүнжингаравын уулзварын хоёр эгнээг дөрвөн эгнээ болгох боломжтой. Энэ мэтээр эгнээг ахиухан нэмж байж түгжрэл буурах боломжтой. Машинууд уулзвараар нэвтэрч чадахгүй байгаа нь түгжрэлийн 90 хувийг бий болгож байна.
Утаа, түгжрэлийг бууруулах гэж байна гээд орон сууцны хороолол, 10 мянган айлын орон сууц ихээр барьж байна. Энэ орон сууцанд гэр хорооллын айл өрхүүд ордоггүй. Харин хөдөөнийхөн, урд хөршийн иргэд л ихээр орж байна. Орон сууцны хороолол барьлаа гээд түгжрэл утаа буурсан зүйлгүй. Аливаа ажлыг хийхдээ олон талаас нь бодож үзэх хэрэгтэй.
Утаа бууруулах дээр тайлбарлавал, бид нэг тонн нь сая төгрөгний үнэтэй түлш түлж байна. хөх нүүрсний үйлдвэр барина гэж яриад байгаа. Харин Алагтолгой, Таван толгойн нүүрсээ түлье. Энэ хоёрын хувьд ямар ч чанарын ялгаа байхгүй. Ислэг өндөртэй, үнэгүй нүүрс. Ийм байхад хөх нүүрсний үйлдвэрийг 650 сая доллараар барина гээд байгаа. Түгжрэл, утааг бууруулна гээд дутуу, буруу ажлууд хийгээд байна.
Ингээд иргэдийгээ миний санааг дэмжиж, төр засагт хүрч ажиллахад нөлөөлнө үү гэж уриалж байна” гэв.
Эх сурвалж:zms.mn