С.УРТНАСАН
2025 оны гуравдугаар сарын 10-нд дүүжин тээврийн нэгдүгээр шугам буюу Яармагаас Харинхорин зах чиглэлийн 4.2 километр замын тулгуур баганыг суурилуулах ажлыг эхлүүлсэн.
Одоогийн байдлаар замын 19 баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулаад байна. Тэдгээр тулгуур баганын өндөр 7.5-42 метр юм. Тухайн зам хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд дүүжин замын тээвэр нь нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай. Яармагаас Харинхорин худалдааны төв хүртэл 21 километр цагийн хурдтай 11 минутын хугацаатай зорчих юм байна.
Харин хоёрдугаар шугамыг Шангри-Ла-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 километрийн урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барихаар болжээ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг, Нисэхийн замын түгжрэл буурч, замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Үлдсэн тулгуурууд нь Франц улсаас ачигдаж замдаа гарсан бөгөөд тавдугаар сард бүрэн ирж, дүүжин тээврийн замыг угсарч дууссаны дараа кабиныг угсарч 2026 оны хоёрдугаар сард бүрэн хүлээлгэж өгөхөөр төслийг гүйцэтгэгч компани Нийслэлтэй байгуулсан гэрээндээ тусгажээ.
Эх сурвалж: zms.mn