Ц.МЯГМАРБАЯР
Төлсөн, авснаа нийтэл (ТАН) эвслийн 20 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын талаар зарим төлөөллийн байр суурийг “Speak out” буланд онцолж байна.
Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: Ил тод байдлын шаардлага цаг үеэ дагаад өргөжиж байна

-“Төлсөн, авснаа нийтэл” (ТАН) санаачилга нь олборлох салбарын компаниудын үйл ажиллагаа болон төрөөс авч, зарцуулж буй татвар, төлбөр, хураамжийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох зорилготой. Энэ нь төр, компани, иргэний нийгмийн гурван талын оролцоонд тулгуурладаг.ТАН санаачилга Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн 20 жилийн хугацаанд уул уурхайн салбараас хэдий хэмжээний татвар, төлбөр, хураамж төвлөрүүлсэн, түүнийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл илүү нээлттэй болсон. Мөн компанийн эзэмшигч, гэрээ, үйл ажиллагаа, нөхөн сэргээлт зэрэг мэдээлэл олон нийтэд нээлттэй болж, 150 гаруй төрлийн мэдээллийг хамарсан 20 жилийн дата бааз бүрдсэн. Гэхдээ ил тод байдлын шаардлага цаг үеэ даган өргөжиж байна. Тухайлбал, компанийн эцсийн ашиг хүртэгч эзэмшигч, гэрээ хэлцэл, хүлэмжийн хийн ялгарал зэрэг мэдээллийг ил болгох шаардлага нэмэгдэж байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хяналт, санаачилга чухал. Монголын ТАН эвсэл энэ чиглэлд 20 жилийн хугацаанд идэвхтэй ажиллаж ирсэн.
Эдийн засагч А.Батпүрэв: Ил тод байдлыг мэдээллээр хязгаарлах бус шийдвэр гаргалтад нөлөөлөх механизм болгох хэрэгтэй

-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга анх компаниуд юу олборлож, хэдий хэмжээний татвар, төлбөр төлж байгаагаа, төр засаг юу хүлээн авч байгаагаа тайлагнаж, үүнд иргэний нийгэм хөндлөнгийн хяналт тавих энгийн зарчмаар эхэлсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ санаачилга зөвхөн санхүү, үйлдвэрлэлийн мэдээллийг ил тод болгохоос гадна олборлох салбарын засаглалд төр, компани, иргэний нийгмийн хамтын ажиллагааны механизм болон өргөжсөн нь чухал. Монгол Улсад ч тодорхой ахиц гарсан. Тухайлбал, уул уурхайн компаниудын төсөвт өгч буй хандив, тусламж зэрэг өмнө нь ил тод бус байсан мэдээллийг нийтэд нээлттэй болгож, зөрүүг нь эрэн сурвалжлах боломж бүрдсэн. Гэхдээ мэдээллийг ил тод болгох нь өөрөө хангалтгүй. Ялангуяа уул уурхайн нөлөөлөлд өртөж буй иргэдийн оролцоог шийдвэр гаргалтад хэрхэн бодитоор хангах вэ гэдэг нь дараагийн асуудал.Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Одоогоос 10 жилийн өмнө Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл боловсруулагдсан ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Ийм хуулийг тууштай дэмжиж баталснаар ил тод байдлыг бэхжүүлж, авлигатай тэмцэхэд чухал алхам болно.
“Транспаренси Интернэшнл Монгол” ТББ-ын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр: Уул уурхайн хандивын зарцуулалт ил тод байх ёстой

-ТАН эвсэл нь 50 гаруй иргэний нийгмийн байгууллагыг нэгтгэсэн сүлжээ. Уул уурхайн компаниудаас орон нутагт өгч буй хандив, тусламж болон төр, орон нутгийн байгууллагуудын хүлээн авсан санхүүжилтийг юунд зарцуулж байгааг ил тод болгох нь чухал. Судалгаагаар нэг талаас эрх нь зөрчигдөж буй орон нутгийн иргэд, нөгөө талаас улс төрийн болон санхүүгийн ашиг сонирхлоор уул уурхайн төслийг эсэргүүцдэг бүлгүүдийг ялгаж харах шаардлагатай болсон нь харагдаж байна. Гэтэл төрөөс эдгээр ялгаатай зорилготой бүлгүүдийг тодорхойлох, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байна. Мөн уул уурхайн компаниудын орон нутагт өгч буй хандив, тусламжийн зарцуулалт хангалттай ил тод биш. Зарим тохиолдолд эдгээр хөрөнгийг морины болон бөхийн бай, шагналд зарцуулахын оронд эрх нь зөрчигдөж буй иргэдийн асуудлыг шийдэх, нөлөөллийн бүсийг тогтоох зэрэгт чиглүүлэх шаардлагатай байна.
"Тан" эвсэлийн гишүүн байгууллага болох “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: Хуулиудын уялдаагүй байдлаас иргэдийн оролцоо хумигдаж байна

-Энэ санаачлагын гишүүнээр 20 жил ажиллаж байна. Манай ТББ иргэдийн оролцоонд тулгуурласан бодит санлыг зарим хуулиадад тусгуулж өөрчлөлт хийхэд хувь нэмрээ оруулсан. Энэ удаад Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлтүүдийг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай, Газрын тухай, Усны тухай зэрэг бусад хуультай уялдуулан боловсруулах шаардлагатай. Ялангуяа Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлдэг байсан зохицуулалтыг хасаж байгаа нь орон нутгийн иргэдийн оролцоог хумих эрсдэлтэй. Нэг хуулиар нь иргэдийн оролцоог нээж, нөгөө хуулиар нь хаагаад байвал хууль хоорондын уялдаа алдагдаж, бодит өөрчлөлт гарахгүй. АМНАТ-ын орлогыг тодорхой хугацаанд төвлөрүүлэх зэрэг эерэг зохицуулалт байгаа ч ганц, хоёр сайн заалтаар хязгаарлалгүй, засаглал, иргэдийн оролцоог дордуулахгүй байх нь чухал.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn