Нэг: АЖРАЛГҮЙ ТУУЛСАН АЯНЫ ХАРГУЙ
Цэргийн сонины сурвалжлагч байхдаа, бас түүнээс хойш Өмнөговь аймагт нэг бус удаа очихдоо алдарт Гурвансайхан уулнаа байх Ёлын ам, Дэмчигийн хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар явж байв аа. Харин энэ удаад бүр цааш Гурвантэс суманд хүрэх гайхамшигтай сайхан аяллын бүрэлдэхүүнд багтаж явсандаа сэтгэл нэн хангалуун байна. Энэ боломжийг олгосон эрхэм бүсгүй бол “Соён гэгээрүүлэгч” телевизийн Ерөнхий захирал, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Шархүүгийн Хишигсүрэн юм. Их говийн зоригтнуудын нэг эд эс болон гялалзаж яваа энэ шийдмэг эмэгтэйг танихгүй хүн бараг байхгүй учраас нэг их нуршаад яахав.
Чамгүй зардал чирэгдэлтэй, тэр бүр хүн зориглон хийгээд байхааргүй аяллын гол зорилго нь, 16 настай нутгаасаа гарч, 34 жилийн дараа 50 насандаа төрөлх Гурвантэс сумандаа очиж, нутаг усныхаа хүн зон, ахан дүүс, анги хамт олонтойгоо Төрдөө үнэлүүлсэн их шагнал “Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн” цолныхоо ёслол хүндэтгэлийн баярыг тэмдэглэхэд оршиж байв.
Гал морин жилийн намрын тэргүүн сарын наран оршоосон тэр өдөр буюу өнгөрсөн сарын 30-ны өглөө эртлэн тус телевизийн байрны үүднээс өмнийн цэнхэр говийг зорьсон их цувааны том оворын автобусанд, Төр, нийгмийн зүтгэлтэн, тархи оюуны их бядтанууд, буян номын абшигтнууд, урлаг соёлын чадвартнууд давамгайлсан 30 гаруй хүн эрхэм гавьяатын урилгаар нэгэн баг болон холын аянд дөрөө хоршуулсны заримаас тодруулахад, МҮАН-ын дарга, Хөдөө аж ахуйн дэд сайд, асан Б.Цогтгэрэл, Төрийн шагналт, гавьяат багш, физик математикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, Филиософийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн, “Ачуут гол” эмнэлэгийн Ерөнхий захирал, Уламжлалт анагаах ухааны доктор, профессор Г.Машбат өөрийн гарын шавийн хамт, АШУҮИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч, эм зүйн ухааны доктор, профессор Б.Цэрэнцоо, МУК-ын зөвлөх профессор, нэрт төгөлдөр хуурч, багш У.Цэцэгмаа, БНПУ-аас амралтаараа түр ирсэн, Уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Чулуунцэцэг нарын нэрийг дурдаад хураангуйлав.
Хоол үйлдвэрлэгч бүхэл бүтэн компани AXIS рестораны захирал А.Туяа өөрийн биеэр явж, хээрийн хоол хүнсийг холын замд хоёронтаа зохион байгуулж байсан нь цэргийн нэршлээр бол их бага амралт байлаа. Ш.Хишигсүрэн гавьяат холын аяныг зорихын өмнө “Та нарыг эрхлүүлж яваад ирнээ” гэсэн нь ийнхүү анхнаасаа хэрэгжиж, хээрийн сайхан агаарт тааваараа тухалж, аяны алжаалаа тайлаад 600 орчим мил замыг дуутай наргиантай өнгөрөөж, нэг мэдэхүй Даланзадгад сумын угталтын их хаалганд хүрэлцэн ирсэн байв. Аян холын замыг ийнхүү цаг хугацааны мэдрэмжгүйгээр туулсан нь Г.Машбат эмчийн удирдлагад бүх хүмүүс өөрийн ажил мэргэжил, туулж ирсэн замнал, уран бүтээлээсээ харамгүй хуваалцсан нь маш сонирхолтойн зэрэгцээ танин мэдэхүйн ач холбогдолтой байсныг тэмдэглэх юун.
Говийн улаан нар шингэх нь ямар сайхан байдгийг хүн бүр дуу алдан шагширцгааж байсан нь говь гэж ямар их нууцлагдмал, ямар их татах увдистай байгалийн хүчин байдгийг харах өнцгийн эхлэл нь байв. Одод түгэж, оройн сэвшээ салхи хацар илбэн таалсан тэр сайхан үдэш Даланзадгад сумын угталтын хаалган дээр эрхэм гавьяатаа Гурвантэс сумын удирдлага, ахан дүүс, сургууль хамт төгсөгчид нь ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд угтан авсан нь, аргагүй л ёс төртэй ард түмэн болохынх нь тод илэрхийлэл болж байв.
Нутгийн удирдлагын ордны тохилог сайхан зоогийн газарт нь дайлуулж, цайлуулж, улмаар тохилог буудалд нь тухалж хоносон зэргээр бичээд байвал нөгөө “Ямар хүн юугаа” гэдэг шиг юм болох учраас ингээд цэглэв.
Хоёр: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ӨРӨӨНДӨӨ ХҮНДЭТГЭВ
“Төрийн шагнал ихэдлээ” гэж амтай болгон ундууцсан энэ цаг үед нэр хүндтэй энэ шагналыг нэг их тоогоод байдаг нь хэд билээ. Харин Өмнөговь аймаг бол өөр юм аа. Аргагүй биз ээ, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хүн ард нь чулуу шиг хатуужсан, өөр хоорондоо эвсэг дулаан харьцаатай, нэгнээ хүндэтгэх зарчмыг өвөг дээдсээсээ үе уламжлуулан нугагшуулж ирсэн, намчирхал талцал багатай энэ аймгийн хөдөлмөрч ард түмний хүү болон мэндэлсэн Н.Энхбат гэж сайхан залуу аймаг орноо удирддаг юм байна. Ш.Хишигсүрэн гавьяат түүнийг “Урдуураа явсныг ундаалдаг, хойгуураа гарсныг хооллодог сайхан сэтгэлтэй залуу” гэж тодотгож байсан. Тэр бээр Нутгийн удирдлагын ордондоо өглөө эртлэн ирж, хүрэлцэн ирсэн зарим зочидтой нэг ширээнд сууж өглөөний цайгаа хамтдаа уухдаа нутаг орныхоо онцлог, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилго, зорилтынхоо талаар дэлгэрэнгүй ярьж байсан нь сэтгэлд таатай байсаан. Улсын төсвийн чамгүй хувийг бүрдүүлдэг ч, дэгэнтэй догонтой асуудал байдаг л юм байна. Ядах нь ээ, хамаг л эрдэс баялагийг нь хуу хамдаг Гурвантэс сум руу тавих замынх нь 100-аад мил орчим газрын ажил зогсоод хоёр жилийн нүүр үзэж байгаа аж. Эл ташрамд, нутгийн нэг эмэгтэйн ярьсныг тэмдэглэн үлдээхээс аргагүй. Тэр эмэгтэй “Уул нь Макийн нүүрсний том уурхай манай сумын нутагт байдаг юм шүү дээ. Н.Номтойбаяр сайд нисдэг тэргээр ирчихээд л явчихдаг. Сэтгэл байвал энэ жаахан замыг гүйцээгээд барьчихад юу л унав гэм” гэж халаглаж байсан даа.
Ийнхүү Засаг дарга биднийг өрөөндөө урьж, албан ёсны танилцуулгаа хийсний дараа Ш.Хишигсүрэн гавьяат хамт яваа хүмүүсээ нэг бүрчлэн танилцуулахдаа “Аливаа ажлын урагштай байхын уг үндэс нь баг хамт олноо дэлгэрэнгүй танилцуулдаг соёлоос эхтэй” гэдгийг онцолж байсан. Хэдий ядуу ч, морь, бөхөд бол гар татдаггүй манай ард түмэн сайхаан. Гэхдээ оюуныг ингэж дээдэлж ирсэн нь юу л бол. Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, алдар гавьяатнууддаа хадаг, мөнгөн аяга барьдагийг өөрчилж, нутаг орныхоо нэрийг гаргасан хэнийг ч болов, аймаг орон нутагтаа ажилласан, ажиллаагүйгээс үл хамаарч хүн тус бүрт таван сая төгрөгийн урамшуулал олгодог болсноо тодотгоод, Ш.Хишигсүрэн гавьяатад мөнөөх хэмжээний төгрөгийн батламж, дурсгалын зүйл гардуулна билээ.
Мэдээж, хариу талархлын үг, дурсгал дурсамж гээд аль бүрийг бичиж барах билээ. Тэгээд ч хэрэгтэй хэрэггүй сараачсан зүйлийг уншдаг нь ч хэд билээ. Дараа нь бид Даланзадгад сум дахь “Говийн байгаль” түүхийн музей, Хөгжимт жүжгийн театртай нь танилцаад, 320 милийн алс орших Гурвантэс сумыг үд хугаслан зорьсон.
Гурав: ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦИЙГ САНАГДУУЛСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ

Аливаа хүн нутаг орноо мэдэж мэдэх, тэр хэмжээгээр холын хүмүүсийн ой тойнд хоногштол танилцуулна гэдэг нь бас нэг томоохон соёл болжээ, аялал жуулчлалын энэ цаг дор. Даланзадгад сумаас жавхалзсан нэгэн бүсгүй бидэнтэй аяны дөрөө нийлж, хамтдаа хоршуулсан нь “Говийн мэдээ” сонины эрхлэгч Ж.Сайнжаргал юм. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн “Сэтгүүлч” дээд сургуулийг дүүргэсэн тэр бээр арагүй л мэргэшсэн сэтгүүлч юм аа. Аймгийн төвөөс дөнгөж гараад л нутаг орныхоо уул ус, ургамал ногоо, хүн ардынхаа ёс заншлын тухайд чих баясгаж, алдарт Говь гурван сайхан уулынхаа домог түүхээс өгсүүлээд зам зуурт цайвалзан харагдах, үнэндээ зэрвэс харахуйд Үлэг гүрвэл алхаж яваа юм шиг сэрвэн өндөр үргэлжилсэн их уулсаа нэг бүрчлэн танилцуулсан нь тун таатай. Энд нэр нь хүртэл шүлгийн шад мөрийг санагдуулсан алдарт Тосон бумбын нуруу, Ноён сэврэй хайрхан, Нэмэхт хайрхан, Алтан уул гээд л явж өгнө. Хэдхэн хоногийн дараа Тосон бумбын нурууг ЮНЕСКО-гийн Соёлын өвд авах ёслол болох гэж буйг дуулгасан нь эх орондоо хайртай хэн бүхэнд юутай чимэгтэй мэдээлэл билээ. Ингэж замын холыг зай гарах зайгүй довтолгосон бид мөн нэг л мэдэхэд Гурвантэс сумынхаа ёслол хүндэтгэлийн хаалганд од өтгөрсөн цагаар хүрэлцэн ирэв ээ. Энд сумын удирдлага, ахан дүүс, анги хамт олон гээд л үнэхээр нэг ёс төртэй ажил өмнөхийн адил өрнөж, аргагүй л баян сум гэдгээ гайхуулж байна уу, гэлтэй гадаадынхаар бол таван одтой зочид буудалдаа угтан авч, сумын Засаг дарга Ц.Сумьяа Тамгын газрын түшмэдүүдийнхээ хамт оройн зоог барьсан зэрэг бүхнээ товчлов.
Маргааш өдөр нь хүн бүрийн хүсэн хүлээдэг эрдмийн их уурхай болсон хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Энэ сумын сургуулиас эрдэм оюуны их харгуйд хөл тавьсан гавьяат маань төрөлх сумынхаа сургууль, цэцэрлэгт 1000 гаруй номын бэлэгтэй ирснээ албан ёсоор удирдлага, хамт олонд нь гардуулсан их баяр давхар тохиосон. Өглөөн наран дээш хөөрөхүй дор цэцэг цэврүү шиг хөвгүүд, охид сургуулийнхаа зүг яаран, нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхаж яваа нь сурагч үеийн насыг маань эрхдэггүй санагдуулах. Олон хөлийн газар болоод ч тэрүү, тэндэхийн хүүхдүүд их соёлтой юм. Хажуугаар зөрсөн бүхэн “Та сайн байна уу?” гэж мэндчилэх нь хэнд ч таатай байлгүй яахав. Ташрамд бяцхан омогшиход, өчүүхэн бээрийн хүүхдэд зориулан бичсэн, гурав дахь хэвлэл болох “Үнэг туулайн үерхэл” номыг маань багцаар нь дөнгөж нэгдүгээр ангид орж буй хөөрхөн хоёр хүүхдэд гардуулахад хүрэлцэн ирсэн бүхэн тун сайхнаар хүлээн авч байсан даа. Уран бүтээлч хүнд үүнээс илүү шагнал гэж юусан билээ. Сургуулийнхаа номын санд сурах бичгээс өөр номоор тун хомс байхуйд гэнэт хурын ус буух адил монголын сор болсон зохиолчдын, эрдэмтэн судлаачдын ном, бүтээл туурвил гээд л оюуны их сан хөмрөг гэнэт бүрдсэнд үнэхээр баярлаж байсныг нь үгээр илэрхийлэхэд ч гацам.
Энэ л сумынхаа сургуулийн босгыг алхаж, “А”үсгийн ацгийг анхлан заалгаж, 10-ын дотор тоо бодож сурч, анги хамт олноосоо алив бүхнээрээ тэргүүлж явсан Ш.Хишигсүрэн маань сумаасаа төрсөн тав дахь, түүн дундаа анхны эмэгтэй гавьяат гэдгээрээ онцгойрч байв.
Тэр өдөр тус сургуулийн захирал, ахмад сурагчид гээд л олон хүн сэтгэлийн үгээ хайрласны нэг нь Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, физик математикийн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн тэргүүлэгч эрдэмтэн, “Соён гэгээрүүлэгч” телевизийн Мэргэдийн зөвлөлийн гишүүн Х.Цоохүү юм. Тэр бээр нэгэн үгийг онцгойлон сануулсан нь дөнгөж өглөөгүүр замд таарсан нэгэн сурагчаас, миний хүү ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ, гэсэн асуултад “Би цагдаа болно” гэж тов тодорхой хариулсан нь энэ их хөлийн газар хэв журам ямар их хэрэгтэй болохыг тэр бяцхан сурагчийн сэтгэлийн дуудлага харуулж байна гэдгийг онцолж байв. Мөн Ш.Хишигсүрэн гавьяатын дэвшүүлсэн, бүр орон даяар давалгаалуулсан яах аргагүй бодууштай нэг санал нь жил бүрийн хавар олон арван их, дээд, дунд сургуулийн төгсөгчдийн уулзалтын баяр болж, хэчнээн сая, тэрбум төгрөгийг зүгээр л ууж идэхдээ зориулдаг. Тэгвэл үүнийхээ хагасыг ч болов төгссөн сургуулийнхаа хөгжил дэвшилд зориулж байя гэсэн уриаг нь халуун дотноор дэмжсэнийг тэмдэглэж байна.
Дараа нь сумын удирдлага гавьяатаа хүлээн авч, хүндэтэл үзүүлэхдээ, 50 сая төгрөг гардуулсан нь тархи оюуныг дээдэлсэн анхны том шагналыг энэ сум эхлүүлсэн байж ч болох...
Мөн өдөр сумын Соёлын төвд нутгийн оршин суугчидтай уулзалт зохион байгуулж, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын үүх түүх, өв соёл, өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв” сэдэвт бүрэн хэмжээний лекцийг “Соён гэгээрүүлэгч” телевизийн Ерөнхий захирал, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, МУСГЗ Ш.Хишигсүрэн уншиж, зарим эрдэмтэд товч мэдээлэл хийсэн. Мөн очсон газар бүртээ Г.Машбат доктор, Ардын уламжлалт эмнэлэгийнхэн болон ӨМӨЗО-оос уригдан ирсэн Э.Гэгээнтуя нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, эм дом барьж байв.
Лекцийн төгсгөлд хүрэлцэн ирсэн бүх хүнд “Бага хуралдай” эрдмийн чуулган гуравдугаар ботио бэлэглэсэн. Орой нь “Миний нутаг: Монголын домогт говь” урлаг соёлын алдартнууд оролцсон шоу тоглолт болсон. Аль ч сумын төвд байхгүй үзэмжит том Цэнгэлдэх хүрээлэнд нь аяллын бүрэлдэхүүний гишүүн, монгол ёс заншлыг сурталчилан дэлгэрүүлэгч, МУСТА, дуучин Х.Батмэнд, өвөрмөц дуу хоолой, донж төрхөөрөө олныг дагуулсан, МУСТА, дуучин М.Болд, Г.Онон нарын “Дэлхий” хамтлаг, мөн өвөрмөц стиль, испани дуугаараа алдаршсан, МУСТА, дуучин О.Баяржаргал, ардын болон зохиолын дуугаараа алдаршиж яваа дуучин, МУСТА О.Баднаанямбуу нарын уран бүтээлчид ая дууныхаа дээжийг өргөж, Гурвантэсийн тэнгэр дор гурван маралыг гудайтал нь цэнгүүлсэн зэрэг их соён гэгээрэл болов доо.
Дөрөв: ХҮН БАЙТУГАЙ ШУВУУ Ч ҮЛ ҮЗЭГДЭХ ИХ ХЭРМЭН ЦАВ
Бидний аяллын нэг томоохон зорилго нь тэр бүр хүн очоод байж чадахааргүй Монголдоо төдийгүй дэлхийд алдартай Үлэг гүрвэлийн өлгий нутаг, Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг Хэрмэн цавын үзэсгэлэнт газрыг зорьсон юм. Сумын төвөөс 150 милийн алс газрыг хүрэх замд “Наран даац, Батаарын өлгий” жуулчны баазад бяцхан тухалсан. Учир нь тэр баазын ойролцоох сэлүүн толгодод, Халхын Сайн ноён хан аймгийн Ёст засгийн хошуунд амьдарч байсан, Шашин соёлын нэрт зүтгэлтэн Очирдара хувилгаан лам Түвдэнминжүүрийн төрсөн газар “Наран даац”-д түүнд зориулан босгосон хөшөөн суваргад хүндэтгэл үзүүлж, Налайх дүүргийн “Номун далай” хийдийн лам хуврагууд, “Нар Хажид” хийдийн Хандмаа нар ном уншиж, Ш.Хишигсүрэн гавьяат хүрэлцэн ирсэн олонд “Сандуйн жүд” ном, арц хүжийн хамт гардуулж, их аравнайлал өрнөсөн зэрэг шашин номын их зан үйл болсон.
Тэндээсээ бидний байрлан хоноглох, байгалийн үзэмжит Зулганайг зорьж, оройн нар шингэхийн өмнөхөн хүрэлцэн очиход, тус телевизтэй гэрээтэй ажилладаг, Хилийн 0166 дугаар ангийнхан хээрийн асар майхныг тохижуулан угтсан нь өдгөөгөөс яг 50 жилийн өмнө цэргийн сургуульд орж байсан цаг үеийг маань санагдуулж байсан даа. Хээрийн сайхан агаарт, задгай ногоон асарын дор, бараг нүүрэн дээр шахуу номин хөх тэнгэрээс тодрон гялалзах долоон бурхан одондоо залбиран хэвтсэн тэр мөч дахиж тохиохгүй гэж бодохоор сэтгэлд баахан гуниг төрөх. Тийм ээ, хээрийн агаар гэж ямар ч эм тангаас дутахааргүй их эрчис болохыг би бээр бие сэтгэлээрээ мэдэрч, дуг нойрондоо дугжран өглөөг угтсан. Гэтэл мөнөөх шөнө говь ааш аягаа үзүүлж, хүчтэй салхи олныг цочирдуулж, зарим хүн аюурхсан байв.
Хүн байтугай, шувуу ч үл хүрдэг алдарт Хэрмэн цав бидний байрласан газраас 70 гаруй милийн цаахна орших. Ш.Хишигсүрэн гавьяатын хэлснээр алдарт дайралтдаа орж, том оворын автобусаа орхисон бидний аяллынхан нутгийн ахан дүүс, мөн өөрсдийн дагаж явсан төмөр хүлэгтээ хуваагдан сууцгааж, 10 гаруй машин их дайралтад оров доо. Нутгийн хүн гэдэг аргагүй л нутгийн хүн юм аа. Х.Цоохүү доктор бидний суусан машины жолооч тэр их элсийг ямар ч саадгүй туулаад л, өмхөрч өгөршсөн загийг сурмаг нь аргагүй тойроод л гарчих юм. Надад бол яг л дайрчихаж байгаа юм шиг санагдах. Үнэндээ хүчит техниктэй, хэрэг болгон зорьсон хүмүүс л эл дагшин газарт хүрнэ гэхээс, хэр баргийн хүн очоод байхааргүй нөхцлийг байгалийн тогтолцоо нь бүрдүүлжээ. Магадгүй, эх сайхан байгаль маань эрдэнэ болсон нууцаа тэр бүр хүнд дэлгээд байхааргүй нууцлаг хоригийг бүрдүүлсэн байж ч болох.
Ш.Хишигсүрэн гавьяат, энэ сонин ертөнцөд ирсэн хүн бүр дахин төрдөг тухай сонирхолтой яриа дэлгэж, үнэхээр өөр ертөнцөд хөл тавьсан юм шиг тийм нэг сонин мэдрэмж төрж байсан зэрэг тэр бүрээ дэлгээд яахав. Ямар ч байсан хэдэн сая живаа жилийн тэртээ аварга том Үлэг гүрвэлийнхээ нуруун дээр аварга том хүмүүс хөл залгуулан шуугиулж явсан, дэлхийд байтугай Монголдоо ховорхон нууцлаг ертөнц оршсоор байна. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд бороо хур огт ороогүйгээс цөлжилтийн байдал бүрэн ноёрхсон нь, 20 гаруй жилийн тэртээ Иракийн их элсэн цөлийг туулж байсан тийм нэг өнгө төрх санагдаж байлаа. Гэхдээ байгалийн өвөрмөц эл байдал нь олон зуун жуулчдыг соронзон лугаа татсаар байх нь улсын эдийн засагт болоод орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар байх нь дамжиггүй билээ.
Тав: ТЭНГЭР ЭРХСИЙН ДООРХ ИХ ЦЭНГҮҮН
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зулганайн хөндийд дахиж хэзээ ч цуурайтахгүй их дуу хуурын цэнгүүн сэлүүн сайхан байгальд, задгай галын дэргэд болсон нь юутай их бахархал билээ. Өөрөөр хэлбэл, гавьяат цол, энэ тэр шагнал урамшуулал авсан хүмүүс ердөө дөрвөн хананы дунд л ёслолоо хийдэг. Тэгвэл Ш.Хишигсүрэн гавьяат энэ бүхнээс зайлсхийж, асар их зардал чирэгдэл гаргаж байж, төрсөн нутагтаа, бүр хөдөө хээр Гавьяат цол хүртсэнийхээ мялаалга, ёслол хүндэтгэлийг хийсэн нь маш өвөрмөц боллоо. Багийн гишүүд хийгээд сум орон нутгийн удирдлага, ахан дүүс, анги хамт олон, орон нутгийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүний хүлээн авалтыг чадварлаг зохион байгуулж, хүрэлцэн очсон хамтлаг, дуучид, хүмүүс нэгэн шөнийг халгисан цалгисан их хүрээлэлд өнгөрүүлж, бараг үүр цайтал “Уухай, хурай”-н дор дуулж, бүжиглэсэн нь байгаль дэлхий баяссан нь лавтай. Очирдара их гэгээнтний төрсөн газарт номын абшиг өргөөд явсан шөнө Гурвантэс сумын нутагт хөх тэнгэр хураа хайрласанд нутгийнхан сүсэглэж байна билээ.
Эрхэм гавьяатын энэ их хөөр цэнгүүнд хол ойрын өөр олон хүн хүрэлцэн ирж оролцсоныг төгсгөлд нь тодотгох юун. Алс холын Польш Улсаас ирсэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Чулуунцэцэг эмчийн хань, “Оточ манал” компаны захирал Д.Мөнхбаяр, ӨМӨЗО-ны Хөх хотоос Комьпютер оношилгооны нэртэй эмч Э.Гэгээнтуяа өөрийн аав, Баяннуур аймгийн Халиут сумын малчин Ш.Эрдэнэбаатар болон хүүгийн хамт, Чулуу судлаач, бясалгалын багш Б.Нарантуяа, “Очир гэгээн” хүрээлэнгийн захирал Б.Эрдэнэчимэг, аяллынхны зургийн цомгыг бүрдүүлэх завгүй их ажилтай явсан, Азийн шилдэг гэрэл зурагчин С.Энхжаргал, “Соён гэгээрүүлэгч” телевизийн Ерөнхий продюсер У.Ундрах нар болоод зураглаач, гэр бүлийнхэн нь, автобусны хоёр жолооч зэрэг хүмүүсийн сэтгэлийн хурыг тэмдэглэх ёстой. Эдүгээ 70 гаруй нас сүүдэртэй зэрэгцсэн Ш.Эрдэнэбаатарын өвөг дээдэс хувь заяны хатуу эргүүлэгт өртөж, төрүүлсэн ээж нь тавхан настай байхдаа, 1931 онд Өвөрлөгч хошууны харьяат болжээ. Тэдний төрсөн нутаг нь Гурвантэс сум учраас олон арван жилийн дараа охиныхоо ач буянаар өвөг дээдсийнхээ нутагт хөл алхсандаа үнэхээр сэтгэл догдолж байна гэж тэр бээр ярьж байсаан.
Эрхэм гавьяат Д.Чулуунцэцэг эмчийн хань Д.Энхбаяр 1980-аад оны сүүлч үест Москвад Хилийн цэргийн дээд сургуулийг Улс төрийн мэргэжлээр дүүргэсэн, Хилийн цэргийн бэлтгэл офицер болохыг тодруулахад таатай байна.
Газар холын аяныг Төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэдтэй туулахад, тэдний амнаас унах яриа маш өргөн хүрээтэй, дийлэнхдээ улс орны чанартай байдгийг анзаарч явлаа. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн ярианаас “Одоо намчирхаж, талцархдаг байдлаасаа үтэр түргэн салахгүй бол улс орон урагшаа явахгүй гэдэг нь нэгэнт батлагдлаа” гэсэн нь миний бодож явдагтай яв цав нийцэж байсныг зориуд тэмдэглэлтэй...
Маргааш нь Үлэг гүрвэлийн өлгий болсон өвөрмөц тэр нутгаас бид Улаанбаатараа зорьж, Ш.Хишигсүрэн гавьяат ах дүүсийн хамт Баянхонгор аймгийг зорьсон. Тэнд мөн гавьяатад хүндэтгэл үзүүлэх юм гэсэн.
Олон жилийн өмнө бичсэн нэгэн шүлэгт маань,
Өрмөн шаргал говь нь
Зэргэлээ татан туналзсан
Үржил шимтэй хөрсөнд нь
Аранжин эрдэнэ нуугдсан
Хуйлран тоосрон жирэлзэх
Хулангийн сүргээрээ гайхуулсан
Хуугинан шуугинан исгэрэх
Заган шугуй нь алдартай
Өмнийн цэнхэр говь
Миний сэтгэлийн их эзэмдэл ээ... хэмээн гардаг сан. Тэр их хүсэл эзэмдэл маань ийнхүү биелж, үлгэрийн цэнхэр говиор өмөг түшигтэй сайхан хүмүүстэй хамтдаа аялаад ирсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна аа.
МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ
2026.8.30-наас 9.4-ний өдрүүд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn