Ч.БЯМБАА

 

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-ний өдрүүдэд болж байгаа билээ. 

 

"Умард руу" романы монгол орчуулгын нээлт боллоо

Соёлын өдрүүдийн хүрээнд орон төрлийн арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь Хятадын Мао Дуний утга зохиолын шагналт "Умард руу" романы монгол орчуулгын нээлт байлаа. Тус романы монгол орчуулгын нээлт өчигдөр болж номын зохиогч Шюй Зөчэнь Монголын орчуулагчтай уран бүтээлийн туршлагаа солилцож, уншигчдад гарын үсэгтэй номоо бэлэглэсэн юм. 

Хятадын нэрт зохиолч Шюй Зөчэньний “Умард руу” романд Хятад болон Монголын түүхтэй холбогдох их сувгийн тухай гардаг түүхэн роман юм. “Умард руу” роман дэлхийн 20 гаруй оронд хэвлэгдэн гарсан байна. Харин монгол хэлээр хэвлэгдэн гарах нь монголчууд хөрш орны түүхээс судлахаас гадна дэлхийн зохиолыг монгол хэлнээ унших зэрэг давуу талтай гэлээ. 

Зохиолч Шюй Зөчэнь “Умард руу” романд Бээжингээс Ханжоу хүрэх Хятадын их сувгийн тухай гарна. Энэ их суваг бол 2500 жилийн түүхтэй, 1797 км урт үргэлжилдэг их усан гол юм. Хятад төдийгүй дэлхий дахинд алдартай.Би номоороо Хятадын орчин үеийн түүхэн хөгжлийг харуулахыг зорьсон” гэв.

 Зохиолч Шюй Зөчэнь 1978 онд Хятадын Жянсу мужийн Дунхай хотод төрж, Бээжингийн их сургуулийн хятад хэл, уран зохиолын ангийг төгссөн байна. Одоо "Ардын уран зохиол" сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байгаа аж. Түүний голлох бүтээлд "Иерусалим", "Умард руу", "Далай лугаа адил Вангийн хот", "Жунгуаньцунь-ийг гүйж туулсан нь", "Бээжингийн баруун захын түүхүүд", "Хязгаар нутгийн өгүүллэгийн түүвэр"-ийг дурдаж болно.

Тус зохиолыг Өвөр Монголын хэл сурган хүмүүжлийн хороо МУИС-ийн багш нарт орчуулах санал тавьсан байна. Улмаар романыг 50 хоногийн хугацаанд монгол хэлнээ орчуулсан тухайгаа МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Ундрах хуваалцлаа. 

Зохиолч Шюй Зөчэнийн амжилтаас дурдвал Лу Шюнь-ийн уран зохиол, Хятад хэлт уран зохиолын медиа шагнал "Оны шилдэг зохиолч", Фен Мү, Юй Дафу-гийн зохиолын шагнал хүртсэн байна. "Иерусалим" романаараа тав удаагийн Лао Шө-гийн уран зохиолын, зургаа дахь удаагийн Хонгконгийн "Улаан ордон" шагналын шүүгчдийн нэрэмжит шагналыг авсан бол "Умард руу" зохиолоороо арав дахь удаагийн Мао Дуний уран зохиолын шагнал, "2018 оны Хятадын сайн ном" шагналыг хүртжээ. Түүний бүтээлүүд монгол, англи, франц, герман, итали гэсэн 20 гаруй хэлнээ орчуулагдаад байна.

 

Хятад, Монголын уламжлал анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийлээ 

 

Соёлын өдрүүдийн хүрээнд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ӨМӨЗО-ны Хятадын уламжлал анагаах ухааны эмнэлэг болон Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгээс 10 гаруй Хятад, Монголын уламжлал анагаах ухааны эмч хүрэлцэн ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ.

Эмнэлгийн үйлчилгээгээр дамжуулан хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой аж. Монгол Улсын иргэдийн дунд Хятадын уламжлалт анагаах ухаан болон эмнэлгийн үйлчилгээг сонирхох, хэрэгцээ шаардлага өндөр байдгийг эмч нар хэлж байв.

Мөн Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд олон жилийн турш эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж ирсэн нь монгол иргэдэд цаг хугацаа алдалгүй чанартай эмчилгээ үйлчилгээг авах зэрэг олон давуу талыг бий болгож байгаа юм.

Цаашлаад энэ өдрүүдэд урлаг соёл, үзэсгэлэн, худалдаа хэлэлцээр гээд тал бүрийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

 

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

 Монгол, Хятадын "Нахиа" хүүхдийн номын үзэсгэлэн, ном хэвлэлийн солилцооны арга хэмжээ Хүүхдийн төв номын санд өчигдөр боллоо. Үзэсгэлэнд “Цао Вэньшюаний зураг ном: Өвсөн дээвэрт байшин”, “Хятадын уламжлалт нандин моралийн сонгодог үлгэр”, “Эх улсын минь тал хөдөө”, “Бага насны танин мэдэхүйн ном зэрэг” өсвөр үе, залуучуудад зориулсан шилдэг номуудыг дэлгэн үзүүллээ. Энэ үеэр Хүүхдийн төв номын сан болон ЕБ-ын 23 дугаар сургуульд дээрх номуудыг хандивлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn