Галина Уваровагийн “Орчин үеийн Монголын театр 1921-1945” номд “Учиртай гурван толгой” дуурийн 1934 оны тавилтын тайз гэсэн тайлбар бүхий энэ зураг хэвлэгдсэн байдаг.
Зохиолч, найруулагч Д.Намдагийн бичсэнчлэн “Шинэ Монголын шинэ театр”-ын анхны бүрэн хэмжээний бүтээл болох Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой"-г зохиолч аялгуут, эмгэнэлт жүжиг байхаар бичсэн.
“Учиртай гурван толгой” жүжиг тайзнаа анх тоглогдсон талаар “1934 оны хавар, гудамжны шороо бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан байшингаас гарангуутаа Нацагдоржийнх руу явлаа...
...Ард минь Улсын төв театрын жүжигчид зохиолгүй суусаар нэлээд удсан. Энэ бол нэг завод түүхий эдээр дутагдан суусантай ав адил. Миний Нацагдоржийнд ирсний учир гэвэл яаран барих зохиолтой болгож өгөхийг гуйх гэснээс өөр юмгүй. Зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж анхааралтай сонсч, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэсэнгүй хүлээж авлаа. Иймд тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рүүгээ яаран оров” 1 хэмээн дурссан байдаг. Тодруулбал, театрт жүжиг тавих үүрэг хүлээсэн найруулагч Намдаг чухамхүү ямар жүжиг, хэнээр бичүүлэх вэ гэдэг эрэл хайгуулаа шууд Нацагдорж дээр тогтож, түүн дээр ирж, улмаар театрын шинэ бүтээл, хоёр зуун дамжин тоглогдож байгаа сонгодог бүтээл тайзнаа амилах эхлэл болжээ.
Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-г сэдэвлэн бичсэн нь мөн л ардын дунд яригддаг домог. Гэхдээ энэхүү домог нь хүн төрөлхтний хувьд мөнхийн сэдэв болсон хайр сэтгэлтэй холбоотой. Ямар домгоос сэдэвлэсэн талаар Д.Намдаг “Нацагдоржид нэгэн аялгуутай, эмгэнэлт зүйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономитын үед үзэсгэлэнтэй сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив. Би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хүний дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Нацагдорж зөвшөөрөхийн зэрэгцээ үндэсний аялгуут жүжиг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр болгохыг эрмэлзэв” 2 хэмээн дурсжээ.
Хэдийгээр зохиолч, найруулагч хоёр ингэж тохиолцсон ч тухайн үед ая аялгуу дуу зохиох мэргэжлийн хүн байтугай ноот мэдэх хүн бараг байхгүй шахам байсан цаг аж. Тиймээс Д.Намдаг, Д.Нацагдорж нар оролдох нь чухал гэж үзэн хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дүнд нэгэн жүжгийн төлөвлөгөө бүрэн боловсруулж амжсан нь “Учиртай гурван толгой” болжээ.
“Бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв. Төлөвлөгөө гарсны дараа Нацагдорж даруй бичихдээ орох, би хоёр хоногийн дараа эргэн ирж бичиж дууссанаас нь аван шууд сургуулилж эхлэхээр хэлэлцэн тохирлоо” гэж зохиолч дурсамждаа бичсэн байдаг.
Д.Намдаг найруулагчийн “Бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал...” хэмээн бичсэн нь орчуулагч Н.Пүрэвдагвын нэг бус удаа ярилцлагадаа хэлж байсанчлан “Учиртай гурван толгой” бол У.Шекспирийн “Ромео, Жульетта хоёр”-ын монгол хувилбар гэдэгтэй дүйж буух санаа. Тиймээс энэ жүжиг Монголын сонгодог бүтээл болон цаг хугацааны шалгуур даван үлдсэн байна. Түүнчлэн өрнийн боловсролтой орос, герман хэлтэй сэхээтэн, Германд сурч байсан Д.Нацагдорж У.Шекспирийн алдартай жүжгийн талаар уншсан мэддэг байсан гэдгийг судлах сурвалжлах ёстой гэж орчуулагчийн хэлдэг нь яах аргагүй харах бас нэг өнцөг мөн хэмээн санагдана.
“Учиртай гурван толгой” дуулалт жүжиг нь үндэсний дуурийн сонгодог бүтээл гэдгээрээ Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын нэрийн хуудас болсон бүтээл болон өнөөг хүрч, Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаад дуулах нь дуурийн театрын дуучдын чансааг шалгадаг бүтээл болжээ. Ингэж өнөөдрийг хүртэл Монголын театрын тайзнаас буулгүй хэдэн зуун дамжин тоглогдож байгаа бүтээл чухамхүү “Учиртай гурван толгой”-гоос өөр алга. Гэхдээ яагаад төр, засгаас гаргасан шийдвэрээр Д.Нацагдоржийн нэрэмжит болсон албан ёсны тодотголтой Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Учиртай гурван толгой” драм, эсвэл хөгжимт драм гэдэг хэлбэрээрээ өнөө болтол байдаггүй юм бэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.
Уг нь “Учиртай гурван толгой”-г ухвал шинэ өнцөг, шинэ санаа гарч ирэх боломж бий. Тухайлбал, “Учиртай гурван толгой”-г арай өөрөөр найруулж, шинэ цаг руу хандуулж тавих гэсэн оролдлогыг урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Ганхуяг агсан Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга байхдаа 2009 онд хийж, Балган бол хайр сэтгэлдээ шатаж дурласан хүн гэдэг өнцгөөс гаргаж ирж, зарим сонинд “Дурласан Балган” гэсэн гарчигтай сурвалжилга гарч, сонин содон шийдэл боллоо гэж бичигдэж байсан. Жүжгийг тавих үеэр Төв аймагт болсон эрдэм шинжилгээний хурал дээр орчуулагч Н.Пүрэвдагва хэлэхдээ “Ч.Ганхуяг найруулагч жүжгийн зохиолчийн анхны санаа болох их хайр сэтгэлийн төлөөх ширүүн тэмцэл, эмгэнэлт драм талаас нь шийдсэн нь олзуурхууштай санагдлаа. Бас жүжгийн эхэнд, ялангуяа хорвоо дэлхийг алдлан унацгаасан эмгэнэлт төгсгөлийн дараа Нансалмаа, Юндэн, Хоролмаа, Балган бага идэр залуу насыг гаргасан нь амьдрал, мөнхийн хайр сэтгэл тасралтгүй үргэлжлэхийн бэлгэдэл үү гэлтэй санагдлаа. Энэ бол хөөн нэхэх нэг л өнцөг. Хөөх нэхэх аваас бодол эргэцүүлэл дуудах өдөөх өнцөг олон” 3 гэсэн нь “Учиртай гурван толгой”-г ухахад уламжлал ч бий, шинэ юм гарч ирнэ дээ гэдэг бодлыг улам хатгана.
Д.Отгонбаяр “Жүжиг, зохиол, орчуулга-Театрт эрэлттэй хүн” номоос
1 Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр” УБ 1988 х54
2 Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр”. УБ 1988 х55
3 Н.Пүрэвдагва “Жүжиг... жүжиг...”. УБ 2011 х476
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn