Ч.БЯМБАХАЖИД
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. Улмаар 401 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 463 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 58 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд дөрвөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна.
Эх сурвалж: zms.mn