П.АМГАЛАН
"Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн  мэдээлэл хийлээ.   Энэ үеэр  эхнэр Б.Ганцэцэг “ Хүнээ алдана гэдэг хамгийн  хэцүү зүйл байдаг. Ханиа алдсанаас хойш бүтэн жилийн турш олон саад бэрхшээлийг туулж, дарга нарын хаалгыг сахиж, арга мухардсандаа өнөөдөр мэдээлэл хийж байна. 
Миний хань  Д.Жанчив Онцгой байдлын албанд  25 жил ажилласан.  Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, 7000 гаруй хүний амь насыг аварсан. Миний хань 25 жил ажиллахдаа нэгийн нэг  гэсэн албан тушаалд  олон жил үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь  аливаа том гал руу хамгийн түрүүнд ордог, эрсдэлтэй  алба байдаг.  Гэвч  Монголын төр 25 жил ажилласан алба хаагчаа үнэлж чадахгүй байгаад нь харамсаж байна. Албан хаагчийнхаа  ажилласан жил,  гүйцэтгэсэн үүрэг, торойгоод үлдсэн таван хүүхдийг бодоосой гэж хүсэж байна.
Ханиа алдсанаас хойш  ч хоёр удаа хагалгаанд орлоо. Үүнийхээ хажуугаар бусад улсын онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэлийг судаллаа. Ард түмнийг аврагч авардаг бол аврагчийг хувцас, хэрэгсэл нь авардаг байх ёстой. Онцгой байдлын албанд стандартын хувцсыг хангалттай өгөхийг хүсэж байна.
Аврагч, гал сөнөөгчид  цалин хангамж,  хоол хүнсний  асуудал дээр эрхээ хамгаалж дуугарах  үүрэгтэй байдаг.  Тэгвэл эдгээр хүмүүсийн  эрхийг хамгаалдаг байгууллага,  дуугардаг хүн  гэж Монгол улсад байхгүй байна.Тиймээс  Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх таныг зөв шийдвэр гаргаасай гэж гэр бүлээс нь хүсэж байна” гэлээ.
Тэд таван хүүхдийн аав ээж, гэр бүл  болоод 25 жил ханилсан.  Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны  хувьд гурван үеэрээ  энэ салбарт  зүрх сэтгэлээ зориулж яваа баатарлаг үйлстнүүд юм.

Эх сурвалж:www.zms.mn