Б.БОЛОР
Төв аймаг бүх сумандаа “хурдан төв”, “киоск машин”-тай анхны аймаг боллоо. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Хурдан төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн “Киоск машин”-ыг хүлээлгэн өглөө.
Ингэснээр Төв аймаг бүх сумандаа “Киоск машин”-тай болсон анхны аймаг болж байна. Нийт өртөг нь 230 сая төгрөгийн өртөг бүхий “Киоск машин”-ыг Төв аймгийн иргэдийн санал хүсэлтэд үндэслэн Төв аймгаас төвийн бүсэд сонгогдсон гишүүдийн санаачилгаар амжилттай хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн дэмжлэг байсныг албаныхан онцолж байна.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, С.Эрдэнэболд, Д.Батбаяр, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нар оролцлоо. Мөн Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцон сумдын удирдлагууд, төрийн албан хаагчдад "Киоск машин"-ыг хүлээлгэн өгсөн байна.
Сум бүр “Киоск машин”-тай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна иргэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болж буй. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Туваан сумын ИТХ-ын дарга нарын албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютер өгсөн байна. Мөн Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Хүн амын төвлөрөл ихтэй ч интернэтийн сүлжээ муутай Батсүмбэр сумын Баянгол баг, Заамар сумын Хайлааст баг, Мөнгөнморьт сумын дунд сургууль, Жаргалант сумын Загдал, Тал булаг багуудад “Старлинк” төхөөрөмжийг суурилуулахаар боллоо” хэмээн сумын удирдлагуудад төхөөрөмжийг гардуулж өглөө.
“Цахим Төв аймаг” хөтөлбөр, Хурдан төвийн үйл ажиллагаанд тоног төхөөрөмжийн томоохон дэмжлэг үзүүлсэн Төв аймгаас төвийн бүсэд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны сайд, хамт олонд Төв аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа ИТХ-ын дарга Н.Энхболд хэллээ.
Эх сурвалж: zms.mn