Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо  гамшиг ослоос хамгаалахын их үйлсэд  бие, сэтгэлээ зориулж яваа нэгэн эрхмийг “ Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа онцолсон юм. Түүнийг Б.Ганбаатар гэдэг. Тэрээр Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарын ахлагч, сургагч ахлагч юм.

 

-Ярилцлагынхаа эхэнд хоёулаа мэргэжлийнх  нь онцлог, сайхнаас яриагаа эхэлье?

-Би энэ албанд ажиллаад 17 жил болж байна. Энэ хугацаанд олон ч зүйл  сурсан, их өгөөж буянаа хайрласан гэж бодож явдаг. Манай  агаарын ажиллагааны салбарт орж ирж байгаа  залуучууд ер нь шигшигддэг.  Хэн  тэвчээртэй, зориг гаргаж чадсан нь үлддэг. Эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан мэргэжил л дээ.

Энэ алба маань цагаан замтай гэж боддог. Эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг аврах гээд сайн үйл хийж, хүнээс сайшаалын үг сонсож явдаг болохоор бидний зам мөр цагаан байдаг. Ажлаа хийж дуусгачхаад үр дүнгээ хараад суух нь хамгийн сайхан. Хүмүүсийн  баярлаж байгаа сэтгэгдэл их урам өгдөг дөө.

Үндэсний аврах бригад Монгол Улсдаа үүрэг гүйцэтгэдэг нэг анги. Шүхрийн алба анх 1969 онд анх үүсгэн байгуулагдсан. Одоо ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах  бригадын  агаарын  ажиллагааны салбар гэж явдаг.  Манай салбарын онцлог нь  ойн хээрийн түймэр унтраах, агаараас тандалт явуулах, дэмжлэг үзүүлэх  үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.  Унаа машин хүрэх боломжгүй  газар шүхрээр бууж эрэн хайх ажиллагаанд  оролцох үндсэн чиг үүрэгтэй. Чиг үүргийн хүрээнд  Зэвсэгт хүчний 337-р анги, 303-р анги, ОБЕГ-ын харьяа нисэхийн 111-р ангитай хамтран ажил үүргээ гүйцэтгэдэг.

-Анх дуудлагад гарч, шүхрээр бууж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарт 2008 онд орсон. Тэгээд л дараа жил нь хаврын дадлага буултын үеэр анх  шүхрээ харж байлаа. Анх онгоцны хаалганаас доошоо харахад юу харагдахгүй, сандрал, догдлолтой байсан даа.  Тэгж л анх  шүхэртэйгээ танилцаж байлаа. Сүүлдээ сонирхолдоо хөтлөгдөж мэргэжилдээ илүү дуртай болсон.  Онгоцны хаалганаас гараад шүхэр задраад агаар дээр хөвөх нь  үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж байдаг. Дадлагаас дадлагын хооронд шүхрээрээ бууж байна гэж зүүдэлдэг байлаа.

-Энэ хугацаанд олон аврах ажиллагаанд оролцсон байх. Хамгийн удаан хугацаанд үүрэг гүйцэтгэсэн, томоохон дуудлага гэвэл?

-Анх Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарт  орж ирээд үүрэг гүйцэтгэсэн  ажил бол 2009 оны  хавар болсон Сэлэнгэ аймгийн  Хүдэр суманд гарсан ойн хээрийн түймэр байсан. Хавар шар ус буучихсан. Тэгээд л өглөө гараад багажаа үүрээд  л өдөржингөө дан усан дотор алхаж байсан. Тухайн үед 27 хоног үүрэг гүйцэтгэж байлаа. Шантрах, эргэж буцах гэдэг зүйлийг  анх тэнд мэдэрсэн дээ. Гэхдээ шүхрээр буусны дараагаар бодол санаа маань өөрчлөгдөж мэргэжилдээ илүү дуртай болсон.

Энэ хугацаанд оролцсон том  ажиллагаанууд бий. 2013 оны “Бурхан Халдун” хайрханд 71 иргэн төөрсөн. Түүнийг агаараас эрэн хайж аврах ажиллагаанд оролцсон. “Отгонтэнгэр” хайрханы  17 уулчныг хайх ажиллагаанд оролцож байсан. Хамгийн сүүлийн том ажиллагаа нь Турк улсын Анталья хотод болсон  газар хөдлөлтийн гамшгийн голомтод  10 хоног үүрэг гүйцэтгэсэн.

-Хамгийн сүүлд Турк улсын Анталья хотод болсон  газар хөдлөлтийн гамшгийн голомтод  үүрэг гүйцэтгэсэн гэлээ.  Мэдээж их л хүнд нөхцөл байдал  угтсан байх?

-Анх удаа олон улсын аврах ажиллагаанд оролцож үзсэн нь энэ.  Өөрийгөө өмнө нь олон зүйлтэй харьцаад үзсэн, сэтгэлзүйгээ нэлээд бэлтгэгдсэн гэж  боддог байлаа.  Гэтэл нөхцөл байдал дээр очиход кинон дээр гардаг шиг гамшиг  руу орсон.

Биднийг нисэх онгоцны буудалд газардахад БНСУ,  Францын аврагчид  бас бууж байсан.   Биднийг Б.Ууганбаяр генерал удирдаж явсан юм. Бид гамшгийн голомтод харанхуй болж байхад  очсон. Тухайн үед  Б.Ууганбаяр генерал “Одоо шууд аврах ажиллагаандаа орно, цаг  алдаж болохгүй. Бидний энд ирсэн зорилго бол аврах ажиллагаа. Тийм болохоор нэг минутын өмнө орвол нэг хүнийг аврах боломжтой” гэсэн.

Тэгээд л аврах ажиллагаандаа орсон.  Юун дээр орсноо ч мэдэхээ байчихдаг юм билээ. Энд тэндгүй уйлсан, орилсон чимээ.  Дуут  дохио тасралтгүй орилоод л. Хүн сонсголоороо их ядардаг гэдгийг тэнд мэдэрсэн. Тэгээд  хоёр хүүхэд, нэг том хүн аварсан.  3-4 хоноод манай аврагчид  илүү их итгэлтэй болсон.  Манай хоёр  нохой их сайн ажилласан. Хоёр нохой үнэрлээд дохио өгсөн газар болгонд л ямар нэгэн зүйл гарч ирдэг байсан.  Туркууд манай нохойнуудад их сайн. Бид хоёр нохойгоороо их бахархсан даа. 

-Үүргээ гүйцэтгээд эх орондоо ирэх мэдрэмж хамгийн сайхан байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тухайн үед Турк улс одоо амьд хүн гэж  байхгүй гэж үзээд, сэргээн босголтын ажлаа эхлэхээр болж  олон улсын аврагчдыг буцаасан. 

Бид нисэх онгоцны буудал дээр  онгоцоо хүлээгээд удалгүй  МИАТ-ын онгоц газардсан. Автобусаар онгоцонд дээрээ очоод,  буугаад жагсаалаараа  онгоц руугаа явахад онгоцны үйлчлэгч “Монгол Улсад тавтай морил” гэхэд  омогшоод,  нүднээс  нулимс гардаг юм  байна лээ. Онгоцонд суухад тайвшраад,  их гоё санагдсан даа.

- Танай баригад нурангийн бэлтгэл хийдэг үү?

- Манайх  хойноо  нурангийн  талбай хийсэн. Түүн дээрээ байнгын бэлтгэл сургуулилтаа хийдэг.

-Үүрэг гүйцэтгэхэд сэтгэл зүйн байдал их чухал байх?

-Аврагч хүний сэтгэлзүй маш  чухал. Дуудлагаар явахад юу ч тохиолдож, ямар ч зүйлтэй учирч магадгүй  учраас сэтгэлзүйгээ  маш сайн бэлдэх хэрэгтэй. Өөрсдийгөө хурцалж, зоригжуулж юунд ч орж магадгүй гэсэн бодолтой байх хэрэгтэй л дээ. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хоног тодорхой болно. Түүнээс биш  дуудлагаар явахад хэдий хугацаанд явах нь тодорхойгүй.  Гэр бүл маань хүртэл ажлын маань нөхцөл байдалд дасчихсан. 

Үндэсний аврах бригад Монгол Улсдаа үүрэг гүйцэтгэдэг нэг анги учраас хаана  ч очиж үүрэг гүйцэтгэж болно. Тэгэхээр гэр бүлээрээ түргэн авдаг байлаа. Сүүлдээ гэр бүлийнхэн маань ажлыг минь ойлгодог, мэддэг болсон. Том охин маань аавынхаа мэргэжлийг өвлөнө гэдэг.

-Манай улсад ойн хээр болон талын түймэр их гардаг. Түймрийн үед хэрхэн ажилладаг вэ?

- Арван хүний бүрэлдэхүүнтэй нэг баг үүрэг гүйцэтгэлээ гэхэд тухайн цаг мөчид нэг хүнд захирагдаж,  нэг  сэтгэлтэй байх ёстой. Хуваарилсан ажлыг бүрэн гүйцэт, чанартай хийх нь чухал. Манайх  шүхэр десантын гурван бүлэгтэй. Десантын нэг, нисэх төхөөрөмжийн нэг бүлэгтэй. Нисэх төхөөрөмжийн бүлэг гэдэг  нь  агаараас тандалт хийх  дроны бүлэг гэсэн үг.  Гамшгийн голомтод очиход хамгийн түрүүнд дроноор тандалт хийнэ, дээрээс нь зургийг нь авна, бичлэгээ үзнэ. Түймрийн зах хязгаар байна гэдгийг нь харна.

 Өмнө түймрийнхээ цаад захыг нь хаана байгааг мэдэхийн тулд эхлээд 3-4 хүн яваад хэмжээг нь тогтоодог байсан. Нэг, хоёр хоног алхаж байж бүтэн тойрно. Одоо бол дроноо хөөргөөд зах хязгаараа хараад, ажиллах бүлгээ хуваарилдаг. Ингэснээр богино хугацаанд шийдвэрлэх боломж бүрдэж байна гэсэн үг. 

Дорнод , Сүхбаатарын талын түймэр маш хурдан хугацаанд  тархдаг.   Онцгой байдлын алба хаагчдын хурд,  чадвар, бэлэн байдлыг тэнд л шалгадаг. Дарга нарын хурдан шийдвэр гаргах байдал, шилжин байрлах чадвар гээд  богино хугацаанд бүх  зүйл өрнөдөг.

Сүүлийн хэдэн жил  Сэлэнгэ, Дорнод , Сүхбаатарт зонхилж түймэр гарч байна.  Нутгийн иргэд ч гэсэн хариуцлагатай, ухамсартай болсон. Түймэр гарлаа гэхэд хойшоо суудаг хүн байхгүй.

-Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарын ахлагчаар ажилладаг гэлээ. Ямар үүрэг  гүйцэтгэдэг вэ?

- 2021 оноос салбарын ахлагчаар ажиллаж байна.  Тэгэхээр дуудлагад бага явна. Дуудлагад явахад  багаж тоног төхөөрөмж, хөдөлмөр  хамгаалах аюулгүй ажиллагааны хувцсыг нь шалгаж бэлэн байдалд байлгадаг.  Дадлага сургалт, харуул хамгаалалт зэргийг хариуцдаг. Аврагч нарынхаа ар гэр, нийгмийн амьдралыг нь мэдэж байх  ёстой. Энэ дуудлагад гарахад үүрэг гүйцэтгэх  боломжтой юу гэдгийг мэдэх ёстой. Бүлгийн дарга,  салбарын захирагчтайгаа ярьж томилгоо хийдэг. 

- Онцгой байдлын албанд гурван сургагч ахлагч ажилладаг. Тэдний нэг та байх аа?

 -Тийм ээ.  2023 онд Турк улсын Анталья хотод болсон  газар хөдлөлтийн гамшгийн голомтод  ажиллаж ирээд сургагч ахлагч цолыг хүртсэн.

- Та чөлөөт цагаараа та юу хийж өнгөрүүлдэг вэ?

- Ер нь бол зүгээр суудаггүй төрлийн хүн. Янз бүрийн зүйл хийх дуртай.  Зав чөлөө гарвал  гэр бүлийнхэнтэйгээ аялахыг урьтал болгодог.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 34 (7530)