Г.ХИШИГСҮРЭН

Баянчандмань сум Улаанбаатар хотоос холгүйхэн оршдог зам дагуу сумдын нэг. Тийм болоод ч тэрүү аймгийнхаа бусад сумдаас хөгжлөөр илүү. Тус сумын Засаг дарга Б.Баярнэмэхтэй орон нутгийнх нь ажил амьдралын талаар ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Баян­чандмань суманд хэр өвөл болж байна даа? -Сайхан өвөлжиж байна. Манай нутагт энэ жил сайхан зун болсон болоод ч тэр үү өвөлд аж­рах­гүй байна.  Малчид, ард иргэд маань өвлийн­хөө бэлтгэлийг сайн хангасан. -Баянчандмань сумын­хаа тухай яриач? -Нэр усны тухайд гэвэл манай сумын нутагт Чандмань гурван хайрхан гэж уул байдаг. Анх Зам­тын нэг­дэл гэж байгаад хожим Баянчандмань гэж нэр­лэг­дэх болсон. Сум 4000 гаруй хүн ам, 60 орчим мянган толгой малтай нийт­дээ 61,3 мян­ган  хавт­гай дөрвөлжин км нутаг­тай. Үүнээс 14 мян­ган га газар ой модоор бүрхмэл.  3780 шахам  га газар тариалангийн тал­байтай. Вольфром буюу гянт­бол­дын уурхайтай. Бүр социа­­лизмын үеэс л Ун­гар­тай хамтран ашиг­лаж байсан баялаг. -Баянчандмань сум бол аймгийн газар тариалан­гийн бүс нутгийн нэг. Ха­рин мал сүрэг хэр олон бэ? -Манай сум шилжин ирэгсэд  олонтой. Баруун аймгуудаас ирэгс­дийн 60 орчим хувь нь малчид байдаг. Гэвч сум угаасаа бэлчээрийн даац багатай. Тийм болохоор мал аж ахуйг эрчимжүүлэх чиглэ­лээр тодорхой бодлого ба­рим­талж байгаа. “Монта­ри­мал” гээд сүүний томоо­хон ферм ажиллаж байна. “Monegg” гээд 100 мянган өндөглөгчтэй шувууны аж ахуй бий. Цаашдаа Улаан­баатарын өндөгний хэрэгцээг Баянчандмань дангаараа хангадаг болно. -Танай сум ой мод ихтэй, байгаль орчны хувьд сайхан нутаг. Бай­галь орчноо хамгаалах чиглэ­лээр юу хийж байна даа? -Манай нутаг сайхан. Ус ургамал тэгш, хавар зундаа Цээнэ, Даль, Ца­гаан уул гэхчлэн  анхилам цэцгийн орон гэж хэлж болно. Товчхондоо гэвэл цэцэг, эрвээхэй хоёртоо бялуурч байдаг газар даа. Баянчандманы  нутагт олон киноны зураг авсан. Энд Дарьбазарын хад нэртэй газар хүртэл бий.  Байгалийн үзэсгэлэнт газар, ой мод бараадсан амралт сувиллын газар олон. Одоогийн байдлаар гэхэд 20 гаруй амралт сувиллын газар бий. Байгалийн баялаг ихтэй гээд ханцуй шамлан дайрч болохгүй. Манай суманд модоор амьдардаг айл олон. Нэг өрх жилд 1-2 портер хус түлж байна. Огтлохоосоо илүү тарьдаг байя гэсэн зарчмаар ажиллаж байна. Канадын цэнхэр гацуур, өвгөн мод зэргийг нутагшуулахаар зорьж байна. Засаг даргын хувьд “Соёолж” компанид санал тавьж байж, 35 га-д  мод үржүүлгийн томоохон аж ахуй байгуулахаар бол­сон. Түүнчлэн Солонго­сын Аньсан мужтай хамт­ран  мод тарих чиглэлэээр “Everygreen” хөтөлбөр хэ­рэгжүүллээ. Мөн Солон­госын “Шинэ тосгон” хөтөлбөртэй хамтран төв зам дагуух ойжуулалт, тохижилтын ажлыг эхлүү­лээд байгаа.  Байгаль ор­чин, экологио сайжруу­лахад чиглэсэн энэ мэтийн ажлыг хийж байна. Ер нь байгаль ор­чин гэдэг байнга додом­дож, хамгаалж байхгүй л бол их эмзэг шүү дээ. -Танай суманд “Малын банк” гэсэн хөтөлбөр яриг­даад байгаа. Энэ ямар учиртай юм бэ? -Манай сумын нэрийн бүтээгдэхүүний нэг нь сүү юм.  Сүү бол бизнес эрхлэгчдэд нэг боломж байгаа юм. “Малын банк” гэсэн хөтөлбөрийг манай сум анх удаа улсдаа хэрэг­жүүлж байна. Хувьдаа малтай болъё гэсэн хүн малаа сонгоод авчихна. Харин тодорхой хугацаа­ны дараа мөнөөх зээлээ бас малаар эргүүлэн төл­дөг. Өөрөөр хэлбэл нэг үнээ авсан бол төллүүлж, өсгөж үржүүлээд тэндээ­сээ малаараа зээлээ төлнө гэсэн үг л дээ. “Малын банк”-ны ачаар  саалийн ганц үнээгүй хүн цөөхөн болж байна. Энэ нь сүүний үйлдвэрлэлийг нэмэг­дүү­лэх бодитой алхам болж байгаа.  Иргэд энэ хөтөл­бөрт их ам сайтай байгаа. -Баянчандмань сум мөн улсдаа анх удаа хуримт­лалын бүлгийг хэрэг­жүүлж, иргэдээ ажлын бай­раар хангаж, орчин тойрноо ч сайхан тохи­жуулсан байна? -Тиймээ. Манай сум “Хуримтлалын бүлэг” гэд­гийг бас анх удаа хэрэг­жүүлсэн. Үүнийг Ерөн­хий­лөгчийн зарлигаар улс даяар дэлгэрүүлэх турш­лага болгосон. Тэрчлэн “Нэг сум” гээд хөтөлбөр бий. Аль аль нь үр дүнгээ өгч байгаа хөтөлбөр. Хуримтлалын бүлгийн хүчээр олон ч хүн ажлын байртай болж, сум маань ч хөгжиж байна. -Суманд тулгам­даж байгаа ямар асуудал байна вэ? -Асуудал байлгүй яахав. 2008 оны сонгуульд манай намын бүлэг “Бодит шинэчлэлийг богино хуга­цаанд хэрэгжүүлнэ” гэсэн уриатайгаар орон нутгийн сонгуульд оролцож ялж байлаа. Засаг дарга боло­хоос өмнө юм юмыг л хийчихмээр  санагддаг байв. Харин болчихсон хойно бол бодит байдал төсөөлөл хоёр маань холдоод явчихна шүү дээ. Ёстой нөгөө санаа байвч сачий хүрэхгүй гэгч болно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр арга­гүй. Манай сумын жи­лийн төсөв гэхэд 150 сая төгрөг. Үүний ихэнх нь цалин, халаалт дулаанд зарцуу­лагддаг. Засаг даргын нөөц санд жилдээ 3,0 сая төгрөг л байдаг. Хүнээ урамшуулмаар байдаг, тэмцээн уралдаанд явуу­лах, гачигдал зовлон тохиолдсон үед нь тусалж дэмжих, зочин гийчид хүлээж авах гээд хэрэглээ гэдэг өндөр. Энэ бүхнийг зохицуулах л хэрэгтэй болдог. Нуулгүй хэлэхэд гуйлга гуйдаг хүн л болж хувирсан. -Та дарга болсноосоо хойш ямар бодитой ажлууд хийв?

-Манай сум улсдаа анх удаа нэг цонхны үйлчил­гээг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүнд сурталгүй болсон гэсэн үг. Дээр өгүүлсэн “Хуримтлалын бүлэг”, “Малын банк” гэхчлэн иргэддээ хандсан ажил цөөнгүй бий. 30 гаруй  иргэнийг гэртэй болгосон. Нэг ээлжиндээ 650 хүүхэд хичээллэх сургуулийн шинэ барилгаа саяхан хүлээж авлаа. Замын цаг­даагийн хяналтын төвийн байртай болсноор төв замын хяналтыг хэрэг­жүүлж, цагдаагийн ажил­лаж амьдрах орчин сайжирсан. Одоо Соёлын төвийн асуудал байна. Үүнийг хүний хөгжлийн төв болгох холын санаа бий.  Зориулалтын хүүх­дийн цэцэрлэгтэй боло­хоор хөөцөлдөж байна. Ер нь хүнээ дэмжье гэвэл хүүхдээс нь эхлэх хэрэгтэй гэж боддог.