Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой санаатайгаар үйлдэж буй гэмт хэрэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд цахим сүлжээний хурдацтай хөгжлийн нөлөөгөөр үе тэнгийн дээрэлхэлт нь цахим сүлжээнд групп үүсгэн бусдыг дээрэлхэж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэргээр үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэргээр сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох, дээрэлхэх гэмт хэрэг зөрчлүүд олноор бүртгэгдэж буйг цагдаагийн байгууллагаас мэдээлээ.
Иймд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ сарын сарын 13-наас тавдугаар сарын 6-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон”
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан “Өнгөрсөн онд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 2300 орчим гэмт хэрэг бүртгэгдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 530 хэргээр буюу 17 орчим хувь буурсан үзүүлэлтэй байгаа. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээд 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.
Өсвөр насны хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, гадуурхах үйлдэлтэй холбоотой хэрэг маргаан цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
Энэ асуудлаас үүдэн хохирогч хүүхдүүд хамран сурах сургуульдаа сурахгүй байх, тогтворгүй болох, шилжин сурах хүсэлт гаргах зэргээр олон хор уршиг үүсдэг. Иймд урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас "365 анхаарч хайрлая" гэх мэдээлэл нөлөөллийн төслийг 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний үргэлжлэл болгоод “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нэртэй мэдээлэл нөлөөллийн ажлыг тавдугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулах юм. Бусдыг дээрэлхдэг, нэр хүндэд нь халддаг, доромжилдог асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, эрчимжүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээг явуулна" гэлээ.
Энэ аяны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохино байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйд ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн үүрэг хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Сургуулийн орчинд бүртгэгдсэн дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахимаар үйлдэгдсэн байна”
Бусдыг дээрэлхэж, улмаар хүнд гэмтэл учруулсан бол 12 хүртэл жил хорих ялтай байдаг. Зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулиар торгох арга хэмжээ авч шийдвэрлэдэг аж.
Өнгөрсөн онд гэхэд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсныг онцлов. Мөн цагдаагийн байгууллагаас 2025 онд 500 гаруй дээрэлхэлттэй холбоотой цахим группуудыг хаалгах ажлыг явуулсан байна.
Энэ үеэр олон нийтийг цочроосон үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийн шалгалтын явцын талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат "Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Хүүхэд хамгааллын тухай хуульд тодорхой заасан. Хэд хэдэн хүүхэд нэг хүүхдийн биед халдах, биеэр болон цахимаар халдах, заналхийлэх зэрэг үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй бол тухайн зүйл хэсэгт хамаарах зүйлчлэлээр мөрдөх шалгах ажиллагааг явуулдаг. Харин гэмт хэргийн шинжгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгагдана. Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгах болон зөрчил шалгах ажиллагааг хамтад нь явуулдаг.
Цахимд хүүхдүүд нэгэндээ халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дөрөвдүгээр сард багтан шийдвэрлэгдэх байх. Уг хэрэгт хэдэн хүүхэд холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээлэх боломжгүй" гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад интернэт хэрэглээ эрчимтэй өсөж, нийт хүн амын 80 гаруй хувь нь интернэт хэрэглэгч болсон гэх мэдээлэл байна. Тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний дийлэнх нь өдөр бүр цахим орчинд идэвхтэй оролцож, дунджаар 3-5 цагийг өнгөрүүлдэг нь эрсдэлийг нэмэгдүүлж буйг албаныхан хэлж байлаа. Мөн НҮБ болон ЦХИХХЯ хамтран өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 13-17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9-12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь мөн дээрх нөхцөлд орж байсан байна. Хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээг хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн боловсролын байгууллагын орчинд бүртгэгдсэн дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахимаар үйлдэгдсэн гэсэн тоон мэдээлэл бий.
Түүнчлэн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг харуулж байна.
“Е-KIDS” аппликейшнээр дамжуулан хүүхдүүд дээрэлхэлтийн талаар мэдээлэх боломжтой боллоо”
“И-Монгол академи” УТҮГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг “Хүүхдүүд 102, 108 утас руу дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд мэдээлдэг. Тэгвэл хүүхдүүдэд илүү хялбар байлгах үүднээс “И-Монгол академи” УТҮГ нь хүүхэд хамгааллын “E-Kids” цэсэнд шаардлагатай хөгжүүлэлтүүдийг хийгээд байна. Хүүхэд цахим дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд хэн нэгэнтэй утсаар холбогдож мэдээлэл өгөлгүйгээр шууд тухайн нотлох баримтаа аппликейшнд оруулж “E-Kids” аппликейшнээр мэдээллээ дамжуулах боломжтой болж байна. Энэ мэдээлэл нь цагдаагийн байгууллага болон холбогдох хүүхэд хамгааллын байгууллагууд руу очно. Эдгээр байгууллагууд буцаагаад тухайн хүүхдэд асуудал нь ямар түвшинд шийдвэрлэгдээд явж байгааг мэдээлээд явах боломжтой. Тиймээс “E-Kids” аппликейшн нь насанд хүрэгчид болон хүүхэд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ” гэв.
Судалгаанаас харахад цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэл түгших, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сурлагын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Иймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, хүүхдэд цахим орчинд өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар олгох, боловсролын байгууллагууд цахим ёс зүй, хариуцлагын боловсролыг системтэй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn