Зохиогчийн тухай

 

Галина Алексеевна Уварова бол Монголын театрт Зөвлөлтөөс ирж ажилласан гурав дахь мэргэжилтэн. Анхных нь бүгдийн сайн мэдэх А.А.Ефремов сургагч, удаах нь В.А.Борейшо багш. Эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюун дурсамждаа,1939 онд В.А.Борейшо багш маань нутаг буцаж Г.А.Уварова гэдэг эмэгтэй найруулагч ирсэн юм. Ирэхэд нь бас л зохиол байдаггүй учир мэргэжилтэн Уварова маань А.П.Чеховын “Баавгай”, “Ханилахыг гуйсан нь”, “Хурим” гэдэг гурван жүжиг үзэгдлүүд мөн л надаар орчуулуулж,  тэгэхэд театрт ажиллаагүй ч гэсэн нэг үзэгдлийг М.Лувсанжамц, нөгөө нэгийг нь Д.Намдагаар, өөрөө “Баавгайг” найруулж газрын эзэнд Ч.Цэвээн, бэлэвсэн авгай Смирновад Д.Цэрэндулам нарыг тоглуулсан ... гэж бичсэн байдаг. 

Э.Оюуны “Амьдралын зам” /1996/ номд “Г.А.Уварова бидний мэдлэг олох ажилд сайхан ул мөрөө үлдээсэнсэн. Д.Ичинхорлоогийн зохиол бичих, засах, өөрсдийн чадлаар ажиллах боломж олгон анхны жүжиг найруулах ажилд намайг ч гэсэн чиглүүлж, их юм сургасан билээ. Г.А.Увароваг эх орондоо буцахаас хоёр сарын өмнө “Сүхбаатар” кинонд оролцож тоглох хэсэг жүжигчид Зөвлөлт Холбоот Улсад явах болсон юм. Г.Уварова сургагч маань биднийг явсны дараа учир нь мэдэгдэлгүй арваннэгдүгээр сард явсан боловч, дайны уршгаас харьж чадалгүй, буцаж ирж Хятад ажилчны клубт ажилласан юм” хэмээн дурссан байдаг.

Харьцангуй богино хугацаанд Улсын төв театрт ажилласан Г.Уваровагийн Монголын театрын тайзнаа найруулан тавьсан бүтээлүүд гэвэл цөөн аж. Д.Намдаг, Г.Уварова нарын хамтарсан “Гайхамшигт лимбэ” /1940/  “Шарай голын гурван хаан” /1941/,

Э.Оюунтай хамтран найруулсан “Залуу эх Замбага” /1939/, “Ханилах тухай гуйлт” /1941/ Г.Уварова, М.Лувсанжамц, “Хурим” /1941/ Г.Уварова гэсэн товчхон жагсаалт байна.

Харин Монголд ажилласан туршлага, энд ажиллахдаа хийсэн судалгаан дээрээ үндэслэн бичсэн “Орчин үеийн Монголын театр” 1921-1945 ном нь Монголын театрын түүхийн талаар ном бүтээл бичсэн Д.Намдаг, Э.Оюун, С.Дашдондов, Б.Зориг, Р.Нацагдоо, Б.Сүхээ  нарын олон судлаачийн бүтээлд эшлэл болон орж, басхүү заримынх нь үзэж судалсан бүтээлийн жагсаалтад тэмдэглэгджээ. Тодруулбал, Монголд зурвасхан хугацаанд ажилласан найруулагчийн хувьд төдийлөн олон бүтээл үлдээгээгүй ч энэхүү ном нь түүнийг нэгэн цагт “Малый театр”-т найруулагч биш Монгол руу явахаар хийсэн “сонголт”-ын хариулт болж үлдсэн даацтай бүтээл болж байна. 

 

Номын тухай 

 

Юуны өмнө энэ номын хамаарч байгаа цаг хугацааг онцолъё. Г.Уваровагийн судалгаа нь 1921 оны хувьсгалаас өмнөх Монголын театрын үзвэр, гэрийн театр, хятад театрын нөлөө, сайн дурын уран сайханчдын хөдөлгөөнөөс эхлээд мэргэжлийн театр бүрэлдэн тогтсон үеийг  буюу 1945 он хүртэлх хугацааг хамаарч байна. Гэхдээ энэхүү цаг хугацааны бүхий л түүхийг иж бүрэн багтаасан гэхээсээ илүүтэйгээр зохиогч өөрийн өнцгөөс харж, өөрийн онцолж байгаа тэр зүйлдээ илүү анхаарлаа хандуулсан гэж хэлж болно. Түүнчлэн энэ ном нь зөвхөн он цаг, үйл явдлыг хураангуйлан тоочсон төдий бус. Жүжиг, жүжгийн зохиол, жүжигчдийн тоглолт, найруулгын арга  барил, тайзны илэрхийлэл нь монгол ахуй, үзэгчдийн сэтгэлгээнд яаж хүрч байсныг задлан шинжилж, өөрийн дүгнэлтээ хийсэн бүтээл. Жишээ нь  тэрээр, “Дорно дахины шашны судлаачид бүтээл туурвилдаа түүх, гүн ухааны асуудалд гол анхаарлаа тавиад шашин шүтлэгийн гадаад илэрхийлэл болох театр-бодит илэрхийллийг орхисоор өдий хүрчээ. Энэ чиглэлээр судалгаа нарийвчлан хийвэл халхмонголчуудын дунд театр үүссэн түүхийн судалгаа болж олон улсын театр судлалыг баяжуулах төдийгүй монгол угсааны омгийнхны генетик холбоо хамаарал, олон зууны турш хөрш зэргэлдээ оршин тогтнож, хөгжил дэвшлийн хувьд харилцан нөлөөлж, соёл, шашин шүтлэг, ахуйд илрэх ул мөрийг тодруулахад ч тустай болно байх хэмээн бодож байгаагаа зориглон хэлье” гэж бичсэн байна. Түүний энэхүү санаа нь судалгааны шинэ санааны эрэлд хатсан өнөө үед ч анхаарал татахуйц.

Г.Уварова бичихдээ “Ардын хувьсгалаар түлхэн унагасан феодалын нийгмийн оронд ардчилсан нийгэм байгуулж байна. Феодалын хийгээд ардчилсан бүтээн байгуулалтын хооронд завсрын ямар нэг нийгмийн шат байгаагүй нь улс орон дахь олон зүйлд түүний дотор урлагт мэдэгдэхүйц нөлөөтэй байдаг” гэжээ. Үүнийг дурдаж буй шалтгаан нь бүтээлийн хамаарч байгаа цаг хугацааны тухай ярихдаа нийгэм цаг үеийн тусгалын талаар дурдахгүй өнгөрөх аргагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед тавигдаж байсан бүтээлүүд ч тэр, уг бүтээлүүдийн тухай бичнэ гэдэг ч тэр адилхан цаг үеийн үзэл суртлыг тусгана гэсэн үг.  Энэ утгаар нь авч үзвэл орчин үеийн өнцгөөс харах, шашин шүтлэг, хүний эрх, эрх чөлөө талаас нь авч үзэхэд учир дутагдалтай, шүүмжлэлтэй хандах зүйл энэ номд байна. Тухайлбал, “Шашин шүтлэгийн пантомимо-цам орчин үеийн Монголын ёс суртахуунд харш дарлан мөлжигчдийн үзэл санааг илэрхийлдэг” гэсэн түүний дүгнэлттэй энэ цаг үеийн судлаачид санал нийлэхгүй нь мэдээж.

Шашин, лам нар, Богдтой холбоотой энэ номд бичигдсэн зүйлс нь тухайн цаг үеийн үзэл суртлыг тод тусгажээ.

“Улаанбаатарт 1920-иод онд, мэргэжлийн театр байгуулагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан жүжгийн сайн дурын уран сайхны дугуйлангийнхан хэд хэдэн ардын уран бүтээлээр тоглолт хийж байсан нь Хятадын театрын шууд нөлөөн дор, түүний дотор аман зохиолоор тавьсан тоглолт нь хүртэл Хятадын тайзны сонгодог тавилтын хэв маягийг дуурайсан байдаг” гэсэн түүний дүгнэлттэй санал нийлэх нэгэн байхад эс нийлэх нь ч бас байна.

Уран бүтээл цаг үеийн тусгал болж байсны нэг жишээ нь Сүхбаатарын тухай жүжиг. Судлаачийн бичсэнээр,  театр 1934 оноос түүх-хувьсгалын сэдэвт анхаарал хандуулсан байна. Гэгээрлийн яамнаас хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын тухай жүжгийн уралдаан зарлахад найман жүжиг иржээ. Тэдгээрээс “Монгол хүү”, “Монголын сүлд”, “Халхын баатар”-ыг 1934, 1935 онд театрт тавьжээ. “Монголын сүлд” жүжгийг 1934 оны наадам гэхэд тавьсан ба  энэ жүжгийн талаар Г.Уварова бичихдээ, “Жүжиг амжилттай болоогүй. Үзэгчид-ард түмэнд хайртай баатрынх нь тухай дурсамж хэвээр байсан болохоор жүжигт харуулахыг зорьсон Сүхбаатарыг хүлээн аваагүй юм” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн хувьсгалын удирдагч, ард түмний хайртай жанжны тухай бусад бүтээл яагаад амжилтгүй болсныг тус тусад нь тодорхойлон бичжээ. Хувьсгалын удирдагчийн тухай жүжиг амжилтгүй болсон гэж тэр цаг үед монгол хүн бичиж чадах байсан эсэх эргэлзээтэй.

“Миний энэ ажил Монголын театрын хувьд-театр судлалын талаар хийгдэж байгаа анхны оролдлого юм” гэж “Зохиогчийн үг”дээ тэрээр бичжээ. Театр судлалын анхны оролдлого бас  үзэл суртлын өөр цаг үед бичигдсэн, дээрээс нь гадаад хүн Монголын талаар бичсэн. Тиймээс энэ номонд монгол хүн хүлээн зөвшөөрөх аргагүй тодорхойлолт, эсвэл заримдаа нэг жүжгийн тухай өөр өөр нэрээр бичсэн, хүний нэр, театртай холбоотой зарим нэрийг бүхний нэрлэж заншсанаар бус, орос маягаар хийсэн гэх мэт сайн магадлах ёстой андуутай зүйл ч байгаа гэдгийг ч тэмдэглэх нь зүйтэй.  

 

Жүжгийн  тухай

 

Энэ номд нийтдээ 120 шахам жүжгийн нэр байна. Тэдгээрийн дийлэнх нь тухайн жүжгийн зохиолч, найруулагч, жүжгийн агуулгын талаар зарим нь товч, зарим нь  нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг агуулжээ. Театр судлаач Б.Зоригийн “Монголын театрын түүх” /I боть 2018/ номд 1950 он хүртэл  Улсын төв театрт тавигдсан бүтээлийн жагсаалтыг зохиолч, найруулагч, гол дүрд тоглосон жүжигчдийн нэртэй хамт оруулсан байдаг. Эндээс 1945 он хүртэл тавигдсан нь 177 гэсэн тоо гарч байна. Хожмын судлаачдын гаргаж ирсэн тоотой харьцуулахад дутуу тооны жүжгийн тухай өгүүлж байгаа боловч Г.Уваровагийн номд жүжгүүдийн талаарх зарим дүгнэлт сонирхол татна. Тухайлбал, Монголын театрын түүхэнд шинэ үзэгдэл болон гарч ирсэн зарим жүжиг түүнчлэн өрнө дахины жүжгүүд түүний тавилтын онцлогийн талаарх дүгнэлтүүдийг энд онцлон дурдаж болно.

“Шарай голын гурван хаан” жүжгийг “Энэ бол монгол ардын үлгэр домгийг үндэслэн тайзны бүтээл туурвих анхны оролдлого байсан. Театр энэ хүртэл эпост гар хүрээгүй байсан юм” гэж тодотгожээ. Энэ жүжгийн тавилт, онцлогийн талаар бичсэн нь сэргээн тавихад, эсвэл судалгаанд гарын авлага болохуйц. “Энэ хүртэл эпост гар хүрээгүй байсан” гэдэг үг нь “Шарай голын гурван хаан” бол манай театрын анхны эпос жүжиг байсан гэж дүгнэж байгаатай агуулга нэг байна. 

К.Гольдонийн “Хоёр эзний нэг зарц”  бол өрнө дахины сонгодог жүжгүүдээс Монголын театрт тавьсан анхдагч жүжгийн тоонд багтана. 1930-аад оны сүүлчээр үзэгчдэд хүрсэн энэ жүжгийн талаар “Хялбар өнгө хөөсөн шийдэл нь ч үр дүнд хүрээгүй. Үзэгчид гайхаж биеэ барьж сууж байгаад л гарч байсан. Үсэрч дэгдэгнэж нахилзаж байгаа жүжигчид, Докторын цаасан хамар, олс дээсэн дэл сүүлтэй хатуу цаасан морь алийг нь ч хараад Монголын үзэгчид инээсэнгүй” гэсэн нь уг жүжгийн тавилт ямар байсан талаарх товч боловч тодорхой мэдээллийг уншигчдад өгч чадаж байна. Энэ мэт олон жүжгийн талаар, тэр дундаа жүжгийн хятад зохиолууд түүний агуулгын талаарх мэдээллүүдийг Г.Уварова номдоо оруулсан нь анхаарал татна.

Э.Оюун түүнийг Хятад ажилчны клубт хэсэг ажилласан гэж дурссаныг дээр өгүүлсэн. Тэгвэл зураач Лувсангийн Гаваагийн тухай Г.Уварова бичихдээ, Гаваа үндэсний монгол театртаа ажиллахаас гадна Улаанбаатар дахь хятад театрт урилгаар ажиллаж байсан” тухай, 1944/45 оны үзвэрийн жил хятад театрт тавигдсан хоёр жүжгийн тайз заслыг хийсэн тухай өгүүлсэн байдаг. Эндээс Улаанбаатар дахь хятад театр гэдэг нэг сэдэв бас гарч ирж байна.

 

Жүжигчдийн тухай

 

Жүжигчдийн талаарх оновчтой тодорхойлолт бол энэ бүтээлийн нэг онцлог гэж хэлж болно. Монголын шинэ залуу театрын анхдагч жүжигчдийн дүр бүтээх арга хэлбэр, онцлогийг харьцуулан гаргаж ирсэн нь тун сонирхолтой. “Ичинхорлоогийн тоглолтын чадвар уран, тодорхой утгаар маш цэмцгэр. Түүний тоглолтын ур чадварт Монголын бусад жүжигчдийн хэнийхээс ч илүү Хятадын театрын жүжигчний тоглолтын техникийн нөлөө, зохистой үг ярианд голлон анхаардаг “гэрийн” чөлөөт тоглолтын нөлөө тод харагддаг”  гэсэн бол “Ичинхорлоогоос тэс өөр хүн бол гавьяат жүжигчин Цэрэндулам” гээд онцлогийг “жүжигчний үйлд бүр анхнаасаа европ сургалтын дэгээр суралцсан, сэтгэлийн их хөдөлгөөнтэй жүжигчин” гэж тайлбарлажээ.

Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэнгийн тайз, дэлгэцнээ амилуулсан үзэгчдийн сэтгэлд үлдсэн олон дүрийг бодохоор “Долгорсүрэнд инээдмийн дүр тэр бүр зохидоггүй” гэсэн Г.Уваровагийн үг яах аргагүй оновчтой санагдана. Жүжигчин Мятавын Бадамгаравын талаар Г.Уварова бичихдээ “намхан, лагс биетэй, хацар нь тэр аяараа ягаарсан, хүний хараа булаах юмгүй санагдахаар байсан ч нүдэнд нь зальжин оч гялалзсан, шооч нэгэн байсан... Харин “Шидэт лимбэ”-ийн хатан хааны бараг үггүй дүрд тоглосон. Энд л түүний нүүрний хөдөлгөөний хурц чадвар, илэрхийлэл, оновчтой дохио зангаа бүрэн нээгдсэн. Жүжигчний тоглолтын чиг хандлага гротеск инээдэм, тод хурц өнгө будагтай инээдэм болох нь ойлгогдож байлаа. Бадамгарав нөхцөлт гротеск урлагийн чиглэлээр Монголын театр бүтээл туурвил хийх эрхтэйг нотолж байгаа эмэгтэй жүжигчдийн төлөөлөгч яах аргагүй мөн” гэж тодорхойлжээ. Судлаачийн хэлсэнчлэн “нөхцөлт гротеск урлагийн чиглэлээр” цаашид бүтээлүүд театрын урын санд орж ирсэн эсэх гэдэг нь театр судлаачдын  ажил. Харин “Аман хуур” кинонд ардын жүжигчин М.Бадамгаравын бүтээсэн дүртэй харьцуулан бодохоор “нүүрний хөдөлгөөний хурц чадвар, оновчтой дохио зангаа”-г харуулдаг жүжигчний  тухай их оновчтой хэлжээ гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрэх жишээтэй.

Жүжигчин Лувсанбалдангийн Лувсангийн талаар жижиг дүрийн мастер гэж тодотгон ном хэвлэлд бичсэн нь олонтаа байдаг. Уварова сургагчаар ирээд Францын нэгэн зохиолчийн “Хэлгүй эхнэр”, “Гүүр” гэдэг жижиг үзэгдэл, мөн хардахын бурууг харуулсан Д.Намдагийн “Раашиймаа” гэдэг жижиг үзэгдлийг нийлүүлж, нэг оройн үзвэр болгож тоглуулсан байна.  “Ганцхан үзэгдлийн хугацаанд хэн нэг хүний дүрийг зөв сайн гаргахад гурван цагийн урт жүжигт тоглон гаргахаас хэцүү байдаг учир жүжигчний шийдвэрлэл, чадварыг дээшлүүлэхэд чухал юм гэсэн нь манай жүжигчдэд аргагүй чухал сургууль болсон билээ. Тэр үед залуу жүжигчин байсан Л.Лувсан хэлгүй эхнэрийн хардаж уурлах, элдвээр авирлахыг тэвчиж чаддаг, хүнлэг өрөвч сэтгэлтэйдээ ингэж байгааг тун нарийн ухаан гаргаж тоглосон. Тэгэхэд  энэ хүн түүнийг жижиг ролийн мастер болох хүн байна гэж мэргэжилтэн хэлж байсан” гэж Э.Оюун бичсэн байдаг.

Улсын гавьяат жүжигчин Чимэдийн Цэвээний намтрыг яагаад Монголын театрын амьд түүх гэж хэлж байгаа, найруулагч М.Лувсанжамцыг яагаад “Монголын театрын төрүүлсэн жинхэнэ хүн” гэж үзэж байгаа гэхчлэн уншигчид аяндаа уншаад учрыг тайлах учир олон жишээ дурдах нь илүүц буй за. 

 

ГИТИС-т байсан тухай  

 

Галина Уварова Монголд ажиллаж байснаасаа хойш бараг 20 шахам жилийн дараа Монголын театрын зүтгэлтэн Э.Оюуныг эрдмийн зэрэг хамгаалаад дэмжиж тусалсан хүний нэг аж. Э.Оюун 1957 онд А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургууль /ГИТИС/-ийн аспирантурт суралцахаар очиход сургуулиас түүнд эрдмийн ажлын удирдагчаас гадна чиглүүлж хариуцаж ажиллах багш томилж өгсөн нь Г.Уварова байжээ. Монголд ажиллаж байсан Уварова мөн гэдгийг лавлаж мэдээд ихээхэн баярласан, бас судалгааны ажлын талаараа байсхийгээд гэрт нь очиж зөвлөгөө авдаг байсан, оросоор бичсэнээ  Уваровагаар дахин дахин засуулдаг байсан, тэр хүн ч тээршаахгүй албатай юм шиг л засч өгдөг байсан тухай Э.Оюун гуай дурсамждаа бичсэн байдаг. Эцэст нь хамгаалах болж комиссын хурал дээр “Намайг театрыг овоо мэдэж байна гэж байгаа бол энэ нь Зөвлөлт улсаас манайд 1936-1950 он хүртэл очиж биднийг урлагийн ажилд сургаж байсан мэргэжилтнүүдийн ач гавьяа. Түүний нэг нь энэ Г.А.Уварова сууж байна” гэж Э.Оюун хариулж байжээ.

Э.Оюуныг 1957-1960 онд аспирантурт сурч байхад Г.Уварова тус сургуульд багшилж, Монголын театр судлалын анхны эрдэмтдийн нэгийн эрдэм судлалын ажилд чиглүүлж тусалж байсан нь энэ.

 

Намтрын тухай

 

Монголын театрт ирж хоёр жил гаруй ажиллаж, “Современный монгольский театр” /1921-1945/ гэдэг ном бичиж, Монголын театраас эрдэмтэн судлаач төрөхөд хамт байсан Г.Уварова гэдэг энэ эмэгтэйн талаар мэдээлэл тийм ч элбэг бус.

“Комсомольская Искра” сонины 1986 оны есдүгээр сарын 17нд нийтлэгдсэн эх сурвалжтай нийтлэлд бичсэнээр бол Галина Алексеевна 1903 онд төрж, 1986 онд нас барсан. Бага залуугаасаа комсомолын гишүүн болсон, Ленинградын Театр урлагийн дээд сургууль төгсөөд улсынхаа хамгийн эртний, хамгийн алдартай “Малый театр”-т туслах найруулагчаар таван жил ажиллаад бие даан найруулагчаар ажиллах боломж гарч ирэх үест Монголд томилолтоор ажиллахыг сонгосон байна. Мөн Г.Уварова улс орнуудын ардын аман зохиол дахь баатарлаг туульсийг ихээхэн сонирхон судалж байсны дотор “Гэсэр” туужийн нэр дурдагджээ. Энэхүү нийтлэлд мөн түүний диссертацийн тухай өгүүлсэн байна. Угтаа бол тэрээр Оросын нэрт жүжигчин эмэгтэй Комиссаржевскаягийн тухай судалгаа хийж байсан боловч “Танд Монголын театрын тухай ийм материал байна! Энэ талаар нэг ч мөр алга” гэдэг үг түүний чиглэлийг өөрчилжээ. “Надад нэгэн цагт хэцүү байсан диссертаци энэхүү том хэмжээтэй, үзэсгэлэнтэй зурагтай хэвлэлийн үндэс суурь болсон” гэж тэрээр хэлж байсан тухай нийтлэлд тэмдэглэжээ. Энэ бол “Искусство” хэвлэлийн газраас хэвлүүлсэн, хавтас дээр нь монгол харваачийн зурагтай гоёмсог дизайнтай, “Г.Уварова. Орчин үеийн Монголын театр” гэсэн бичээстэй ном. Харваачийн зураг гэдэг учиртай аж. Монголын театр ийм дүрслэл бүхий логотой байжээ. Энэ ном гарснаас хойш хэдэн жилийн дараа Галина Алексеевна мөнхүү хэвлэлийн газарт Узбекийн драмын театрын түүхийн талаар бүр ч өргөн хүрээтэй ном хэвлүүлжээ. Одоо түүний энэ хоёр ном Оросын төдийгүй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон улсын олон хотын номын санд байна гэж цахим бүртгэлээс нь гарч ирж байна.

“Комсомольская Искра”-гийн нийтлэлд дэд профессор, Б.В.Щукины нэрэмжит Театрын сургуулийн шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн орлогч захирал байсан гэж бас тодотгосон байна. Дээр дурдсанчлан Э.Оюуныг эрдмийн зэрэг хамгаалахад ГИТИС-т багшилж байсан гээд бодохоор Галина Алексеевна Уварова театрын мэргэжилтэн багшийн хувьд тухайн үедээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байжээ гэж хэлж болно.

Сэтгүүлч И.Хазин нийтлэлдээ “Дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн олон тооны эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, өгүүллийн зохиогч гэдгээр нь цөөхөн хүн мэддэг байв. Гэхдээ Галина Алексеевна гомдоллодоггүй. Тэр хэрэгтэй хүн нь түүнийг олж уншина гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

 

Эцэст нь тэмдэглэхэд

 

Галина Алексеевна Уваровагийн “Орчин үеийн Монголын театр” /Современный монгольский театр. 1921-1945/ хэмээх ном анх  Зөвлөлт Холбоот Улсад  1947 онд хэвлэгджээ. Монголын нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн уг бүтээлд оршил бичиж “Монголын театрын хөгжлийн түүхэн чухал үеүдийн тухай өгүүлсэн анхны, цорын ганц бүтээл” хэмээн тодорхойлсон байна. Энэ бол уг номын шинжлэх ухаан, соёлын үнэ цэнийг тод илэрхийлж байгаа тодорхойлолт гэж хэлж болохоор.

Театр урлагийн судлаачид, уран бүтээлчдийн дунд яригдаж, театр урлагийн судлалын ном бүтээлүүдэд нэр нь дурдагдаж байсан ч гэлээ өнгөрсөн 80 жилд энэ ном монгол хэлнээ бүрэн эхээрээ орчуулагдан гараагүй ямар нэгэн байдлаар “гээгдэж” өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл, орос хэлээр уг бүтээлийг уншиж, судалгаа номдоо ашигласан хүмүүсийн ишилсэн, дурдсан тэр хэмжээнд л хүлээж авч байсан гэсэн үг.

Яагаад Г.Уваровагийн “Орчин үеийн Монголын театр” ном ийм удаан “чимээгүй” байсныг эрж хайх нь тийм ач холбогдолтой зүйл биш. Харин энэ ном өнөөдөр Монголын театр урлагийн судлалд эх сурвалжийн хувьд байх ёстой бүтээл мөн үү  гэдэг харин ач холбогдолтой зүйл юм.

Шинэ Монголын шинэ театрын хөгжлийн эхний 15 жил болон түүнээс өмнөх цаг үеийн тухай авч үзсэн судалгааны энэхүү бүтээлийг уншигчдад хүргэхийг зорьсон орчуулагч Норовын Пүрэвдагвын хөдөлмөрийн үнэ цэн энэхүү хоёр дахь асуултад хариулт болж байна.

 

Д.ОТГОНБАЯР

доктор /P.h.D/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn