Ч.БЯМБАА  

 

УИХ-ын нэгдсэн чуулганаар улс төрийн хүрээнд анхаарал татаж буй хуулийн төслийн нэг бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 21 гишүүний 14 нь буюу 66.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ. Улмаар тус хуулийн төслийг хэлэлцэх, эсэх санал хураалтыг энэ долоо хоногийн пүрэв гарагт хийхээр болов.

 

Хуулийн төсөлд:

Нэгдүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй.

 

1/9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт:

• “9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн гуравт зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан”

 

2/9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт:

• “9.1.6.Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн”

 

3/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг

• “9.2.Энэ зүйлийн 9.1.5-д заасан хүсэлтийг Улсын Их Хурал гаргахдаа дараах асуудлаар гаргасан иргэний гомдлыг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна.

• 9.2.1.Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан

• 9.2.2.Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй.

• 9.2.3.Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй.

• 9.2.4.Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн.

Хоёрдугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” гэж, есдүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “тогтоол гаргана” гэсний дараа “Энэ хуулийн 9.1.4, 9.1.5, 9.1.6, 9.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж гишүүнийг эгүүлэн татах тухай тогтоол баталсанд тооцно” гэж тус тус нэмсүгэй.

Гуравдугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсгийн “гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэснийг “байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан” гэж, мөн зүйлийн 9.1.5 дахь хэсгийн “үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэснийг “үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн” гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн “9.1.6-д” гэснийг “9.1.8-д” гэж, мөн зүйлийн 9.4 дэх хэсгийн “9.2” гэснийг “9.4” гэж, мөн зүйлийн 9.1.4, 9.1.5, 9.1.6 дахь заалтын дугаарыг “9.1.5, 9.1.7, 9.1.8” гэж, мөн зүйлийн 9.2, 9.4 дэх хэсгийн дугаарыг “9.4, 9.5” гэж тус тус өөрчилсүгэй.

Дөрөвдүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “, энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах” гэснийг, мөн зүйлийн 9.4 дэх хэсгийн “9.3”, “, эгүүлэн татах”, “, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар”, “, 9.1.5” гэснийг тус тус хассугай.

Тавдугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай" хэмээн заасан.

 

Энэтхэг улс

 

Энэтхэгт ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг парламент өөрөө шийдвэр гаргаж хариуцлага тооцдог. Энэтхэгийн парламент нь ёс зүйн хороо (Ethics Committee), эрх, дархлааны хороо (Privileges Committee)-гоор гишүүний ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын зөрчил, худал мэдүүлэг зэргийг шалгадаг байна.

Улмаар ёс зүйн зөрчил тогтоогдвол Сануулах, Түдгэлзүүлэх (suspension) буюу тодорхой хугацаанд хуралд оролцох эрхгүй болгох, Хасах (expulsion) буюу гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох арга хэмжээг авдаг байна.

 

Канад улс

 

Канадын парламент нь  гишүүдэд хяналт тавих механизмтай. Ингэхдээ Ёс зүйн хяналтаар шалгаж ашиг сонирхол, ёс зүйн зөрчлийг тогтоодог. Дараагаар нь боломжит арга хэмжээг авч, сануулга өгөх, ил тод тайлан гаргах (олон нийтэд мэдээлэх), огцрох шаардлага хүргүүлэх зэргээр арга хэмжээг авдаг байна.

Парламентын зүгээс ховор тохиолдолд гишүүнийг түдгэлзүүлэх, онц ноцтой бол хасах (expel) боломжтой байдаг байна. Харин зарим мужид бага зэрэг ялгаатай байдлаар шийдвэрлэдэг аж. Тодруулбал, Бритиш Колумб мужид сонгогчид гарын үсэг цуглуулж гишүүнийг эгүүлэн татах боломжтой байдаг байна. Гэхдээ энэ нь босго өндөр (олон гарын үсэг шаарддаг) бодит байдал дээр амжилттай хэрэгжсэн нь маш цөөн байдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn