МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D),  “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач

Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ

 

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүнээс улбаалсан дэлхийн дулаарлын асуудал өдрөөс өдөрт хурцдаж, шийдвэрлэхээр хүлээгдэж буй. Урьд цагт дэлхийн эдийн засаг зөвхөн хөгжилд анхаарч, байгаль орчин хамгааллыг орхигдуулж ирсэн нь дэлхийн эдийн засгийн тэнцвэрт байдлаа алдах үндсэн шалтгаануудын нэг болов. Хүлэмжийн хий бага ялгаруулдаг эдийн засаг нь эрчим хүчийг хэмнэн, хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах технологийн инноваци, үйлдвэрлэлийн бүтэц болон тогтолцооны инновац,  хүн төрөлхтөний оршин тогтнох хөгжлийн үзэл баримтлалын өөрчлөлт зэргийг цөм болгодог. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд эдийн засгийн шилжилт, үйлдвэрлэлийн бүтэц, санхүүгийн тогтолцоондоо зохицуулалт хийх шаардлагатай тулгараад байна.

Тэгвэл өнөөдөр Хятад улс олон улсын шинжтэй байгаль экологийн энэхүү сорилт бэрхшээлийг даван туулах экологийн шинэ соёл иргэншилийн тухай ухагдахууныг дэвшүүлж, экологийн засаглалын шинэ арга замуудыг санал болгох болсон. Урьд эдийн засгийн өсөлтийг тэргүүн эгнээнд тавьж, хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлуудыг дараагийн эгнээнд тавидаг байсан бол хөгжлийн үзэл баримтлалдаа шинэчлэлт хийж, нийгэм эдийн засгийн бүхий л салбарын бодлогод байгалд халгүй тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэх ёстойг зааж, хүн хийгээд байгалийн хамаарлыг илүүтэй тооцоолох болоод байна.

Өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараагаас Хятадын ДНБ 30 гаруй жилийн хугацаанд тогтмол 10 хувиас дээш өсөлтийн хурдыг хадгалсан нь энэ цаг үеийн дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсөлттэй улс орнуудын нэг нь болж, эдийн засгийн нийт хэмжээ 2009 оноос Япон улсыг давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болов.  Дэлхийн аль ч улс орон хөгжихийн тулд байгалийн баялгаа хэт их ашиглах, аж үйлдвэржилт, хотжилтын бүтээн байгуулалтад илүү төвлөрөх, ингэснээр хүрээлэн буй орчноо бохирдуулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх зэрэг экологи хүрээлэн буй орчны олон асуудалтай тулгардаг. Хятад улс ч энэ замыг тойрч гарсангүй, ялангуяа өөрчлөлт шинэчлэлтийн бодлого, арга хэмжээ ид хэрэгжиж эхэлсэн 70, 80 -аад онуудад хэт хурдтай хөгжлийн сөрөг үр дагавар болж байгаль орчны ноцтой доройтол үүсчээ.

 

Эдийн засгийн өсөлтөөс байгальд ээлтэй тогтвортой хөгжил өөд

 

Эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган, ялангуяа XX зууны 70, 80-аад онуудад Хятад улс хүрээлэн буй орчны ноцтой доройтолд орж, агаар ус бохирдох, ой мод цөөрөх, газар хөрс гэмтэх зэрэг асуудал үүсч, улмаар нийтийн эрүүл ахуйн нөхцөл ихэд дордож, экологийн сүйрэлд хүрэх хэмжээнд хүрсэн байна.

Ингээд Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлт болон хүрээлэн буй орчны хамгааллыг тэнцвэржүүлэхийн тулд улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх “10 дахь таван жилийн төлөвлөгөө” (2001-2005) -ндөө “шинжлэх ухаанчаар хөгжих” үзэл санааг анхлан оруулжээ.

Дараагийн буюу “XI таван жилийн төлөвлөгөө" (2006-2010)-ндөө эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах, хязгаарлах хатуу стандартуудыг оруулж, “хүлэмжийн хий бага ялгаруулах онцлог бүхий үйлдвэрлэлийн тогтолцоо, зарцуулалтын загвар” байгуулах санал оруулав. Эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийг багасгах зорилгыг биелүүлэхийн тулд Хятадын Төв Засгийн газар 18 салбарын хоцрогдсон үйлдвэрлэлийг таягдан хаях зорилтот үүрэг даалгаварыг тодорхойлж, засгийн газрын тохирсон хяналт шалгалтын тогтолцоог давхар байгуулж, бүх шатны засаг захиргаа тус орны үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалт дахь алхмаа хурдасгасан  байна.

Харин  “XII таван жилийн төлөвлөгөө” (2011-2015)–ний хугацаанд “Технологийн инновацийг урагшлуулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх явдлыг урагшлуулах” ёстой хэмээн үзэж, аж үйлдвэрийн бүтцийг зохицуулан, сайжруулах, Хятадын аж үйлдвэрийн шилжилтийн шат ахих өсөлтийн ажлыг хэрэгжүүлэхээр заажээ.

 

“Экологийн соёл иргэншил”-ийн үе: Хүн хийгээд байгалийн зохирон оршихуй

 

Хятад улс XVIII их хурлаараа цогц, уялдаатай, тогтвортой хөгжлийн стратеги баримтална, ингэхдээ хүрээлэн буй орчны хамгааллыг эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн бүтээн байгуулалт нэг бүрт шингээн нэвтрүүлэх ёстойг онцолсон. Мөн экологийн соёл иргэншлийг улсын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд оруулж, нөөц баялгийг хэмнэх, хүрээлэн буй орчныг хамгаалах явдлыг төрийн үндсэн бодлого байхаар томъёолж, ногоон хөгжлийн хэв маяг, ногоон амьдралын хэв маягийг бүрдүүлэх ёстой гэж заав. Өөрөөр хэлбэл өмнөд хөрш улс цаашид хүрээлэн буй орчны нөлөөлөл хамгийн бага байх үйлдвэрлэл, технологи дээр тулгуурлаж, эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн үг.

“XIII таван жилийн төлөвлөгөө” (2016-2020)-нд Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг улсын хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болгож, нийгэм эдийн засгийн хөгжлийн бүхий л үйл явцад ногоон шилжилтийг ахиулах, “Үзэсгэлэнтэй Хятад орон”-ыг бүтээн байгуулах зорилго дэвшүүлсэн. Мөн эрчим хүчийг хэмнэж, хүлэмжийн хийг багасган, цэвэр үйлдвэрлэлийн технологийг ахиулахаа мэдэгдсэн. Түүнчлэн дэлхийн хүрээлэн буй орчны засаглалд идэвхтэй оролцож, ногоон “бүс ба зам” бүтээн байгуулалтаар дамжуулан олон улсын ногоон технологийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцлов.

Харин “XIV таван жилийн төлөвлөгөө” (2021-2025)-ндөө нутаг дэвсгэрийн орон зайн нээн хөгжүүлэлт, хамгааллын тогтолцоог бий болгож, голлох үүрэг бүхий бүс нутагтай уялдах бодлогыг сайжруулж,  үндэсний цэцэрлэгт хүрээлэн голлосон байгаль хамгааллын газрын тогтолцоог байгуулах. Мөн энгийн, хэмнэлттэй, тохирсон, хүлэмжийн хий бага ялгаруулдаг ногоон амьдралын хэв маягийг уриалж, тансаг, үрэлгэн, зохисгүй хэрэглээг эсэргүүцэж, хэмнэлттэй байгууллага, ногоон гэр бүл, ногоон сургууль, ногоон хороолол болон ногоон аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг байгуулан хөгжүүлэх ёстой талаар заажээ. Түүнчлэн экологи хамгааллын улаан шугам, байнгын үндсэн тариалангийн талбай, хот суурин газрыг нээн хөгжүүлэх хязгаар гэсэн гурван хязгаарлалтын шугамыг тодорхойлох ажлыг гүйцэтгэх бодлого баримтална гэжээ.

Ийнхүү Хятад улс 2000 оноос эхэлж эдийн засгийн ногоон шилжилт хийхэд анхаарсны хүчинд эдүгээ мэдэгдэхүйц амжилтад хүрэв. Жишээ нь:

- Агаарын чанар мэдэгдэхүйц сайжрав. Хятадад зарим бүс нутагт агаарын бохирдол өндөр хэвээр байгаа ч гол том хотуудад нөхцөл байдал илт сайжирч, PM2.5 түвшин сүүлийн жилүүдэд буурчээ.

- Сэргээгдэх эрчим хүч нэмэгдэв. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлөөр дэлхийг тэргүүлж, нарны, салхин, усан цахилгаан станц барих төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулаад зогсохгүй шинэ үйлдвэрлэл, шинэ хөдөлмөр эрхлэлтийн боломжуудыг ч өргөнөөр нээжээ.

-  Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт. Хятад улс экологийн унаган төрхийг сэргээх олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлээд байна. Ганцхан жишээ дурдахад мод тарих, ойжуулах замаар ой модны эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэн, цөлжилттэй тэмцэх, агаарын чанарыг сайжруулах бодлого барив. “Ногоон цагаан хэрэм” зэрэг санаачилга дэвшүүлж, Хятадын хойд гурван муж болох Шибэй, Хуабэй, Дунбэй бүс нутагт ихээхэн хэмжээний газар нутаг дамжиж, ойжуулах ажил хийж байна. Уг төслийн ажил 1978 оноос эхэлсэн ба нийт 73 жилийн урт хугацаанд хэрэгжих ба 2050 он гэхэд дуусгана гэж урьдчилан төлөвлөжээ.

Эх сурвалж: https://www.researchgate.net/figure/The-projected-extent-of-Chinas-Great-Green-Wall_fig1_358818683

-  Олон улсын хамтын ажиллагаа: Хятад улс уур амьсгалын өөрчлөлт, байгалийн олон төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой хөгжил зэрэг салбарын олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн хүрээлэн буй орчны засаглалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болов. Ногоон “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зам дагуух улс орнуудад ногоон эрчим хүчний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эрчим хүчний технологи тоног төхөөрөмжийн салбарын хамтын ажиллагаа бэхжүүлэх болов. Мөн тус санаачлагын хүрээнд ногоон хөгжлийн олон улсын холбоог байгуулж, улс орнуудтай ногоон хөгжлийн бодлогыг харилцан уялдуулахад анхаарч, нөлөөллөө нэмэгдүүлж байна.

 

Ногоон хөгжлийг ахиулахад тулгарч буй сорилтууд

 

Хятад улс ногоон хөгжлийн салбарт томоохон амжилт олоод байгаа ч багагүй сорилт бэрхшээлтэй тулгараад байна. Жишээлбэл, Хятадад 2022 оны байдлаар ойролцоогоор 52 сая жижиг, дунд аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна [1]. Энэ нь байгаль хамгаалалтай холбоотой дүрэм журмуудыг улс даяар, тэр дундаа ийм олон тооны аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлэх, хэрэгжилтийг хянахад хүндрэл учирдаг. Мөн ногоон эдийн засгийн шилжилтийг хийхэд цэвэр технологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой дэд бүтцийн бүтээн байгуулалтад асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах аж. Холбогдох судалгаанд 2021-2050 онд тус улсад ногоон хүлэмжийн хий бага ялгаруулдаг салбарт шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ 487 их наяд юань, энэ нь  ирэх 30 жил Хятадад жил бүр ногоон салбарт 16 их наяд юань-ий санхүүжилт хэрэгтэй [2] гэсэн үг. Үүнээс гадна нэн ядуу болон үйлдвэрлэлийн бохирдол өндөртэй бүс нутагт эко хөгжил, эдийн засгийн хөгжлийн тэнцвэрийг хадгалж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хүндрэл учирчдаг. Бас нэг учирч байгаа хүндрэл нь ард иргэд, олон нийтэд байгаль эхээ хайрлах ухамсрыг суулгах явдалт Тиймээс ард иргэдийн ногоон эко хөгжлийн боловсролыг бага наснаас нь суулгахад анхаарч эхэлжээ.

Монгол Улсын хувьд төрөөс ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах бодлого баримталдаг. Монгол улсын засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлого улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, “ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх”, “ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасан.

Түүнчлэн 2014 оны “ногоон хөгжлийн бодлого”-ын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга зам хэсэгт Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн үрэлгэн хэрэглээ, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгох замаар эрчим хүчний үр ашгийг 2030 он гэхэд 20 хувь нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж, тус салбарт ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг томоохон зорилт тавьсан байдаг. Тэгвэл бодит байдал дээр одоо ашиглаж байгаа нар, салхи, уснаас гарган авч байгаа сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ манай улсад ойролцоогоор 9,6 хувь орчим байна. Өөрөөр хэлбэл бидний тавьсан зорилго, бодит байдал хоёрын хооронд алд дэлэм зай байна.

Хятад улс өнөөдөр ногоон хөгжил тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт асар хурдтай хөгжжээ. Тэд богино хугацаанд амжилтад хүрсэний үндэс нь холбогдох бодлогуудыг шинжлэх ухаанчаар, залгамж халаатай, дагалдах гүйцэтгэлийн арга хэмжээтэй нь цуг боловсруулахын зэрэгцээ төрийн байгууллагууд нь хоорондоо маш уялдаа холбоотой ажилладаг  зэрэг хүчин зүйлтэй холбоотой гэж харж болохоор байна. Хятад улс хэрэгжилтийг хариуцсан төрийн байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалтыг бэхжүүлэхэд ихэд анхаардаг. Өөрөөр хэлбэл бодлогыг зөвхөн цаасан дээр бичээд зогсох биш харин гүйцэтгэл дээр ихэд анхаарч, хяналт шалгалт, эргэх холбоотой ажилладаг туршлагаас нь суралцах хэрэгтэй санагдана.

Монгол Улс нэгэнт хаяанд байгаа бэлэн туршлагаас заримыг нь шууд авч, заримыг нь өөрийн улсын нөхцөл байдалд тохируулан хувирган өөрчилж ногоон салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад анхаармаар байна.Мөн ногоон хөгжлийн боловсролыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сайтар олгож, хүмүүст энэ талын ойлголт ухамсрыг өгөх, иргэдийн хандлагыг өөрчлөх тал дээр ажиллавал ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт сайжрах бас нэг суурь үндэс болно гэж үзэж байна.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Хятадууд өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлж, “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа илэрхийлсэн байдаг. Энэ хүрээнд ч “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг өнгөрсөн онд байгуулсан. Харамсалтай нь тус төв одоогоор бодитой нарийн төлөвлөлт хийж чадаагүйн улмаас үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй л байна. Магадгүй манай талаас илүү идэвх санаачилгатай байж, бодлого, төлөвлөлтөө нарийвчлан боловсруулж, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх замаар энэ төвийг яаралтай ажиллуулж эхэлмээр санагдана. 

 

Ашигласан эх сурвалж:

[1] 去年中国平均每天新设企业二点三八万户—中小微企业已超五千两百万户,人民日报海外版 》( 2023年06月20日   第 11 版), https://paper.people.com.cn/

[2] 中国绿色预算发展前景研究,中央财经大学绿色金融国际研究院,https://www.undp.org/, 2024

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 174 (7418)