Азийн цагаан дагина хэмээгдэж явсан Улаанбаатар хотын уудамхан гудамжаар алхаж явахад "Монгол кино үйлдвэр"-ийн урдхан алтан оройтой сүм үзэгдэнэ. Түүний дэргэдэх цагаан байшинд өөр өөрийн оршихуйгаар хорвоо ертөнцийг таних Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлагийн "Анима" коллежоор овоглох нэгэн гэр бүл амьдарч байна. Энэ гэр бүлийн ээж, "Анима" сургуулийн захирал, зураач Я.Булганыг “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн зочноор урьж ярилцлаа.
“Хайр дүүрэн үлгэрийн орчинд өссөн азтай хүн дээ би”
Уудлаад дундаршгүй удмын хэлхээнийхээ үргэлжлэл болсон Я.Булганы өвөө Монголын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэн билээ. Монголын дүрслэх урлагийн ертөнцийн нэгэн том төлөөлөл Ү.Ядамсүрэн гуай, гэргий Ликанида Фаранасова нарын зуны өргөө Найрамдал зуслангийн арын ой, уулын бэлийг угтаж баригджээ. Энэ модон байшинд өвөө, эмээгийнхээ хайран дунд эрх чөлөөтэй өсөж торних бяцхан охиныг Я.Булган гэнэ. Ой мод, байгаль дэлхийд хачин хайртай тэрээр өвөөтэйгөө, заримдаа ганцаараа ойгоор зугаалах нь элбэг. Өвөө нь түүнд “Миний охин цэцэг таслахгүйгээр тонгойгоод үнэрлэ. Аалзны торыг хараад “Эд чинь өөрийн гэрээ маш сайхнаар урлаж байна. Тэр шүлсийг нь нарны гэрэлд хар даа. Гайхалтай урлагийн бүтээл байгаа биз. Аймар зүйл гэж үгүй. Хорхой шавж ч өөрийн оршихуйтай” гэж байгальтай харьцах харилцаа, амьд бүхнийг энэрэх ухаан, түүний хэлдэг нөхцөлгүй хайрыг гурав, дөрөвхөн настай бяцхан охиндоо цаг заваа зориулан сургадаг байжээ.Социализмын хатуу чанга дүрэм журамтай нийгэмд эрх чөлөөтэй, хайр, аз жаргал дүүрэн өссөнөөрөө бахархан ярих тэрээр үнэхээр гал цогтой, өөрийнх нь зүйрлэдгээр гал улаан морь шиг жавхаалаг нэгэн аж.
-Таны бодлоор хайр гэж юу вэ?
-Хорвоо дэлхий нөхцөлгүй хайр дээр оршдог гэж би боддог. Энэ бол амьдралын утга учир. Алтан нар илч ивээлээрээ тэтгэж, гол мөрөн цэнгэг усаараа ундаалж, бидний биеийн эд эс миний төлөө ажиллаж байгаа нь нөхцөлгүй хайр биш гэж үү. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо дурлалцах зөвхөн хайр биш. Энэ хорвоо ертөнцийн бүх юм нөхцөлгүй хайр дээр оршдог. Хэрэв зорилго гэж байдаг бол нөхцөлгүй энэ хайрыг амжиж танин мэдэх нь амьдралын утга учир байна даа.
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Тиймдээ ч хүүхэд ямар орчинд өсөж, аав ээж, эмээ өвөө нь хэрхэн үлгэрлэхээс амьдралын хэвшил тогтох аж. Нийтлэлийн баатрын маань бага нас дахин давтагдашгүй хайр дүүрэн өсжээ. “Хүүхдээ хайрлана гэдэг хүссэн чихэр, шоколад амттаныг нь өгөх биш. Хайр гэдэг хорвоо ертөнцийг танин мэдүүлж, өөрийгөө олох гүүрийг бүтээж өгөхөөс эхэлнэ. Өвөө маань уран бүтээлүүдээ туурвиад завгүй байсан ч охиныхоо хүүхэлдэйд шуумлаар ор хийж өгнө. Ижий маань хөнжил, гудас оёж өгнө. Орой орондоо ороход өвөө монгол ардын үлгэр, ижий европ үлгэр ярьж өгөхийн сацуу бурхны судар номын сургаал, Анандагийн түүхийг өгүүлнэ. Энэ нь бидний оюун санаа, сүнслэг ертөнцийг бүрдүүлж байсан. Өвөө маань маш нарийн нандин харилцаатай ариун хүн байлаа. Тиймээс бидэнтэй чанга дуугаар ярих, аливааг хорих бүү хэл зовлонтой хэцүү үг хэлдэггүй байсан. Өвөөгийнхөө дэргэд 20 хүртэл амьдрахдаа сөрөг зүйл мэдэрч үзээгүй. Орой болгон адисалж үнэрлээд “Сайхан амраарай” гэнэ. Ижий маань жимс ногоогоо тарина. Зээгт наамлаа хийж, юмаа оёно. Дуугаа дуулна. Үлгэрийн мэт орчинд өссөн азтай хүн дээ” гэх ярианаас хоёр буурлыгаа үгүйлэн санагалзах, бахдан хайрлах сэтгэл нь мэдрэгдэж байсан юм.
Тэрээр өвөөгийнхөө өвөр дээр 12 хүртэл сууж, хайранд нь ургасан сувд нь. Хичээл сургуулиасаа ядраад орж ирэхэд “Миний охин албаа хаачаа юу” гэх үг өөрт оногдсон бүхнээ туулаад даваад ирэв үү гэх шиг. Хичээл номоо хий гэж шахахгүй. “Миний охин амраад ав” л гэнэ. Хүүхэд гэлгүй бүхнийг ярилцана. Бүх хүүхэд, ач, зээ нараа ялгалгүй цаг заваа зориулна.
“Дуртай зүйлд хүч гардаггүй”

“Өвөө, эмээ хоёр маань намайг үрчилж авсан болохоор би заримдаа “Ү.Ядамсүрэн аав” гэх нь бий. Харин эмээгээ ижий гэж дуудна. Би өвөөтэйгөө 20, эмээтэйгээ 40 хүртлээ амьдарсан хүн шүү дээ. Тухайн үеийн нийгэмд бараа бүтээгдэхүүн ховор, хувцас нэгэн хэвийн байлаа.
Харин манай ээж гадаадын сэтгүүлээс загварыг нь харж байгаад надад хувцас оёж өгнө. Бүүр трапец өмд хийж өгнө. Энэ л ахуйд бид юмаар дутахгүй. Гэхдээ юманд шунахгүй. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун өссөн. Энэ бүх төлөвшилд нь одоо хүртэл талархаж явдаг” гэнэ.
Түүний “маам” гэж дуудах төрсөн ээж нь Ү.Ядамсүрэн гуай том охин Я.Заяа билээ. Тэрээр 1944 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1962-1969 онд Москвагийн Текстилийн их сургуульд нэхмэл болон эрээн даавууны зураач, 1969-1973 онд МУИС-д орос хэл уран зохиолын багш, 1977 онд М.В.Ломоносовын их сургуулийн хэл шинжлэлийн ангийг тус тус төгсжээ. Уран бүтээлээ туурвиж, охинтойгоо хамт "Анима" сургуульд мөр зэрэгцэн ажиллаж, насан өндөр гарсан хойноо охиныхоо дэргэд бурхан болжээ. Харин аав нь Орос Баяраа буюу зураач Г.Баяр билээ.
Эмээ Люня нь хэдий Орос хүн байсан ч ханийнхаа дэргэд монголоос өөр хэлээр ярьж үзээгүй гэдэг. Ү.Ядамсүрэн гуайн үр хүүхэд, ач зээ нар ч орос хэл мэдэх ч гэртээ үргэлж монголоор ярина. Люня эмээ хэдий өөр улсад төрсөн ч зүрх сэтгэл, ахуй байдал нь хэдийнээ монголжсон сайхан буурал байжээ. Үргэлж монгол дээл өмсөхийн сацуу үндэсний хоол, шар тостой боорцог, хэвийн боов тун сайхан хийх аж. Түүнчлэн Я.Булганыг зургаадугаар ангид байхад үсийг нь хараар буджээ. Энэ тухай тэрээр “Шар үсээр яадаг юм" гэж байсан үгийг нь сүүлд л ойлгосон л доо. Энэ бол өвөөг гэх зүрхний гүн дэх хүндлэл байсан юм билээ. Бүх зүйлийг Монгол байлгах гэж хүчлэхгүй ч жинхэнэ хатан ухаан гаргадаг байжээ. Бид Орос, Европ ном уншиж, мэднэ. Нээлттэй. Гэхдээ Монгол бахархал тээсэн Ү.Ядамсүрэн гэх танай өвөө ямар хүн бэ гэдгийг зөөлнөөр ойлгуулдаг байлаа. Ижий маань есөн насандаа өнчирч их зовлон үзсэн хатуу хүн байсан ч ёс журам гэдгийг зөвөөр, зөөлхнөөр суулгасан. Орчин үеийн хүүхдүүдийг хараад ховор сайхан хүүхэд насыг өнгөрүүлжээ гэж боддог” гэсэн юм.
Удам дамжсан урлагийн авьяастан тэрээр дуу, хөгжимд тун дуртай. Гэрийнхэн нь энэ авьяасаа мэргэжлийн замналаар үргэлжлүүлэх байх гэж боддог байж. Гэтэл тэрээр зургаадугаар ангидаа шууд л зураач болохоор шийджээ. Энэ үед Ирвинг Стоуны Микеланжелогийн тухай бичсэн номыг уншиж, уйлж суухдаа час хийсэн энэ сонголтыг хийжээ. Үүнийг сонссон ижий нь дуугүй өнгөрч, “маам” нь “Хатуу сонголт биш үү, миний охин” гэж хэлж байсан гэдэг. Харин эгч нь “Би хэдий багшилж байгаа ч чамайг арын хаалгадаж чадахгүй шүү” гэж байв. Ингээд өөрийн ур чадвараар 1982-1986 онд ДУДС-д график зураач, 1987-1991 онд Санкт-Петербург хотноо Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид урлаг судлаач мэргэжлийг тус тус эзэмшжээ. Түүний замналд бэрхшээл олон байсан зовлон тоочиж суухыг тэр хүссэнгүй. “Дургүй зүйлдээ энергиэ зарцуулбал шатна. Тиймээс дуртай зүйлээ хийж байвал энэ зам хүнд биш. Дуртай юманд хүч гардаггүй. Зөвхөн энергийн солилцоо явагддаг” гэж байсан юм.
“Анима”-гийн гэр бүлд сурах саад гэж үгүй
Мэргэжлийн уран бүтээлчийн хувьд бие даасан болон хамтарсан олон үзэсгэлэнд оролцохын сацуу багшийн карьераараа үргэлжлүүлж байгаад өвөөгийнхөө нэрэмжит "Анима" сургуулийг хамтран байгуулаад 31 жил болжээ. 2002 оноос одоог хүртэл захирлаар нь ажиллаж, бүхий л зүрх сэтгэлээ бусдын хүүхдэд зориулж яваа тэрээр “Магадгүй энэ хугацаанд өөрийн гурван хүүхдэдээ хангалттай цаг заваа зориулж чадаагүй юм болов уу гэх харамсал байдаг” гэх нь "Үнэхээр завгүй амьдарчээ" гэх бодлыг төрүүлнэ. Том охин М.Амина урлаг судлаач. Хүү нь бөмбөрчин. Бага охин утга зохиолын чиглэлээр суралцжээ.
Хүн өөрийгөө эхлээд хайрлах хэрэгтэй гэж боддог. Энэ нь эрхлүүлэх бус өөрийнхөө мөн чанарыг ойлгож, гүн эрх чөлөөг олж амьдрах нь түүний зарчим аж. Тиймдээ ч хүүхдүүдээ хүчилж, үзэл бодлоо тулгалгүйгээр дуртай зүйлээ хийхийг зөвшөөрдөг байж. Харин хүүхдүүдэд нь муу зүйл, муу энерги авчрахгүй л бол. Энэ зарчим нь ч биеллээ олж хүүхдүүд нь өөрсдийн урлагийн орчин, үзэл бодолтой болж төлөвшжээ. “Магадгүй тэдний бодол энэ нийгэмтэй зөрчилдөж болно. Заавал урлагтай холбогдох ч албагүй. Учир нь тэдэнд сонголт хийх эрх чөлөө бий. Тиймээс тэр бүхнийг байгаагаар нь хүндэтгэж хүлээж авдаг. Хүн бүр өөр өөрийн даалгавартай энэ орчлонд ирдэг байх. Магадгүй манай удмын сүнслэг энерги энэ орчин руу илгээгээд байдаг байх” гэж суусан юм.
Тэрээр экологийн эрин үе ирнэ гэдэгт итгэдэг. Тиймдээ ч сургуулийнхаа хүүхдүүдийн урлах хүүхэлдэйг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийдэг. Хүмүүс өндөр ухамсартай болж буй энэ үед байгаль дэлхийгээ, хүмүүс бие биеэ хайрлах ёс зүйг хичээлийнхээ хажуугаар суулгаж байна. Тэдний сургуульд энгийн ч хүүхдүүд бий. Өөр өөрийн онцлогтой онцгой хүүхдүүд ч байна. Даун, аутизмтай хүүхдүүдийг ялгаварлалгүй хүлээж авах багш, сургууль, нийгэм олон болоосой гэж тэр мөн хүсдэг. “Реклам сурталчилгаа хийхгүй байсан ч хүүхдүүд маань бүрдчихдэг. Бүгдийг нь багтааж чадахгүй болохоор шалгаруулна. Зарим хүмүүс манай сургуулийг зөвхөн онцгой хүүхдүүд сурдаг гэж буруу ойлгодог. "Анима" бол зүгээр урлагийн сургууль. Хамгийн гол нь бид хүмүүсийг бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж ялгадаггүйд утга учир нь бий. Сурах зүйлд саад гэж байхгүй. Шалтгаан л гэж бий.
Энэ сургуулийг анх байгуулахдаа 60 хүүхэд, 10 багштай байхаар төлөвлөж байжээ. Учир нь үүнээс олон байвал хүүхэд бүрд тулж ажиллаж чадахгүй. Түүнчлэн дэлхий ертөнц, урлагийн хэрэгцээ хаашаа чиглэж байна, хүүхдийн төлөвшил яах уу гэж алсыг харна. Ингэхдээ хүүхэд бүрийг хайрлаж, мөн чанарыг таньж чадах багш нар түүнд чухал. Энэ хугацаанд тэрээр МУИС, СУИС-ийн сайн гэсэн багш нартай ажиллаж үзсэн ч тэдний онцгой уур амьсгалыг ойлгох нь бидний төгсгөсөн шавь нар байжээ. “Бидний халуун бүл дотор өглөөнөөс орой болтол буцалж, бидэнд ээлтэй хандсан нь "Анима"-г төгсөөд эргэж ирж багшилж буй шавь нар маань байсан. Мэдээж сайхан ахмад багш нар бас байсан. Гэхдээ бусад сургуулийн багш нар онцгой хүүхдүүдтэй яаж ажиллахаа мэддэггүй. Эндээс явахгүй гээд найман жил, зургаан жил болсон хүүхдүүд ч байна. Тэдэнтэй ажиллах багш нараас гадна хамт сурч байгаа энгийн хүүхдүүд ч хүнийг адилхан хүн гэх хүн ёсоор хүлээж авч сурдаг. Энэ сургуульд миний санаа, төлөвлөгөө, чиглүүлэг, оролцоо нөлөөлж, багш нарынхаа хүч болж ард нь байх хэрэгтэй гэж боддог. Нийгмээсээ түрүүлж алхдаг хүн л багш болж чаддаг” гэх түүний үнэт зүйл нь сургуулийнх нь багш нар нь ажээ.
“Шат ахиж, дээшээ мацаж байгаа зам маань чухал болохоос оргил гэж байдгийг ч мэдэхгүй”

Я.Булган журамгүй амьдрал урагшлахгүй гэж боддог. Тиймээс олон хобби, ажил, уран бүтээлээ амжуулахын тулд нарийн төлөвлөгөөтэй амьдардаг. Заримдаа дургүй зүйлээ хийх ч шаардлага гарна. Иймд 40 минут гэсэн зарчим баримталдаг аж. Тодруулбал, 40 минут зургаа зурна. 40 минут хүүхэлдэйгээ хийнэ. 40 минут хөгжмөө тоглоно. Хоёр цаг бясалгана. Гэрийн ажилд 30 минутыг өдөр бүр зарцуулахаар аливааг амжуулах цаг гардаг байна. “Заримдаа зураг болохгүй үе байна. Ер нь юм үе үеэрээ байдаг. Анх би хүн гэж хэн бэ, сүнс гэж юу вэ, үр хөврөл гэж юу вэ гэх бүхнийг таньж мэдэх гэсэн улаан хүрэн үе дээрээ байсан. Дараа нь зах зээлийн үед “Чонон хүүхдүүд” байна. Энэ бол гудамжны хүүхдүүд бус харин хүний дотор байдаг чонын бэлтрэг шиг байгалийн эрх чөлөөг бэлгэдсэн бүтээл юм. Харин “Цөвүүн цаг 99” гэдэг нь миний өвөөгийн хэлдэг байсан “Цөвүүн цаг ирнэ шүү” гэдэгтэй холбоотой. Миний 40-45 нас шаналалд өнгөрч байсан. Манай нүүдэлчин соёл, байгаль устаж, өөрчлөгдөж байна гэж зовдог байлаа. Энэ шаналлаа гаргахын хүссэн. Харин одоо бол өөр. Аливаа зүйл өөрчлөгдөж, хувьсдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох болсон. Ингээд байж байтал ковидын үеэр миний Я.Заяа ээж бурхан болсон. Ээж минь ганцаараа амьдардаг, биеэ даасан хүчирхэг эмэгтэй байсан. Сүүлийн нэг жил ээжтэйгээ хамт байсан ч юмс хэтэрхий хурдан өнгөрсөн. Тэр үед би “Яагаад явчих ваа. Хэдий жам ч гэлээ утга учир нь юу юм бэ” гэж бодсон. Энэ үед надад бүх зүйл залхуутай санагдаж, хаашаа шилжихээ мэдэхгүй, уран бүтээлчийн уналтын үе байсан. Хожим би бодоход ээж минь өөд болсон нь намайг нэг алхам дээшлүүлжээ. Учир нь ээжийнхээ 49 хоног дотор ээждээ зориулсан бүтээлээ дууссан юм. Эндээс миний үзэл бодол, дүрслэх арга барил, өнгө өөрчлөгдөж эхэлсэн. Би хэзээ ч өнгөрсөн үеэ оргилоо болгохгүй. Шат ахиж, дээшээ мацаж байгаа үнэт зүйл, зам маань чухал болохоос оргил гэж байдгийг ч мэдэхгүй” гэсэн юм. Ийнхүү тэрээр энэ аравдугаар сард сүүлийн хэдэн жилийн бясалгал, нэг үеийг илэрхийлэх “Чинхүү зүрхний дэлбээ” үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Энэ нь бүх амьдралын утга тойрсоор буцаж өөрийн цэг дээр ирдэг гэдгийг илтгэх шиг.
Бид ийнхүү ярилцаж байгаад орчноо сольж, сургуулийн хоёр давхарт байрлах түүний өрөө рүү ороход өвөө Ү.Ядамсүрэнгийн номын санд орос, монгол сонгодог зохиол боть ботиороо байршина. Хаалганы хоёр талд индиан овгийн хоёр хүний хөрөг өлгөөтэй харагдана. Мөн шавь нар нь түүний хөргийг их зурж өгдөг нь илэрхий харагдана. Түүний шавь нарын нэг Баярбаатарын зурсан хөрөг мөн зураач М.Лхагвадорж төрсөн өдрөөр нь бэлэглэсэн хөрөг зэрэг өлгөөтэй. “Миний доторх байдлыг оносон хөрөг байвал баярладаг. Нөгөө талаараа олон хөрөг ороод ирэхээр өөрийгөө тахин шүтсэн хүн шиг бүгдийг өлгөхөөр сонин. Хүний өгсөн зургийг цааш харуулаад хураачих хэцүү. Сургууль дээрээ байлгахаас гэртээ өөрийнхөө зургийг өлгөдөггүй” гэх ярианаас шавь нартаа элгэмсүү, зөөлөн хандаж, хайрладаг нь мэдрэгдэнэ.
“Өөрийн керамик ваарыг цэнгэг усаар дүүргэхийг хүснэ”

Шавь нар нь түүнийг “Багш нартай бол Найрамдалдаа, бороотой бол Шадивландаа байгаа” гэдэг аж. Тэр үнэхээр л байгальд ойр нэгэн.
“Би өнөөдөр амьсгалж байна. Хэрвээ би өнөөдөр амьсгалж чадахгүй байсан бол дуртай нараа харж, дуртай бялуугаа идэж, хүн хайрлаж чадахгүй. Энэ оршихуйг муутай, сайнтай гэж хувааж байгаа боловч юм болгон өөрийн утга учиртай гэдгийг ойлгочихвол “Муу зүйл үгүй” гэдэг философи руу орж байгаа юм. Над шиг догшин хүрц ааштай хүн үүнийг анх хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Гэхдээ хүн өөртэйгөө ажиллаад үүнийг ойлгоод ирэхээр би наранд үнэхээр дуртай байсан ч бороотой өдөр гоё санагдаж, бүх зүйл хэрэгтэй санагдаж эхэлсэн” гэх нь “Хөөх” тийм байна шүү гэх бодлыг төрүүлэх шиг.
Тэрээр өөрийгөө керамик, натурал шавар ваар шиг мэдэрдэг аж. Энэ ваараа цэнгэг сайхан усаар дүүргэхийг хүснэ. Гэхдээ тэр ваар битгий дүүрээсэй гэж дотроо бодолхийлнэ. Урт насалж, илүү ихийг сурч, шинэ хүмүүстэй танилцаж, мэдсэнээ заахыг хүснэ. “Хүний цангах мэдрэмжийг дарж хаа нэгтэйгээс ус урсаж буйг мэдрэх нь миний бие, сэтгэл, сүнсийг дүүргэж байна гэж боддог. Бүх гэрэл гэгээ сайн сайхныг мэдрэх амьдралын урсгал гэлтэй. Өмнө нь би амьдралыг нартай зүйрлэдэг байлаа. Харин сүүлийн үед миний эд эсээр ус гүйж байгаа мэт мэдрэмж төрөх болсон. Би амьдралын тойргоо төв рүү дотогш чиглэснээр бус гадагшаа тэлснээр мэдэрдэг. Энэ нь би гаднах ертөнцийг таньж оюун санаа минь тэлж, анхаарал минь дотоод гүн рүүгээ урсаж буй үзэгдэл юм” гэж амьдралынхаа дахин давтагдашгүй оршихуйг хуваалцсан зураач Я.Булганы ертөнцөөр уншигч таныг аялууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 59 (7801)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn