Тогтвортой гэр бүл улсын үндэс гэдэг. Гэвч манай улсад 2019 оноос гэрлэлтийн тоо тасралтгүй буурч байхын сацуу гэр бүл цуцлалтын тоо өсөх хандлагатай болжээ. Тодруулбал, 2022 онд 17574 байсан гэрлэлтийн тоо 2024 онд 14,225 болж буурчээ. Харин 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж, таван хувиар нэмэгдсэн байна. Энэхүү үзүүлэлт нь манайх шиг цөөн хүн амтай улсад хүн ам зүй, эдийн засгийн бодлого алдагдах эрсдэл өндөр үзүүлэлт юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас таван жил тутамд гэр бүлийн хэв шинжийн судалгаа хийдэг.
Энэ судалгааны дүнд гэр бүл салалтын шалтгааны ихэнх хувийг 2019 онд архидалт, санхүүгийн асуудал дагасан маргаан эзэлж байсан бол 2025 оны судалгаагаар гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт 40 хувийг эзэлж байгаа талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын ахлах шинжээч М.Цогтбаатараас тодруулсан юм. Нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн салалтын шалтгаан өөрчлөгдөж буй энэ үед асуудлыг шийдэх бодлогын арга хэмжээ авах нь чухал байна.
Дэлхий нийтэд эдийн засаг хөгжихийн хэрээр төрөлт буурдаг урвуу хамаарал бий. Энэ үзэгдэл 2025 Франц улсад анх удаа тохиолдож, нас баралтын тоо төрөлтөөсөө илүү гарчээ. Тиймээс Ази, Европын бусад улс орнууд энэхүү асуудлыг чухалчилж, бодлого хэрэгжүүлээд удаж байна. Гэвч манай улсын эдийн засаг хөгжиж буй орны түвшинд байгаа ч хөгжингүй орнуудын адил төрөлт буураад эхэлжээ. Тодруулбал, арван жилийн өмнө 80 мянган хүүхэд төрдөг байсан бол одоо 50 мянга болж буурсан. Монгол Улс 1960-аад оноос гэр бүлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж нэг өрх дунджаар дөрвөөс дээш хүүхэдтэй байсан боловч 1990-ээд оны үед энэ бодлого алдагдаж, төрөлт буурсан гэх судлаачдын дүгнэлт бий. Харин 2010-аад оны хүүхдийн мөнгө, алтан гахай жил гэхчлэн бодлогоор төрөлт нэмэгдсэн. Харин өдгөө дахин буурч байгаа бөгөөд бэлэн мөнгөний дэмжлэг нь нөлөө үзүүлэхээ больжээ.
“Хүн ам зүйн бодлогыг зайлшгүй дэмжихгүй бол 20, 30 жилийн дараа Нийгмийн даатгалын сан дампуурна”

Иймд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Гэр бүлийн хөгжлийг дэвжих тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтэд нээлттэй танилцуулж, Засгийн газарт дэмжигдвэл УИХ-д өргөх барихын өмнө нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Өмнө нь салбар яамд зөвхөн өөрийн чиглэлийн асуудал, шийдлийг тусгадаг байсан бол энэ удаагийн хуулийн төсөл салбар дундын оролцоог илүү шаардаж байна. Энэ тухай Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакираас тодруулахад “Өнөөдрөөс эхэлж хүн ам зүйн бодлогыг зайлшгүй дэмжихгүй бол 20, 30 жилийн дараа Нийгмийн даатгалын сан дампуурна. Мэдээж үүнд төсвийн үр дагаврууд бий. Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжид үзүүлнэ. Түүнчлэн гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгийг ХХОАТ-аас чөлөөлнө. Ингэхээр татварын орлого 206 тэрбум төгрөгөөр буурна. Үүнийг Сангийн яам зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй. Гэхдээ энэ мэт эдийн засгийн хөшүүргээр олон хүүхдийн хийгээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ” гэсэн юм. Түүнчлэн тавдугаар сарын 15-ны өдрийг Монголын гэр бүлийн өдөр болгох саналтай байгаа аж. Тиймээс мэдээллийн санд түшиглэсэн гэр бүлийн хөгжлийг дэмжих цогц хультай болохоор ажиллаж байна.
Монгол Улс 2024 оны жилийн эцсийн байдлаар 997.0 мянган өрхтэй гэж бүртгэгдсэн ба үүнээс 691,305 хот суурин газарт, 305,718 нь хөдөө амьдарч байна. Өргөн уудам нутаг дэвсгэр, өв соёлынхоо эзэн болсон малчид хүүхдэдээ боловсрол олгохын тулд эхнэр нь сумын төвд нөхөр нь хөдөө мал дээрээ байх үзэгдэл хэдийнээ хавтгайрчээ. “Бие холдвол сэтгэл холдоно” гэх үнэнийг өгүүлэх зүйр үг бидний дунд эртнээс ам дамжин өвлөгдсөөр ирсэн. Холбоо үг нь хүртэл амьдралын үнэн философийг илэрхийлж байдаг монголчуудын өрх толгойлсон ганц бие эцэг эхийн тоо 2023 онд 66,813 бүртгэгджээ. Үүний 54,863 нь өрх толгойлсон ээжүүд байна.
Зургаан настай хүүхэд сургуульд сууснаар гэр бүлийн харилцааны тулгуур алдагдаж, цаашлаад салалтын нэг шалтгаан болж байна
https://www.zms.mn/a/103695
Манай “Зууны мэдээ” сонин энэ оны гуравдугаар сарын 11-ний “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа” нийтлэлээ хүргэж байсан билээ. Энэхүү нийтлэлийн хүрээнд судлаачид байр сууриа илэрхийлсний нэг нь МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа байв. Тэрээр "Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо хандлага" судалгаанд хамрагдсан 92 хүүхдийн 55 хувь нь ээжтэйгээ төв суурин газарт амьдардаг гэсэн дүн мэдээг онцлохын сацуу зургаан настай хүүхэд сургуульд элсдэг болсон нь гэр бүл тусдаа амьдарч, цаашлаад гэр бүлийн салалтад нөлөөлж байна гэжээ. Ингэхээр боловсролын систем, дэд бүтцийн хөгжил, соёл, хөдөө аж ахуйн асуудал гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлж байна. Малаа орхиод эхнэр хүүхдээ дагаад төв суурин бараадсан малчин эрсийн тээж байгаа өв соёл, хүнс хөдөө аж ахуйн гол үндэс мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг олон асуудал яригдана. Тиймээс Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төсөлд малчдыг орхигдуулж болохгүй тул ямар зүйл заалт байгаа талаар ахлах шинжээч М.Цогтбаатараас тодруулахад “Эко орон сууц авбал татварын хөнгөлөлт үзүүлнэ. Гэр бүл хөгжлийн цогц төвийг аймаг, сумдад бий болгоно” гэж байсан юм. Угтаа үүнийг шийдэхэд ганц Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны оролцоо хангалтгүй бөгөөд Боловсролын яамны шинэ систем ч чухал юм.
Энэ асуудлын шийдлийн талаар ОУУБИС-ийн доктор, дэд профессор Х.Баавгайгаас байр суурийг нь тодруулсан юм. Тэрээр “Гэр бүлийн харилцаа задраад буй гол шалтгаан нь гэр бүлийн уламжлал, шинэчлэлийн боловсролтой холбоотой юм. Ихэнх судалгаа гэр бүлийн гаднаас харсан санхүү, архидалттай холбоод байна. Угтаа монгол гэр бүлийн харилцааны тулгуур нь энхрийлэн хайрлах, энэрэн халамжлах, энгэр зөрүүлэх ёс юм. Өнө эртнээс үүнийг гэр бүлийн боловсрол, хүмүүжлээр уламжлаад ирсэн бөгөөд энэ нь ёс зүйгээрээ зохицуулагдаад ирсэн. Орчин үед энэ ёс, мэдлэг, чадвар дутагдаад тэнцвэрээ алдаад ирэхээр араар тавилт, хууралт үүсээд, энэ нь салалтын хамгийн том шалтгаан болжээ. Монголчуудын “Бие холдвол сэтгэл холдоно” гэдэг хэлц нь бодлогын шинжтэй байсан. Ардын гүн ухаан ингэж хэлээд байхад эхнэрийг нь холдуулаад, хэдэн сараар нь уулзахтай үгүйтэй нэгийг нь суманд нөгөөг нь хөдөө байлгаад байгаа юм. Тиймээс тэдний хамт байх боломжийг төрийн дэмжлэгтэйгээр бүрдүүлж, боловсролын уян хатан нөхцөлийг бүтээх нь чухал байна. Техник технологи, сүлжээ хөгжсөн орчин үеийн энэ нийгэмд дотуур байранд биеэ даагаад сууж чаддаг болох хүртэл нь бага боловсролын гурав хүртэлх ангийг гэрийн буюу явуулын сургуулийн системээр хөгжүүлж малчин ээж, аавуудад хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд үүрэг хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж болно. Монголын нүүдэлчин соёл ахуйтай хосолж, түүнийг дэмжсэн боловсролын зохион байгуулалтыг дэмжиж, үүнд хөрөнгө мөнгө, хүний нөөц харамгүй зарцуулах хэрэгтэй. Энд боловсролоос гадна үе дамжин ирсэн өв соёл яригдах тул явуулын багшийн цалин, ур чадвар, сургалтын арга барил танхимд зааж байгаагаас дутуугүй байх хэрэгтэй” гэсэн юм.
Улсын үндэс болсон гэр бүлийн бүтэн байдал, төрөлтийг нэмэгдүүлэх асуудал нэг яамны бус Монгол Улсын Засгийн газар, улс үндэстний асуудал болоод байна.




Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 58 (7800)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn