Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа ШУА-ийн философийн хүрээлэнгийн хүндэт доктор, ХСИС-ийн зөвлөх профессор, Цагдаагийн хурандаа Лхамчигийн Билгээг урилаа. “Би эрсдэл үүрсэн цагдаагийн албанд 60 жил зүтгэжээ. Одоо бол докторын зэргээ ОХУ-д хамгаалахаар бэлтгэл хангаад тун чиг завгүй байна даа” гэсээр бид уулзсан юм. Цагдаагийн алба хаагчдыг сурган хүмүүжүүлэхэд 50 жилийг зарцуулсан  тэрээр “Хүүхээ хувь хүний амьдралын түүхээс илүү цагдаагийн байгууллагын ололт амжилтыг ярьвал зүгээр байгаа юм” гэж байлаа.

 

МОНГОЛ ГУТЛЫН УЛТАЙ ОРОС БАКАЛААР ГОЁСОН ХҮҮ

Ленинград хот дахь Улс төрийн дээд сургуулийн ангийнхантайгаа.

Цагдан сэргийлэх, Аюулаас хамгаалах байгууллагад 1963 онд ажиллаж эхлэхдээ Сэргийлэгч байсан тэрээр Отгонтэнгэр хайрханы хормой алдарт Алтан дэвээр, Маргаз сурагт гэдэг сүрлэг сайхан уулсын дунд Лхамчигийн хүү болон мэндэлжээ.

Хөдөө ахуйд өсөж бойжсон түүний хүүхэд нас бусдын жишгээр хурга, ишиг хариулах албыг “нэр төртэй” хашсан гэдэг. 11 настай сургуульд орсон хүү нөхөөстэй дээл, монгол гутлын ултай орос бакал гутлаар гангарч байсан нь түүний бага насны гэгээхэн дурсамжуудын нэгээхэн хэсэг. Гоё бичдэг, зурдаг бас дуулж хөгжимддөг тэрээр ангийнхаа төдийгүй сургуулийнхаа хүүхдүүдэд ихэд тоогддог байжээ.

Онгироо нэгнийг нармайдаж, охид хөвгүүдтэй найзалж, багшийн эрдмээс суралцсан жилүүд ард хоцорч хэрэндээ том залуу болсон Л.Билгээ анх “Модны 2- үйлдвэрт ажилд орсон гэнэ лээ. Хэдийгээр хөдөлмөрийн насанд хүрээгүй ч ажиллд авах шийдвэр гаргасан даргын итгэлийг алдалгүй ажиллах чин сэтгэл түүнийг хатжуулсан хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байлаа. Суурь машинд дагалдан хийж гэрийн шал урлаж сурсан хүү тухайн үеийн айл гэрийн чимэг болж байсан “170-ын эрээн авдар”-ыг урлаж сурчээ. Зав чөлөөндөө Монголын болон дэлхийн сонгодог романуудыг уншиж, үйлдвэрийнхээ хананд лоозон бичиж явсан нь залуу насных нь дурсамж болон үлджээ. “Миний том ах Самдан жолооч өндөр мэдлэгтэй, асуудалд ул суурьтай ханддаг ухаалаг хүн байсан. Ах минь миний дүү авхаалж самбаатай, номтой нөхөрлөдөг хүн сэргийлэгч болохыг бодоорой” хэмээн зөвлөснийг нэлээд тунгааж шийдвэрээ гаргасан юм билээ. Цагдан сэргийлэх гэх том айлын хаалгаар анх ороход сүрдмээр шүү. Тэр үед Дэд хурандаа Гүрбазар гэдэг ухаалаг, нямбай байцаагчтай уулзаж учраа хэлсэн юм. Тэгтэл “Өндөр нуруутай сайхан залуу байна” гэхээс өөрийг хэлэлгүй хэсэг юм бичүүлж, шинжилгээ судалгаа хийлгэн хэд хоног Л.Билгээ хүүг явуулжээ. Ийнхүү Толгойтын цагдан сэргийлэхийн салаанд улаан мөрдэстэй харуулын сэргийлэгч болсон нь Цагдаагийн байгууллагад 60 жил зүтгэх эхлэл байлаа.

 

ГУРВАН САРЫН ДАМЖААГААР ЭХЛҮҮЛСЭН КАРЬЕР

 

20 насны шалгуур болсон хүндхэн албыг хашиж байхдаа эх орны минь бүх хөрөнгийг хамгаалах үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй гэж өөртөө хатуу шаардлага тавьж байжээ. “Хувь заяаны эрхээр хошууч О.Жамц гэж ажилсаг, мэдлэг чадвартай, сайн даргатай таарч улсын чухал обьектыг хамгаалах салаанд сэргийлэгчээр шилжсэн юм. Энд ажиллах хугацаандаа олон алдар суутнуудад үйлчилж байсан. Тиймээс мэдлэг боловсролоо тэлж, өөрийгөө хөгжүүлэхээр хичээсэн гэж боддог” хэмээн Цагдаагийн хурандаа Л.Билгээ залуухан сэргийлэгчийг тодорхойлно лээ.

Сэргийлэгчийн гурван сарын дамжааг Тусгай хороонд дүүргэн, харуулд зогсохын зэрэгцээ салааны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон, амжилттай ажилласан түүнийг 1967 онд Улаанбаатар хотын ХЗЭ, Намын хорооны шийдвэрээр Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд урилгаар суралцуулсан аж. Орчин үеийнхээр бол мерит зарчмаар дэвшсэн залуу үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаандаа гэнэтийн бэрхшээлтэй чамгүй тулгарч байснаа бидэнд хуучлав. Тэр жил Л.Билгээ яаралтай дуудлагаар явжээ. Эд хөрөнгөө булаалдсан ах дүү нэгнийхээ аминд хүрэх эрсдэлийг хаахын тулд учрыг нь олж, ухааруулж, тайвшруулсны эцэст хүйтэн болон галт зэвсгийг салгаж аюулыг зайлуулжээ. Энэ бол үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийнханд тулгардаг хүндрэл гэдгийг тэрээр бидэнд учирлаж байв. Дуудлаганд явж байхдаа хүнд зодуулж бэртсэн. Ажлын чадвараа алдсан гээд тоочвол барагдахгүй. Бид төрд өргөсөн тангарагаа биелүүлж, үүрэгт ажлаа хийж байгаа болохоор хэнд ч гомдоллох вэ гээд л өнгөрөөдөг байсан юм шүү хэмээн тэрээр хуучлав.

1977 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Ленинград хот дахь Улс төрийн дээд сургуульд суралцаж “Хуульч- Улс, төрийн ажилтан” мэргэжил эзэмшин НАХЯ-ны Намын хороо гэдэг “том айл”-д томилогдон Цагдан сэргийлэх, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газруудын Намын байгууллагуудыг хариуцах зохион байгуулагчаар ажиллан тус албадын дотор ажиллаж байснаа дээрээс нь харж удирдах болсон нь ихээхэн ажилд суралцсан хөдөлмөр байсныг Л.Билгээ хурандаа хэлж байв. Түүнчлэн Цагдан сэргийлэх байгууллагын Улс төрийн хэлтсийг өргөтгөн нам, улс төрийн ажлыг төлөврүүлэн бие даалгаж зохион байгуулснаар сургалтын асуудал хариуцсан тасгийн даргаар томилогдож, цагдан сэргийлэх байгууллагын зорилтыг шийдвэрлэх талаар судалгаа, дүгнэлт хийж, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулахад чиглэгдсэн тодорхой ажлуудыг зохион байгуулснаа бидэнтэй хуваалцлаа.

Тэрээр Цагдан сэргийлэх, цагдаагийн байгууллагад Сэргийлэгчээс-хурандаа, харуулчаас-хэлтсийн дарга, самбогийн туслах багш, анги салбарын мэргэжлийн албаны сургалтын багш, нам, эвлэлийн үүр, хорооны дарга болон хот, раион, дүүргийн нам, эвлэлийн байгууллагад сонгууль хүлээж, суртал нэвтрүүлэгч багш, цагдан сэргийлэхийн дунд болон цагдаагийн дээд сургуульд багшаар, ХСИС-ийн Ахлагч мэргэжил судлалын багийн зөвлөх профессор мөн “Халх журам” хууль зүйн дээд сургуулийн тэнхэмийн эрхлэгч, багш, Төрийн бус байгууллагад газар, хэлтсийн дарга, хуульч өмгөөлөгч нөхөрлөлийн захиралаар ажиллаж, хуульчид бэлтгэхэд 60 жил зүтгэсэн гавъяатан юм.

Томилогдсон газар бүртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэх явцад амь дүйсэн олон халдлага, зэвсэгт гэмт хэрэгтэн, буудалцаан, танхай бүлэг этгээдүүдтэй олон удаа тэмцэлдэж 1963, 1966, 1982 онуудад болсон усны үерийн гамшигийн үеийн зохицуулалт, түүний хөнөөлийг багасгах, уршгийг арилгах ажил гүйцэтгэж, бухимдсан догширсон иргэдийн үе үеийн цуглаан будилаан, 1990-ээд оны ардчилалын шуурган жилүүдийн жагсаал цуглаан, хэрүүл шуугиан зэргийг зохицуулах, журамлах үүргийн явцад олон удаа гэмтэж бэртэж, өнөөдөр сонсголгүй, хараагүй, хөл гар, нүүр амны хүнд бэртэлтэй үлдсэн алба хаагчдынхаа төлөө сэтгэлээ чилээн “Эрсдэл дагуулсан цагдаагийн тавилан” бүтээлийг туурвисан байна.

Мөн 1995 оноос хэвлэл, мэдээллийн байгууллага, зохиолч, сэтгүүлчид, радио телевизийн захиргаатай хамтран ажиллаж “Монгол-цагдаа” радиогийн болон “Цагдаагийн дуудлага” теле нэвтрүүлгээр дамжуулан гэмт хэрэгтэй тэмцэх, урьпчилан сэргийлэх 1140 гаруй нийтлэл бичиж биеэр сурталчилсан нь гэмт хэрэг буурахад нөлөөлсөн гэсэн үнэлгээг өгч байжээ.

УИХ-аас гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсанаар хэлтсийн анхны даргаар томилогдон, бүтэц, зохион байгуулалт, Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын судалгаа, мэдээлэл болон зах, зээл өндөр хөгжсөн орнуудын цагдаагийн ажлын туршлагыг судлах, хэрэгжүүлэх сургалт арга зүйн болон мэргэжлийн ном, эрхийн актуудын төлөвлөгөө, чиглэл боловсруулах бүтээх зэрэг ажлуудыг зохион байгуулсан аж.

 

Л.БИЛГЭЭ ХУРАНДААГИЙН ЭРДМИЙН БҮТЭЭЛ

Хууль зүйг боловсронгуй болгоход чиглэгдсэн 20 гаруй судалгаа арга зүйн асуудал боловсруулж, бусдын 10 шахам зохиол хянан тохиолдуулж, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг судлах чиглэлээр 3000 гаруй сэдвүүдийг боловсруулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, Цагдаагийн байгууллагын тухай, Цагдаагийн эргүүл, харуулын болон хүчирхийлэлтэй тэмцэх тухай 40 гаруй хууль, тогтоомжийг шинээр боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцон “Хүний эрх-цагдаа”, “Цагдаагийн ёс зүйн төлөвшил”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй”  зэрэг цаг үеийн сэдвүүдээр 100 орчим хурал, зөвлөгөөнд илтгэл тавьсан байна. Тэрээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн ажлын арга зүй”, “Цагдаа нараас хийж гүйцэтгэх ажлын арга зүй”, “Амар тайван амьдралын төлөө хамтдаа”, “Таны эрх зүйн мэдлэгт тусламж”, “Цагдаагийн байгууллагын сургалт, боловсон хүчний албаны түүхэн дурсамж” номуудыг санаачлан бүтээж олны хүртээл болгожээ. Л.Билгээ хурандааг “Сурвалжлагч Билгээ” гэдэг байсныг тэрээр эргэн дурсав. “1965-1967 онд Ард түмний Соёлын Их Сургуулийн Утга зохиолын ангид элсэж, ирээдүйн Ардын жүжигчин, дуучин, хөгжимчин Дамчаатай нэг ангид суралцан, Төрийн шагналт Ардын Уран зохиолч яруу найрагч Д.Пүрэвдорж гуайгаар хоёр жил хичээл заалгаж төгсөн, яруу найраг оролдон улмаар “Залуучуудын үнэн”, “Улаан Од”, Монголын радиогийн идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж, цагдан сэргийлэх төдийгүй ажилчин залуусын ажлын амжилтыг хэвлэл, радиогоор сурталчилж явлаа” гэж байв. Түүгээр ч зогсохгүй 1965 онд улс оронд шинээр байгуулагдаж байсан Согтуучуудыг эрүүлжүүлэх ажлын чухал хэсэг болсон “Эрүүлжүүлэх байр” байгуулах ажлын аргачлалыг “Сэргийлэгч” сэтгүүлд бичиж, төв орон нутгийн цагдан сэргийлэхийн анги салбарт хүргэж энэ ажлыг өрнүүлснээр УЦСЕГ-ын дарга хурандаа Ж.Авхиа гуай хүлээн авч “сэргийлэгч хүү чамд баярлалаа” гэж УЦСЕГ-ын “Жуух бичиг” гардуулж байсан гэдэг. Түүний бичиж туурвисан бүтээлийг энд тоочвол дуусахгүй. Тухайлбал, 1987 онд “Цагдан сэргийлэх байгууллагын боловсон хүчинтэй нэг бүрчлэх ажиллах” ажлын заавар, “Хүнтэй нэг бүрчлэн ажилласан тэмдэглэл” дэвтэр боловсруулан хэрэгжүүлсэн байна.

Эрдмийн бүтээл туурвихад түүнд олон орноор явж туршлага судалсан нь нэлээд дэм болж байсныг хэлж байсан юм. Тодруулбал, 2000 онд АНУ, ХБНГУ-ын Цагдаагийн байгууллагын туршлагаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм” боловсруулж, алба хаагч нэг бүрийг сахилгын талонтой болгон, Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, алба хаагчдад сурталчлан, хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан аж. Мөн ЗХУ, Белорус, Украйн зэрэг улсуудад зочилж зарим туршлагыг биечлэн судалж алба хаагч, ажилтны мөрдөж ажиллаж байгаа зарим дэвшилттэй заавар аргачлалыг боловсруулж албан ажилд мөрдүүлсэн байна.

Түүнчлэн “Морь буусан шагай” уран сайхны киног хамтарч, Сүхбаатар дүүрэг, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын ойд зориулсан баримтат мөн дэд хурандаа Д.Хүрэлсүх, Монгол улсын гавьяат хуульч, хурандаа Н.Бадамдорж, генерал Б.Пүрэв нарын тухай баримтат кинонд оролцож, генерал А.Думбурай, дэд хурандаа Т.Машлай нарын дурсамжаар “Бугын зуулт” детектив уран сайхны кино бүтээжээ.

Түүнийг дотоодыг хамгаалахын их сургуулийн “Ахлагч мэргэжил судлалын профессорын судалгааны баг”-ийн зөвлөх профессороор томилж улирал бүр багийн зөвлөгөөнд оролцон, энэ чиглэлээр боловсрогдож байгаа мэргэжлийн ном, судалгааны ажлыг хэлэлцэхэд зөвлөж, гэрээр болон танхимаар уншиж танилцах, мэргэжлийн зөвлөгөө чиглэл өгөх, засварлаж өмнөтгөл бичих зэргээр мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд туслан 2023 он хүртэл 10 шахам жил зүтгэж ирсэн юм.

 

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Хүүхдүүдийн хамт.

Л.Билгээ долоон хүүхэдтэй. Ууган охин Бямбасүрэн ЗХУ-д боловсрол эзэмшсэн бол ууган хүү Хүрэлбаатар барилгын салбарт түүчээлж яваа. Харин удаах хүү Билгүүүнбаатар Солонгос улсад оюутан, охин Оюунбилэг эрүүл мэндийн салбарт ажилладаг. Хүү Энхбилэг, Батсүх нар эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж гавьяаны амралтаа эдэл яваа гэнэ лээ. Отгон хүү Батбилэг эрх зүйч мэргэжилтэй. “Хүүхдүүд минь улсдаа ихийг бүтээж төрдөө үнэлүүлэн нэр төртэй сайхан явна. Би чинь одоо ач зээгээ оруулаад 30 шахам ам бүлтэй болжээ” хэмээн хүүхдүүдээрээ бахархаж явдагаа хэлэв.

Ач зээгээ тойруулан жаргаж суугаа Л.Билгээ хурандаа тун чиг завгүй сууна лээ. Хэдийгээр үр хүүхдүүд нь 80 насны ойг нь тэмдэглэхээр хугацаа товлон бэлтгэл базааж эхэлсэн ч хойшлуулахаас аргагүй хүндэтгэх шалтгаан “гарч иржээ”. Түүнийг 20 жил судалж бичсэн докторын зэрэг хамгаалах дисертацийг энэ сарын сүүлчээр хамгаалуулах шийдвэрийг гаргаснаа ОХУ-аас мэддэгджээ. Тиймээс Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалах ажилдаа төвлөрөн, завгүй суугаагаа бидэнд хэлсэн юм. Их ажлын хажуугаар бидний урилгыг хүлээн авч өрнүүн яриа өрнүүлсэн Цагдаагийн хурандаа Л.Билгээ танд докторын зэрэг хамгаалах их үйлсэд тань амжилт хүсье.

Монголын цагдаагийн жаргал зовлонг 60 жил амсаж, хүнд ачааг үүрэлцсэн тэрээр залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 50 жил, цагдаагийн ололт амжилт бүтээлийг сурталчлах ажлыг 55 жил хийж ирсэн түүх түүнийх. Айл бүр өөр, өөрийн өнгөөр гэрэлтдэг. Харин Л.Билгээ хурандаагийнх эрдэм номын их аяныг өрнүүлэн гэгээ цацруулан, тэнэгэр сайхан намаржиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 174 (7418)