Д.ЦЭРЭННАДМИД

 

Уншигчдын сонирхолд үнэхээр нийцтэй “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай “нэртэй нэгэн шинэ ном мэндлэв.

Нэрт сэтгүүлч Бямбажавын Өвгөнхүү 2-3 жилийн турш уйгагүй эрэн сурвалжилж Монголын яруу найргийн хөгжил цэцэглэлтийн нэг үе буюу 1960, 1970-аад онд Дондогдоржийн Дашдондог гэдэг онцгой билгэ авьяастай нэгэн зохиолч яруу найрагч байсныг олон арван хүний дурсамж яриа, архивын баримт, тэр хүний зарим зохиол, бүтээл, орчуулсан зохиолоор энэ томоохон номыг бүтээсэн байна.

Уг номд бичснээр Монгол Улсын их сургуулийн зөвхөн бэлтгэл ангид суралцсан, тухайн үеийн ЗХУ-д нисэхийн дунд сургууль дүүргэсэн нэгэн байсан. Анх санхүү, эдийн засгийн сургуульд багшилж байснаас эхлээд шүлэг найраглал зохиол бичиж байж. Дорноговь, Ховд, Булган аймагт ажиллаж байхдаа төв, орон нутгийн сонин хэвлэлд бүтээлээ өгч хэвлүүлж байсныг “Залуучуудын үнэн” сонин, Монголын Зохиолчдын хэвлэл уран үгсийн чуулга -Яргуй”, Цог” сэтгүүл зэрэг болон тухайн үеийн аймгийн сонинуудын шарласан дугааруудаас тусч хүмүүсийн дэмжлэгээр олж авсан гэж Б.Өвгөнхүү хэлж байна лээ.

Д.Дашдондог нь тухайн үеийн шилдэг сэхээтний нэг, төдийгүй зохиолч, яруу найрагч талдаа цэцэн цэлмэг, өвөрмөц авьяаслаг нэгэн байжээ гэдэг нь энэхүү номд орсон шүлэг зохиолоос нь мэдрэгдэх төдийгүй орос хэлийг сайн эзэмшсэний гэрч нь нэгэн үед уншигчдыг байлдан дагуулж байсан “Шёрлок Холмсын тэмдэглэл” номыг орчуулагч нь энэ хүн байжээ гэдгийг мэдэж болох юм. Бас найруулал, тэмдэглэл, сурвалжилгаа төв, орон нутгийн сонинд нийтлүүлж байсныг энэ номд багтаажээ.

Ингээд номыг эмхэтгэн хэвлүүлсэн сэтгүүлч Б.Өвгөнхүүтэй бэсрэгхэн ярилцав.

-Та манай сонинд өгсөн нэг ярилцлагадаа Дондогдоржийн Дашдондог гэдэг зохиолч, яруу найрагчийн 100 гаруй шүлэг, найраглал, зохиолыг олоод байгаа гэж байсан. Тэгвэл тэр ярилцлага гарсны дараа таны эрэл хайгуулд нэлээд ахиц гарсан гэсэн биз.

-Тийм шүү. Олон үүд хаалгыг тэр ярилцлага нээж өгсөн. Хаа газраас олон хүн мэдэх чадахаараа хандаж тусалсан. Наран ургах Дорнын их говийнхон, наран шингэх баруун Алтайн Ховд нутгийнхан Эрдэнэт, Булганы элгэн халуун сэтгэлтэй эрэлд минь их тус хүргэсэн зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдэд талархаж байгаагаа энэ далимд илэрхийлье.

Номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн номын садан Өлзийбат захиралтай Бимекс Холдинг компанийн хамт олонд баярласан шүү.

-Номын нэр сүрхий анхаарал татаж байх юм.

-Тэгэлгүй яахав. Монголчууд бидний үе үеийнхний дунд үнэнч хайр, ариун сэтгэлийн билгэ тэмдэг болж зуунаас зуунд дамжин дуулагдсаар байгаа “Аяны шувууд” дуу бий. Дуучин Төмөрийн нэрийн хуудас болсон  энэ дууны шүлгийг анх Дондогдоржийн Дашдондог 1962 онд зохиож “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлсэн бол хөгжмийн зохиолч З.Хангал 1966 онд аяыг хийж дуу төрсөн түүхтэй юм. Энэ урт настай, удаан жаргалд дуудсан дуугаар номоо нэрлэсэн.

Дашрамд хэлэхэд З.Хангалын бүтээл дууны хоёр номын нэг нь “Аяны шувууд” бол нөгөө нь “Эрдэнийн өлгий” нэртэй гарсан байдаг. Д.Дашдондогийн шүлэг “Эрдэнийн өлгий” дуу ч одоо ч дуулагдаж байдаг л юм шүү дээ.

-Номд орсноор харахад дурдатгалаа бичсэн олон хүн Д.Дашдондог гэж хэмжээлшгүй авьяаслаг нэгэн байсныг гэрчилж байна лээ.

-Дондогдоржийн Дашдондог бол зөвхөн шүлэгч яруу найрагч төдий биш зохиолч, сэтгүүлчийн авьяас хосолсон нэгэн байж. Надад олдсоноор олон арван шүлэг, найраглал,бас дуулиуд байна.

Тэгэхээр хэрэв нэгэн үе тухайн нийгмийн занганд өртөөгүйсэн бол, хэлмэгдээгүйсэн бол нэр нь бүдгэрч, бүтээл нь мартагдахад хүрэхгүй байсан биз. Санхүүгийн сургуульд сурч байсан өндөр настан Дандарын Данаа дурсан ярихдаа

-Д.Дашдондог багш уран зохиолын талаар их сайхан зүйл ярьдаг. Бас тэр үеийн зохиолчидтой их дотно байсан санагддаг.

Нэг удаа Л.Түдэв зохиолчтой манай сургуулийнхан уулзалт хийх үеэрээ зохиолоосоо ярьж байхдаа Д.Дашдондог багшид уран бүтээлийн амжилт хүсч оюутнуудад хандаж “Танай багш яруу шүлэгч хүн шүү дээ гэж үнэлж байсан юм гэжээ.

-Та энэ эмхэтгэсэн номынхоо зорилгыг маш товчхоноор хэлнэ үү.

-За тэгье. Дондогдоржийн Дашдондог гэдэг яруу найрагч, зохиолч, орчуулагч энэ хүн бол ардын уран зохиолчийн анзааны хүн байсан юм билээ шүү гэдгийг л өнөөгийнхөнд мэдүүлэхийг хичээсэн юм. Бас хэн нэгэн мэдлэг чадвартай бусдаас онцгой сэтгэлгээтэй хүнийг хэлмэгдүүлж байсан цаг үе битгий давтагдаасай гэдгийг сануулсан минь бас нэг зорилго юм.

-Д.Дашдондог гэдэг хүнийг хэлмэгдсэн гэж хэллээ. Тэр хүн ер нь архинаас болж нэр нь бүдгэрч зохиол бүтээл нь мартагдахад шахжээ дээ.

-Би энэ сэдвийг хөндөх тун дургүй санагдаж байна шүү. Яагаад гэвэл тухайн үед Д.Дашдондог гэдэг эгэлгүй авьяаслаг хүнийг архичин хэмээн /яг Р.Чойном шиг/ хавчин хяхаж байжээ гэдэг нь үнэн. Тэгвэл одоо монголчууд чинь олонх нь архины мухлагаас холдохоо байсан юм биш үү. Харин тэр хавчилтыг сөрөн зогсож бүтээлээ үргэлжлүүлсээр байсан нь бас энэ хүний нэг онцлог юм.

-Та уг найрагчийн “Ээтэн гутал” шүлгийг их өргөж ярьсан байх юмаа даа?

-Тийм ээ. Би ч гэсэн 1960-аад оны дундуур сургуулийн босго алхсан хүний нэг. Тухайн үед сумын сургуулийн анги танхимд монгол гуталтай хүүхэд орж ирэх нь элбэг байв. Тэгэхээр тэднийг шалбааг тарьж, шал халтартууллаа хэмээн нүд үзүүрлэж байсан. Энэ үеийг санагалзан Д.Дашдондог “Ээтэн гутал” шүлгээ бичсэн юм билээ. Уг шүлэгт

Мойног хуруутай эмээ минь

Хонон өнжин улласан

Монгол ээтэн гутал минь

Тоног сарьс нь гоёхон доо

Ээтэн гутлын мөр

Сэтгэл, нүдэнд ургадаг нь

Элэг зүрхэнд хадагдсан

Элэгдэж гандашгүй дурдатгал гэсэн жинхэнэ монгол хэллэгтэй байдаг даа.

-“Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай ном нэг л удаагийнх уу?

-Үргэлжлүүлэх бодол байна аа. Ном гарснаас хойш гэхэд “Хөвчийн гурван охин”, “Ягаан цувтай хүүхэн”, “Жолоочийн гэргий”, Эрдэнийн магтаал зэрэг найраглалууд бас бус бүтээл олдоод байгаа юм. Энэ нь ном дахиад гарна гэсэн үг байх. Эцэст нь нэгийг хэлэхэд зохиолч, сэтгүүлч, судлаачдыг Д.Дашдондог судлалыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)