Баатарын НЯМСҮРЭН

 

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж өнгөрлөө. Xэвлэлүүд сонгуулийн тухай хууль, сонгогчийн боловсролд анхаарч ажилласан. Тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэлүүдийн төлөөлөл болох TV9 ,NTV, GoGo, Itoim, Unnu.news, Зууны мэдээ, Өдрийн сонин зэрэг байгууллагууд  энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар хэрхэн ажилласнаа дүгнэж, цаашид хэрхэх тухайгаа ярилцаж санал бодлоо солилцов. Тус уулзалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан зохион байгууллаа. Тэгвэл Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр медиа дээр төвийг сахисан мэдээлэл их, телевизийн тухайд сонгогчийн боловсролд зориулсан цаг өмнөхтэй үетэй харьцуулахад хоёр дахин их байсан гэдгийг онцоллоо. Харин эрэн сурвалжилж задлан шинжилсэн бүтээлүүд бага байжээ. Нэг сайшаалтай зүйл нь хэн нэгнийг гутаан доромжилсон мэдээлэл бага нийтлэгдсэн гэж дүгнэв.

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Энэ удаагийн сонгууль өмнөх үетэй харьцуулахад өөр болсон гэж харж байна. Сурталчилгааны үеэр өдөр тутмын сонины хоёр нүүрийг сурталчилгааны материал нийтлэхээр заасан боловч үүнийг хангалттай хэмжээнд ашиглаагүй. Тиймээс эрэлт хэрэгцээ багатай байсан гэж ойлгож болно. Намууд сонин хэвлэж сонгуулийн сурталчилгаагаа явуулсан. Тиймээс сонины оролцоо бага байсан болов уу. Хэвлэл мэдээллийн байгууллага нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг учраас бүх намын мэдээллийг оруулах ёстой. Манай сонины редакц сонгуулийн үеэр ажиллахдаа баримтлах зарчим гаргасан. Хэн нэгнийг гутаан доромжилсон материал нийтлээгүй. Нэр дэвшигчийн материалыг нийтлэхдээ редакцын бус нийтлэл гэсэн тэмдэглэгээгээр ялгаж өгснийг уншигчид мэдэж байгаа. Мөн долоо хоногтоо хоёр удаа сонгуулийн ерөнхий хороотой хамтраад сонгогчийн боловсролд зориулсан материал нийтэлсэн. Манай дээр нийтлэгдсэн нэр дэвшигчийн материалыг хүмүүс их сонирхож уншсан юм билээ. Магадгүй сонинд хэвлэгдсэн учраас үнэн бодитой гэж харсан байж мэднэ“ гэв.

“NTV” телевизийн редактор Б.Ундрахжаргалант “Хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааг хумьсан 80 гаруй заалт байдаг. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуульд бидний хэвлэн нийтлэх эрхийг хаасан зүйл олон. Өөрсдөө дэмжихгүй байгаа зүйлээ түгээх шаардлагатай эсэхийг мэдэх чухал. Мэдрэмжтэй мэдээлье сургалтад хамрагдсан учраас сурсан зүйлээ хэрэгжүүлж ажиллахыг хичээсэн. Сонгуулийн өдөр манайх 10 гаруй цагийн шууд дамжуулалт хийж ажиллахад эх сурвалжийн тэнцвэрээ хангасан гэж үзэж байгаа. Манай телевиз сонгуулийн дүнг уншаад өнгөрөхийг чухалчлаагүй. Улс төр судлаач, сэтгүүлч, социологич оролцуулж байр суурийг нь иргэдэд хүргэсэн.

“GoGo” сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Манай сайт парламентын сонгуулийн үеэр сонгогчийн боловсролд анхаарч ажилласаар ирсэн. Ес дэх удаагийн сонгуулийн тогтолцоо өмнө сонсож  байгаагүй, ойлгомжгүй зүйлүүд их байлаа. Тухайлбал, текст мэдээ унших нь бага байна. Залуу сонгогчдын хувьд видео мэдээлэл авах жишээтэй. Үүнд манай залуу сэтгүүлчид төвлөрч ажилласан. Хэвлэл мэдээллийн байгууллага нэр дэвшигчдийг хүмүүст таниулж ажиллах ёстой. Энэ нь нэг талаараа төлбөртэй материал мэт ойлгогдох боловч редакцын чиг үүрэг. Өмнөх сонгуулиар 606 нэр дэвшигчийн мэдээллийг оруулсан. Харин энэ жил 1000 гаруй нэр дэвшигчийн мэдээллийг нийтлэхдээ манай хамт олон хоёр өдөр бүтэн сууж ажилласан. Сурталчилгааны үеэр баримталсан зарчим гэвэл редакцын бус бүтээлийг ялгасан байгаа. Энэ жилийн сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгогчийн боловсролд анхаарлаа. Манайх сайт редакц дотроо сонгуулийн үеэр хэрхэн ажилласнаа дүгнэсэн. Энэ удаагийн сонгууль хэвлэл мэдээлэл бус сошиал дээр төвлөрсөн. Дараагийн дөрвөн жилийн сонгуультай холбоотой ажлыг одооноос эхлэх хэрэгтэй юм байна гэж бодсон” гэв.

“Өдрийн сонин”-ы албаны дарга  Я.Баярбаатар “Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж  харж байна. Уламжлалт хэвлэлийн эзлэх орон зай унаж байгаад сэтгэл дундуур байна. Хэвлэлийн орон зайг цахим орчин нөхөөд байгаа нь ажиглагдсан. Сонгуулийн үеэр фейсбүүк 2,8 тэрбум төгрөг олсон гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дотоодын хэвлэлүүд ажиллана. Бусад фейсбүүк, инстаграмаар сурталчилгаа хийхийг хориглоно гэдэг ч юм уу. Мөн сонсогчийн боловсролд анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Цахим орчинд нэр дэвшиж байгаа хүн бүр өөрийн нийтлэл, постоо идэвхжүүлсэн. Энэ нь бүгд харагдаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тарж бутарсан байдалтай биш нэгдэж нийлэх хэрэгтэй” гэлээ.

“TV9” телевизийн мэдээний албаны дарга Б.Ариунтуяа “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа телевизүүдийн үйл ажиллагааг сонгуулийн тухай хуулиар хязгаарласан. Энэ удаагийн  болон 2020 оны  сонгууль хэвлэл мэдээллийн байгууллагын үүргээ гүйцэтгэх эрхийг боосон. Магадгүй бид сонгуулийн үр дүн сайн гарсан, олон намын тогтолцоотой болсон гэж харж байгаа. Бид ийм бодолтой байж болохгүй. Телевизүүдийн хувьд таван минутын мэдээ, 60 минутын нэвтрүүлгийн хугацаа өгсөн. Сурталчилгааны үеэр энэ хугацаанаас илүү гарвал гурван сараар эфир хаах зохицуулалттай байсан. Үүнд хариуцсан байгууллагууд нь хяналт  тавьсан учраач хэвлэл мэдээллийн байгууллага үүргээ гүйцэтгэж чадаагүй. Мэдээж нэр дэвшигчдийн мэдээллийг шууд дамжуулсан. Гэхдээ ждү-д холбогдсон хулгай хийсэн хүмүүсийн үнэнийг дэлгэх боломжгүй байлаа. Энэ хүмүүсийг  мэдээлж чадаагүй учраас дахин сонгогдсон бас дарга болсон” гэсэн юм. 

“Unnu.news” сайтын редактор  Б.Лхагвацэрэн “Манайх сонгуулийн үеэр  өөр хаяг нээж сонгогчийн боловсролд чиглэсэн мэдээллүүд оруулж ажилласан. Саналаа өгөх шалтгаануудыг нь гаргасан 130 гаруй контент үзэгчдэд хүргэсэн. Инстаграм нь энгийн үетэй харьцуулахад сонгуулийн үеэр хандалт сайн байсныг онцолъё. Ажиглагдсан зүйл нь залуу уншигчдын зан төлөв нь ойлгомжгүй байна. Уншигчид манай сайтын руу мэдэхгүй зүйлээ асуусан. Үүнд нь хариулахдаа контент, мэдээлэл өгч ажиллаа. Тулгарсан зүйл гэвэл нэр дэвшигчийн мэдээлэл олох байлаа” гэлээ. 

“IToim” сайтын ерөнхий редактор Э.Мөнхцэцэг “Олон намууд байгаа учраас контент их хийх байх гэж бодсон ч хүлээлтэд нийцээгүй. Ихэвчлэн редакцын контентоо бэлтгэсэн. Мэдээж намаас ирж байгаа материалыг редакцын бодлогод  нийцэж байгаа эсэхийг нь харсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хандалт буурсан. Хүмүүсийн эрэлт хэрэгцээг судлахаар хүмүүс сайтын мэдээ, нийтлэл төдийлөн уншихгүй байна. Харин цахим орчинд олон дагагчтай, олонд танигдсан хүмүүсийн хуудаснаас мэдээлэл авдаг нь харагдсан” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг хэвлэлийн редакторуудын хэлсэн үг, өгүүлбэрээс харж болохоор байна. Тэд нэг салбарт байгаа учраас ижил замыг туулж яваа. Цаашид хэвлэлийн эрх чөлөө мандаж, үйл ажиллагаа нь тогтвортой байж үзэгч, уншигчаа үнэн бодитой, хэрэгтэй мэдээлэл хүргэх хэрэгтэй гэсэн санаанд нэгдсэнээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 132 (7376)