ХЭҮК-оос үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийллээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд хэлсэн үгэндээ: -Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний хэрэгжилт нь ардчилсан нийгмийн үндсэн шалгуурын нэг юм.  Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажсан иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг хамгаалах бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг Та бүхэндээ хэлье.

Өнгөрсөн хугацаанд Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх гурван удаагийн илтгэлдээ үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, олон нийтийн сүлжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг тусгаж, үүний дагуу Улсын Их Хурлаас хоёр удаагийн тогтоол гаргаж, Засгийн газарт холбогдох үүрэг, чиглэл өгсөн бөгөөд Комисс тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, жил бүр дүгнэж ирсэн болно.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан, нөгөө талаас хүний нэр төр, алдар хүнд хувийн болон гэр бүлийн амьдралд дур зоргоор халдахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг онцгой үүрэг хариуцлага дагадаг болохыг хүлээн зөвшөөрч тэнцвэрт байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг үр нөлөөтэй сэргээх тогтолцоог бүрдүүлэх замаар ардчиллыг бэхжүүлэхийг зорьдог.

Гэвч өнөөгийн байдлаар, цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчээс хүний нэр төрд халдсан хууль бус үйлдэл газар авч, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Мөн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ ямар нэгэн байдлаар эдэлсэн иргэдийн эсрэг төрийн байгууллага албан тушаалтан гомдол гаргах, зарим тохиолдолд эрүү зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зэрэг асуудал нь иргэдийн дунд бас эргэлзээ, айдас төрүүлж байна.

Худал мэдээлэл нийгэмд түгээмэл үзэгдэл болох нь иргэд олон нийт ямар ч мэдээлэлд итгэхгүй байх, эргэлзэх сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа нь хамгийн том уршиг юм. Юунд ч итгэдэггүй олон нийтийн сэтгэл зүйн нь ардчилсан нийгмийн үзэл санааг бүдгэрүүлж, төрд тавих олон нийтийн хяналтыг сулруулахын зэрэгцээ, нийгэмд талцал, хуваагдал бий болгох эрсдэлийг улам хүчтэй болгож байна.

Статистик мэдээллээс үзэхэд, 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс хойших хугацаанд “худал мэдээлэл тараах” замаар хүний нэр төрд халдсан гэх нийт 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин өмнөх онуудад бүртгэгдсэн нийт 859 гомдол, мэдээллийг хааж шийдвэрлэсэн байна.

Хүний нэр төрд халдсан асуудалд холбогдсон талууд нь тодорхой байгаа тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломж өнөөгийн эрх зүйн тогтолцоонд байна. Харин цахим орчинд, тухайлбал Facebook, X зэрэг платформд хуурамч болон нэрээ нууцалсан хаяг ашиглан хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдаж, худал мэдээлэл тараасан тохиолдолд тухайн мэдээллийг түгээсэн этгээдийг олж тогтоох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж хомс байна. Өөрөөр хэлбэл, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүхээс хуурамч хаягийн эзэмшигчийг тогтоох, үргэлжилж байгаа гүтгэлэг, халдлагыг таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалагдаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. Энэ нь төр хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хүлээн зөвшөөрч, тунхаглах бус, түүнийг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл, үр нөлөөтэй хамгаалалтын механизмыг бүрдүүлэх эерэг үүрэг хүлээж байгааг илэрхийлнэ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос дараах байр суурийг илэрхийлж байна. Үүнд:

-Дээр дурдсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохдоо,

-Бусдын нэр төр, алдар хүндэд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл бэлтгэж, цахим болон бусад хэлбэрээр санаатайгаар түгээсэн хууль бус үйлдлээс иргэдээ хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар манлайлал гаргаж ажиллах хэрэгтэй.

-Худал мэдээлэл санаатай тараах, иргэдийн нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх асуудлыг нэг мөр болгож иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг хүндэтгэх,

-Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаарх хууль ёсны шүүмжлэл, олон нийтийн хяналт, баримтад суурилсан болон хараат бус сэтгүүл зүйг хязгаарлах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахгүй байх;

-Улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд нь нийтийн албан тушаал эрхэлж, олон нийтийн үйл хэрэгт оролцож байгаагийн хувьд тэдний үйл ажиллагаа, шийдвэр, байр суурь нь олон нийтийн хяналт, шүүмжлэлд илүү нээлттэй байх явдлыг хүлээн зөвшөөрч, иргэнийхээ эсрэг гомдол гаргах хязгаарлах зохицуулалтыг олон улсын туршлагад нийцүүлэн тусгах;

-Улстөрч, төрийн өндөр албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрт шууд хамааралтай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үйлдэлд хамтран оролцсоноос бусад тохиолдолд тэдний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, хувийн нууцад халдаж гүтгэхгүй байх зарчмуудыг зайлшгүй тусгах шаардлагатай. Хүн бүр эрх зүйн этгээд байх бөгөөд хуулиар үр нөлөөтэй хамгаалагдах ёстойг баталгаажуулах хэрэгтэй хэмээв.

Эх сурвалж: ХҮЭК