Б.АЛТАНГЭРЭЛ

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Монгол, Вьетнамын харилцаа түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр Монгол-Вьетнамын харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Монгол, Вьетнамын улс төрийн харилцаа” номыг танилцуулах ёслолын арга хэмжээ болсон юм.

Энэхүү хуралд БНСВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгүен Ды Нгыа Дык, Наро Банчен хутагт болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Ийнхүү эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Вьетнамын харилцааг улс төр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л талаас нь ярилцаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш 70 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар хэлэлцлээ.

Хурлыг ШУА-ийн Дэд ерөнхийлөгч доктор, профессор Ц.Цэрэндорж нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жил өнгөрч, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан нь сайшаалтай гэж үзэж байна. 2012 оны зургаадугаар сард Монголын ШУА нь БНСВУ-ын Нийгмийн ШУА-тай хамтран ажиллах гэрээ, 2012 оны арваннэгдүгээр сард ШУА-ийн ОУСХ, Үндэсний хөгжлийн хүрээлэн нь БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн тус тусын чиглэлийн гурван хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсныг тодотгов.

 

Худалдаа эдийн засгийн харилцаа 140 сая ам.долларт хүрсэн

 

ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор Б.Цэнгэлсайхан “Монгол, Вьетнамын харилцааны түүхэн үйл явц эхнээсээ өнөөг хүртэл улс төрийн харилцаа давамгайлсан, түүнд тулгуурлан бусад салбарын харилцаа үүсэж, төлөвшиж иржээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон. Манай хоёр орон НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсноороо өндөр ач холбогдолтой юм. Вьетнам Улс нь  бүс нутагтаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй орон. Тухайлбал, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 20 улсын нэгт багтдаг. Манай улс ах дүүсийн уламжлалт найрсаг харилцааны хүрээнд Вьетнам улсаар дамжуулан Зүүн Өмнөд Азид гарах бүрэн боломжтой. Манай улсын чухал гарц орон. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар манай хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа 140 сая ам.долларт хүрсэн. Монгол, Вьетнамын улс төр, шинжлэх ухаан, батлан хамгаалах, шашны байгууллага, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа бүх салбарт сайн хөгжиж байна. Тухайлбал, Батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн хоёр талт хамтын ажиллагаа бус олон талт хамтын ажиллагаа хэлбэрээр зохиох үүднээс хоёр орны үүрэг гүйцэтгэгч, энхийг сахиулагчид хамтарч ажилладгаараа онцлог.

2014 онд хоёр улсын эрдэмтэд хамтран ШУА-ийн судлаачид хамтран   “Монгол, Вьетнамын харилцааны 60 жил” гэсэн хамтын бүтээлийг хоёр улсын хэлээр гаргасан байдаг. Өнөөдөр нээлтээ хийж буй “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” ном нь зөвхөн 70 жилийн асуудал бус XIII зуунаас өнөөг хүртэлх улс төрийн харилцааг хамарсан бүтээл. Энэхүү бүтээл нь бидний судалгааны нэгдүгээр хэсэг учир цаашид бусад салбарын харилцааны ажлаа хийсээр байх болно” гэв.

 

Монголоос жилд Вьетнам руу 15 мянга орчим жуулчин зорчдог

 

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор Д.Гантөмөр “Монгол-Вьетнамын аялал жуулчлалын харилцаа хамгийн чөлөөт, хөгжлийнхөө зөв тогтоц руу шилжих боломж нээгдсэн. Учир энэ оны гуравдугаар сараас харилцан 30 хоног зорчих визгүй болсон. Нислэгийн компаниуд хуваарьт нислэг хийж байна. Монголоос Вьетнам руу аялах иргэдийн тоо харьцангуй их. Жилд 15 мянга орчим жуулчин явдаг. Харин Вьетнамаас Монголд ирж буй 2000 жуулчин байна. Энэ нь экспорт, импортын тоо зөрүүтэй байгааг харуулж байна. Монголоос илүү олон жуулчин гарч буй нь долларын алдагдал хүлээж байгаа үзүүлэлт. Монгол жуулчдын хувьд нэг, хоёр удаа аялаад уйддаг тул тогтвортой, шат дараатай нарийн бодлого барихгүй бол Вьетнам руу аялах нь багасах эрсдэлтэй. Аялал жуулчлалаар дамжуулан хоёр улсын эдийн засгийн тэнцвэрийг бий болгохоор зорьж байна. Манай улс Вьетнам руу мах, арьс шир, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд экспортолдог. Вьетнамаас будаа, пиов зэрэг хүнсний төрлийн зүйлс импортолж байна. Үүний цаана тухайн улсын технологийн хурдацтай хөгжил, боловсролын хамтын ажиллагаа, Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь нүхэн голын эргээр Монгол Улсын хөгжлийн ямар бодлого явуулах вэ зэргийг аялал жуулчлалаар дамжуулан  нийгэм эдийн засаг, соёлын өгөөжтэй харилцааг хөгжүүлэхэд анхаарч байна. Манай аялал жуулчлалын кампаниуд Вьетнамчуудыг татах сурталчилгаа хийдэг. Гэвч энэхүү улсын гадагшаа аялдаг иргэдийн тоо Монголтой харьцуулахад маш цөөн. Судалгаагаар Вьетнам жуулчид  жилд  хоёр удаа аялдаг. Тухайлбал, Монголд ирж буй жуулчдын маршрут нь Улаанбаатар, Тэрэлж, Элсэн тасархай, Хархорин гэсэн чиглэлд 5-7 хоног аялдаг. Тэд аялалдаа 1600-2000 орчим доллар зарцуулдаг. Вьетнамчууд Монголын өвлийг их сонирхдог тул баруун аймгууд руу чиглэн, өгөөжтэй хэсгүүд рүү аялагчдыг татах нь зүйтэй. Үүний зэрэгцээ хоол, дулаан сууц, аялагчдыг татах блог хийж Gen-Z үеийн аялагчдыг татах загваруудыг бий болгох хэрэгтэй” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)