Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын институтээс санаачлан 1961 оноос дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн энэ өдрийг тохиолдуулан “Ижий бурхад”-ынхаа хойморт Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Чимэддоржийн Түвшинг урьсан юм. Театрын өдөрт зориулсан тоглолтын бэлтгэл гээд зав муутай байсан ч ижийгийнхээ тухай ярихад цаг заавал гаргана гэснээр бидний ярилцлага эхэлсэн.

Тэрбээр “Миний ижийг Дашдаваагийн Удвал гэдэг. Монгол Улсын гавьяат жүжигчин, хүүхэлдэйн урлагийн нэрт төлөөлөгч, найруулагч Лхамсүрэнгийн Чимэддорж гэж авьяасаараа гайхагдаж, амьдралаа урлагт зориулсан аавын минь хамгийн найдвартай түшиг тулгуур нь байж, бүтэн жарныг хамтдаа туулсан сайхан эмэгтэй бий дээ” хэмээн ижийгээ танилцуулав.
ТЕАТРААС ЯВСАН Ч СЭТГЭЛ НЬ УРЛАГТАА ҮНЭНЧ ҮЛДСЭН
-Ижий минь аавын амьдралын хань, үр хүүхдийнх нь эх төдийгүй урлагт амжилт олоход нь хэзээ ч ганхахгүй бат бөх багана байж чадсан нэгэн. Яагаад гэвэл ээж бас урлагийнх, тэр дундаа аавтай минь адилхан хүүхэлдэйн урлагт зүтгэж явсан жүжигчин хүн. Өөрөө театрт ажилласан арван жилээ богинохон гэж голдог ч тэр хугацаанд Хүүхэлдэйн театрын бүхий л уран бүтээлд оролцож, том жижиг олон дүрд тоглосон. Театрт ирээд аавтай танилцаж, бие биедээ татагдан тун удалгүй ханилж, үр хүүхэдтэй ч болсон.
Тэр үед театрынхан хөдөө бригадаар их явна. Нэг явахаараа 45-60 хоног гэрийн бараа харахгүй. Ийм нөхцөлд тэр олон нялх нойтон хүүхдээ яах билээ гээд театраас гарч худалдааны салбарт очжээ. Тэр бол аавыг ар гэр, үр хүүхэддээ санаа зоволгүй уран бүтээлдээ илүү анхаарч ажиллах боломжоор нь хангахыг илүүд үзэж хийсэн ижийгийн сонголт. Үүндээ харамсаж, эсвэл гоморхож байхыг нь би огт үзээгүй.
Бие нь театраас явсан ч сэтгэл нь урлагтаа үлдсэн ижийгээрээ би үргэлж бахархдаг. Намайг мэдээ орж байхад л театраас явсан учраас би ижийгийнхээ тайзан дээр тоглож байхыг сайн санадаггүй юм. Харин худалдааны салбарт жил бүр Бүх ард түмний урлагийн үзлэгт ордог, янз бүрийн урлагийн арга хэмжээнд оролцдог байсныг нь мэднэ.
Сайхан дуулна. Хүмүүсийн сайн мэддэг “Хүүхэн Нанаа”-г хачин гоё, тун донжтой дуулдаг. Бас гитар тоглоод дуулах нь хэчнээн гоё гээч. Монголын радиогийн Алтан фондод ижийгийн дуулсан дуу бий. “Ачит ээж таныгаа...” гэж эхэлдэг “Санах л юм ижийгээ” гэдэг бил үү, тэр дууг хамгийн анх дуулснаар нь хадгалсан гэсэн.
Тэтгэвэрт гарсан хойноо ч ижий аавтай хамт “Алтан унага” хүүхэлдэйн театраа ажиллуулж, голдуу ахмад жүжигчдээрээ баг болоод хөдөө орон нутгаар явж тоглодог байсан. Аав ээж хоёрын хамтарсан үзүүлбэрүүд бий. “Тэмээчин, ботго хоёр” нь их алдартай.
ТАЙЗАН ДЭЭР ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ЗУРАХ ГЭЖ ХИЧЭЭЖ ЯВАА МИНЬ ИЖИЙГИЙН АЧ

-Ижий Архангайн Цэцэрлэгт төрсөн. Аав нь Баярцагааны Дашдаваа гэж цэргийн дарга, ээж нь Сахьяа гэж эмч. Хоёулаа ном эрдэмтэй, чухал алба хашдаг, нутаг орондоо нэртэй сэхээтэн улс байж. Аав нь их сайхан дуулдаг, янз бүрийн хөгжим тоглодог байсныг мэдэх хүн олон.
Ижий эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр дүүтэй. Аавынхаа хөгжмийн авьяасыг ижийгийн дүү Мөнхзаяа ах илүү өвлөсөн. Нагац ах минь хөгжмийн зохиолч, удирдаач, найраг баян хуурч хүн байсан юм. Цэргийн хөгжимд насаараа зүтгэж, зохиолын болон найрал, дан найрал 300 гаруй дуу, симфони оркестор, үлээвэр найрал хөгжимд зориулсан 30 гаруй бүтээл туурвисан Мөнхзаяа ахын минь хүү Түвшинхүү өнгөрсөн жил гавьяат жүжигчин цол хүртсэн. Харин дуулах авьяас нь миний ижийд өвлөгдөж, бүжиглэх талынхыг нь дүү Дэнсмаа нь илүү авсан. Эгч Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин байсан.
Бид эцэг эхээс наймуулаа, одоо дөрвүүл үлдэж. Урлагаар явсан нь миний дээд талын ах Амгалан, бага дүү Оргилсайхан бид гурав байна. Амгалан ах Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Ардчиллын үед Хүүхдийн театрт ажиллаж байхдаа Батзаяа ах, Туяа эгч, Энхтуул, Одончимэг нартай хошин урлагийн театр байгуулж, Хүүхэлдэйн театрт бас Тувагийн театрт найруулагчаар ажиллаж байсан юм. Залуудаа бурхан болсон.
Дүү минь морин хуурч, ардын жүжигчин Ц.Батчулуун багшийн шавь. Одоо Америкт байгаа. Лос Анжелест саунд найруулагч. Том ах минь барилгын инженер байлаа, хоёр эмэгтэй дүү эдийн засгийн чиглэлийнх. Нэг нь “Цайны ертөнц” гэж компани ажиллуулж, нөгөө нь Америкт зоогийн газрын бизнес эрхэлж байна.
Бусад нь яг урлагаар яваагүй ч бүгд багадаа урлагийн дугуйланд явдаг байлаа. Надаас бусад нь төгөлдөр хуур, гитар, ятга гээд олон төрлийн хөгжмөөр тоглоно. Бидний юу хиймээр, юу сурмаар байгаа бүгдийг ээж аав дэмжинэ. Түүнээс ийм мэргэжилтэй бол, ингэж сур гэж шахалгүй дураар минь өсгөсөн. Би багадаа зураг зурах дуртай хүүхэд байлаа. Тиймээс зургийн дугуйланд сурна. Төгсөөд тайзны зураач болохоор шийдэж, театрт орсон. Тайз зурдаг байсан бол одоо тайзан дээр хүний сэтгэл зурах гэж хичээгээд л явж байна даа. Энэ бол ижийгийн минь ач.
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ГОЛ СУББОТНИКИЙГ ИЖИЙ Л ҮҮРСЭН
-Хичээл сургууль, эцэг эхийн хурал гээд бүхий л зүйлд ижий явдаг. Гэхдээ биднийг буруу хэрэг хийлээ гэхэд бусдаас өмөөрч сүйд болохгүй. Харин ч багштай нийлээд чангална шүү дээ. Багш нар минь ч хүүхдүүдийнхээ төлөө их явдаг байжээ. Манай хоёрдугаар сургуулийн багш нар бол бүр гойд байсан санагддаг.
Бидний идэж уух, өмсөж зүүх, сурч боловсрох гээд ижийд оролцохгүй зүйл нэг ч байхгүй. Ингээд бодоход манайх гэдэг айлын гэр бүлийн харилцааны гол субботникийг ижий л үүрч байж. Аавд бол тийм зав ховор. Театрын солист жүжигчин, намын дарга, найруулагч, театрын дарга гээд гэрийн бараа харахгүй их ажилтай болохоор багын дурсамжинд ээж л илүү байдаг юм.
Биднийг багад жүжиг, цирк, концерт үзүүлэхээр их дагуулж явна. Хүүхэлдэйн театрын Чойсон дарга, Чойжамц гуай, Цэгмид эгч, Дарьхүү гуай, Доржпүрэв ах, аавын үеийн бүх жүжгийг мэднэ. Хүүхэд насны дурсамжийн хамгийн баялаг нь энэ театртай холбоотой. Театрт их очдог ч Чимэддоржийн хүүхэд гэдэг давуу эрх нэг ч удаа эдэлж байгаагүй. Бусдын л адил байлаа. “Алладины шидэт дэнлүү” зэрэг олон гоё жүжгийг ээжтэйгээ үзсэнээ мартдаггүй юм.
ИЖИЙТЭЙГЭЭ ХАМТ БАЙХЫГ ИЛҮҮ ИХ ХИЧЭЭДЭГ БОЛСОН
-1990-ээд оноос хойш Бурхан багшийн сургааль дэлгэрч, Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдрийн тухай их ярьдаг болсон. Монголчууд ээжийгээ бурханчлан ярьдаг аргагүй ухаантай ард түмэн юм. Би гэхдээ одоо л ухаан сууж, ижийгийнхээ ярьж хэлснийг илүү ухаж ойлгодог болж байна. Хэлж байгаа үг бүр нь бидний шүтээд байгаа Бурхан багшийн сургаальтай ойрхон, энгийн амьдрал дээрх жишээ юм.
Наад зах нь ээжийнд очоод нэг л их ажилтай хүн яарч сандран хоол цай идсэн болохоор “Тогтож суугаад цайгаа гүйцэд уу, хоолоо бүрэн ид, хоол цайгаа битгий үлдээ” гэх нь үнэндээ бол бодлоо цэгцлэх, цаг хугацааг үнэлж сурах, тавьтартай байх тухай л үг юм байна гэж ойлгож ханддаг болсон. Өөрийгөө сонсож сур, бусдаас бүү өө хай. Өөрийгөө өөрөө ол гэх том философийг ээж л өгдөг. Нас яваад ч тэр үү, ижийтэйгээ хамт байх цагийг илүү их гаргахыг хичээдэг болсон.
Бүхий л амьдралаа хань, үр хүүхдийнхээ төлөө зориулж яваа ижийдээ бид одоо ч эрхэлнэ. Өдөр бүр утсаар ярина, долоо хоногтоо гурван удаа заавал очно, нэг өдөр нь хононо. Өчигдөр л гэхэд би ижийгийнд хоноод бид хоёр бүтэн өдөр хамт явж байгаад ирсэн. Очихоор ижий баахан хоол хийгээд ид гэж шахна. Гомдоохоос айгаад цатгалан байсан ч иднэ шүү дээ. Ямар сайндаа би “Ижий одоо Сомалийн ард түмнийг өлсгөлөнгөөс аварч буй аятай ид ид гэж шахаад байх юм” гэж тоглож байх вэ. Намайг өлсөж байгаа болов уу гэсэндээ биш надтай илүү их цагийг хамт өнгөрүүлэх, ярьж суух гэсэндээ л тэгдгийг нь ойлгодог болсон.
Миний ижий ер бусын тэвчээртэй хүн. Найман хүүхдийн дөрөв нь цагийн эрхээр хорвоогоос буцах ижийд минь ямар байсныг бодохоос аймаар. Хамгийн хэцүү зовлон үрээ алдах гэдгийг ахыгаа өнгөрөхөд, дүүгээ Орост амиа алдахад харсан. Тиймээс ижийгээ зовоохгүй л явахсан гэж хичээдэг. Түүнээс биш ээжийнхээ ачийг хариулна гэж худлаа юм билээ шүү. Чадах ч үгүй.
ИЖИЙ ГЭЖ АГУУ ХҮНИЙГ ГАРГАСАН БҮТЭЭЛ ХИЙХСЭН
-Намайг найруулагч болоход ааваас илүү ээж дэмжсэн. Аав надад эргэлзсэн байж магадгүй. Харин ижий сэтгэлд чинь багтаж байгаа бол үзээд алд гэж хэлсэн. Манай хоёр миний хийсэн уран бүтээл бүрийг үздэг, баяр хүргэдэг байв. Ижий “Үнсгэлжин”-г тайзнаа тавихад их баярласан. “Эдип хаан”, “Амьдрал би чамд хайртай” гээд жүжиг бүрийг үзээд сэтгэгдлээ хэлдэг юм.
Хамгийн сүүлд их догдолж үзсэн нь “Жаргаагүй нар”. Нацагдорж яг ийм хүн байсан байх, Пагмадулам гоё бүсгүй, Намдаг зохиолчийг Чингүүн их сайхан гаргалаа гээд л бараг дүр бүр дээр ярьсан. Намдаг гуайтай танил байсан юм билээ. Тэгээд яг л ийм шоволзсон сэргэлэн хүн байсан гээд ярьж байв.
Урлагт энэ олон жил зүтгэхдээ эхийн тухай бүтээл нэг бишийг хийсэн. Шавьтайгаа хамт бичсэн “Уучлаарай ээжээ” гэж кино зохиол, бас Гүрбазар ахын охин Оюутцэцэнтэй бичсэн “Бурхан чамайг уучлаг” гэж зохиол бий. Ер нь бол яг өөрийнхөө ээжид гэж зориулаагүй ч хийж байгаа бүтээлээрээ дамжуулж ээж гэж агуу хүнийг гаргахсан гэж хичээдэг.
“Жаргаагүй нар” жүжигт Нацагдоржийг нас барсан байхад Пагмадуламын “Гучин гурван тэнгэр минь чи гучин нэгхэн настай Нацагдоржийг минь харж үзэж болсонгүй юу” гэхдээ яс үс нь бүтэн байна уу, хуруу гар нь бүрэн үү, хаана нь шарх байна гэдгийг барьж үзэж байгаагаар харуулсан. Энэ бол Орост амиа алдсан хүүгээ авахаар очихдоо ижийгийн минь хийж байсан үйлдэл.
ТЕАТРТ ИРЭЭД ӨВГӨНИЙХӨӨ ШАВЬ БОЛЖ БАЙЛАА

Бид Түвшин найруулагчийн санал болгосноор үдийн цайны цагийг ашиглан ярилцлагаа ижийгийнд нь үргэлжлүүлэхээр Драмын театраас гарч 13 дугаар хороололд байх гэр рүү нь явлаа. “Алтан түлхүүр” жүжгийн Буратиногийн найз Малвина шиг цэв цэнхэр үстэй гоё эмэгтэй “Юу болоод гэнэтхэн...” гэсээр угтав. Хүүгийнх нь ярьснаар шууд л хоол цай, чихэр жимс болоод явчихлаа. Д.Удвал эгчээс Хүүхэлдэйн театрт жүжигчин байсан үеийнх нь талаар тодруулахад:
-Манайх намайг тавдугаар ангид ордог жил хотод ирсэн юм. Ээж минь эмч, нямбай чамбайгаараа нутагтаа гайхагдсан хүн байсан юм. Сахьяа эмч гээд одоо ч мэдэх хүн бий. 1967 онд залуудаа бурхан болсон.
Аав минь цэргийн дарга, Архангайн Прокурор, шүүхэд дандаа удирдах ажил хийж байсан. Сүүлд намайг тавдугаар ангид ороход Нисэхийн цэргийн ангид батальоны даргаар ирж манайх хотын айл болсон.
Би багадаа дуу хөгжимд дуртай, урлаг уран сайхан гэж явдаг байсан болохоор жүжигчин болно гэж зүтгээд Хүүхэлдэйн театрт 1964 оны хавар нь шалгуулаад намар нь есдүгээр сарын 3-нд дагалдан жүжигчнээр орсон. Шинэ ирсэн хүмүүсийг туршлагатай жүжигчдэд шавь болгож өгдөг байсан юм. Тэр журмаар намайг Чимэддоржийн шавь болгосон. Надаас хамаагүй өмнө 1958 онд театрын сургууль төгссөн, том жүжигчин болсон байсан. Насаар ч надаас арав гаруй ах.
“Улааныхан ба харынхан”, “Тоглоомын гомдол”, “Муурын байшин”, “Цурхай загасны тушаалаар” гээд олон жүжигт нөхөртэйгөө хамт тоглож байв.
Тэр үед Даваасүрэн, Дуламсүрэн, Цэенхорлоо, Дамдинбазар гуай гэж мундаг жүжигчид байлаа. Залуучуудаас нь Бадамханд, Алтанцэцэг гээд олон хүнтэй хамт ажилласан. Радиогийн нэвтрүүлэгч Рагчаа бас манай театрт байлаа. Бавуугийн Лхагвасүрэн надтай зөрөөд Үлгэрийн танхим руу явсан.
Тэр үед бүх жүжгээ хүүхэлдэйгээр хийнэ. Хүүхэлдэйнүүдийг Дамдинсүрэн гэж уран барималч маягтай гоё урлана. Зураач нь Рэнцэн, найруулагч нь Чойсон гэж Чехэд төгссөн дээд мэргэжилтэй мундаг улс байлаа.
Урлагт их дуртай байсан ч амьдралын эрхээр худалдааны салбарт очсон. Санаандгүй сонголт байсан л даа. Хамаатны охиноо Худалдааны сургуулийн курст оруулах гээд би хамт явсан юм. Түүнийг минь нуруу намхан, бие жижигтэй юм гээд жаахан голох маягтай. Тэгснээ намайг орооч гэдэг юм. 45 хоногийн курс гэхээр гайгүй юм гэж бодоод орчихсон. Курсээ төгсөхөд Сайд нарын 10 дугаар дэлгүүрт хуваарилсан ч гэр хол, олон нялх хүүхэдтэй гээд очсонгүй. Их тэнгэрт үйлчилгээнд оч гэсэн чинь цаг наргүй ажил гэж өвгөн дургүйцээд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрт ахлах кассчнаар очоод тэтгэвэрт гартлаа 30-аад жил ажилласан.
ИЛҮҮД ШУНАЛГҮЙ АМЬДАРСАНДАА БАЯРЛАДАГ
Удвал эгч хоол сайхан хийдэг. Янз бүрийн хоолны жор зохионо. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд, ач зээ нартаа зориулан хоолыг эрүүл мэндэд тустай талаас нь илүүтэй анхаардаг болсон гэнэ. Найруулагч хүүдээ зориулан махны амт оруулсан дан ногоотой буузны гол амтлагч нь турмерик гэж хүний биед ач тустай зүйлийг тайлбарлаж байсан. Амттай хоолны ширээнд ийн яриа үргэлжлэв.
Хүү: Ижий дэлгүүрт ажилладаг байсных бид картын бараанд оочерлож үзээгүй. Идэх хоолоор гачигдалгүй өссөн.
Ээж: Худалдааны буяныг их хүртсэн дээ. Илүүд шуналгүй амьдарсандаа баярладаг. Хүүхдүүдээ хоолтой, хувцастай явуулж, ном эрдэм сургах л өвгөн бид хоёрын хүсэл байсан юм шүү.
Хүү: Манайх Хүнсний дөрвийн урд, хуучин циркийн өмнөх Банкны 84 гэдэг байранд амьдардаг байсан. Эргэн тойронд урлагийнхан олон. Замын эсрэг талын байранд Доржсамбуу ахынх. Манайхан гэр бүлийн найз. Нэг нэгэндээ маш дэмтэй явж ирсэн. Манай ах Орост хуримаа хийхэд аав ээж хоёр явж чадахгүй болоод Доржсамбуу ах өмнөөс нь явж хуриманд нь оролцоод ирж байсан шүү дээ. Гэргий Цолмон эгчтэй нь ээж их найз. Бас нэг найз нь Чимэд-Осор жүжигчний охин Энхтуяа эгч. Бас Тунгалаг эгчтэй их найз. Манайх хүн тасардаггүй, дандаа урлагийнхан ирнэ.
Ээж: Өвгөн бид хоёрын найзууд голдуу урлагийнхан. Худалдаанд очсон хойноо хоёр сайхан найзтай болсон.
Хүү: Манай аав ээж хоёр гадагшаа их явдаг байсан. Тэгээд биднийг их гоёно. Би Чех, Польшийн л костюм өмсөнө. Ганц дутагдал нь ах бид хоёрт яг адилхныг авчирч өгнө, охидоо ч бас адилхан хувцаслана. Өөрсдөө ч их дэгжин. Биеэ их сайхан авч явдаг нь одоо ч хэвээрээ шүү дээ.
Чехийн Хомутова гэж хотын зурагчны авсан ээжийнхээ гоё зургаар Ч.Түвшин найруулагч гар утасныхаа дэлгэцийг гоёсон байдаг. Үр хүүхдийнхээ төлөө жүжигчин болох мөрөөдлөө орхиж худалдааны салбарт 30 шахам жил ажилласан Дашдаваагийн Удвал гэж ийм нэг сайхан ижийгийн гэрээс энерги дүүрэн гарлаа.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 58 (7800)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn