Б.Гэрэл

 “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хамтарсан хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Монгол талаас Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүс, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны яам, Эрээн хотын Засгийн ордон болон Монгол, Хятад аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөллүүд оролцов.

Тус чуулга уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат болон БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын Эрээн хотын орлогч дарга Шиао Жианжүн нар илтгэл тавьж, хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн өнөөгийн нөхцөл байдал, хоёр улсын чөлөөт бүсийн байршил, бүтээн байгуулалт, хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн талаарх мэдээллийг аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд өгч, хөрөнгө оруулалт татах сурталчилгааг хамтран хийв.

Захирагч Ц.Ганбат “Евро-Азийг холбосон газарзүйн болоод худалдааны  гол цэгт байрлах  чөлөөт бүсүүдийг олон улсын жишигт нийцсэн болгож хөгжүүлэх түүхэн үеийг хамтран бүтээхээр зорьж буй та бүхэнд маань манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” эдийн засаг, худалдаа, тээвэр логистик, үйлдвэрлэл, аялал жуулчлал, бизнесийн бүс болон хөгжинө гэдэгт  итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Мөн хоёр талын илтгэгчид “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөгжилд хувь нэмэр оруулан хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллахыг Монгол, Хятадын  хөрөнгө оруулагч нарт уриаллаа.