“Орд гэр” компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуягтай шинэ гэрийнх нь талаар ярилцлаа.

-“Улаанбаатар травэл экспо-2024” үзэсгэлэн, худалдаанд танай компани шинэ гэрээр оролцож байна. Энэ гэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-2024 оны Улаанбаатар травэл экспод “Орд гэр” компани аялал жуулчлалын салбарт зориулсан монгол гэр бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Аялал жуулчлалынхан юуг хүсдэг вэ гэвэл монгол гэрт ариун цэврийн өрөө хүсэж байна. Хэрэглэгчид хүсэж байгаа учраас энэ хэрэгцээнд таарсан ариун цэврийн өрөө, душийг гэр дотор шийдэхэд жижиг гэр тийм тохиромжтой биш. Тиймээс бид 7.5-ын хэмжээтэй шинэ бүтээгдэхүүнийг шинээр хөгжүүлээд душ, суултуур, угаалтууртай ариун цэврийн өрөөг хийхэд ийм уужим, том цэлгэр байдгийг харуулах зорилготой бүтээгдэхүүнээ танилцуулж энэ үзэсгэлэн, худалдаанд оролцож байна.

-Энэ гэрийг хийх болсон шалтгаан юу вэ?

-Бидний зорилго монгол гэрийг дэлхийд таниулах. Аялал жуулчлалын ихэнх бааз монгол гэрийг муу нэрээр сурталчилж байна. Гадаадынхан эсгий үнэртсэн гэдэг шалтгаанаар монгол гэрээс татгалзаж байна. Тэгэхээр манай энэ гэр аялал жуулчлалын салбарынханд энэ асуудлыг шийдээд нэгдүгээрт, ус, чийг огт нэвтрэхгүй. Хоёрдугаарт, арчилгаа бага. Гуравдугаарт, угсардаг, буулгаад өөр газарт барих боломжтой. Давхар ханатай, ноосон дулаалгатай учир дөрвөн улиралд 100 хувь ашиглаж болно. Арчилгаа бага гэдэг нь аялал жуулчлалын салбарт их том давуу талтай. Хэрэглэгчийн хүсэлтээр зуух, яндан тавьж болно. Бидний зорилго эко, байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлын эсрэг болохоор яндангүйг санал болгож байгаа. Яагаад гэвэл дулаан алдагдлыг багасгасан учраас бага хэмжээний цахилгааны зардлаар энэ гэрийг халаах боломжтой. Ер нь манайх дулаалгатай шалыг санал болгож байгаа. Заавал шалны халаалт гэхгүй. Дулаан алдагдал багатай учраас жижигхэн тениэр халаагаад тав тухтай орчинг бүрдүүлнэ.

-Гэрийн доторх үнэхээр тохиолог, сайхан харагдаж байна. Ямар модоор хийдэг вэ?

-Монгол гэрийн хэлбэр, хэмжээг алдагдуулахгүй байх үндсэн шаардлага тавьдаг. Хоёрдугаарт, модны хийц. Манай гэр яагаад модны өнгөөрөө байна вэ гэвэл бид маш сайн чанартай нарс модоор хийдэг гэдгээ харуулж байгаа юм. 2-3 жилийн дараа энэ чанар маань яг ингээд л байж байна. 20-30 жилийн дараа ч яг энэ өнгөөрөө байхаар боловсруулалт хийх зорилготой ажиллаж байгаа. Гэрт тавьсан сандал, тавиур, чихрийн таваг бүгд манай үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн. Удахгүй манай бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайжраад үндсэн бүтээгдэхүүнээс гадна дагалдах бүтээгдэхүүнээ санал тавих зорилготой.

-Энэ гэр тавилгатайгаа нийлээд хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байгаа вэ?

-Тавилгыг үнэлэхгүй байгаа. Гэр шал, ариун цэврийн өрөөтэйгөө нийлээд 67 сая төгрөг. Хэрэв ариун цэврийн өрөөгүйг захиалбал зургаан сая, шалгүй гэвэл 16 сая төгрөг хасагдана. Ер нь гэрийг шалгүй санал болгодог. Гэхдээ манай дулаан алдагдлыг багасгасан гэрийг авч байгаа бол шал, суурь маань ч дулаан алдагдлыг багасгасан байж энэ хоёр маань зохицоно шүү дээ. Манай гэрийг шалгүй аваачаад цементен дээр тавьчихвал сууринаас дулаан алдагдал явагдаж л таарна.

-Танай компанийн цаашдын зорилго юу билээ?

“Орд гэр” компанийн үндсэн уриа “Уламжлал ба инновац” гэж байгаа. Бид уламжлалаа алдахгүйгээр харин сайжруулаад орчин үеийн техник технологи, инновац шингээгээд үйлдвэрлэх зорилготой. Бидний алсын хараа “Орд гэр”-ийг орчлонд түгээх буюу гэр гэдэг бүтээгдэхүүнийг, гэр гэдэг нэрийг дэлхийд таниулах зорилготой. Яагаад гэр гэж онцлоод байна гэхээр Еврол, Орос, Америк руу гарахаар гэр гэдэг нэр маань орчуулагдаад юрт гэж яваад байгаа. Энэ чинь бишээ гэр гэдгээр нь явах ёстой юм аа. Тэр зорилгыг бид бас агуулж байгаа.

Манай компани үйлдвэрлэл учраас зураг төслөөс хэрэглэгчдэд түлхүүр хүлээлгэж өгөх хүртэл үйл явцыг бид явуулдаг. Үйлдвэрлээд, угсраад хүлээлгэж өгнө. Хүлээлгэж өгөөд зогсохгүй нэг жилийн баталгаат хугацаа өгдөг. Энэ хугацаа дууссан ч манайх байж л байна. Борлуулсны дараах үйлчилгээ байсаар байна гэсэн үг.

"Орд гэр" компанийн урласан ариун цэврийн өрөөтэй монгол гэртэй танилцана уу.

Монгол гэрт душ, угаалтуур, суултууртай ариун цэврийн өрөөг ингэж хийжээ.

Гэрлийн ширээ.

Тавиур.

Сандал, ширээ.

Гэрийн гадна байдал.

Эх сурвалж www.zms.mn