“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа монголчуудын уламжлалт тоглоом, наадгайг судлан, бусдад таниулж яваа Ж.Бэгзсүрэнг урьж, ярилцлаа. Тэрээр гаднын зочдыг гэртээ хүлээн авч, нүүдэлчин соёл, өв уламжлалаа таниулдаг “Хоост” айлын эзэн юм. Өдгөө тэрээр 822 дахь гадаад зочдоо хүлээн авч, монгол ахуй, өв соёлоо гэрээсээ дэлхийд таниулж явна.

-Монголын уламжлалт тоглоом, наадгайг сонирхон судлах болсон түүхээс ярилцлагаа эхэлье?

-Би МУИС-ийг компьютер программ хангамжийн мэргэжлээр төгсөөд Нацагдоржийн номын санд 14 жил ажилласан.  Энэ хугацаанд номын сангийн фондыг цахим каталогт оруулах ажил хийж байхдаа 1966 онд хэвлэгдсэн Намжилдоржийн “Монгол ардын хөлөгт тоглоом” гэсэн хоёр боть номыг олж үзсэн юм. Тэнд 110 төрлийн хөлөгт тоглоомын тухай мэдээлэл байсан.

Тэр дундаас  бага байхдаа өвөөгийнхөө гэрт тоглож байсан “паж” тоглоом миний сонирхлыг их татсан юм. Би монголын хөлөгт тоглоомын талаар  сайн мэддэг юм байна гэдгээ ойлгосон. Бид багадаа тоглож байсан тоглоомоо том болоод тоглохоо больчихдог юм байна. Гэтэл тоглоом гэдэг хүний амьдралтай холбоотой, цаанаа тодорхой утга агуулгатай зүйл гэдгийг ойлгож эхэлсэн.

“Оюун ухааны музей”-г үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзий “Тоглоом бол хүний амьдралаас урган гарч, буцаагаад хүн амьдралыг заадаг” гэж хэлсэн байдаг шүү дээ. Тиймээс 2006 оноос Д.Нацагдоржийн номын санд монгол тоглоомыг олон нийтэд танилцуулах үйлчилгээг нээж, хүүхдүүдэд тоглуулж, шагай болон бусад малын ясаар хийдэг оньсон наадгайг жишээ болгон үзүүлж эхэлсэн.

-Монголын уламжлалт тоглоом, наадгайг судлах сонирхол тань гадаадын зочдыг гэртээ хүлээн авах ажилтай  нь хэрхэн холбогдсон бэ?

-2008 оноос гэртээ гадаад хүмүүс авчирч эхэлсэн. Манай номын сангийн уншигч Ундраа гэдэг эмэгтэй “Нэг Америк залуу Улаанбаатарын гэр хорооллыг очиж үзмээр байна гэнэ ээ” гэж  надад хэлсэн юм. Ингээд тэр залуутай уулзаж, гэртээ урьсан нь  эхлэл болсон.

Мөн  Д.Нацагдоржийн номын санд ажиллах хугацаандаа мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлын шугамаар гадаадын номын сангуудын техник, технологитой танилцаж, 14 оронд очих боломж олдсон. Тэр үедээ намайг бусад улсад очиход тухайн газар нутгийнхаа талаар ярьж, тайлбарлаж өгөх найзтай байвал сайхан юм байна гэж боддог байлаа. Тиймээс ч гадаад найзууддаа эх орныхоо өв уламжлал, ахуй соёлыг танилцуулах ажил маань өнөөдөр 18 жил болж байна. Өнөөдрийг хүртэл анхны зочинтойгоо холбоотой байдаг.

Анхны зочин манайд ирсэн өдөр бороо орж, Сэлбэ голын эрэг дээр мал бэлчиж, аргал түүж байсан тэр энгийн ахуй их  сайхан мэдрэмж төрүүлсэн гэсэн.

Ер нь Монгол Улсыг ном, хэвлэл, баримтат киноноос мэдэж авсан хүмүүс бодит амьдрал дээр тэр зүйлээ үзэх гэж Монголд ирдэг юм байна. Тэгээд төсөөлж байсан тэр мэдрэмжээ авч чадвал дахин ирдэг гэдгийг ойлгосон. Манайд хоёр дахь удаагаа ирсэн хүмүүс ч бий. Дэлхийг бүтэн тойрч үзсэн Япон судлаачид хүртэл манайд ирээд “Та нар ахуй амьдралаа хадгалж үлдсэн нь сайхан байна” гэж хэлж байсан.

-Таны 39 дэх зочин тоглоомын талаарх ойлголтыг тань улам гүнзгийрүүлсэн гэж ярьсан. Тэр ямар учиртай вэ?

-Бельги улсаас ирсэн миний 39 дэх зочин цүнх дүүрэн тоглоомтой аялдаг залуу байсан. Үүргэвч нь дан тоглоом. Манайд ирснийхээ дараа цүнхээ задлаад Европын хүүхэд, залуучуудын тоглодог хөлөгт тоглоомоос эхлээд төрөл бүрийн хөзөр, бусад тоглоомоо дэлгэж үзүүлсэн.

Тэр залуу радиогийн сурвалжлагч мэргэжилтэй. Дүрс бичлэгээс илүү байгалийн болон хүний дуу чимээг бичиж аваад нэвтрүүлэгтээ ашигладаг хүн байлаа. Түүнээс би тоглоом тоглож байх үед хүний төрөлхийн зан чанар, харилцааны байдал илүү тод гарч ирдэг юм байна гэдгийг ойлгосон.

Тэгээд өмнө нь бодож явсан зүйл маань улам батжиж, тоглоомд илүү их анхаарал хандуулах болсон. Тоглоом гэдэг хүнтэй харилцах нэг хэрэгсэл, эерэг уур амьсгал бүрдүүлэх арга, хэлэх зүйлээ хэлж, сургах зүйлээ сургах нэг хэлбэр байж ирсэн юм байна гэж ойлгосон.

-Энэ судалгааныхаа үр дүнд “Есөн даваа” богцыг бүтээжээ. Ямар тоглоомууд багтсан бэ?

-Монгол ардын хөлөгт тоглоомоос “Чүү чамай”, “Тооно”, “Үүд”, “Тулга”, “Тугал туух”, “Олон санаа”, “Уул талын буга”, “Буудал”, “Таж” гэсэн есөн тоглоомыг сонгож, “Есөн даваа” богц гаргасан.

Эдгээр есөн тоглоомыг тоглож сурна гэдэг монголчууд олон төрлийн хөлөгт тоглоомтой байсныг мэдэхээс гадна есөн өөр арга барил эзэмшиж байна гэсэн үг.

Модон оньсон тоглоомын хувьд л гэхэд “Оюун ухааны музей” болчхоод байна шүү дээ.Тоглоомыг тоглодоггүй хүн бүрэн ойлгодоггүй юм байна гэдгийг би ойлгосон. Нэрийг нь мэддэг байлаа гээд  цаад утга учрыг нь ойлгохгүй. Харин хэрэглэж, тоглож байж тухайн тоглоом яагаад анх үүссэн, ямар учир шалтгаантай байсан, түүнийг тоглосон хүмүүс амьдралаас юуг ойлгож, үр хүүхдэдээ юуг зааж сургахыг зорьж байсныг мэдэж болно. Тоглоомоор дамжуулан амьдралыг таньж болно.

-Монголын уламжлалт тоглоом, наадгайг судалж, бусдад таниулж явдаг нь “Нүүдэлчин” наадмыг зорих нэг шалтгаан болдог байх?

- Тэгэлгүй яах вэ.Нутаг бүхэн ямар онцлог тоглоом, наадгайгаар  тоглож ирсэн бэ гэдгийг  “Нүүдэлчин” наадмын үеэр мэдэх боломжтой байдаг. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж, влогтоо оруулдаг. Мөн өөрөө тоглож үзэж, сурахыг зорьдог доо.

“Нүүдэлчин” наадам миний хувьд Монголчууд бид ийм соёлтой юм, ингэж баяр цэнгэлийг мэдэрдэг, өдөр тутамдаа өөрсдийн ур дүйгээр ийм зүйлийг хийж бүтээж амьдардаг гэдгийг Улаанбаатарт амьдарч байгаа болон дотоод, гадаадын хүмүүст таниулах орчин  юм. Энэ гайхалтай орчинд  монгол орныг минь зорин ирсэн 822 дахь зочноо  дагуулан очиж, өв соёлынхоо талаар багахан ч гэсэн  таниулсандаа баяртай байгаа. Монгол ахуй, өв соёлоо гадаадын зочдод ийнхүү таниулж явах нь миний хувьд хамгийн том бахархал юм.

Би Сүхбаатар аймгийн уугуул. Нутгаасаа гараад 30 жил болж байна. Нутгаасаа гарахдаа өөрийн аймгийнхаа өв соёлыг ч бүрэн таньж мэдээгүй байжээ. Монгол орны өнцөг булан бүрээр явж, алс холын Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг нутгийн хүмүүс ямар өв соёлыг тээж, хэрхэн амьдарч ирснийг сайн мэдэхгүй учраас “Нүүдэлчин” наадмыг жил бүр зорин очиж, Монгол Улсынхаа өв соёлыг танин мэдэхийг хичээдэг. Өв соёлоо таниулж байгаа “Нүүдэлчин” наадамд зорин ирсэн ард түмэндээ ч баярладаг. Анхны “Нүүдэлчин” наадмыг үзээд ирснийхээ дараа гэрийнхээ үүдийг хүртэл эсгийгээр хийсэн.

-“Нүүдэлчин” наадмаас олж харсан зүйлс тань монгол ахуй, өв соёлын талаарх таны ойлголтыг хэрхэн өөрчилсөн бэ?

-Өнөөдөр монгол ахуй, соёл гэдэг хуучин зүйл үү, эсвэл шилдэг зүйл үү гэсэн асуултын дунд бид амьдарч байна. Харин “Нүүдэлчин” наадамд очиж уламжлалт ахуй соёлоо үзэж харахад, мянга мянган жилийн турш эцэг өвгөдийнхөө амьдралаас олж нээсэн шилдэг туршлага юм байна гэдгийг ойлгуулдаг.  Амьдралаас таньж мэдсэн зүйлээ олж нээгээд, хийж бүтээсэн зүйлүүдийг нь өнөөгийн үр хүүхдүүд нь бидэнд дахин үзүүлж байгаа хэрэг.

Жишээ нь, гэрт амьдрахад хэцүү биш. Авсаархан, буулгаад барьчихдаг, гал түлэхэд амархан дулаацдаг. Гэрийн ханын үдээрийг төмөр утсаар бус, эцэг өвгөдөөс уламжлан ирсэн сур дээсээр үдэх зэрэг олон зүйлд амьдралын ухаан бий.

Тиймээс “Нүүдэлчин” наадам Монголчууд амьдралыг юу гэж таньсан бэ, амьдрахад юу хэрэгтэй байдаг вэ, өөрсдийн амьдралаас таньж мэдсэн зүйлээ хэрхэн үр хүүхдэдээ зааж сургаж ирсэн бэ гэдгийг харуулдаг орчин гэж ойлгодог.

-822 дахь зочин  болох Японы ус судлаач эмэгтэй “Нүүдэлчин” наадамд очсон гэлээ. Ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?

-Манай 822 дахь зочин “Нүүдэлчин” наадмын сүүлийн өдрийн өмнө манайд зочилсон далайн ус судлаач Япон эмэгтэй байсан. Монголд ирэхдээ юу үзэж, мэдрэхийг хүсэж байгааг нь асуухад “Гүүний сүү амсаж үзмээр байна. Тэмээний сүү болон түүнээр хийдэг бүтээгдэхүүнүүдийг амсаж үзмээр байна” гэсэн.

Харин яагаад Монголд ирэх болсон талаар нь асуухад Японы арван жилийн сурах бичигт “Сүхийн цагаан морь” гэдэг морин хуурын домог байдаг гэж ярьсан. Тэр домгийг 1930-1940-өөд оны үед Япон судлаач Өвөрмонголын нутгаас тэмдэглэж авсан байдаг юм байна. Японы хүүхдүүд энэ домгийг уншдаг бөгөөд морин хуур Монголд үүссэн тухай түүхийг “Сүхийн цагаан морь” үлгэрээр дамжуулан мэддэг гэж байсан.

Тэгээд манайд ирээд удаагүй байхдаа “Танайд морин хуур байна уу, хаанаас үзэж болох вэ” гэж асуусан. Манайд морин хуур байдаг учраас үзүүлсэн. Тэгээд гадаад найздаа “Нүүдэлчин” наадамд очиж үзэхийг санал болгосон. Наадамд очоод морин хуурын чуулгын тоглолтыг үзэж сонирхсон.

Тэр эмэгтэй жилд тавхан хоногийн амралттай байдаг ч амралтынхаа хугацаанд Монголыг зорьж ирсэн байсан л даа. “Монголд ирээд сэтгэл дүүрэн аяллаа. Дараа жил найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ирэхийг зорьж байна” гэж хэлсэн нь хамгийн сайхан санагдсан.

-Гаднын зочдыг гэртээ хүлээн авч, монгол ахуйгаа таниулахын хамгийн үнэ цэнтэй зүйл нь юу вэ?

- Манайх албан ёсны аялал жуулчлалын компани биш. Гадаад найзуудтайгаа интернэтээр харилцаж, гэртээ ирэхийг нь зөвшөөрдөг “Хоост” айл юм.

Гадаад найзууддаа хөлөгт тоглоом, монгол ахуй, идээ ундаагаа танилцуулж,  монголчууд ийм хэмжээнд бүтээж амьдарч байна гэдгийг бодитоор үзүүлэхийг хүсдэг. Одоогоор 822 дахь зочдоо хүлээн авсан байна. 2-3 жилийн дараа 1000 дахь зочдоо хүлээн авна. Тэр хүртэл монгол ахуй, тоглоом наадгай, өв соёлоо гаднын зочдод улам илүү танилцуулж, өөрөө ч үргэлжлүүлэн судалж мэдэхийг хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn