Б.БААСАНХҮҮ
Зүлэг ногоон талбайд эгнэн зогссон өсвөрийн харваачид нэг нэгээрээ сумаа тавина. Хөвч татах чимээ, зурхай руу нисэх сумны шунгинаан, оноо гарах бүрийн дараах уухай сурын талбайг дүүргэх аж.
Нэг талд нь дасгалжуулагчид шавь нараа анхааралтай ажиглаж, нөгөө талд аав, ээжүүд нь харцаа зурхайнаас үл салган зогсоно. Энэ дүр зураг бол “Өлзий мэргэн” үндэсний сурын холбооны нэрэмжит Монголын Үндэсний харваачдын холбооны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний агшин байв. Тус тэмцээнд нийслэл болон 21 аймгаас ирсэн өсвөрийн харваачид цэц мэргэнээ сорьж байлаа. Энэ үеэр даян мэргэн, “Увс нуур” клубийн дасгалжуулагч Н.Норжмоотой уулзсан юм. Тэрээр “Нэг үеэ бодвол хүүхдүүд сур харвааг ихээр сонирхож хичээллэдэг болсон. Энэ жилийн улсын аваргад гэхэд 447 харваач оролцож байна. Нумаа эвшээлгэхээс эхлээд сумаа гаргах, уухайлах гээд бүх зүйл нь монгол хүний ахуй, уламжлалтай холбоотой байдаг. Тийм болохоор хүүхдүүд энэ спортоор дамжуулан өв соёлынхоо талаар илүү их суралцдаг” гэлээ.
Мөн сур харваа нь хүүхдэд тэсвэр хатуужил, зорилго тэмүүлэл, ялалт ялагдлыг зөвөөр хүлээж авах ухааныг төлөвшүүлэхээс гадна сэтгэлийн хаттай, тууштай болгож хүмүүжүүлдэг байна. Мөн сүүлийн үед гэр бүлээрээ хичээллэх хүмүүс олширч, хүүхдүүд аав, ээж, ах эгчийгээ даган сурын талбайд ирэх нь түгээмэл болжээ. Мөн зарим ерөнхий боловсролын сургуулиуд үндэсний сурын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
“Сур харваа хүнийг тэвчээртэй, төвлөрөлтэй болгодог. Хамгийн гол нь өв соёлоо мэдэрч, уламжлалаа үргэлжлүүлж байгаа нь сайхан санагддаг” хэмээн ярих нэгэн бол Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Т.Баярмэнд. Түүний хүү ч мөн энэ тэмцээн оролцож байлаа. Тэрээр “Хүүгээрээ маш их бахархдаг. Үндэсний хувцсаа иж бүрэн өмсөөд нумаа татах тэр агшинд сандрал, догдлол зэрэгцдэг” гэлээ.

Хүүг нь Б.Мэнд-Амар гэдэг. Энэ жил V ангиа төгсөж байгаа аж. Тэрээр хоёр настайгаасаа нум сумаар хичээллэжээ. Их эзэн Чингис хаан дайснуудтайгаа тулалдахдаа нум сум хэрэглэж байсан тухай өвөө, аав, ээжээсээ сонссон нь түүнийг энэ спортыг сонирхон хичээллэхэд нөлөөлсөн байна. Тэрээр “ Сурын спортоор хичээлснээр би илүү тэвчээртэй болж, анхаарал төвлөрөл сайжирсан. Монголын түүх, өв соёлдоо илүү их хайртай болсон. Ирээдүйд би АНУ-ын үндэсний сансрын төвд инженерээр ажиллахыг мөрөөддөг. Гэхдээ сур харваагаа орхихгүй. Аав шигээ харваач болно. Өөр улсад ажиллаж, амьдарсан ч хүмүүст зааж өгнө. Би өв соёлоо өвлөн уламжлагч болно” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn