П.АМГАЛАНБАЯР
Бид техник технологи, даяаршлын эрин үед хөл нийлүүлэн алхаж байна. Гэвч дэлгэсэн тэрлэг шиг уудам эх орныхоо ондоошил болсон үүх түүх, өв соёл, уламжлалаа хэзээ ч гээж орхигдуулж болохгүй. Харин сүүлийн үед уламжлалт ахуй, өв соёл маань алсраад байна уу даа гэсэн хандлага ажиглагдах болсон.
Тэгвэл Монгол өв соёлоо өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нэгдсэн залуусын санаачилсан “Язгуур соёлын наадам” төсөл 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр буюу морь жилийн морь сарын морь өдөр нээлтээ хийжээ.
Богд хан уулынхаа өвөр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Язгуур Монгол соёл өргөө гэр”-т өдөр бүр үндэсний өв соёл, үндэсний хувцас, морин хуур, хөөмий, уртын дуу, бие биелгээ болон уламжлалт ахуй, гэр бүлийн соёлын өдөрлөг зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
“Язгуур Монгол соёл өргөө гэр”-т ороход их хотын чимээнээс түр ангижрах шиг тайван амгалан мэдрэмжийг төрүүлэв. Шагайгаар наадаж, монгол язгуур урлагийн аялгуунд бий биелгээгээ тойрон бүжиж, морин хуурынхаа аялгуунд хөглөгдөх мөч бүхэн хүрэлцэн ирсэн хүн бүрд өв соёлоо ойроос мэдрэх боломжийг олгож байлаа.
Ийнхүү Монгол түмэндээ өв соёлынхоо үнэ цэнийг мэдрүүлэх, үндэсний урлаг, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үнэ төлбөргүйгээр хүргэж байгаа аж. Уг арга хэмжээ энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд монгол дээл урлалын сургалт, бие биелгээний эвент өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм.
Түүнчлэн Халимагийн алдарт туульч, О.Цагаанзам гуайг урьж, наймдугаар сарын 9-нд монгол түмэндээ зориулсан “Жангар хайлах заллага”-ыг толилуулна. Монгол түмэн “Жангар” туулийг сонсоход дээд болон доод есөн үеэ ерөөдөг хэмээн бэлгэшээдэг билээ. Тиймээс та бүхэн өв соёлын өргөө цагаан гэрээр зочилж, “Жангар” туулийн ерөөл магтаалыг сонсон, Монголынхоо язгуур урлаг, биет бус өвийн гайхамшгийг мэдрээрэй.
“Хархорум хотын түүхэн худалдааны гудамжийг орчин үед сэргээн бүтээх зорилготой”
“Язгуур соёлын наадам” өв соёлын төсөл, эвент арга хэмжээний талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ үеэр “Язгуур” брэндийг үүсгэн байгуулагч П.Даланжаргал “Энэхүү төсөл нь Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын түүхэн худалдааны гудамжийг орчин үед сэргээн бүтээх зорилготой. Энэ хүрээнд жилийн дөрвөн улиралд тасралтгүй үндэсний үнэт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалт болохоор зорьж байна. Дотоод болон гадаадын жуулчид энэхүү гудамжинд зочилсноор 13-р зууны Хархорум хотод ирсэн мэт мэдрэмж бүрдүүлэх нь төслийн алсын хараа юм.
Бүтээн байгуулалтын хэсэг бүр түүх архелогийн судалгаанд тулгуурлан сэргээгдэх бөгөөд тус гудамжны төгсгөлд “Язгуур соёлын өргөө” байгуулна. Тус өргөө нь жилийн дөрвөн улиралд морин хуур, хөөмий, уртын дуу, бие биелгээ болон туульс хайлж, домог хүүрнэх зэрэг үндэсний язгуур, өв соёлын чуулга болох юм” гэдгийг онцоллоо.
П.Даланжаргалын хувьд гэр бүлээрээ язгуур монгол дээлээ урлаж, энэ сайхан өвийг түгээн дэлгэрүүлж буй.
Монголчуудын хамгийн аугаа түүх нь өөрөө Чингис хаан буюу Их Монгол улсын түүх байдаг гэдгийг “Язгуур” брэндийг үүсгэн байгуулагч Х.Халиун онцолсон юм. Тэрээр “Язгуур соёлын наадам” төслийн талаар “Бидний танилцуулж байгаа соёл, дээл хувцас, урлаг зэрэг нь XII-XVII зуун хүртэл таван зууны турш Монголчууд маань тасралтгүй эдэлж хэрэглэж ирсэн язгуур өвийн илэрхийлэл юм. Эдгээр өв соёлоо сэргээн сануулах, олон нийтэд таниулах зорилготой бид ажиллаж байна.
Бид дэлхийд ондооших маш арвин түүхтэй ард түмэн. Тиймээс түүх соёлынхоо мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх, хадгалан үлдээх тал дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.
“Тэнгэрт хүртэл туулиа хайлдаг О.Цагаанзам ахыгаа урьж, үнэт өвийг хамгаалан үлдэх том зорилгыг өвөрлөсөн”
Харин Халимагийн алдарт туульч О.Цагаанзам гуайн менежер Т.Одгэрэл “Монголчууд өөрсдийн хүч чадал, сүнсний сэрэлт, сэтгэлийн дуудлагаараа нэгдэн нийлж, энэ сайхан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, цааш нь түгээх цаг нь иржээ. Хятад улс Жангар, Гэсэр, Манас гэсэн гурван туульд хууль эрх зүйн хүрээнд хандаж, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна. Тиймээс тэнгэрт хүртэл нь туулиа хайлдаг О.Цагаанзам ахыгаа урьж, үнэт өвөө хамгаалан үлдэх том зорилгыг өвөрлөсөн.
Зөвхөн Жангар туулийг авч үзэхэд, баруун бүсийн ард түмэн сайн мэддэг ч бусад нутгаар маш он удаан цаг хугацааг туулсан энэ сайхан соёлын төрлүүдээ мартаж эхэлж буй нь анзаарагддаг. Гэхдээ энэ бол зөвхөн баруун Монголчуудын баатарлаг тууль биш, бүх Монголчуудад тэнгэрээс ирсэн бэлэг юм.
Мэдээж үндэсний өв соёлын гайхамшгийг нэг бүрчлэн тоочоод баршгүй. Тухайлбал, нэг тууль хайлахыг сонсоод суухад “Би болоод бидний өвөг дээдэс гэж хэн бэ”, Бид ямар үндэс угсаатай хүмүүс билээ” гэдгээ ойлгож, сэрж омогшдог” гэв.
“Хотлоороо бийгээ биелж, түмэн олноороо жаргал, цэнгэлтэй байх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна”
“Язгуур Монгол соёл өргөө гэр”-т зочилсон иргэдэд монгол бүжгээ зааж, хамтдаа бийгээ биелж өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй “Эсэргэн” нэгтгэлийг үүсгэн байгуулагч О.Төгөлдөрийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Бие биелгээ бол Монгол ахуйнаас үүдэлтэй. Морин дээр хатирч явахаас эхлээд, бүсгүйчүүдийн үйл урлах, ноос савах зэрэг ахуйгаас үүдэлтэй том өв юм. Монгол хүн бүр ахуйтайгаа ойр өсдөг учраас бие болоод цусанд нь бие биелгээний суурь байдаг.
Манай өргөөнд зочилсон хүмүүст бид бий биелгээгээ зааж, хамтдаа биелэхэд маш сайхан мэдрэмжийг аваад гардаг.
Язгуур Монгол соёл өргөө гэрээ барихдаа хүртэл бид Монгол ахуйг цогцоор мэдрүүлэхийг зорьсон. Энд ирсэн хүмүүс гэр бүлээрээ уламжлалт тоглоомоор наадаж, мартагдах дөхсөн өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Биелгээ нь өв соёлоос гадна Монгол хүний биед тохирсон дасгал хөдөлгөөн юм. Тиймээс хотлоороо бийгээ биелж, түмэн олноороо жаргал, цэнгэлтэй байх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 146 (7888)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn