Баатарын НЯМСҮРЭН

 

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Сайнбуянгийн Амарсайхантай ярилцлаа.

 

-Онцгой байдлын албаны түүхт 20 жилийн ой тохиож байна. Гамшиг ослоос сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд өнгөрсөн хугацаанд гарсан дэвшил, ололт амжилтын талаар ярилцлагаа эхэлье.

-2003 онд Монгол Улсын их хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, Засгийн газрын 2004 оны анхдугаар хуралдаанаар Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн орчин цагийн Онцгой байдлын байгууллагыг байгуулсан үеэс хойш 20 жил  өнгөрсөн байна. Энэ 20 жил бол хөнөөлт цар тахлаас эхлээд ган, зуд, гал, ус, үер, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болон түймэр зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан аюул осол гээд олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан шалгуурын он жилүүд байлаа. Мөн улс үндэстнээрээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, Гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхаа дээшлүүлэх шаардлагатайг ойлгуулж сануулсан ололт амжилт, туршлага сургамж, өөрчлөлт шинэчлэлийн түүхэн хугацаа байлаа.

Гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үе үеийн Шадар сайд нар анхаарч ирсэн байдаг. Мөн гамшгаас сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоог хангах, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Өнгөрөгч 20 жилийн хугацаанд төв, орон нутагт шинээр 70 гаруй салбар, нэгжийг байгуулснаар Гал түймэр унтраах, аврах ангийн тоо 2004 онтой харьцуулбал 41.4 хувь, Эрэн хайх аврах нэгжийн тоо 47.6 хувиар нэмэгдээд байна.

Мөн Япон, Австри, Польш, Беларусь, Швейцарь, Франц зэрэг улсуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 10 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 250 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий гал унтраах автомашин, нисдэг тэрэг болон 100 гаруй нэр төрлийн хувцас, хэрэглэлийг нийлүүлж, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүллээ.

-Өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд гарсан гал түймрийн улмаас олон хүн хохирсон нь том сургамж боллоо. Дэлбэрэлтийн нэгдсэн дүгнэлт ямар шатанд явж байна вэ?

-Энэ бол асар их золиос, төлөөсөөр ирсэн гашуун сургамж. Иргэн, аж ахуй нэгжүүдээс эхлээд төрийн байгууллага хүртэл бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг дахин сануулсан сануулга юм. Цагдаагийн байгууллага, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтийг үндэслэн шүүх, прокурор руу шилжүүлэхэд бэлэн болсон. ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ-ны хамтарсан дүгнэлт гарсан. Дүгнэлтээс харахад тухайн жолооч зохих ёсны сургалтад хамрагдаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс гадна тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй, маршрутаа батлуулаагүй байсан.

Цагдаагийн байгууллагын хууль ёсны дүгнэлт, хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад буруутай этгээд тогтоогдоно. Мөн ШУТИС-ийн лабораторийн шинжилгээгээр 60 айлын 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Орох оронгүй болсон иргэдэд ирэх есдүгээр сар хүртэл амьдрах байрны түрээсийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүнд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Амь нас, эрүүл мэндээрээ хохирсон Онцгой байдлын алба хаагчдын нөхөн олговор болон гэмтэж бэртсэн иргэдийн эмчилгээ, асаргаанд 21 тэрбум төгрөг гаргасан. Улсын онцгой комиссын зүгээс дараа дараагийн ажлуудыг зохих байгууллага, холбогдох албан тушаалтнууд болох БХБЯ, Нийслэлийн засаг даргад үүрэг өгч, шилжүүлсэн. Цаашид нийслэлийн удирдлагууд байрны асуудлыг шийдээд явна. Хэн буруутайг хууль хяналтын байгууллага болон шүүх тогтоосны дараа иргэдийн хохирсон зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. 

-Ослын дараа Онцгой байдлын алба хаагчдын техник, хувцас хэрэглэл шүүмжлэл дагуулсан. Аврагчдын аюулгүй байдал, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хувцас хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөөс гадна цалин хангамжид хэр өөрчлөлт гарч байна вэ? 

-Дэлхийн улс бүр цар тахлын гамшигт нэрвэгдэж, олон сая хүн харамсалтайгаар амь насаа алдаж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байсан амаргүй цаг үед миний бие Шадар сайдаар ажилласан. Ажилдаа томилогдсон үеэс эхлэн Онцгой байдлын байгууллагын удирдлага, хамт олонтойгоо санаа зорилго, сэтгэл нийлж, цар тахал, үер усны аюул, гал түймэр, гэнэтийн осол аваарь, зуд турхан гээд олон бэрхшээлийг хамтдаа даван туулж байна.

Онцгой байдлын алба бол эх орон, ард түмний аюулгүй байдал, ая тухтай амьдралын баталгааг хангадаг баатарлаг үйлстэнүүд. Гэхдээ энэ нь зүгээр нэг хоосон үг байж болохгүй. Тангараг өргөсөн онцгой байдлын албаныхан гэхээрээ л юу руу ч хамаагүй явдаг, юу руу ч байсан орж байх ёстой гарзгүй амь биш шүү дээ. Ядаж иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд аюул осол гаргахгүй байх тал дээр өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийх ёстой. Нэгэнт гамшиг, осол гарсан бол онцгой байдлын алба хаагчид очно, очсон хойноо “улаан гал руу орохгүй” гээд тойрч, ухрах зам тэдэнд маань үгүй.

1.5 сая ам км газар нутагтай, 3.4 сая хүн амтайгаа харьцуулахад манай онцгой байдлын албаны хүний нөөц,  машин, техник хангалтгүй байгаа нь үнэн. 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн хэмжээнд цаг алдалгүй үйлчлэхэд одоо байгаа алба хаагчдын орон тоог 70 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. “Онцгой байдлын албаны төсвийг нэмээд өгөөч ээ” гэж төсөв хэлэлцэх бүрд би байнга л хэлж, хэл ам болдог. Наад зах нь, аймаг, нийслэл, орон нутгууд жилийн төсвийнхөө 1-ээс доошгүй хувийг гамшгаас хамгаалахад зарцуулах ёстой гэдэг хуулиар хүлээсэн үүргээ ч биелүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, гамшгаас сэргийлэх, хамгаалах ажилд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай гэсэн үг.  

-Алба хаагчдын цалин хөлс яг хэдий хэмжээгээр нэмэгдэв?

-Монгол Улсын Шадар сайдын хувьд өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд Онцгой байдлын алба хаагчдынхаа цалинг 3 удаа нэмүүлээд байна. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын Засгийн газрын 488-р тогтоолоор Онцгой байдлын алба хаагчдын цалин дунджаар 34 хувь, 2023 оны зургаадугаар сарын 241-р тогтоолоор 24.5 хувь, 2024 оны гуравдугаар сарын 127-р тогтоолоор 10 хувь тус тус нэмэгдэж, 2020 онтой харьцуулахад үндсэн цалин нь нийтдээ 70 шахам хувиар нэмэгдээд байна. Мөн Онцгой байдлын байгууллагад ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сараар, онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тооцох, албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагчид нөхөн олговор олгох, аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагчдад таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зэрэг зохицуулалтыг хуульд шинээр тусгаснаар алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, тэдний эрх зүйн байдал, нийгмийн баталгаа тодорхой хэмжээнд дээшилсэн.

-Хүмүүсийн хэлээд байгаа шиг гал түймрийн үед ч юм уу, алба хаагчдын ажлыг шаардлагатай үед технологиор орлуулах боломж бий юу. Энэ нь манай улсад хэр тохиромжтой вэ?

-Бид технологийн дэвшлийг онцгой байдлын албанд тодорхой хэмжээгээр  ашиглаж эхэлсэн. Тэртээ 20 жилийн өмнө энэ алба маань сайн Пургон машингүй л үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Өдгөө дэлхийн хэмжээний тоног төхөөрөмж, авто машинаар хангагдаж байна. Жишээ нь, БНФУ-ын Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 57.9 сая еврогийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлж, Агаараас эрэн хайх, аврах ангийг шинээр байгууллаа. Энэ хүрээнд дөрвөн нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын 42 автомашин Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж, техник, тоног төхөөрөмжийн хангалт 70 орчим хувьд хүрсэн. Агаараас эрэн хайх, аврах анги л гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 100 гаруй дуудлагаар 150 орчим хүний амь насыг аварсан. Агаараас эрэн хайх, аврах ангийнхан маань шинэ тутам байгуулагдсан боловч хөдөө орон нутагт гэнэтийн осол аваарьт орсон, авто машинаар хот руу тээвэрлэх боломжгүй иргэдийг ар гэрийнх нь хүсэлтээр зөөвөрлөхийн зэрэгцээ ой хээрийн түймэр, үер усны гамшиг гэхчлэн ямар ч хүнд хэцүү нөхцөл байдал, газрын байршлыг үл харгалзан үүргээ биелүүлж байна. 

-Аливаа ажлын үйл явцад төсөв чухал нөлөөтэй. Онцгой байдлын байгууллагын төсөв хүрэлцээгүй байгааг Та хэд хэдэн удаа хэлж байсан. Өөрчлөлт гарах нь уу?

-Онцгой байдлын салбартаа бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Төсөв мөнгө, хөрөнгө оруулалтаас гар татах ёсгүй. Энэ ч үүднээс зүтгүүлсээр байж 2024 оны төсөвт Онцгой байдлын техник тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас хэрэгслийг нэмэгдүүлэхэд зориулж 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгуулсан. Үүнийгээ сая дахин нэмэгдүүлж, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 25 тэрбум төгрөг шийдүүлж, энэ хүрээнд онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, бааз суурийг нэмэгдүүлэхээр болсон. Энэ хүрээнд гал унтраах дрон, робот, шаардлагатай тоног төхөөрөмж, аврагчдын хувцас хэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарч байна. Одоогоор худалдан авах ажил хийгдэж байна. Гэхдээ робот, дроныг ашигласнаар бүх зүйл шийдэгдэнэ, хүн хэрэгцээгүй болно гэвэл өрөөсгөл ойлголт. Олон нийтийн ойлголт, хандлага өөрчлөгдөөгүй цагт, гамшгийн эрсдэл буурахгүй. Тийм байхад хэчнээн тэрбумын төсөв тавиад ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэд, олон нийтийн хамтын оролцоо чухал ач холбогдолтой. Гамшгаас хамгаалах тухай хуулийн өөрчлөлт ямархуу шатанд явж байна вэ?

-Бүх цаг үеийн Засгийн газар, Шадар сайдын зүгээс гамшгаас хамгаалах арга хэмжээг чухалчлан авч үзэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагын салбар нэгж, төсөв санхүү, хүн хүч, техник хэрэгсэл, барилга байгууламжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр анхаарч, ажил хэрэг болгосон.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргийлэх явдал нь зөвхөн Онцгой байдлын албаны үүрэг бус, салбар бүрд уялдаа холбоогоо сайжруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шат шатанд нэмэгдүүлж, төр-хувийн хэвшил-иргэд, олон нийтийн оролцоог жигд хангасны үндсэн дээр суурилж бодит ажил хэрэг болдог цогц үйл ажиллагаа юм. Дэлхий дахинд тулгамдаж буй гамшгийн нөхцөл байдал, шинэ тутам сорилтуудтай уялдуулан манай хууль эрх зүйн орчныг шинэчлэх, олон улсын норм дүрэм, стандартуудыг үндэсний онцлогт тохируулан нутагшуулж, бүх салбарт даган мөрдөх, хэрэгжүүлэх шаардлагатай тул Онцгой байдлын албаныхаа 20 жилийн ойн босгон дээр “Эрсдэлийг бууруулах стандарттай стратеги”-ийг боловсруулан, батлаад байгаа бол Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2024 онд УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байна.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд өвөлжилт, хаваржилт амаргүй байлаа. Энэ бүхэн нь нүүдлийн мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлэх бодлого, шийдлээ эргэж харах, өөрчлөх шаардлагатайг харуулж байна?

-Өнгөрсөн зуны үер усны гамшиг, энэ өвлийн зудын гамшиг гээд ойрын хэдэн арван жил тохиогоогүй байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдтэй нүүр тулсан. Сүүлийн үед дэлхий нийтийн цаг уур, уур амьсгалын өөрчлөлтөөс үүссэн үер, ган, зуд, салхи шуурга хаа сайгүй тохиож байна. Энэ хүнд цаг үеүдэд Онцгой байдлын байгууллага, алба хаагчид маань хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, бусад төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, гамшгийн аюулыг харьцангуй хохирол багатай даван туулсныг өнөөдөр онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Дан ганц манай улсад ч ган, зуд, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болоогүй. Тухайлбал, Арабын цөл, Дубайд хүртэл үер буусан шүү дээ. Эрдэмтэн судлаачдын гаргасан тооцооллоор уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн тоо 2030 он гэхэд 40 хувиар нэмэгдэхээр байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх, давагдашгүй хүчин зүйлийн өмнө бэлтгэл, бэлэн байдлаа хаана хаанаа хангах учиртай. Ялангуяа мал аж ахуйн салбар, малчдын маань хувьд. Хөдөө аж ахуйн салбар монголчуудын хувь заяатай холбоотой. Иймд Засгийн газраас өнгөрөгч өвлийн зуднаар шаардлагатай бүхий л арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүллээ. Хөрөнгө оруулалтуулыг ч цаг тухай бүрт нь хангалттай хийсэн. Үүний үр дүнд 14.9 сая толгой мал зүй бусаар хорогдох байсан эрсдэлийг 50 хувь буурууллаа. Цаашдаа бодлогын түвшинд хийх өөрчлөлтүүдээ ч төлөвлөж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

-Хөдөө аж ахуйн салбар, малчин түмэнд чиглэсэн “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн ач холбогдлын талаар эцэст нь Танаас тодруулж асууя?

-Малчдын асуудлыг шийдэх нь Монголын нийгэм, эдийн засгийн асуудалтай шууд холбоотой. Цаашлаад, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, эрсдэлийг багасгах нөлөөтэй. Өнөөдөр Монголд 147 мянган малчин нийтдээ 1.3 их наяд төгрөгийн банкны зээлтэй байна. Банкны зээлийн хүү нь 21 хувь. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн онцлог нь малчид хоршоолж нийлээд жилийн 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 50 хүртэл сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой. Тухайн малчин авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд хоршооны гишүүд нь хамтдаа асуудлаа шийдээд явна гэсэн үг. Тодорхой дүрэм, зарчмаар нэгдсэн хүмүүс цаашаа хөгжөөд явах боломж бүрдэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 500 тэрбум төгрөгийн санжүүжилт олгох боломжтой болохыг банк санхүүгийн байгууллагаас илэрхийлсэн. Малчдад сургалт зөвлөгөө, зөвлөмж өгдөг ажлыг зохион байгуулж байна. 1500 мэргэжлийн хүмүүс аймаг, орон нутгийн сум багаар явж хоршооны үйл ажиллагаа ямар ашигтай, үр дүнтэй, хэрхэн зохион байгуулах, яавал хамгийн ашигтайгаар ажиллаж болохыг зөвлөж мэдээлэл өгч байгаа. Мөн малжуулах хөтөлбөр давхар явж байгаа. Малжуулах хөтөлбөрөөр хэдэн мал өгөөд орхидог биш, малын чанар, шим тэжээлд давхар анхаарна.

-Онцгой байдлын алба хаагчдын байгуулсан гавьяа, бахархам үйлсийг дурдаад байвал барагдахгүй их. Та манай сониноор дамжуулан алба хаагчдадаа ойн баярын мэндчилгээ дэвшүүлж болно.

-Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын алба үүсэн байгуулагдаж, гал голомтоо бадраан хөгжсөний түүхт 20 жилийн ойн мэндийг үе үеийн алба хаагчид,  аврагч, гал сөнөөгчид болон энэ цаг үед ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн, дайчин нөхдөдөө дэвшүүлье. 

Улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж ирсэн манай алба хаагчдын авхаалж самбаа, зориг, тэвчээр, мэдлэг, ур чадвар Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадавх  жилээс жилд өргөжин хөгжсөөр байна.

Эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, эх оронч үзлийн шалгуур болсон Онцгой байдлын байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмадууд, орчин цагийн хөгжлийн түүхийг бичиж яваа үе үеийн баатарлаг үйлстэнүүд, нийт алба хаагчид болон тэдний гэр бүл, анд нөхөд, хамтран зүтгэгчдэд амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 98 (7342)